| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2015/0158/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0137А |
| Огноо | 2015-07-10 |
| Зүйл хэсэг | 147.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0137А
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0158/Э/
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Хохирогч ***,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Сум дундын 7-р шүүхийн 2015 оны 6-р сарын 3-ны өдрийн 137 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаан ирүүлсэн эрүүгийн 201409000804 дугаартай хэргийг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлтэй, 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***/
Холбогдсон хэргийн талаар: (прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар)
Шүүгдэгч *** нь хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр Үйлчилгээний төвийн өмнө иргэн ***ийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж биед нь байсан мөнгөн гинж, монетон бөгж зэрэг зүйлсийг дээрэмдэн авч иргэнд 1,150,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн үед үйлчилгээний төв дээр согтуу явж байгаад ***, *** нартай таарсан тэгээд бид нар архи ууцгаасан дараа нь *** дахин 2 шил архи авсан, тэр архийг хувааж уух гэтэл *** надтай уухгүй гэсэн учир бид хоёр маргалдаж, хоорондоо барьцалдан авч газар унасан, тэгэхдээ би духаа шалбалсан байсан. Намайг босох үед миний хажууд газар бөгж байсан би бөгжийг авсан, гинж аваагүй. Би *** ахыг дээрэмдэх зорилго агуулаагүй. Маргааш нь карманаас бөгж нь гарч ирсэн. Тухайн үед монетон бөгж гэж бодоогүй явж байгаад ломбарданд хүнээр тавиулахад монет байсан болохоор 200.000 төгрөгөөр барьцаанд тавьж архи уусан” гэх мэдүүлэг
Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 9-р сарын 30-ны өдөр шинэ дарханд монгол гэрийн буйр цементээр зуурч засах гэж Дарханд ирсэн. Би шүүгдэгчийг танихгүй. Урд нь манай найз ажил хийгээд өгөөч гэж байхад нь харж байсан. Тухайн өдөр ажил хийж байсан хүмүүстэйгээ архи уухаар үйлчилгээний төвөөс 2 шил архи аваад явж байхад *** тааралдаж цуг хувааж уусан юм. Дахиж дэлгүүрээс архи авч гэр рүү явах гэж байхад *** тааралдаж архинаас болж маргалдаж байхад *** миний дээрээс дарж унасан юм. *** миний дээр байх үедээ миний хоолойнд байсан гинж, бөгжийг татаж авсан. Тухайн үед ойролцоо байсан хүмүүс гинж, бөгжийг нь өгөөч гэж хэлж байсан. Намайг босоод гэр рүүгээ явах гэтэл тэдгээр хүмүүс намайг “гинжээ алдчихаад цагдаа дуудаач” гээд цагдаа дуудсан юм. Удалгүй цагдаа нар ирж намайг эрүүлжүүлэх байр руу авч явж хонуулсан. Би өглөө хэсгийн байцаагчид дээрэмдүүлж бөгжөө алдчихлаа гэж хэлсэн чинь ямар хүн авсан юм гэхээр нь зүс таних хүн гэж хэлж байсан ..., Олон удаа шүүх хурал болоод байхаар нь нэхэмжлэхгүй бол ахиад шүүхэд дуудаад байх юм байна, заавал нэхэмжил гээд байна гэж ойлгосон. Уг нь бол нэхэмжлэх санаагүй байна, нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар ч гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг
Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цагийн орчим үйлчилгээний төвөөс архи аваад явж байтал *** буюу Аку гэх хочтой залуу согтуу таараад намайг архиа өг гэхээр нь би өгөхгүй гэтэл *** зүүн талын шанаа руу гараараа цохиж унагаад дээрээс нь дарж хэвтээд хүзүүнд байсан мөнгөн гинж, гинжиндээ зүүсэн байсан алтан бөгжийг маань аваад зугтаасан. Гинжээ 250,000 төгрөг, бөгжийг 900,000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /хэргийн 10-11, 36 дугаар хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би он, сар, өдрийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан орой 21 цагийн үед намайг үйлчилгээний төв дээр зогсож зарж байсан самраа хураагаад байж байхад 2 согтуу хүн юунаас болсныг мэдэхгүй гинжээ алдсан гэх залуу *** гэх залууг түлхээд миний самар зарж байсан төмөр ширээг нөгөөдөх унахдаа мөргөсөн. Тэгсэн *** гэх залуу нь чи миний толгойг хагалчихлаа гээд босож очоод хоорондоо маргалдаж байснаа Манхан дэлгүүрийн тийшээ яваад өгсөн. Удалгүй ***ыг түлхсэн залуу гинж алга болчихлоо гээд орилсон. Тэгсэн миний хажууд байсан залуу хүүе гинжийг нь аваад явчихлаа гэсэн. Тэгсэн би *** гэх залуугийн араас харахад гартаа гинж барьчихсан явсан. ***ыг зүс харж байсан, *** гэх хүнийг өмнө нь огт харж байгаагүй ” гэх мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...21 цагийн орчим эхнэрээ тосох гээд Үйлчилгээний төв дээр байны эгч Чукатай ойр зуурын юм яриад байж байхад хажууд 2 согтуу хүн ирээд хоорондоо маргалдаад зодолдоод байсан. Тэр 2 хүний нэг нь үйлчилгээний төв хавиар архи уугаад яваад байдаг *** буюу Ако хочтой залуу байсан. *** гэх залуу нөгөө залууруугаа орилоод заамдаад авсан чинь нөгөө хүн нь бас хэрүүл хийгээд зууралдаад байсан бөгөөд тэгж байхдаа *** газар унаад босож ирээд дух шалбарсан байна гээд нөгөө залуугаа өдөөд хэрүүл хийгээд дайраад байсан. Харин нөгөө хүн нь нилээн настай хүн харагдсан ба би бол өмнө нь харж байгаагүй юм байна лээ. ***ын гарт тасархай мөнгөн гинж бололтой зүйл харагдсан ба тэр гинж өргөн юм шиг харагдаж байсан. Нөгөө хөгшин ах хүүе миний гинжийг аваад явчихлаа шүү дээ гээд орилоод үйлчилгээний төв дээр ирсэн ба нөгөө *** нь Күэн баарны тийшээ яваад өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 13 дугаар хуудас/,
Хохирогч ***ийн монетон бөгж худалдан авч байсан баримт /хэргийн 30 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 54 дүгээр хуудас/ зэрэг болно.
