Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0142

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0152/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Хохирогч ***, ***,
Хохирогчийн өмгөөлөгч Я.Баатар,
Шүүгдэгчийн өмгөөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн 201409000561 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн *** төрсөн,  38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, технологич мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх ***
 
Шүүгдэгч ***нь 2014 оны 07 дугаар сарын 20-ний өдөр ***улсын дугаартай VOLTZ  загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Сэлэнгэ аймгаас Дархан-Уул аймгийн чиглэлд явж байгаад уг төв засмал замын 115\230 тэмдэгтийн орчимд явж байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1- д заасан “ жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан “ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж жолооч ***ын жолоодож яваад түр зогсолт хийж автомашины кабиныг сөхөж засвар үйлчилгээ хийж байхад нь ***дугаарын авто машины араас нь мөргөж зам тээврийн осол гаргаснаас уг машины кабин буцаж буухад нь жолооч *** дарагдаж хавчуулагдсаны улмаас нас барж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдснээр/

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 90-н жилийн ойд очсон юм. Ингэж явахдаа би өөрийн нөхөр ***гийн нэр дээр байдаг ***улсын дугаартай VOLTZ  маркийн машиныг жолоодож явсан бөгөөд машин дотор аав, төрсөн ах түүний хүүгийн хамтаар явсан юм. Тухайн үед аав жолоочийн хажуу талын урд суудал дээр суусан бид хоёр хоёулаа аюулгүйн бүсээ бүсэлсэн байсан. Дарханы төв зам руу орох болоход аав маань “миний охин төв зам руу орж ирж байна хурдаа хасаарай” гэж хэлсэн. Тэгээд би хурдаа хасаж 40-50 км цагийн хурдтай явж байсан. Явж байхдаа том портер байсныг харсан, тэгтэл гүүзүүнээсээ дээш 3 давхар өндөрлөсөн хөх өнгийн портер машинд жолоочоос гадна 3 хүн суусан байсан. Тэр машин миний өөдөөс урсгал сөрөөд гэнэт гарч ирэхэд би сандарсандаа аавдаа “энэ машин яагаад ингэж шахаж яваад байгаа юм бэ” гэж хэлээд хажуугаар нь гарахдаа тэр машинтай мөргөлдөхгүйн тулд зайлсхийж, хажуу тийш нь жолоогоо дарахдаа  тэр машины хажуу талаас нь бага зэрэг мөргөсөн. Тухайн үед би 30 км  цагийн хурдтай явж байсан. Тэгээд жолоогоо баруун гар талруугаа дараад жалга руу орж, карданаа татаж машинаа зогсоосон. Машинаасаа буугаад ирэхэд машины цаана 2 хүүхэдтэй нэг хүүхэн зогсож байсан бөгөөд над руу ирээд “чи хүн дараад алчихлаа ш дээ” гэж хэлээд заахаар нь харахаЙд хүн байхгүй байсан бөгөөд нөгөө хүүхэн надруу “үгүй ээ наана чинь биш тэнд” гэж хэлэхээр нь харсан чинь пронтер маркийн машины кабин хоёрын голд нэг эрэгтэй хүн хавчуулагдсан байдалтай байсан. Би айгаад тэр хүнд ойртож чадаагүй ...” гэх мэдүүлэг,
 
Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Би хохирогчийн охин *** байна. Яллагдагч болон яллагдагчийн өмгөөлөгчид би гомдолтой байгаа. Хэрэг  болж өнгөрснөөс хойш бид нар хоёр удаа уулзсан. Тэгэхэд миний болон мөрдөн байцаагчийн ажлыг хүндрүүлсэн учраас үүнийг хэлэх нь зүйтэй байх. 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр би гэртээ Улаанбаатар хотод ахтайгаа хамт байсан. Тэгээд орой 16 цагийн орчим аав Дархан руу бэрийг хүргэж өгөхөөр явж байсан. Бэртэйгээ ярихад аав машины тосолдоо явсан байна гэж хэлээд, би охинтойгоо ярьж дуусаад утсаа тавьсан.  Утсаа тавиад удаагүй байхад ах гэнэт чанга дуугаар орлиод “юу яриад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод “юу болсон бэ” гэж асуухад ах сайн мэдэхгүй байсан. Бид нар тэр даруй Дархан руу гарсан. Замдаа ярихад онцгойгоос хүмүүс ирсэн байна. Салгаж чадахгүй байна” гэж хэлсэн. Яг Дарханд орж ирэхэд аавыг ноорогт хийсэн гэж ярьсан. Бид нар аавыг нас барсан хойно нь очсон. Одоо эд материалын болон бодит хохиролд гомдол байхгүй, сэтгэл санааны хувьд аавыгаа алдсандаа маш их гомдолтой байна. Манай охин шөнө зүүдлээд босч ирдэг болсон. Ээжийн бие нь муу, хоёр хагалгаанд орно. Манай бэр энэ осол болсноос хойш эрүү нь зуурч ярьдаг болсон. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2014 оны 07 дугаар сарын 20-ний өдөр Ерөө сумаас гараад Орхон аймаг орхооор явахдаа би өөрөө машинаа бариад аавыг урд талын суудал дээрээ суулгаад ах өөрөө хүүхдийн хамт арын суудал дээр сууж явсан юм. Тэгээд Дархан самбар өнгөрөөд явж байтал миний урдаас хар хөх өнгийн кузов дээрээ өндөрлөгөө хийсэн портер маркийн автомашин өөдөөс ирж зөрөхдөө намайг замын баруун тал руу шахаад зөрсөн бөгөөд би аавдаа “энэ машинтай залуучууд яасан сүрхий шахаж байна вэ гэж хэлсэн. Тэр үед аав унтчихсан явж байсан болохоор мэдээгүй байсан. Ах өөрөө ард хөзөр тоглоод явсан болохоор тэрийг ч бас анзаараагүй байсан. Тэгэхэд урд талд ямар ч байсан баруун тал руугаа дохио өгсөн портер маркийн машин зогсож байсан бөгөөд би дараад хажуугаар нь гарах гэсэн боловч амжилгүй тэр машины ар хэсэг рүү жолооч талаараа орчихсон. Тэгээд би машины араас орсон учраас өөрийнхөө тал руу буюу замын баруун хэсэг рүү жолоогоо дараад карданаа  татаж жалга руу орж зогссон. Тэгээд машинаасаа буугаад ирэхэд машины цаана хоёр хүүхэдтэй нэг эмэгтэй зогсож байсан бөгөөд над руу ирээд” чи хүн дайраад алчихлаа ш дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиныхаа доогуур харахад хүн байхгүй бөгөөд нөгөө эмэгтэй над руу” үгүй наана чинь биш тэнд” гэж хэлээд заахаар нь харахад пронтер маркийн машины кабин кузов 2-ийн голд нэг хүн хавчуулагдсан байдалтай байсан. Ингээд би өөрөө ойртож харж чадаагүй бөгөөд замын унаа зогсоож цагдаад дуудлага өгүүлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 69-70 дугаар хуудас/,
 
 Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** миний төрсөн аав байгаа юм. Манай ахын эхнэр ***нь хүүхдийн хамт аав, ээж дээрээ очиж хэд хоног амарсан юм. Ингээд Дарханы 5 цагийн автобусаар Улаанбаатар хот руу явахад нь аав суулгаж өгөхөөр өөрийнхөө эзэмшлийн ***улсын дугаартай пронтер маркийн машинтай явж байхад замд нь ус халахаар нь усаа хөргөөд нэмж хийх гээд 30-аад минут зогсож байгаад тосол хийж байхад араас нь машин ирж мөргөсөн гэж манай бэр эгч ***ярьсан. Бид нар өөрсдөө тухайн үед байгаагүй юм...
.. Нийт 18 237 791 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 7 900 000 төгрөгийг өгсөн. Би гомдолтой байна, одоо оршуулгын зардал гэх 10 300 000 төгрөгийг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг /хэргийн 22-23, 156  дугаар хуудас /,

Гэрч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр би Дархан сумын Малчин баг 7 дугаар бригад гэх газрын орчмоос элс татуулахаар мотоциклтой явсан юм. Ингээд элс ачих машинаа хүлээгээд хогийн хонхороос цаана төв зам дээр зогсож байтал хүчтэй машин мөргөлдөх чимээ гарч эмэгтэй хүн чанга хашгирсан. Тэгэхээр нь эргэж хартал 300-400 метрийн орчим зайтай пронтер маркийн машины араас жижиг тэрэг орсон байсан. Тэгээд би шууд мотоцикльтойгоо яваад очиход хоёр машин замын хажуу руу гарсан жижиг тэрэг нь пронтер маркийн машины баруун хойд тал руу нь мөргөж гаргасан байдалтай байсан ба жижиг тэргэний жолооч гэх эмэгтэй орилоод уйлсан байдалтай байсан. Мөн тэр машин дотор явсан гэх 50 орчим насны залуугийн толгой хагарсан байдалтай машинаас гарч ирсэн байсан. Тэгэхэд жижиг тэрэг асаалттай байсан ба очиж машиныг нь унтраахад машины урд талын жолоочийн хажуугийн суудал дээр нэг өвөө сууж байхаар нь та машинаасаа гар гэж хэлээд гаргасан. Ингээд цаашаа пронтер маркийн машин дээр очход хоёр орчим насны хүүхэд тэвэрсэн эмэгтэй уйлаад чангаар хашгираад аваараа асаасан байсан шүү дээ гэж хэлээд зогсож байсан. Түүний хажууд мөн 6-7 орчим насны эмэгтэй хүүхэд зогсож байсан ба машины баруун талд кузов, кабин хоёрын завсарт эрэгтэй хүн хавчуулагдаж чирэгдсэн байдалтай байсан. Тэр хүн ямар ч хөдөлгөөнгүй байдалтай байсан. Ингээд хүүхэд тэвэрсэн эмэгтэй одоо яах вэ? хаашаа явж дуудлага мэдээлэл өгөх вэ? гэж ярьж байсан ба би хамгийн түрүүнд албаныхаа 70377101 дугаарт мэдэгдэж хүн машины завсарт хавчуулагдсан байдалтай байна, аврах бүлгийг нааш нь яаралтай гарга, түргэн тусламж яаралтай дууд гэж мэдэгдсэн. Ингээд би цагдаагийн газрын 7037102 дугаарын утас руу ярьж зам тээврийн осол гарч хүн пронтер маркийн машиныхаа кузов, кабин хоёрын хооронд хавчуулагдсан байдалтай байгаа талаар мэдэгдсэн. Тэгээд 7-10 орчим минутын хоронд аврах бүлгийн албан хаагч нар хэргийн газарт ирсэн. Тэгээд ирээд тухайн хавчуулагдсан хүний биеийн байдлыг үзээд нас барсан байна гэж хэлээд цагдаагийн байгууллагыг иртэл хүлээх шийдвэр гаргаж хүлээсэн. Учир нь тухайн хүн нас барсан байсан бөгөөд цагдаагийн байгууллагын ажилчид ирж хэргийн газрын үзлэг хийхийг хүлээсэн. Тэгээд байж байхад замын цагдаагийн албан хаагч нар ирж тухайн орчинд хамгаалалт авч замын хөдөлгөөнийг зохицуулж эхэлсэн. Тэгээд түргэн тусламж ирээд эмч нь бууж хавчуулагдсан хүнийг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд жижиг тэргэнд сууж байсан толгой нь хагарсан хүнийг үзээд эмнэлэг рүү аваад явсан. Бусад хүмүүст бэртэл гэмтэл нь гайгүй байсан. Тэгээд зохих албан хаагчид ирсэн учир би ажилдаа явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 24-25 дугаар хуудас /,

