Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 400

 

 

 

 

 

 

 2020             04           02                                          2020/ДШМ/400                                     

 

 

М.Э-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                                 

            прокурор Ч.Түмэн-Өлзий,  

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/294 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Я.Сансарын бичсэн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн М.Э-т холбогдох 2006003880241 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Л овгийн М-ын Э, Улаанбаатар хотод 1998 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, эх, ахын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 0 дүгээр хотхоны 0 дугаар байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

М.Э- нь 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Газарчингийн 3 дугаар байрны гадна зогсоолоос С.О-ын эзэмшлийн 51-35 УНЧ улсын дугаартай, “Honda сivic” загварын тээврийн хэрэгслийг хулгайлах, завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч М.Э-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Э- нь торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Я.Сансар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “... Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт М.Э- нь бусдын тээврийн хэрэгслийг хулгайлах, завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн талаар дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 1 дэх заалтад бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг зөрчсөн байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ...” гэжээ.

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Я.Сансарын бичсэн эсэргүүцэлийг дэмжиж оролцож байна. Эсэргүүцэлд нэмж гаргах зүйлгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.Э- нь 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Газарчингийн 3 дугаар байрны гадна зогсоолоос С.О-ын эзэмшлийн 51-35 УНЧ улсын дугаартай, “Honda сivic” загварын тээврийн хэрэгслийг хулгайлах, завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.О-ын “... 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Газарчингийн 3 дугаар байрны зүгээр хойд талд өөрийн эзэмшлийн 51-35 УНЧ улсын дугаартай, цагаан өнгийн “Honda сivic” загварын автомашиныг байрлуулаад гэртээ орсон. Шөнийн 03 цагийн үед хүү Мөнхбаяр “таны автомашин алга” гэж хэлснээр автомашин маань байхгүйг мэдэж цагдаад хандсан. Миний автомашины хаалга ямар ч хамаагүй түлхүүрээр онгойж, асдаг ...” /хх 16-17/,

гэрч О.Мөнхбаярын “... шөнийн 03 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд аавын автомашин гадаа байхгүй байсан ...” /хх 18/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 02/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 03-06/

автомашиныг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 7/,

автомашины зах зээлийн үнэлгээ /хх 27/,

шүүгдэгч М.Э-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх 46/ зэргээр нотлогдон тогтоогджээ. 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч М.Э- нь тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нууцаар, түлхүүр тааруулан жолоодож явсан байх ба тэрээр шунахай сэдэлтээр, ашиг олох, санаа зорилго агуулаагүй болох нь “... Нисэх, Дэнжийн мянга орж хүнтэй уулзах ажилтай байсан тул Тамир, Гүнсанаа нараас автомашиныг нь гуйхад өгөөгүй. Тэгэхээр нь байрны зогсоол дээр байсан 51-35 УНЧ улсын дугаартай “Honda civic” загварын автомашиныг түлхүүр тааруулан авч явсан. 2019 оны 07 дугаар сард 2 удаа унаж яваад зогсоолд нь байруулж байсан...” гэх М.Э-ийн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар гэрчилсэн найз Н.Сүххуягийн мэдүүлэг, “... автомашин нь ямар ч хамаагүй түлхүүрээр онгойж, асдаг ...” талаарх хохирогч С.О-ын өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс М.Э-т оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.  

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсгээс үзэхэд шүүгдэгч М.Э-ийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгчийг “... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан ...” буюу хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож зөрчилтэй шийдвэр гаргажээ.

Гэвч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг болон шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, зүйлчлэлийн талаар зөрүүгүй тусгагдсан байх тул дээрх зөрчлийг шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц алдаа биш гэж давж заалдах шатны шүүх үзээд тогтоолд өөрчлөлт оруулах замаар залруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/294 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч М.Э-ийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ         

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН