Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 01572

 

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/01572

Улаанбаатар хот

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: П.О нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагва, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өрнөлт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1032 дугаар захирамжаар П.О-ээс 96,988,962 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 356,547 төгрөгийн хамт гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн гүйцэтгэлийг хангахын тулд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас банкны барьцаанд байсан орон сууцны зориулалттай миний өмчлөлийн 71.5 мкв талбайтай 3 өрөө байрыг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, үнэлгээний байгууллагаас үнэлсэн дээрх 3 өрөө байрны үнэлгээг зөвшөөрөх боломжгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргаж байна.

Үнэлгээний байгууллага дээрх орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн хандлагаар хийсэн үнэлгээнд 100 хувь ач холбогдол өгч хийсэн нь учир дутагдалтай байна. Учир нь хөрөнгө үнэлгээний тайлангийн Судалгаа 1 дэх хэсэгт авагдсан 5 өрөө пэнтхаус нь 175 м.кв талбай бүхий байр нь хэт их талбайтай, хуучин орцны талбайг оруулан 5 өрөө болгосон нь зохион байгуулалтын алдаатай учраас хямд зарж байгаа байр байна. Судалгаа 2-т авагдсан Багшийн хөгжлийн төвийн хойд талд 90 м.кв талбайг 175,000,000 төгрөгөөр худалдана гэсэн зар Unegui.mn сайтад байхгүй байна. Судалгаа 3-т авагдсан хотын төвийн 2 өрөө 53 м.кв гэх зар мөн Unegui.mn сайтын хайлтаар олдсонгүй. Хөрөнгийн үнэлгээний тайланг ганцхан зах зээлийн хандлагаар хийсэн үнэлгээнд ач холбогдол өгч, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т тухайн хөрөнгийн үнэлгээний шинж байдал, онцлог үндэслэсэн байх гэдэг заалтыг хэрэгжүүлээгүйгээс хөрөнгө үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий байх гэж заасантай нийцээгүй буюу дээрх хөрөнгийн материаллаг үнийг тодорхойлсноос "үнэ цэнийг тогтоолгүйгээр үр дүнг гаргасан байна гэж үзэн дахин үнэлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.  

Хариуцагч НШШГГ-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагва шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1032 дугаар захирамжаар Пүрэвдоржийн Одгэрэлээс 96,988,962 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 35,547 төгрөгийн хамт гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар П.Оийн төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021204 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу гудамж, 43 дугаар байрны 01 тоотод байрлах 71,5 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг эд хөрөнгө битүүмжлэх 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 152/19280981 дугаар тогтоолоор битүүмжлэн. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 152/1032 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2020 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 97 дугаар тогтоолоор шинжээч томилон үнэлгээг тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн Ү- 2203021204 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу гудамж, 43 дугаар байрны 01 тоотод байрлах 71,5 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 145,728,800 төгрөгөөр үнэлгээ тогтоосон. Дээрх үнэлгээний 2020 оны 4/5323 дугаар мэдэгдлийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлбөр төлөгч П.Оийн өөрийн 99062457 дугаарын утсаар холбогдож мэдэгдсэн ба гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамжид бичигдсэн хаягт баталгаат шуудангаар илгээсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өрнөлтөд үнэлгээний 2020 оны 4/5323 дугаар мэдэгдлийг 88243940 дугаарын утсанд холбогдож тус тус мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шинжээчийн үнэлсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгийг худалдан борлуулах 1 сарын хугацааг олгох хүсэлт гаргах эрхтэйг тайлбарласан боловч хүсэлтээ ирүүлээгүй байна. НШШГГ  эд хөрөнгөнд үнэлгээ тогтоогоогүй бөгөөд хуульд зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнийг тодорхойлохдоо дан ганц өртгийн хандлагын арга учир дутагдалтай тул зах зээлийн харьцуулах аргаар үнэлж хөрөнгийн хэмжээ, байршил, зориулалт, ашиглалтын байдал зэргээс хамааран шинжээч үнэлгээ тогтоожээ. Иймд Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.О нь хариуцагч НШШГГ т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явуулсан гэж маргажээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/01032 дугаар захирамжаар Зээлийн гэрээний үүрэгт 96 988 962 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.О 2019 оны 06 сарын 12-ны өдрийн дотор бүхэлд нь төлөх, төлбөрийг тохирсон хугацаанд эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Бага тойруу гудамж, 43-р байрны 01 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2203021204 дугаарт бүртгэгдсэн хариуцагч өөрийн өмчлөлийн 71,5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнээс үүргийг хангуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч П.Оээс 356,547,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.  

Уг захирамжийн дагуу хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар П.Оийн төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021204 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу гудамж, 43 дугаар байрны 01 тоотод байрлах 71,5 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг эд хөрөнгө битүүмжлэх 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 152/19280981 дугаар тогтоолоор битүүмжлэн. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 152/1032 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураажээ. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 97 дугаар тогтоолоор шинжээчээр Хөрөнгө-эстимэйт ХХК-ийг томилон үнэлгээг тогтоолгоход 145,728,800 төгрөгийн үнэлгээ тогтоосон байна. /хх-ийн 48-60/ 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хөрөнгө үнэлгээний тайланг ...Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дугээр зүйлийн 9.2.1-т тухайн хөрөнгийн үнэлгээний шинж байдал, онцлог үндэслэсэн байх гэдэг заалтыг хэрэгжүүлээгүйгээс хөрөнгө үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий байх гэж заасантай нийцээгүй гэж тайлбарласан.  

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор явуулсан ажиллагаа, шинжээчийн дүгнэлт нь гомдолд дурдсанаар хууль зөрчиж гарсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч нотолж чадаагүй байна.  

Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх 4/5322, 4/5323 дугаар мэдэгдлийг 2020 оны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлбөр төлөгч П.Од өөрийнх нь 99062457 дугаарын утсаар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өрнөлтөд 88243940 дугаарын утсанд холбогдож тус тус мэдэгдсэн байна. /хх-ийн 63/. Мөн мэдэгдлийг баталгаат шуудангаар мөн өдөр илгээж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өрнөлтөд үнэлгээний 2020 оны 4/5322 дугаар мэдэгдлийг 2020 оны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр уулзаж танилцуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шинжээчийн үнэлсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгийг худалдан борлуулах 1 сарын хугацааг олгох хүсэлт гаргах эрхтэйг тайлбарласан өгч, тэмдэглэл үйлджээ. /хх-ийн 66/  

Нэхэмжлэгч П.О нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Өрнөлтийг оролцуулахаар итгэмжлэлээ шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгсөн байна. /хх-ийн 38/ 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч П.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өрнөлт нарт үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр утсаар болон баталгаат шуудангаар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өрнөлтөд 2020 оны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр танилцуулсан боловч нэхэмжлэгч П.О 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гомдлоо шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасан ...гомдлыг ...7 хоногийн дотор шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 Иймд НШШГГ т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч П.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч НШШГГ т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч П.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.       

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.Оээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР