Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 62

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаа,

хохирогч: А.Мөнхгэрэл,

шүүгдэгч: Л.Болдбаатар, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр /2143/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, ирүүлсэн Баатад овогт Лүнлангийн Болдбаатарт холбогдох эрүүгийн 2016 2602 3058 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, ээж, эгч, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 7 дугаар баг, Сэргэлэнгийн 6 дугаар гудамж, 92 тоотод бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 14 дүгээр гудамжны 311 тоотод түр оршин суух, “Элит” биллъярдын газар менежер ажилтай, 2007 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлэн, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөлийн тухай хуулиар суллагдсан, регистрийн дугаар УХ88082775, Баатад овогт Лүнлангийн Болдбаатар.

 

Шүүгдэгч Л.Болдбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” биллъярдын  газар иргэн А.Мөнхгэрэлтэй “эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд тамхи татлаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоолд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Л.Болдбаатар мэдүүлэхдээ:

Би 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” биллъярдын газар ажиллаж байсан ба одоо тус газарт менежереер ажиллаж байна. Тэр үед манай найз охин “эмэгтэйчүүдийн бие засах өрөө рүү орох гэтэл дотор нь эрэгтэй хүн байна гаргаад өгөөч” гэж надад хэлэхээр нь би тэнд очиход А.Мөнхгэрэл эмэгтэйчүүдийн бие засах өрөөнд тамхи татаж байсан тул түүнд “энд тамхи татаж болохгүй, гарч тамхиа тат” гэж хэлснээс бид маргалдсанаас болж энэ хэрэг гарсан. Би өөрийн хийсэн хэргээ ойлгож, гэмшиж байна. Би хохирогчид хохирлын мөнгө гэж 2 000 000 төгрөг өгсөн. Би А.Мөнхгэрэл ахаас уучлалт гуйсан. Хойшдоо өөрийн зан байдалд анхаарч явах болно гэв.

 

      Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-А.Мөнхгэрэл мэдүүлэхдээ:

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Элит” биллъярдын газар тоглож байгаад эрэгтэй бие засах өрөө рүү орох гэтэл цоожтой байсан. Тэгээд эмэгтэй бие засах өрөөнөөс хүн гарахаар дараа нь би орсон. Гэтэл Л.Болдбаатар араас өөрөө тамхи татах гэж байгаа бололтой тамхи барьж орж ирсэн. Тэгээд намайг “эндээс гар, гарч тамхи тат” гэсэн. Би энэ клубээр 10 жил үйлчлүүлж байна. Эздүүд нь солигдоод л байдаг. Тэнд эмэгтэй хүн бараг байдаггүй болохоор хүмүүс эмэгтэй бие засах өрөөнд тамхи татдаг. Л.Болдбаатар энэ биллъярдын газар шинээр ажилд орсон. Тэр урьд нь надтай хамт тэнд тамхи татдаг байсан. Гэтэл гэнэт намайг “тамхи татлаа” гээд байхаар нь би “чи юу яриад байгаа юм бэ, би татаж дуусаад гарлаа. Чамтай юу ярьдаг юм” гээд түүнийг хаалганаас түлхээд гарсан. Тэгтэл миний араас татах шиг болсон. Эргээд хартал тэр зүүн талын хөмсөг рүү цохисон. Миний зүүн хөмсөг сэтэрч, баруун гарын дунд хурууны шивнүүр яс цуурсан. Энэ хэрэг гарахад миний буруутай үйлдэл байсан. 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Л.Болдбаатартай уулзаж, ярилцаад хохирлын төлбөрт 2 000 000 төгрөг авсан. Би Л.Болдбаатарыг уучилсан, түүнтэй сайн дураараа эвлэрсэн учир надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хэрэг бүртгэлтэд гэрч-Б.Энхтүвшин мэдүүлэхдээ:

