Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 01624

 

 

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/01624

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: А К ББСБ ХХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Л  /РД:00000/-д холбогдох, 

 

Зээлийн гэрээний үүрэгт 183,843,948 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Болд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тамир, хариуцагч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч А К ББСБ ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Лнь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр D/500/151013 дугаартай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар авсан. Энэ зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй гэрээний хугацаа дууссан тул бид харилцан тохиролцож 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр D/500/160413 дугаартай Зээлийн гэрээ-г сарын 5 хувийн хүүтэй, 40,550,000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар өмнөх Зээлийн гэрээ-г сунгасан. Тодруулж хэлбэл, өмнөх Зээлийн гэрээ-ний хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээ болон түүнийг сунгасан гэрээний хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон. Нийт 46 сар болж байна. Анх зээлдүүлсэн 30,000,000 төгрөгийн нэг сарын хүү 5 хувь буюу 1,500,000 төгрөг, үүнийг 46 сараар тооцоход 69,000,000 төгрөг болох ба нэмэгдүүлсэн хүү 13,800,000 төгрөг болно. Нийт 112,800,000 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болж байна.

2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг 5,4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай А/443/160805 дугаартай зээлийн гэрээгээр авсан. Мөн энэ гэрээний хугацаанд нэг ч төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү, алданги төлөөгүй гэрээний хугацаа дууссан тул хүү, ардангийг тооцож 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр А/443/170205 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, сарын 5,4 хувийн хүүтэйгээр 6,785,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Тодруулбал 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ болон түүнийг сунгасан гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон. Нийт 36 сар болж байгаа. Анх зээлдүүлсэн 5,000,000 төгрөгийн нэг сарын хүү нь 5,4 хувь буюу 270,000 төгрөг, үүнийг 36 сараар тооцоход 9,720,000 төгрөг болох ба нэмэгдүүлсэн хүү 1,944,000 төгрөг болно. Нийт 16,664,000 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болж байна.

2017 оны 04 дүгээр сарын 12-нд 5,000,000 төгрөгийг 5.3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай А/539/170412 дугаартай зээлийн гэрээ байгуулж авсан бөгөөд төлөлт хийгдээгүй гэрээний хугацаа дууссан тул зээлийн хүү, алданги тооцож 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр А/539/180412 дугаартай Зээлийн гэрээ-г дахин байгуулж сарын 5.3 хувийн хүүтэй, 8,763,700 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Тодруулбал Зээлийн гэрээний хугуцаа 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Зээлийн гэрээ болон түүнийг сунгасан гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон. Нийт 28 сар болж байгаа. Анх зээлдүүлсэн 5,000,000 төгрөгийн нэг сарын хүү нь 5,3 хувь буюу 265,000 төгрөг, үүнийгээ 28 сараар тооцоход 7,420,000 төгрөг болох ба нэмэгдүүлсэн хүү 1,484,000 төгрөг болно. Нийт 13,904,000 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болж байна.

2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай А/549/170505 дугаартай зээлийн гэрээ байгуулж авсан ба нэг ч төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү, алданги төлөөгүй гэрээний хугацаа дууссан тул хүү, алдангийг тооцож 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А/549/171105 дугаартай зээлийн гэрээ дахин байгуулж 5 хувийн хүүтэй 4,058,300 төгрөгийг 15 сарын хугацаатайгаар зээлийн гэрээг тус тус байгуулсан. Тодруулбал Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ болон түүнийг сунгасан гэрээний хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болсон. Нийт 27 сар болж байгаа. Анх зээлдүүлсэн 3,000,000 төгрөгийн нэг сарын хүү нь 5 хувь буюу 150,000 төгрөг, үүнийг 46 сараар тооцход 4,050,000 төгрөг болох ба нэмэгдүүлсэн хүү нь 810,000 төгрөг болно. Нийт 7,860,000 төгрөгийн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн байна. Нийлбэр дүнгээр нэхэмжлэл гаргасан үеийн дүнгээр 183,843,948 төгрөг болж байна. Дээрхээс үзвэл нийт 4 удаагийн үйлдлээр 43,000,000 төгрөгийн зээл олгосон бөгөөд Зээлийн гэрээ бүрийг харилцан тохиролцсоны үндсэн дээр сунгаж байсан. Мөн зээлийг бэлэн мөнгөний зарлагын баримтуудаар гарын үсэг зуруулж олгож байсан ба баримтаар нотлогдоно. Эдгээр баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагатай хавсаргаж өгсөн. Иймд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох тухай хуулийн зохицуулалтын дагуу буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан, мөн Зээлийн гэрээ-ний 1 дүгээр хэсгийн 1.2.1, 1.5.1, 1.4.5-д тус тус заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн зохицуулалтаар хариуцагч Д.Л-аас183,843,948 төгрөгийг гаргуулж А К ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Д.Лшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эдгээр Зээлийн гэрээ-нүүдийг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр /500/160413 дугаар, 2017 оны 02 дугаар сарын 05-ны дөр А/443/170205 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 6,785,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр А/539/180412 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 8,763,700 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А/549/171105 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 4,058,300 төгрөгийн гэрээ байгуулж сунгаагүй. Харин 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг авсан. Зээл, зээлийн хүү, хугацаа зэрэг тухайн үед байгуулсан Зээлийн гэрээ-ний нөхцөлөөрөө байгаа байх гэж бодож байна. 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан болон Зээлийн гэрээ-г сунгасан үйлдэл огт хийгдээгүй.