*** нь хорих ялыг тэнсэн хянан харгалзсан хугацаанд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт Үйлчилгээний төвийн өмнө иргэн ***ийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж хүзүүнд нь зүүлттэй байсан мөнгөн гинж, монетон бөгж зэрэг зүйлсийг дээрэмдэн 1,150,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... ”*** миний дээрээс дарж унасан юм. *** миний дээр байх үедээ миний хоолойнд байсан гинж, бөгжийг татаж авсан. Тухайн үед ойролцоо байсан хүмүүс гинж, бөгжийг нь өгөөч гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***гийн өгсөн: “... 2 согтуу хүн юунаас болсныг мэдэхгүй гинжээ алдсан гэх залуу *** гэх залууг түлэхээд миний самар зарж байсан төмөр ширээг унахдаа мөргөсөн. Тэгсэн *** гэх залуу нь чи миний толгойг хагалчихлаа гээд босож очоод хоорондоо маргалдаж байснаа “Манхан” дэлгүүрийн тийшээ яваад өгсөн. Удалгүй ***ыг түлхсэн залуу гинж алга болчихлоо гээд орилсон. Тэгсэн би *** гэх залуугийн араас харахад гартаа гинж барьчихсан явсан....” гэх мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ийн өгсөн: “...2 согтуу хүн ирээд хоорондоо маргалдаад зодолдоод байсан. ... нөгөө хүн нь бас хэрүүл хийгээд зууралдаад байсан бөгөөд тэгж байхдаа *** газар унаад босож ирээд дух шалбарсан байна гээд нөгөө залуугаа өдөөд хэрүүл хийгээд дайраад байсан. ***ын гарт тасархай мөнгөн гинж бололтой зүйл харгдсан ба тэр гинж өргөн юм шиг харагдаж байсан. Нөгөө хөгшин ах хүүе миний гинжийг аваад явчихлаа шүү дээ гээд орилоод үйлчилгээний төв дээр ирсэн ба нөгөө *** нь Күэн баарны тийшээ яваад өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 13 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ыг монетон бөгж ломбарданд тавиулж байсныг гэрчилсэн гэрч *** /хэргийн 39 дүгээр хуудас/, гэрч *** /хэргийн 40 дүгээр хуудас/, гэрч *** /хэргийн 37 дугаар хуудас/ нарын өгсөн мэдүүлэг, эд зүйл үнэлэх комиссын шийдвэр, /хэргийн 29 дүгээр хуудас/, хохирогч ***ийн монетон бөгж худалдан авч байсан баримт /хэргийн 30 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 54 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүгдэгч *** ... “Намайг босох үед миний хажууд газар бөгж байсан би бөгжийг авсан, гинж аваагүй. Би *** ахыг дээрэмдэх зорилго агуулаагүй гэж мэдүүлсэн боловч хохирогч ***ийн ... “*** зүүн талын шанаа руу гараараа цохиж унагаад дээрээс нь дарж хэвтээд хүзүүнд байсан мөнгөн гинж, гинжиндээ зүүсэн байсан алтан бөгжийг маань аваад зугтаасан”, гэрч ***гийн ...”Тэгсэн би *** гэх залуугийн араас харахад гартаа гинж барьчихсан явсан”, гэрч ***ийн ... “***ын гарт тасархай мөнгөн гинж бололтой зүйл харагдсан ба тэр гинж өргөн юм шиг харагдаж байсан” гэх мэдүүлгүүдээр гинж болон бөгжийг хүч хэрэглэж авсан болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ***ыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж 1,150,000 төгрөгний эд зүйл дээрэмдэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ***од 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан байх ба *** нь шүүхээс тогтоосон хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг хэрэг үйлдсэн болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Хохирогч *** шүүгдэгч ***оос бөгжөө бүрэн бүтэн хүлээн авсан, мөнгөн гинжээ нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч ***ыг үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, монетон бөгжийг буцаан өгч гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн зэргийг ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч ***ын тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 98 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.
Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар шүүгдэгч ***од 3 /гурав/ жил, 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан шүүгдэгч ***од энэ тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил, 10 /арав/ хоног хорих ял дээр 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 29 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сарын хорих ялын зарим буюу 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч ***ын биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сар, 10 /арав/ хоног хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***од оногдуулсан 3 жил, 6 сар, 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан ***ын цагдан хоригдсон 98 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж, эдлэх ялыг 2015 оны 7 дугаар сарын22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. *** нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД