Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0137

 

     

                                            


                                              
                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Хэргийн индекс: 171/2015/0158/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж 
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
        Хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000804 дугаартай хэргийг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн,  3-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан ял шийтгэлтэй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***, / 

             Холбогдсон хэргийн талаар: 
             Шүүгдэгч *** нь хорих ялыг тэнсэн хянан харгалзсан хугацаандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр Үйлчилгээний төвийн өмнө иргэн ***ийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж биед нь байсан мөнгөн гинж, монетон бөгж зэрэг зүйлсийг дээрэмдэн авч иргэнд 1 150 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
 
                                              ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би энэ өдөр  үйлчилгээний төв дээр согтуу явж байгаад ***, *** нартай таарсан тэгээд  бид нар архи ууцгаасан дараа нь *** дахин 2 шил архи авсан тэр архийг *** уухгүй гэсэн учир бид хоёр маргалдаж барьцалдан авч газар унасан тэгэхдээ би духаа шалбалсан байсан. Намайг босох үед миний хажууд газар бөгж байсан би бөгжийг авсан, гинж аваагүй. Маргааш нь карманаас бөгж нь гарч ирсэн. Тухайн үед монетон бөгж гэж бодоогүй явж байгаад ломбарданд тавихад монет байсан болохоор барьцаанд тавьж архи уусан” гэх мэдүүлэг

                Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 09 дүгээр сарын 30-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах  Үйлчилгээний төвөөс 2 шил архи худалдан авч гарч ирэх үед шүүгдэгч *** таарч *** ***ыг таньдаг байснаас ажил хийлгэх  талаар ярилцаж байсан. Тэгээд *** болон хамт байсан хэд хэдэн залуучуудтай архиа хувааж уучихаад  би гэрлүүгээ авч явахаар дахин 2 шил архи дэлгүүрээс автал *** тэр архийг дахин ууна гэснээс болж маргалдан бид хоёр барьцалдан газар унасан энэ үед *** ширээг мөргөж унасан ба босохдоо миний хүзүүнд зүүсэн  мөнгөн гинжийг татан авч, гинж, гинжинд зүүлттэй  байсан  монетон бөгж зэрэг зүйлсийг булааж аваад зугтаасан юм. Намайг босоод гэр рүүгээ явах гэтэл тэдгээр хүмүүс намайг “гинжээ алдчихаад цагдаа дуудаач” гээд цагдаа дуудсан юм. Удалгүй цагдаа нар ирж намайг эрүүлжүүлэх байр руу авч явж хонуулсан. Би өглөө хэсгийн байцаагчид дээрэмдүүлж бөгжөө алдчихлаа гэж хэлсэн. Одоо ***од гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй. Энэ гэмт хэрэг гарахад миний буруутай үйлдэл нөлөөлсөн би настай хүн байж залуучуудтай нийлж архи дарс ууснаас болж ийм хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байна. Ийм учраас ***од хөнгөн ял шийтгэл оногдуулахыг хүсэж байна” гэх мэдүүлэг

           Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үйлчилгээний төв дээр архи уугаад явж байсан бөгөөд одоо хэн цуг архи ууж байсаныг санахгүй байна. Маргааш нь буюу 2014 оны 09 дүгээр сарын 31-ний өглөө хуучин хорооллын 32 дугаар байрны орцонд ганцаараа сэрсэн юм. Сэрээд халаасаа үзэхэд шармал өнгийн металл бөгж байсан бөгөөд нэг хаях гэснээ болиод алт байж магадгүй гэж бодоод хуучин хорооллын 18 дугаар байрны ломбарданд очиж үзүүлэхэд алтан бөгж байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь *** гэх хүний нэр дээр 200 000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Мөнгөөр нь архи уугаад дуусгасан. Би уг бөгжийг хэн гэдэг хүнээс яаж авсанаа санахгүй байна” гэх мэдүүлэг /хэргийн 47 дугаар хуудас/,

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цагийн орчим үйлчилгээний төвөөс архи аваад явж байтал *** буюу Аку гэх хочтой залуу согтуу таараад намайг архиа өг гэхээр нь би өгөхгүй гэтэл *** зүүн талын шанаа руу гараараа цохиж унагаад дээрээс нь дарж хэвтээд хүзүүнд байсан мөнгөн гинж, гинжиндээ зүүсэн байсан алтан бөгжийг маань аваад зугтаасан. Гинжээ 250 000 төгрөг, бөгжийг 900 000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /хэргийн 10-11, 36 дугаар хуудас/,

            Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би он сар өдрийн сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан орой 21 цагийн үед намайг үйлчилгээний төв дээр зогсож зарж байсан самраа хураагаад байж байхад 2 согтуу хүн юунаас болсоныг мэдэхгүй гинжээ алдсан гэх залуу *** гэх залууг түлхээд миний самар зарж байсан төмөр ширээг нөгөөдөх унахдаа мөргөсөн. Тэгсэн *** гэх залуу нь чи миний толгойг хагалчихлаа гээд босож очоод хоорондоо маргалдаж байснаа Манхан дэлгүүрийн тийшээ яваад өгсөн. Удалгүй ***ыг түлхсэн залуу гинж алга болчихлоо гээд орилсон. Тэгсэн миний хажууд байсан залуу хүүе гинжийг нь аваад явчихлаа гэсэн. Тэгсэн би *** гэх залуугийн араас харахад гартаа гинж барьчихсан явсан. ***ыг зүс харж байсан. Батбилэг гэх хүнийг өмнө нь огт харж байгаагүй ” гэх мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/,

            Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...21 цагийн орчим эхнэрээ тосох гээд Үйлчилгээний төв дээр байны эгч Чукатай ойр зурын юм яриад байж байхад хажууд 2 согтуу хүн ирээд хоорондоо маргалдаад зодолдоод байсан. Тэр 2 хүний нэг нь үйлчилгээний төв хавиар архи уугаад яваад байдаг *** буюу Ако хочтой залуу байсан. *** гэх залуу нөгөө залууруугаа орилоод заамдаад авсан чинь нөгөө хүн нь бас хэрүүл хийгээд зууралдаад байсан бөгөөд тэгж байхдаа *** газар унаад босож ирээд дух шалбарсан байна гээд нөгөө залуугаа өдөөд хэрүүл хийгээд дайраад байсан. Харин нөгөө хүн нь нилээн настай хүн харагдсан ба би бол өмнө нь харж байгаагүй юм байна лээ. ***ын гарт тасархай мөнгөн гинж бололтой зүйл харгдсан ба тэр гинж өргөн юм шиг харагдаж байсан. Нөгөө хөгшин ах хүүе миний гинжийг аваад явчихлаа шүү дээ гээд орилоод үйлчилгээний төв дээр ирсэн ба нөгөө *** нь Күэн баарны тийшээ яваад өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 13 дугаар хуудас/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Аку /***/ манай гэрт ганцаараа ирээд надад монетон бөгж үзүүлээд энэ бөгжийг ломбарданд тавиад өгөөч гэсэн юм. Тэгэхээр нь би ямар учиртай бөгж юм бэ гэхэд миний бөгж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би гэртээ байж байгаад орой 18 цагийн орчимд гараад хуучин хороооллын 18 дугаар байрны ломбард ороод уг бөгжийг 100 000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгөөрөө архи хоол ундны зүйл аваад манай гэрт хоноод тэгээл маргааш нь 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *** эгчээ нэмээд мөнгө аваад өгөөч гэхээр нь ломбарднаас нэмээд 100 000 төгрөг авч өсгөн юм. Надаас 100 000 төгрөг аваад явсан дахиж тааралдаагүй” гэх мэдүүлэг /хэргийн 40 дүгээр хуудас/,

    Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр  ***гийн хадам эгч нь байна гээд барьцаанд тавьсан бөгжийг нь авъя гэж ирсэн бөгөөд нэрийг нь *** овогтой *** гэж байсан. Тэр эмэгтэй 218 160 төлж байгаад аваад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 40 дүгээр хуудас/,

            Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай төрсөн дүү Б.Мөнхтөрийн энхнэр *** гэрт ирээд ломбарданд бөгж тавьсан тухайгаа, мөн хугацаа нь дуусах гээд байна, би мөнгөгүй болоод авч чадахгүй байна гэж хэлсэн юм. Тэгхээр нь би ямар учиртай бөгж юм бэ гэж асуухад *** манай найз ирээд 200 000 төгрөгний барьцаанд тавиад явсан гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би маргааш нь буюу 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Соёомбот-Уул барьцаат зээлийн газар очоод 216 000 төлөөд эрэгтэй монетон бөгж авсан юм. Одоо энэ бөгжийг би Алтрах ломбарданд 340 000 төгрөгөөр тавьсан байгаа юм. Хар ногоон өнгийн шигтгээтэй эрэгтэй бөгж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 37 дугаар хуудас/,

             Эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 29 дүгээр хуудас/

       Хохриогч ***ийн монетон бөгж худалдан авч байсан баримт /хэргийн 30 дугаар хуудас/

     Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 54 дүгээр хуудас/ зэрэг болно.

            Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***ыг хорих ялыг тэнсэн хянан харгалзсан хугацаанд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт Үйлчилгээний төвийн өмнө иргэн ***ийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж биед нь байсан мөнгөн гинж, монетон бөгж зэрэг зүйлсийг дээрэмдэн авч иргэнд 1150000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дүгээр зүйлийн147.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд  шүүгдэгч  ***ыг дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, дээрмийн гэмт хэргийн субъектив талын шинж бүрэн тогтоогдоогүй, дээрмийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх бөгөөд бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг үйлдсэн болох нь судлагдсан нотлох баримтаар тогтогдож байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-т зааснаар өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Учир нь болсон үйл явдал болон, судалсан нотлох баримтуудаас дүгэнэлт хийхэд:
    Хохирогч *** халамцуу ***тай хамт 2014 оны 09 дүгээр сарын   30-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Үйлчилгээний төвөөс 2 шил архи худалдан авч гарч ирэх үед шүүгдэгч *** таарч  *** ***ыг таньдаг байснаас ажил хийлгэх талаар ярилцаж улмаар  ***ийн авсан 2 шил архийг хувааж ууцгаасан ба *** дахин Үйлчилгээний төвөөс 2 шил архи худалдан авч гэрлүүгээ авч явах гэтэл шүүгдэгч *** авсан  архийг ууна гэснээс болж маргалдан шүүгдэгч *** ***тэй барьцалдан газар унахдаа төмөр ширээг мөргөж унасан ба босохдоо хохирогч ***ийн хүзүүнд зүүсэн мөнгөн гинжийг татан авч, гинж, гинжинд зүүлттэй байсан  монетон бөгж зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасны улмаас 1150000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан  дараах нотлох баримтуудаар Үүнд:
-    Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... ***, *** нартай таарсан тэгээд  бид нар архи ууцгаасан дараа нь *** дахин 2 шил архи авсан тэр архийг *** уухгүй гэсэн учир бид хоёр маргалдаж барьцалдан авч газар унасан тэхдээ би духаа шалбалсан байсан. Намайг босох үед миний хажууд газар бөгж байсан би бөгжийг авсан би гинж аваагүй” гэх мэдүүлэг,
     Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн” “...*** болон хамт  байсан хэд хэдэн залуучуудтай архи хувааж уучихаад би гэрлүүгээ авч явахаар дахин 2 шил архи дэлгүүрээс автал *** тэр архийг ууна гэснээс болж маргалдан бид хоёр барьцалдан газар унасан энэ үед ***  ширээг мөргөж унасан  ба босохдоо миний  хүзүүнд зүүсэн мөнгөн гинжийг татан авч, гинж, гинжинд зүүлттэй байсан монетон бөгж зэрэг зүйлсийг булааж аваад зугтаасан” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***гийн  өгсөн: “... 2 согтуу хүн юунаас болсныг мэдэхгүй гинжээ алдсан гэх залуу *** гэх залууг түлэхээд миний самар зарж байсан төмөр ширээг унахдаа мөргөсөн. Тэгсэн *** гэх залуу нь чи миний толгойг хагалчихлаа гээд босож очоод хоорондоо маргалдаж байснаа “Манхан” дэлгүүрийн тийшээ яваад өгсөн. Удалгүй ***ыг түлэхсэн залуу гинж алга болчихлоо гээд орилсон. Тэгсэн би Ариуболд гэх залуугийн араас харахад гартаа гинж барьчихсан явсан....” гэх мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/,
    - Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2 согтуу хүн ирээд хоорондоо маргалдаад зодолдоод байсан. ... нөгөө хүн нь бас хэрүүл хийгээд зууралдаад байсан бөгөөд тэгж байхдаа *** газар унаад босож ирээд дух шалбарсан байна гээд нөгөө залуугаа өдөөд хэрүүл хийгээд дайраад байсан.  ***ын гарт тасархай мөнгөн гинж бололтой зүйл харгдсан ба тэр гинж өргөн юм шиг харагдаж байсан. Нөгөө хөгшин ах хүүе миний гинжийг аваад явчихлаа шүү дээ гээд орилоод үйлчилгээний төв дээр ирсэн ба нөгөө *** нь Күэн баарны тийшээ яваад өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 13 дугаар хуудас/, 
-    Мөрдөн байцаалтын шатанд  шүүгдэгч ***ыг монетон бөгж ломбарданд тавиулж байсныг гэрчилсэн гэрч ***гийн /хэргийн 40 дүгээр хуудас/, гэрч ***ын  /хэргийн 40 дүгээр хуудас/ гэрч Б.***   /хэргийн 37 дугаар хуудас/  нарын  өгсөн мэдүүлэг,  эд  зүйлд үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 29 дүгээр хуудас/,  хохриогч ***ийн монетон бөгж худалдан авч байсан баримт /хэргийн 30 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 54 дүгээр хуудас/ зэрэг болно.

-    Иймд шүүгдэгч ***ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож хуульд заасан  баривчлах  ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
        
      Шүүгдэгч *** 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдулсан ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан ба тэнсэн хянан харгалзах хугацаа  дуусаагүй байхад гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. 

Хохирогч *** шүүгдэгч ***оос бөгжөө бүрэн бүтэн хүлээн авсан мөнгөн гинжээ нэхэмжлэхгүй  гэж мэдүүлсэн тул  шүүгдэгчийг бусдад  төлөх төлбөргүй  гэж үзэв.    
Шүүгдэгч  ***од  холбогдох хэргийг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Прокурорын 01 тоот тогтоолоор мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлж.***ыг эрэн сурвалжилсан байх бөгөөд 2015  оны  04  дүгээр  сарын 15-ны  өдөр  Прокурорын  39  тоот  тогтоолоор түдгэлзүүлсэн  хэргийг  сэргээсэн  тул  хөөн  хэлэлцэх  хугацаа дуусаагүй гэж үзэв.      
  
Шүүгдэгч ***ыг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

  Шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

    Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь: 
        
1. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Аймгийн прокурорын газраас шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар  зүйлийн 146.1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.  
 
            2. Шүүгдэгч ***ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд  тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-т зааснаар шүүгдэгч  ***од  3 сар /гурван сар/ баривчлах  ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5-т заасныг баримтлан шүүгдэгч ***од энэ тогтоолоор оногдуулсан 3 сар баривчлах ял дээр өмнөх 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 29 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял  оногдуулснаас түүний эдлээгүй үлдсэн 2 жил 6 сарын хорих ялын зарим болох 1 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч ***ын биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар /нэг жил дөрвөн сар/ хорих ялаар тогтоосугай.   

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***од оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт  заасныг баримтлан ***ын цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж, эдлэх ялыг 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай,

    7. *** нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.1, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    
   
           9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Ж.МӨНХТУЯА