Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0146/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Отгончимэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт Халх сартуул овогт Дэмбэрэлийн Баярбатад холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн 201509000195 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***

Шүүгдэгч ***нь *** тоотод байх өөрийн гэртээ 2015 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн 23 цагийн орчим эхнэр ***эрх чөлөөнд халдан биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ээжийн дүү нар хөдөөнөөс золголтоор ирсэн, ** *** нар манайд хөзөр тоглож байгаад явсан, ээжийн бага дүү *** 21.00-22.00 цагийн үед манайд орж ирсэн, ***ийн төрсөн өдөр гээд эхнэр ***, *** бид гурав 1 шил архи хувааж уусан, тэрнээс хойш болсон явдлын талаар санахгүй байна, өглөө эрүүлжүүлэх байранд сэрсэн ...” гэх мэдүүлэг,
    
Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нөхөр ***ын үеэл *** золголт хийх гэж Шарын голоос 
Дарханд ирээд золголт хийж явж байгаад манайд 21-22 цагийн орчим орж ирсэн. ***ийг орж ирэхэд нөхрийн дүү нар болох *** *** *** нар манайд ирчихсэн байсан. Бид нар хөзөр тоглож байхад ***гарчихаад орж 
ирэхдээ нэг шил архи авч орж ирсэн. ***, ***, *** нар 
унтчихсан. ***, *** бид гурав авчирсан архийг хувааж уусан. *** бид хоёр архинаас бага зэрэг л ууж байгаад унтахаар хэвтсэн. ***гэрээс гарч орж яваад байсан. ***нэг орж ирэхдээ нилээн согтчихсон агсан тавих гээд янз бүрийн зүйл яриад гэрээс гарч явна гээд байхаар нь ***, ***ыг орон дээр дарж хэвтүүлээд цээжин дээр нь дарчихсан байсан. ***босох гээд байхаар нь би хөлөн дээр нь дараад сууж байсан чинь ***хөлөө тийчлэхэд нь би орноос газар унахдаа баруун гараараа эвгүй дарахад миний гар эвгүй болчихсон. Би төрсөн дүү ***руу залгаад гараа гэмтээснээ хэлээд гэрт нь очиж хоносон...” гэх мэдүүлэг /хэргийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Гантуяагийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын 20-ноос 2015 оны 02 дугаар сарын 21-нд шилжих шөнө миний төрсөн эгч Ч.*** над руу залгаад ***согтуу агсам тавиад гээд уйлаад байсан, эгчийгээ манайд хүрээд ир гэхэд удалгүй ирэхэд түүний баруун гар нь шуу орчмоороо хавдчихсан байсан. Түүнээс юу болсон талаар асуухад ***ах уучихаад унтахгүй агсам тавиад байхаар нь ***ын хамаатан эмэгтэйтэй түүнийг босгохгүй гээд орон дээр дарж хэвтсэн. Хамаатан эмэгтэй нь цээж хэсгийг нь дарж би ***ын хөлөн дээр нь дарчихсан байхад ***тийчлээд намайг орон дээрээс унагаасан. Би унахдаа баруун гараараа газар эвгүй дараад уначихсан  гэсэн. Эмнэлэгт үзүүлж зургыг нь авхуулахад гар нь хугарчихсан байна гээд хугарсан гарыг нь гипсдүүлсэн ...” гэх мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/,

Шүүгдэгч ***ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 02 дугаар сарын 20-ний өдөр ээжийн дүүгийн хүүхдүүд болох ***, ***, *** нар  манайд ирсэн байсан. Мөн манайд ээжийн хамгийн бага дүү *** ирсэн байсан. Мөн манайд ээжийн хамгийн бага дүү *** ирсэн байсан. Бид нар хөзөр тоглосон. 00 цаг өнгөрч байхад ***, ***, *** нар унтаж байсан. Би нэг шил архи задалж нагац ***, эхнэр *** нартай хувааж уусан. ***, *** нар бага зэрэг уусан. Би архины ихэнхийг уусан. Тэгээд би согтоод юу болсон талаар огт санахгүй байна, маргааш өглөө нь сэрэхэд эрүүлжүүлэх баривчлах байранд сэрсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 32 дугаар хуудас/,

 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 322 дугаартай шинжээчийн: 
1.    ***биед шууны яс хугарсан гэмтэл тогтоогдлоо. 
2.    Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.    ГЗТЖ-ийн 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.    Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна. \ хэргийн 23 дугаар хуудас/,    
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 37 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ***нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, Залуучуудын 4-35 тоотод байх өөрийн гэртээ 2015 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн 23 цагийн орчим эхнэр ***эрх чөлөөнд халдан биед нь  нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүгдэгч ***ын үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 32 дугаар хуудас/,  болон хохирогч ***мэдүүлэг/хэргийн 10-11 дүгээр хуудас/, гэрч *** мэдүүлэг/хэргийн 15 дугаар хуудас/, болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
 
Иймд шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ***нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст бүртгэлгүй байх тул  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хохирогч Ч.*** нь шүүхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөргүй, гомдол саналгүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч ***ад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч ***нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч *** овогт *** бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар *** 1 /нэг/ жил, 6 \зургаа\ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***ад  оногдуулсан 1 /нэг/ жил 6 \зургаа\ сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар ***ад оногдуулсан 1 /нэг/ жил 6 \зургаан\ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***ад хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***ад мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***ад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Т.ЭНХЖАРГАЛ