...Би “Элит” биллъярдын газрыг ажиллуулдаг юм. Л.Болдбаатар нь зөөгч, бармен хийдэг. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн үед би хуурай ах Очирсүрэнгийн хамт үүдний 2 дугаар ширээн дээр тоглож байхад 4 дүгээр ширээн дээр манай клубын тамирчин А.Мөнхгэрэл ганцаараа тоглож байсан. 17 цаг 30 минутын үед Л.Болдбаатарын найз охин Заяа “Түвшөө ахаа” гээд текний хажуу талын хаалганаас орилохоор нь би “юу болов” гээд гүйгээд очтол ариун цэврийн өрөөний гадна талд үүдэнд нь Л.Болдбаатар, А.Мөнхгэрэл 2 заамдалцаад, ноцолдож байхад нь манайд барилгын ажил хийдэг Батжамц тэр 2-ын дундуур ороод салгаж байсан. А.Мөнхгэрэлийн зүүн талын нүдний хэсгээс цус гарсан байсан. Би Л.Болдбаатарыг түлхэж гал тогооны өрөө рүү оруулаад хаалгыг нь хаагаад А.Мөнхгэрэлийг “цусаа угаа” гээд ариун цэврийн өрөө рүү оруулж, цусыг нь угаалгаад гарч иртэл зүүн нүдний хөмсөг нь сэтэрсэн цус гарч байсан. Би “юу болсон бэ” гээд асуутал А.Мөнхгэрэл, Л.Болдбаатар руу дайрч, “энэ мууг одоо энд ална, намайг зодчихлоо” гээд үсчиж дайраад байхаар нь би “энд дахиж зодолдож болохгүй, учраа ол, шийддэг газраар нь шийдүүлж, цагдаа, сэргийлэхээ дууд” гэтэл А.Мөнхгэрэл цагдаа руу залгаж дуудлага өгсөн гэжээ. (хэргийн 24, 25 дугаар хуудас)

 

Хэрэг бүртгэлтэд гэрч-Х.Амарзаяа мэдүүлэхдээ:

...2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” биллъярдны газар ажлаа хийж байгаад бие засахаар эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө рүү ортол байнгын үйлчлүүлэгч А.Мөнхгэрэл ах тамхи татаад зогсож байхаар нь “та эрэгтэй 00-д ороод тамхиа татчих” гэтэл “чам шиг юмтай харьцахгүй” гэхээр нь А.Мөнхгэрэл ахыг хүнтэй хэгжүүн харьцдаг учир найз залуу Л.Болдбаатар дээр очоод “А.Мөнхгэрэл ах эмэгтэйчүүдийн 00-ын өрөөнд тамхи татаад зогсож байна, чи очоод эвээр хэлээд эрэгтэй 00-ын өрөө рүү оруулаадах” гэтэл Л.Болдбаатар “за” гээд явсан. Удалгүй А.Мөнхгэрэл, Л.Болдбаатар хоёр 00-ын өрөөнөөс заамдалцаад гараад ирсэн. Би “та 2 болиоч” гэтэл А.Мөнхгэрэл ах “чам шиг мангар бацаантай харьцахгүй, дуугүй цаашаа зайл” гэхээр нь би гал тогооны өрөө рүүгээ ороод Б.Батжамцад “Л.Болдбаатар, А.Мөнхгэрэл ах 2 заамдалцаад зодолдох” гээд Б.Батжамц бид 2 гартал тэр 2 хоёр биенийгээ цохиод зодолдож байсан. Б.Батжамц тэр 2-ын дундуур ороод, гараараа 2 тийш нь салгах гээд зогсож байх хооронд нь би заал руу гарч Б.Энхтүвшин ахыг дуудтал тэнд тоглож байсан Буяаа болон Сэргэлэн ах, Энхтүвшин ах бүгдээрээ гүйгээд ирсэн. Буяаа, Сэргэлэн ах 2 Л.Болдбаатарыг татаад, Батжамц, Мөнхгэрэл ахыг нь цааш түлхэж холдуулж салгасан гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

Хэрэг бүртгэлтэд гэрч-Д.Дэмүүл мэдүүлэхдээ:

...2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17 цаг 30 минутын үед “Элит” снукер билльярдын газар А.Мөнхгэрэл, Сэргэлэн, Буяаа ах бид 4 снукер биллъярд тоглож байтал Мөнхгэрэл ах гэнэт алга болсон байсан. Удалгүй Л.Болдбаатар ахын найз охин Амарзаяа, Энхтүвшин ахыг “Түвшээ ахаа энд зодоон болоод байна” гээд дуудахаар нь бид 3 гүйгээд очсон. Би хамгийн сүүлд араас нь очиход ариун цэврийн өрөөний коридорт Болдбаатар ахыг Сэргэлэн, Буяа ах 2 хойноос нь тэвэрч салгаад, А.Мөнхгэрэл ахаас холдуулж байсан. А.Мөнхгэрэл ахыг Батжамц ах салгаад холдуулж байсан. Мөнхгэрэл ахын зүүн талын хөмсөгнөөс нь цус гарч байсан. Би 00-ын цаас авч өгсөн. Энхтүвшин ах “юунаас болж зодолдсон юм” гээд тэр 2-оос асуухад Мөнхгэрэл ах 00-ын өрөөнд тамхи татаад зогсож байхад нь Болдбаатар ах очоод “боль” гэж хэлтэл Мөнхгэрэл ах нүүр лүү нь мангасдаснаас болоод Болдбаатар ах цохисон гээд өөд өөдөөсөө орилолдоод байсан гэжээ. (хэргийн 27, 28 дугаар хуудас)

 

Хэрэг бүртгэлтэд гэрч-Б.Буян мэдүүлэхдээ:

...А.Мөнхгэрэл 2-3 шил пиво уугаад, жаахан халсан байсан. Мөнхгэрэл “00-ын өрөө орно” гээд явсан. Би араас нь 2 минутын дараа очтол Мөнхгэрэл эмэгтэй 00-ын өрөөнд тамхи татаад зогсож байсан. Болдбаатар гал тогооны өрөөнөөс гартаа тамхи барьчихсан гарч ирээд надаас гал асуухаар нь надаа байхгүй. Мөнхгэрэл ах чинь эмэгтэй 00-д байгаа авчих гээд эрэгтэй 00-ын өрөө рүү орсон. Эргээд гараад иртэл эмэгтэй 00-ын өрөөнд Болдбаатар, Мөнхгэрэл 2 зүгээр л юм ярьж байх шиг харагдахаар нь би анзааралгүй заал руу орсон. 5 минут орчмын дараа түс, тас гэсэн чанга дуу, чимээ гараад Болдбаатарын найз охин Амарзаяа Энхтүвшин захирлыг “Түвшээ ахаа энд зодолдоод байна” гэхээр нь Энхтүвшин захирал, Сэргэлэн, Дэмүүл бид нар гүйгээд очтол Болдбаатар Мөнхгэрэлийн үснээс 2 гараараа зулгаагаад нүүр лүү нь гутлынхаа хоншоороор нэг удаа өшиглөж харагдсан гэжээ. (хэргийн 30, 31 дүгээр хуудас)

 

Хэрэг бүртгэлтэд гэрч-Б.Сэргэлэн мэдүүлэхдээ:

...Буян бид 2 түрүүлээд 00-ын өрөөний коридор луу гүйгээд очтол уг биллъярдны газар ажилладаг Болдбаатар гэх залуу Мөнхгэрэлийн хаанаас барьсаныг мэдэхгүй ямар ч байсан доош тонгойлгосон нүүр лүү нь гутлынхаа хоншоороор өшиглөж байхад тэр 2-ын дундуур тэнд бас зөөгч хийж байсан Батжамц гэх залуу салгах гээд зогсож байхаар Буян бид 2 Болдбаатарын хувцаснаас нь татаж тавиулаад тэр 2-ыг 2 тийш нь салгаад юу болсон яасан гээд асуутал Мөнхгэрэл эмэгтэй 00-ын өрөөнд тамхи татаж байхад нь Болдбаатар ороод боль гар гэхэд нь Мөнхгэрэл чамтай харьцахгүй энд бүгд л татдаг ш дээ, эрэгтэй 00-д чинь хүн байхаар нь ийшээ орсон гээд нүүр лүү нь мангасдаад гарахад нь Болдбаатар араас нь татаад нүүр лүү нь цохиж хөмсгийг нь сэтэлсэн гээд ярьж байсан. Дахиад ямар нэг асуудал үүсгээд яах вэ гээд Мөнхгэрэлийг цагдаа дууд гээд цагдаа дуудсан....Цагдаа ирээд Болдбаатар, Мөнхгэрэл 2-ыг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан (хэргийн 32 дугаар хуудас)