 Гэрч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2014 оны 07 дугаар сарын 13-ны өдөр би хадам аав ***ын гэрт очсон. Манай хадам аавынх Дархан-Уул аймгийн Орхон сумын төвөөс цааш 10 км газарт хөдөө ногоо тарьж байсан юм. Тэгээд 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хадам аав *** намайг хүүхэдтэй маань Дархан оруулж Улаанбаатар хотын автобусанд суулгаж өгөхөөр өөрийн эзэмшлийн ***улсын дугаартай пронтер маркийн машинаа бариад манай нэг настай хүү *** болон намайг, манай нөхрийн дүү ***ын 6 настай хүүхэд ***  цуг аваад явсан. Ингээд Дархан хаалга өнгөрөөд явж байтал машиных нь ус халаад байна гээд машинаа замын баруун тал руу шахаж зогсоогоод бид нарыг машинаас буулгаад замаас хол зогсоорой гэж хэлээд машиныхаа кабиныг сөхөөд тосол алга тосолонд явлаа гэж хэлээд зам дээрээс гар өргөөд замын унаанд суугаад явсан юм. Тэгтэл удалгүй замын унаанд суугаад ирсэн ба мөнгөө мартчихсан байна гэж хэлсэн. Тэгээд буцаад кабинаа буулгаад дотроос нь мөнгө авчихаад кабинаа өргөлгүй орхиж буцаад тосолонд явсан. Ингээд 10-20 минут орчим болоод замын унаанд суугаад ирэхдээ 3 литрийн савтай тосол аваад ирсэн. Тэгээд кабинаа сөхөөд өөрөө тосолоо машиныхаа жолоочийн эсрэг талын хэсгээр очиж хийж эхэлсэн. Би хүүхэд болон дүүг аваад цаашаа хараад байж байтал гэнэт тас хийх чимээ гарахаар нь эргээд хартал аавын пронтер маркийн машины араас жижиг орж мөргөөд урагш нь түрээд явсан юм, тэгэхэд аав машиныхаа кабиныг өргөөд голоор нь ороод юм хийж байсан учраас кабин дээрээс нь унаж кабин кузов хоёрынхоо дунд хавчуулагдсан байсан ба мөн 2-3 метр газар түрэгдэн зогссон. Тэгэхэд арын машины жолооч нэг эмэгтэй хүн байсан бөгөөд жолоочийн хажууд настай эрэгтэй хүн, арын суудал дээр нэг бүдүүн ах эрэгтэй хүүхэдтэй хамт бууж ирсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 26-27 дугаар хуудас /,

Гэрч ***  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2014 оны 07 дугаар сарын 13-ный өдөр манай хүү *** амраад эхнэр хүүхдүүдтэйгээ манай ногоо тарьж байсан Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутагт ирсэн. Тэгээд хүү өөрөө ганцаараа маргааш нь буцаж эхнэр хүүхдүүд нь үлдсэн. Тэгээд манай нөхөр 7 дугаар сарын 20-ны өдөр бэр ***болон ач нарыг Улаанбаатар хотын автобусанд суулгахаар Дархан хүргэж өгөхөөр явсан. Ингэхдээ зээ охин *** аваад хамтдаа ***машинтайгаа явсан. Тэгээд зам тээврийн осолд орсон...” гэх мэдүүлэг /хэргийн 31 дүгээр хуудас /,

