Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0139

 

    

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0156/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Хохирогч ***,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарбямба,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн 201509000121 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** Улаанбаатар хот, Налайх дүүрэгт  төрсөн,  41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  тогооч, нарийн боовчин мэргэжилтэй,  *** ХХК-д тогооч  ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  *** тоотод  оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадавргүй гэх *** /РД: ***/. 

Шүүгдэгч ***согтуугаар 2015 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар багийн нутагт Хонда Фит маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а, 2.3, 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж байсан иргэн ***гийн биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
  
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 02 дугаар сарын 09-ны хооронд үзэсгэлэн худалдаанд оролцох гэж Улаанбаатар хотоос ***, *** нартай цуг Дархан руу явсан. Тухайн үед айлд цагаан сарын буузны захиалгыг хийхээр явсан юм. Намайг машинаа цэвэрлэж байхад машины ард талаас 100 грамм шилтэй пиво гарч ирэхээр нь уусан юм. ***, Н.*** нартаа бууз хийх айлаасаа гэр лүүгээ буцаж явах замд хонхорхой тааралдаж ойж мод мөргөөд ухаан алдсан байсан...” гэв.
Хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр Н.*** бид хоёр ***ахтай цуг айл руу очиж бууз хийх гэж машинтай явсан. *** ах  халамцуу байсан, эхнэр нь машин барина гэж хоорондоо маргалдсан. Айл руу очиход буузаа маргааш хийнэ гэхээр нь буцахаар гарсан. Н.*** бид хоёр та машин битгий барь гэж хэлэхэд өөрөө барина гэсэн. Батальон явах замд замын хонхорхой хэсэг рүү ороод баруун тал руугаа гулгаж ургаа мод мөргөсөн. Миний баруун гарын 3 хуруу, нүүрний шанааны яс, хамар хугарсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. ***700 000 төгрөг авсан ” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв.Үүнд:

Шүүгдэгч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд ***, Н.*** нарыг гэрээсээ очиж авах гээд гэрийн гадаа очоод машинаа цэвэрлэж байсан чинь миний машинд 100 грамм орчим шилтэй пиво байхаар нь тэрийг уучихаад ***, Н.*** нарын хамтаар нөгөө бууз хийж өгөх айлдаа очсон чинь өнөөдөр хийхгүй, маргааш хийе гэж хэлэхээр нь бид гурав буцаад гэртээ харихаар явж байсан. Тэгтэл Мангирт руу явах замд хүүхдийн асрамжийн газрын харалдаа зам дээр машин замын хонхорхой дээгүүр гарч байсан гэдгээ санаж байна, тэрнээс хойш юу болсон гэдгээ санахгүй байгаа, нэг сэрэхэд Дарханы эмнэлэгт ухаангүй 5 хонож байгаад Улаанбаатар хот явж байна гэдгийг санаж байна ...” гэх мэдүүлэг /хэргийн 84 дүгээр хуудас/,

Хохирогч ***гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....***гэдэг хүнтэй өмнө нь Төв аймгийн Заамар суманд “***” ХХК-ийн алтны уурхайд цуг ажилладаг байсан. 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод ***ах, Н.*** ах бид гурав уулзаад 2015 оны 02 дугаар сарын 06-наас 2015 оны 02 дугаар сарын 09-ний хооронд Дархан-Уул аймагт цагаан сарын үзэсгэлэн худалдаа болох гэж байгаа, түүнд бууз банш дарсан ногоо, салат зэргийг хийж зарья гэж хоорондоо ярилцаж тохиролцсон. Миний хувьд Н.*** гэдэг залууг өмнө нь таньдаггүй байсан, харин ***ах тэр залуутай өмнө нь Өмнө-Говь аймагт цуг ажиллаж байсан гэж хэлж байсан. Ингээд Дархан-Уул аймагт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бид гурав хамт ирсэн. Дарханд ирсэнээс хойш хийсэн юм байхгүй 2 хоног өнжсөн. ***ах нэг байранд амьдардаг Н.*** ах бид хоёрыг батальонд нэг хашаа байшинд 2 хоног амьдруулсан. Би Дарханыг сайн мэдэхгүй болохоор ***ахын гэрийг хаана байсныг сайн мэдэхгүй байна... Тэгээд гурвуулаа батальон явж байсан юм, тэр үед ***ах өөрийнхөө *** улсын дугаартай улсын дугаартай Фит маркийн автомашиныг жолоодож явж байсан. Миний хувьд ***ахын буюу жолооч талын ар талын сууудалд сууж явсан. Тэгтэл ***ах жолоо барьж явж байхдаа маш хурдтай яваад байхаар нь Н.*** бид хоёр түүнийг жаахан аяархан яв гэж хэлсэн чинь нэг их юм дуугараагүй, тэр замын хонхорхой руу машин явж ороод хальтираад баруун гар тал руугаа гулгаад замын хажууд байсан ургаа модыг миний сууж явсан талаар мөргөчихсөн юм...миний баруун гарын чигчий ядам, дунд хуруунууд хугарч бугуйны доод хэсэгт нэг яс хугарч дээшээ ил гарч ирсэн байсан. Машин мөргөх үед би машины гол хэсэг рүү унаад гараа хугалсан юм шиг байна лээ, гэхдээ машин мөргөх үед ухаан алдчихсан байсан, гарандаа гипс тавиулчихсан байгаа, мөн осол болох үед хамар хугарч хацрын яс цөмөрсөн байсан. Нилээн хурдтай явж байсан ба 60-70 км цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна... ***ахыг согтуу байна, битгий машин гэж хэлэхэд би согтоогүй байна, өөрөө машинаа барина гээд бариад явсан..” гэх мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч  Н.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** бид хоёрыг явья гээд дагуулж гараад та архи уучихсан байгаа юм чинь машины түлхүүрийг бид хоёрт өгчих гэж хэлсэн чинь үгүй гэж зөрсөөр байгаад согтуу машинаа жолоодоод батальон руу явсан. Батальоны замаар явж байтал бага зэргийн донсолгоо таарч тэрийг өнгөрөөгөөд жолоодлого алдаж баруун гар талд байсан ургаа модыг мөргөсөн. Машин мод мөргөсний дараа ***ах суудал дээрээ ухаан алдчихсан, мөн *** ухаан алдчихсан байсан. Нэг харсан чинь ***ах хаазан дээрээ хөлөөрөө гишгэчихсэн машин дотор нэл утаа ороод ирчихсэн байхаар нь би машинаас бууж жолооч талаар ***ахын байгаа талаар очиж түүнийг машинаас гаргаж авсан. .. гадаа харанхуй болчихсон, хүйтэн байсан, маш ихцас орчихсон зам хальтиргаатай байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/,

Гэрч  ***  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би  тэр өдөр 2 хүүхдийнхээ хамтаар шинэ хороололын 15 дугаар байранд байдаг ***дүү *** гэрт байж байсан чинь ***машинтайгаа ирж бид гурвыг авсан, машинд Н.***, *** гэх 2 залуугийн хамтаар явж байсан ба хээтэй хороололын намын байрны хажууд айлын цагаан сарын бууз хийнэ, бөөндөө цуг очьё гэж хэлэхээр нь би хүүхэдтэй явж байгаа болохоор гэртээ харилаа гээд явсан. Гэртээ хариад байж байтал 22 цаг өнгөрч байхад Н.*** над руу утсаар яриад Мангирт явах замд осол болчихсон байна гэж хэлэхээр нь  Мангиртын зам дээр яваад очиход ***өөрийнхөө машинтай замын хажууд байх мод мөргөчихсөн байсан ба ухаангүй шахам байсан. Тэгээд би эмнэлэг рүү хамт явсан... ***бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хэргийн 4, 5-6 дугаар хуудас\,            
2015 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт \ хэргийн 22 дугаар хуудас\,
2015 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 1746, 1747, 1748, 1749, 1750 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд \ хэргийн - 29, 33, 34, 38 дугаар хуудсууд\,
2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2591 дугаартай шинжээчийн дүгнэлт \ хэргийн 44 дүгээр хуудас,
2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 516 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэнд:
  1.***гийн биед тархи доргилт, баруун гайморын хөндийн урд ханын хугарал, хөндийн шингэн хуралдалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун гарын ядам хурууны алга ясны доод булуунд хөндлөн зөрөөгүй хугаралтай, доод хэсгээр хагас мултралтай, баруун гарын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
            5. Хохирогчид учирсан баруун гарын ядам хурууны алга ясны доод булуунд хөндлөн, зөрөөгүй хугаралттай, доод хэсгээр хагас мултрал, баруун гайморын хөндийн урд ханын хугарал, хөндийн шингэн хуралдалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун гарын зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд нь нийлэд гэмтлийн хүндэвтэр зэргээс өөрчлөгдөхгүй. ...” гэх дүгнэлт /хэргийн 93-94 дүгээр хуудас/,     
“Bendo” үнэлгээний газрын 2015 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн *** дугаартай автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний дүгнэлт \ хэргийн 14-15 дугаар хуудас\, 

2015 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн зам тээврийн ослын “...жолооч *** овогтой *** нь МУ-ын ЗХД-ийн 2 дугаар бүлгийн 2.7.а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй  өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно мөн дүрмийн 2.3.Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:...б\ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх , хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлээгүй байх үүрэгтэй гэсэн заалт, мөн дүрмийн 9-р бүлгийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөнөөс үл хөдлөх зүйл буюу ургаа мод мөргөсөн” гэх дүгнэлт /хэргийн 25-26 дугаар хуудас/,    
     
“***гэх цусанд 1.3 промилли спиртийн алкоголь нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. GC\MS анализын багаж гэмтэлтэй байгаа тул цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээ хийх боломжгүй байна” гэх 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1745 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 28 дугаар хуудас/,
Ял шийтгэлийг шалгах хуудас /хэргийн 85 дугаар хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***нь 2015 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 23 цагийн орчим Хонда Фит маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а /согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй  өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 2.3.Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:...б\ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх , хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлээгүй байх үүрэгтэй гэсэн заалт, мөн дүрмийн 9-р бүлгийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн дүрмийн заалтуудыг  тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн ***гийн биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.***т тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
    
Шүүгдэгч ***нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 85 дугаар хуудсанд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүх шүүгдэгч Б.***т ял шийтгэл оногдуулахдаа  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд нөхөн төлсөн, хохирогч ***гээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй”  гэж мэдүүлсэн зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлд хамааруулах нь зүйтэй. 
Шүүгдэгч ***нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураасан эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж, хохирол төлөгдсөн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***өмчлөлийн *** улсын дугаартай Хонда фит маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 773 дугаартай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овгийн ***ын ***т тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийг согтуугаар үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил / хоёр жил /-ийн хугацаагаар хасч, 2 жил /хоёр жил/-ийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Б.***т оногдуулсан 2 жил /хоёр жил/-ийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Б.***т оногдуулсан 2 жил \хоёр жил \-ийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 \хоёр\ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Б.***т мэдэгдсүгэй.

 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***эзэмшлийн *** улсын дугаартай Хонда фит маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 773 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Б.***т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.***т урьд авсан бусдын  батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.***т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Т.ЭНХЖАРГАЛ