Нэхэмжлэгч тал худал материал бүрдүүлсэн байна. 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын тодруулга хэсэгтээ эргэлзээтэй зүйл бичсэн байна. 2015 оны зээл, зээлийн гэрээг сунгасан үйлдэл хийгдээгүй. 2015 оны 30,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ-г төлөх үндэс байхгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Зээлийн гэрээ-г нотлох баримтаар хавсаргасан байна. 2018 оны 08 дугаар сард А К ББСБ ХХК-д ...шалгалт ирэх гэж байна... гэж хэлээд одоо Зээлийн гэрээ-ний сунгалтууд гэж тайлбарлаж байгаа 4 гэрээнд ирж гарийн үсэг зуруулсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Болд өмнөх шүүх хуралдаануудад ...  1 удаа гэрт нь, 1 удаа компани дээр нь очиж уулзсан... талаараа удаа дараа хэлсэн. 2 удаа уулзсан мөртлөө 4 удаа Зээлийн гэрээ байгуулсан гэх тайлбар нь үнэнд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Болд 2 удаа уулзсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Нэмэлт гэрээг төөрөгдүүлэх маягаар хийсэн учир хүчингүй гэрээ байна. Зээлийн гэрээ-г сунгах эсэх талаар надаас асуугаагүй. ...Эдгээр гэрээнүүд ашиглагдахгүй. А К ББСБ ХХКцаашдын үйл ажиллагаанд хэрэгтэй... гэж тайлбарлаж, намайг төөрөгдүүлж Зээлийн гэрээ-ний сунгалт гэх гэрээнд 1 өдөр 4 гэрээнд гарын үсэг зуруулсан. 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээ-ний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Шүүх хуулийн дагуу шийдвэр гаргах байх. Би үүрэг хүлээх нөхцөл байхгүй. Харин 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 30,000,000 төгрөг, 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 5,4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөгийг сарын 5,3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, миний өрийн хөтөлдөг дэвтэрт 3,000,000 төгрөг гэж бичигдсэн байсан. 2017 оны 05 дугаар сард Зээлийн гэрээ байгуулж авсан 3,000,000 төгрөгтэй би андуурсан байж магадгүй. 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг, 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, тус тус Зээлийн гэрээ байгуулж авсан. Дээр дурдсан Зээлийн гэрээ-ний сунгалт гэх 4 гэрээ ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн гэрээ. Нэхэмжлэгч тал нотлох баримтад тулгуурлаж нэхэмжлэл гаргасан бол зөв байх. 4 гэрээнд ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Үндсэн 4 гэрээ байгуулагдаж зээл авсан. Зээл, зээлийн хүү, алданги төлөгдөөгүй гэдэг нь үнэн. Банк бус санхүүгийн байгууллага манай байгууллагатай яг ижил аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа. Банк, банк бус санхүүгийн байгууллага мөнгө зээлж зээлийн хүүнээсээ ашиг олдог. Миний хувьд ногоо тарьж, ургацаа хурааж ашиг олдог. Гэвч Банк, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг нилээн сайн дэмжсэн хуулийн зохицуулалттай. Зээл, зээлийн хүү, барьцаа хөрөнгө зэрэгт ямар нэгэн хязгаарлалт байхгүйгээр зээлдүүлэгчийн эрх ашгийг хамгаалсан хуулийн заалттай юм байна. Бидний хоорондын хамтын ажиллагаанд итгэлцэл дээр биш хууль, дүрмийн дагуу явагдах ёстой. 1 жилийн хугацаанд Зээлийн гэрээ-ний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой. 3 жилийн хугацаа дууссан байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж хуулийн хамгаалалт багатай тал руугаа дайрч байна. Зээлийн гэрээ-ний жилийн хугацаа дуусахад надаас мөнгө болон барьцаа хөрөнгийг гаргуулах боломжтой байсан. А К ББСБ ХХКдотоод үйл ажиллагаа, хүлээх хариуцлага зэргийг биелүүлээгүй хэт өндөр дүнтэй Зээлийн гэрээ-ний сунгалтыг төөрөгдүүлж хийж, тухайн гэрээний дагууу мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А К ББСБ ХХКнь хариуцагч Д.А-дхолбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 183,843,948 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч А К ББСБ ХХКнь хариуцагч Д.Л-аас2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан D/500/151013 дугаартай зээлийн гэрээний дагуу зээл 30,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 46 сарын хүү 69,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,800,000 төгрөг нийт 112,800,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан А/443/160805 дугаартай зээлийн гэрээний дагуу зээл 5,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 36 сарын хүү 9,720,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,944,000 төгрөг нийт 16,664,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан А/539/170412 дугаартай зээлийн гэрээний дагуу зээл 5,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 28 сарын хүү 7,420,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,484,000 төгрөг нийт 13,904,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан А/549/170505 дугаартай зээлийн гэрээний дагуу зээл 3,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 27 сарын хүү 4,050,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 810,000 төгрөг нийт 7,860,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. /хх-ийн 104-105/  

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...2015-2017 онд байгуулсан 4 зээлийн гэрээний хуцгацаа дуусахад барьцаа хөрөнгөөс төлбөрийг гаргуулах боломжтой байсан ч нэхэмжлээгүй. Зээлийн гэрээний шаардлага гаргах хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй, дүр үзүүлж байгуулсан тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлажээ.  

Нэхэмжлэгч А К ББСБ ХХКнь хариуцагч Д.Л-тай 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр D/500/151013 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар /хх-ийн 57/, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр А443/160805 дугаартай зээлийн гэрээ бйгуулж, 5,000,000 төгрөгийг сарын 5,4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай /хх-ийн 51/, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр А539/170412 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг 5,3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай /хх-ийн 44/, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр А549/170505 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон байна /хх-ийн 48/.  

Зохигч дээрх 4 гэрээг хэн аль хүсэл зоригоо илэрхийлэн байгуулж, нэхэмжлэгч А К ББСБ ХХКнь хариуцагч Д.А-дзээлийн гэрээний дагуу зээлд нийт 43,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч зээлийн төлбөрөөс төлөлт хийгээгүй тухайд маргаагүй.  

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээнд тавигдах хуулиар тогтоосон шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.  

Харин талууд 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр D/500/160413, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр А443/170205, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А549/171105, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр А539/180412 дугаартай зээлийн гэрээг байгуулахдаа өмнө байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөх зээл, хүүгийн төлбөрийг нэгтгэн шинээр зээлийн гэрээ байгуулсан байх тул зээлийн гэрээний сунгалт, шинэ зээлийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй.  

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд хэрэв үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.

Хариуцагчаас шүүх хуралдаанд ...2018 онд эргэн төлөлтийн талаар наадмын өмнө 6 дугаар сард очиж ярилцаж байсан гэх тайлбар, түүнчлэн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр D/500/160413, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр А443/170205, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А549/171105, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр А539/180412 дугаартай зээлийн гэрээ байгуулсан үйл баримтаар хариуцагч зээлийн төлбөрийг төлөхөө зөвшөөрч, баталгаа гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно., 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан. 

Зээлдэгч нь зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол зээл болон зээлийн хүүг зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлдүүлэгчид төлөх хуулийн зохицуулалттай байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан D/500/151013 дугаартай зээлийн гэрээний дагуу зээл 30,000,000 төгрөг, хүү 69,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан А/443/160805 дугаартай зээлийн гэрээний дагуу зээл 5,000,000 төгрөг, хүү 9,720,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан А/539/170412 дугаартай зээлийн гэрээний дагуу зээл 5,000,000 төгрөг, хүү 7,420,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан А/549/170505 дугаартай зээлийн гэрээний дагуу зээл 3,000,000 төгрөг, хүү 4,050,000 төгрөг нийт 127,190,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 Зээлийн гэрээнүүд /гэрээний 1.4.5/-д зээлдэгч зээл буцаан төлөх хуваарийг зөрчсөн өдрөөс эхлэн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тусгасан байна.  

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй., 452.3-т Зээлдүүлэгч зээлийн хүүгийнхээ хэмжээг нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж, банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж тус тус заасан.

 

Гэвч зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарь зөрчигсөн байх нөхцөлд үндсэн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр тусгасан нь төлөгдөөгүй зээлээс нэмэгдүүлсэн хүү тооцох хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна. Гэрээний энэ хэсэг хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийг нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

            Иймд хариуцагч Д.Л-аас зээлийн гэрээний үүрэгт 127,190,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А К ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 56,653,948 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч Д.Л-аас зээлийн гэрээний үүрэгт 127,190,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А К ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 56,653,948 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч А К ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,077,170 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Л-аас793,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.АЗБАЯР