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2014 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 14 цагийн үед Ерөө сумаас аавыг суулгаад би хүү 5 настай *** хамт ар талд нь суугаад хөдөлсөн. Тухайн өдөр би жаахан архи уусан байсан. Ингээд Дархан руу орох гэж явахад замын хажуу талд пронтер маркийн машин зогсож байсан. Яагаад зогссоныг нь мэдэхгүй, ослын тэмдэг тавиагүй байсан ба хүн амьтан ч харагдаагүй. Дүү ***тухайн үед 40-50 миль орчим хурдтай явж байсан. Аав дүү хоёр хоёулаа хамгаалах бүсээ бүсэлсэн байсан. Тэгээд тэр пронтер машины ард талд ирээд гүйцэж түрүүлэх дохио өгөөд хажуугаар нь гарах гэтэл урдаас нь ачааны машин урсгал сөрж шахаж гарч ирэхэд буцаагаад баруун гар тал руугаа жолоогоо дарсан боловч замын хажууд байсан пронтер машинтай зай нь их ойртсон байсан учир араас нь мөргөхгүй гээд баруун тийшээгээ жолоогоо тултал дараад замын хажуугийн шороон хэсэг рүү ороод машинаа зогсоосон. Уг нь тоормослож зогсоох арга хэмжээ авсан ч амжилгүй мөргөсөн юм. Урдаас ирж байсан ачааны машины дугаарыг анзаараагүй ээ, гэхдээ тэр машин шахаагүй бол замын хажууд зогсож байсан пронтер маркийн машины хажуугаар багтаад гарчих байсан юм. Тэгээд буугаад очиход пронтер маркийн машины кабины завсар жолооч нь хавчуулагдсан байсан, татаж гаргах гэсэн боловч дийлээгүй, тэгээд цагдаа түргэн ирсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 35-36 дугаар хуудас / Шинжээч *** мэдүүлэг \ хэргийн 293-296 дугаар хуудас\, Шинжээч ***  мэдүүлэг \хэргийн 275-276 дугаар хуудас\, Гэрч *** мэдүүлэг \ хэргийн 269 дүгээр хуудас\,  
2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ***дугаарын автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд \хэргийн 251-255 дугаар хуудас\, 
2015 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 1358 тоот техникийн шинжээчдийн дүгнэлт \ хэргийн 277-285 дугаар хуудас\, 
2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн фото зураг \ хэргийн 3-11 дүгээр хуудас\, 
2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Замын цагдаагийн газраас зам тээврийн ослын дүгнэлт /хэргийн 15 дугаар хуудас/,
2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт \ хэргийн 153 дугаар хуудас\ зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч ***нь 2014 оны 07 дугаар сарын 20-ний өдөр ***улсын дугаартай VOLTZ  загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1- д заасан “ жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан “ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж, ***дугаарын авто машины араас мөргөснөөс жолооч *** нь кабинд  хавчуулагдан нас барсан болох нь нотлогдож байна.

Шшүүгдэгч ***нь  замын хажууд  зогсож байсан ***дугаарын авто машины тээврийн хэрэгслийн хажуугаар гарч амжилгүй араас нь мөргөснөөс кабинд *** хавчуулагдан нас барсан нотлогдоэ байх бөгөөд байх бөгөөд шүүгдэгч ***ын буруутай үйлдэл, учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоотой гэж шүүх үзэв. 