 

            Хэрэг бүртгэлтэд гэрч-Б.Батжамц мэдүүлэхдээ:

            ... тогооч Болдбаатарын найз охин Амарзаяа орж ирээд 00-ын өрөөнд Болдбаатар үйлчлүүлэгч Мөнхгэрэлтэй зодолдоод байна гэхээр нь би гартал тэр 2 коридорт 2 биенийгээ заамдчихсан Болдбаатар Мөнхгэрэлийн зүүн талын нүдний хэсэгт гараараа 2 удаа цохиход Мөнхгэрэл буцааж цохиход нь би дундуур нь ороод тэр 2-ыг салгах гэтэл ганцаараа дийлэхгүй байсан. Амарзаяа заал руу гарч орилоход захирал Энхтүвшин болон тэнд тоглож байсан Сэргэлэн, Буян 2 ирж хамт тэр 2-ыг салгасан. Энхтүвшин захирал юу болсон юм гээд асуутал Амарзаяа энэ 2 00-ын өрөөнд муудалцаад зодолдсон гэсэн. Мөнхгэрэл ах Болдбаатарыг чам шиг муу бацаан нүүр амаа сайн угааж чадахгүй байж надтай одоо ярьдаг болчихсон юм уу гээд байсан. Болдбаатар болохоор энэ намайг мангасдаснаас болж зодолдсон гээд байсан. Би шалан дээрх цусыг арчиж байтал Мөнхгэрэл ах 00-ын өрөөнд орж цусаа угааж гарч ирэхдээ “чам шиг бацаан бас намайг цохидог болсон байна” гээд миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисон гэжээ. (хэргийн 33 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15882 тоот дүгнэлтэд:

1. А.Мөнхгэрэлийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, алимны салстад цус харвалт, духанд зулгаралт, буруун дунд хурууны шивнүүрийн цууралт, 1 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх тухайн үед үүссэн гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

            Л.Болдбаатар нь урьд 2007 оны 4 сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 126-р тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлэн 2009 оны 07 сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх хуулиар эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 22 хоногийг ялаас өршөөн хасч, суллагдсан гэжээ. (хэргийн 48, 69 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Л.Болдбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” биллъярдын газар хохирогч А.Мөнхгэрэлтэй “эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд тамхи татлаа” гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, бие махбодид нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, алимны салстад цус харвалт, духанд зулгаралт, буруун дунд хурууны шивнүүрийн цууралт, 1 шүдний эмтрэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Мөнхгэрэл, гэрч Б.Энхтүвшин, Х.Амарзаяа, Д.Дэмүүл, Б.Буян, Б.Сэргэлэн, Б.Батжамц нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15882 тоот дүгнэлт, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, хоногийн бодит дуудлага мэдээлэл зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Болдбаатарын гэмт  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж, яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Л.Болдбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй боловч шүүгдэгч нь гэм хорын хохиролд хохирогчид 2 000 000 төгрөгийг сайн дураар төлсөн, түүнчлэн хохирогч А.Мөнхгэрэл нь шүүгдэгчид холбогдуулан гаргах гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчтэй сайн дураар эвлэрч байна.

 

Л.Болдбаатар нь 2007 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 126 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлэн, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөлийн тухай хуулиар суллагдсан ба түүнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар түүний ялгүй болох хугацаа 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр дуусах байсан боловч энэ хугацаанаас үлдсэн хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд Л.Болдбаатарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.