Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0136

 


    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0103/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, 
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000091 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 03 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 19 настай эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2,  аавын хамт *** оршин суух, одоогоор *** суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ***/,

Шүүгдэгч ***нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, Шинэ хороололын 2 дугаар байрны гаднаас 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр иргэн ***Haier маркийн зөөврийн Notebook-ийг хуурч мэхлэх, итгэл эвдэн залилан мэхлэн авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/ 

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “..Би 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ***гэдэг хүүхдээс  бие даалт хийгээд өгье гэж хэлж Notebook-ийг нь аваад ломбарданд 250 000 төгрөгөөр тавьсан ..” гэх мэдүүлэг, 

Хохирогч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.. 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай найз *** хичээл дээр байхад над руу утсаар залгаад найздаа Notebook  байвал хэрэглүүлээч, манай арван жилийн ангийн хүүхэд Дарханд ирцэн байна, дадлагын тайлан хийх гээд энд таньдаг хүн байхгүй надаас асуугаад байна, байвал хэрэглүүлээч гэсэн. Тэгэхээр нь би ***оос хэр удаан хэрэглэх юм бэ? гэж асуухад *** 2-3 цаг хэрэглээд өгнө гэхээр нь би ***т тэр яриад байгаа хүүхэддээ миний дугаарыг өгчих гэж хэлсэн. Тэгээд *** над руу залгасан. Би тэр үед өөрөө хичээлтэй байсан болохоор найз охин ***ын дугаарыг *** гэх хүүхдэд өгсөн. Тэгээд тэр хүүхэд манай найз охин ***тай ярьж байгаад Дархан сум, 11 дүгээр баг, Шинэ хороололын 2 дугаар байрны гаднаас *** гэх охин авч явсан. Тэгээд орой 19 цагийн үед би *** рүү залгаад юу болсон бэ? гэж асуухад би арай амжаагүй байна, шөнө 00 цаг гээд аваачиж өгье гэсэн. Тэгээд гэртээ байж байхад ***би худлаа яриад яахав, маргааш аваачиж өгье? гэж над руу мессеж бичсэн. Тэгээд маргааш нь авчирч өгөхгүй болохоор нь утсаар нь ярьхад аавын бие муудаад би хотод ирсэн байна. Чиний Notebook-ийг Дарханд гэртээ үлдээцэн, аавыг харах хүн байхгүй, очих боломжгүй байна гэж утсаар ярьсан. Тэгээд тэрнээс хойш худлаа ярьсаар байгаад өдийг хүргэсэн..” гэх мэдүүлэг / Хэргийн 10 хуудас/,

Гэрч Г.***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр манай арвсан жилийн нэг ангийн хүүхэд ***хичээл хийх гэсэн юмаа, надад Дарханд таньдаг хүн байхгүй байна. Чамд Notebook-тэй хүн олдох уу, 30 000 төгрөгөөр түрээслэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би *** гэх найзаасаа манай арван жилийн найз охин Notebook нэг өдөр 30 000 төгрөгөөр нэг өдөр түрээслэхүү гэж байна, чи түрээслэх юмуу? гэхэд *** дугаарыг нь явуулчих, би өөрөө ярьж үзье гээд надаас Б.***ийн дугаарыг *** авсан. Тэгээд маргааш өглөө нь *** найз охин нь над руу утсаар яриад нөгөө охин Notebook авчирж өгсөнгүй гэхээр нь би Б.***тэй холбоо бариад чи  Notebook яагаад авчирж өгөхгүй байгаа юм бэ?, найз асуугаад байна гэхэд ***би хотод байна, ***н найз охинд хэлсэн шүү дээ гэхээр нь би санаа амраад байж байхад *** өөрөө над руу утасдаад нөгөө хүүхэд Notebook авчирж өгөхгүй байна, яасан бэ? гэхэд Б.***тэй холбоо барихад ***би хотод байна, 20 000 төгрөг шилжүүлээч, эндээс зардал олдохгүй байна гэж намайг Орхон аймагт байхад ярьсан. Тэгээд би 20 000 төгрөг ***рүү шилжүүлсэн. Тэг өдөр би Орхоноос Дархан-Уул аймаг руу ирсэн. Тэгээд Дарханд гэртээ байж байхад *** над руу дахин ярьж нөгөө хүүхэд байхгүй байна, яасан бэ? гэхэд Б.***тэй дахин холбоо барьхад найз нь Төв аймагт байна. Энд Notebook ломбарданд тавьсан авах гэхэд мөнгө дутаад байна гэхээр нь  20 000 төгрөг дахин шилжүүлэн өгсөн. Тэгээд орой аваачиж өгнө, санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгэд маргааш нь над руу *** залгаад нөгөө охин байхгүй байна, аавын бие муудсан гэж үнэн юмуу гэж надаас асуусан. Тэгээд ***тай ярилцаж байгаад Notebook авчирж өгөхгүй байна гэхээр нь цагдаад өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг /Хэргийн 12 хуудас/, 