Талийгаач ***ын жолоодож явсан ***дугаарын авто машины кабины түгжээ эвдрэл, гэмтэлгүй бөгөөд шүүгдэгч ***ын саад тохиолдсон  үед зогсох, тээврийн хэрэгслэлийн хурдыг тохируулах зэрэг арга хэмжээ авч чадаагүйгээс зогсож байсан тээврийн хэрэгсэлийн араас мөргөснөөс кузов, кабин хоёрын завсар хохирогч  хавчуулагдсан гэж үзэх үндэслэл нь гэрч ***  “...***дугаарын авто машины кабины түгжээний үйл ажиллагаа   ямар нэгэн эвдрэл гажилтгүй, түгжээний түгжигч пүрш бага зэрэг уярсан байдал нь тус түгжээний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй..” гэх /хэргийн 269 дүгээр хуудас/, Шинжээч *** “..***дугаарын авто машины жолооч ***нь хөдөлгөөний зам, тээврийн хэрэгслийн онцлог,үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явах байтал замын зорчих хэсгийн баруун гар талд зогсож байсан пронтер маркийн ***дугаартай автомашины араас мөргөж байгаа үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1- д заасан заалтыг зөрчсөн байна..” гэх мэдүүлэгүүд /хэргийн 275-276 дугаар хуудас/ болон 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ***дугаарын автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд \хэргийн 251-255 дугаар хуудас\, 2015 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 1358 тоот техникийн шинжээчдийн дүгнэлт \ хэргийн 277-285 дугаар хуудас\, 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн фото зураг \ хэргийн 3-11 дүгээр хуудас\, 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Замын цагдаагийн газраас зам тээврийн ослын дүгнэлт /хэргийн 15 дугаар хуудас/, 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт \ хэргийн 153 дугаар хуудас\ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч ***д тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч ***шүүх хуралдаанаас өмнө хохирогч ***, *** нарт 18 250 000 төгрөг төлсөн байх бөгөөд түүнийг гэмт хэргийн улмаас учирсан эд материалын хохиролыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ***нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлууд нь оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болох хэдий ч хохирогч нараас хүний амь нас хохироосон үйлдэлд сэтгэл санааны хувьд  гомдолтой гэж  мэдүүлж байгааг дурдаж, хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн PELIX  гэсэн бичигтэй саарал өнгийн савтай тосол \ дотроо 1 литр орчим шингэн зүйлтэй/, автомашины аржатарын 1 ширхэг таг  зэргийг тус тус  устгаж,  улаан өнгийн өргөгч данхраад \домкрат\,  цагаан өнгийн малгай 1 ширхэг зэргийг хохирогч нарт олгохоор, хэрэгт хавсаргагдан ирсэн бичиг баримт болох  ***ын *** дугаарын “В” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, ***дугаарын автомашины тээврийн хэрэгслийн 0***дугаарын гэрчилгээ зэргийг Замын цагдаагийн газарт  тус тус шилжүүлэхээр шийдвэрлэж,  шүүх гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол төлөгдсөн гэж үзэж, ***ын эзэмшлийн 600 000 төгрөгийн үнэ бүхий 3 хаалгатай  шкаф, 600 000 төгрөгний үнэ бүхий 2 хүний өргөн ор, 350 000 төгрөгний үнэ бүхий мөлхөө стенк, 650 000 төгрөгний үнэ бүхий автомат угаалгын машин, 850 000 төгрөгний үнэ бүхий буйдан \сохо мебель\, 800 000 төгрөгний үнэ бүхий 2 хаалгатай хөргөгч, 650 000 төгрөгний үнэ бүхий зурагт\ Samsung 42 инч\ зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 867 дугаартай тогтоолоор  хүчингүй болгох нь зүйтэй.
 
Эрүүгийн байцаан шийтгэх ху улийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1. Шүүгдэгч *** тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, бусдын амь нас хохироосон гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.
 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил \хоёр жил\  хасч, 3 жил /гурван жил/, 10 хоног \ арван хоног\ хорих ялаар шийтгэсүгэй. 
 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар  ***д оногдуулсан 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
 
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
 
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн PELIX  гэсэн бичигтэй саарал өнгийн савтай тосол \ дотроо 1 литр орчим шингэн зүйлтэй/, автомашины аржатарын 1 ширхэг таг  зэргийг тус тус  устгаж,  улаан өнгийн өргөгч данхраад \домкрат\, цагаан өнгийн малгай 1 ширхэг зэргийг хохирогч нарт олгохоор, хэрэгт хавсаргагдан ирсэн бичиг баримт болох  ***ын *** дугаарын “В” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх болон ***дугаарын автомашины тээврийн хэрэгслийн *** дугаарын гэрчилгээг Замын цагдаагийн газарт  шилжүүлэхээр тус тус шийдвэрлэсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан шүүгдэгч ***ын эзэмшлийн 600 000 төгрөгийн үнэ бүхий 3 хаалгатай шкаф, 600 000 төгрөгний үнэ бүхий 2 хүний өргөн ор, 350 000 төгрөгний үнэ бүхий мөлхөө стенк, 650 000 төгрөгний үнэ бүхий автомат угаалгын машин, 850 000 төгрөгний үнэ бүхий буйдан \сохо мебель\, 800 000 төгрөгний үнэ бүхий 2 хаалгатай хөргөгч, 650 000 төгрөгний үнэ бүхий зурагт\ Samsung 42 инч\ зэргийг битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 867 дугаартай тогтоолыг, хохирогч ***ын эзэмшлийн ***улсын дугаартай пронтер маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 786 дугаартай тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дуусан үеэс эхлэн тоолсугай. 
 
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
 
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 
 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Т.ЭНХЖАРГАЛ