Шүүгдэгч Б.***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр арван жилийн нэг ангийн хүүхэд болох *** руу утсаар яриад бие далт хийх гэсэн юм, компьютер түрээслэх хүн байна уу? гэж асуухад миний компьютер хүнд байгаа, би найзаасаа асуугаад эргээд залгая гэж хэлсэн. *** нэх удалгүй эргэж залгаад *** гэссэн дугаарын утсаар яриад компьютер очоод авчих гэсэн. Тэгээд утсаар ярьхад нөгөө хүүхэд нь би хичээлтэй байна, чи манай найз охинтой ярьж байгаад очоод авчих гэж хэлсэн. Тэгээд *** гэсэн утас руу яриад шинэ хороололын 2 дугаар байрны  гаднаас очиж нэг эмэгтэй хүнээс авсан. Тэгээд би бие даалт хийж дуусаад ***” ХХК-ний ломбарданд 2015 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр 250 000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй барьцаанд тавьсан. Тэгээд би авч чадаагүй өнөөдрийг хүргэсэн...” гэх мэдүүлэг /Хэргийн 23 хуудас/, болон ***”ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн №460 дугаартай зээлийн гэрээ,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ***нь хохирогч ***“Notebook”-ийг  дадлагын тайлан хийнэ гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар өөрийн мэдэлдээ  шилжүүлэн авч, ***” ХХК-ний ломбарданд 250 000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй барьцаанд тавьж, хууран мэхлэх, итгэл эвдэх аргаар бага бус хэмжээний учруулсан гэм буруутай  болох нь хохирогч ***мэдүүлэг /Хэргийн 10 дугаар хуудас/, гэрч Г.***ийн мэдүүлэг \Хэргийн 12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ***нь бусдын эд хөрөнгийг   залилан мэхэлж  авч бусдад  бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
 
Нэхэмжлэгч ***” ХХК-ний ломбардын эзэн ***нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт шүүхэд ирүүлснийг дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч ***нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, түүний хувийн байдал болон бага насны хүүхэдтэй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.8, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзнэ. 

Хохирогч ***, иргэний нэхэмжлэгч *** нар нь  гомдол саналгүй, шүүгдэгчтэй эвлэрч, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг тус тус шүүхэд ирүүлсэн байх бөгөөд ***нь энэ хэрэгт нөхөн төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Б.***ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-т заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын хэрэгт хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн нь хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл  болно. 
 
Шүүгдэгч ***нь бусдад төлөх төлбөргүй, урьдчилан  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримт болох   ***”ХХК-ний барьцаат зээлийн гэрээ”-г  уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248.1.2, 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч ***ийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч, бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Б. ***т холбогдох Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан үндэслэлээр Б. ***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсугэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч Б.*** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар  эд мөрийн баримт болох ***”ХХК-ний барьцаат зээлийн гэрээг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй. 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.***т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
    
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.***т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Т.ЭНХЖАРГАЛ