Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0143

 

                                             
                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Хэргийн индекс: 171/2015/0160/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Отгончимэг
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн
Хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201509000283 дугаартай хэргийг 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, 1**-ний өдөр Завхан аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, дуу хөгжмийн багш мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн ерөнхий боловсорлын 18 дугаар сургуульд дуу хөгжмийн багш ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, ***, /

Шүүгдэгч *** нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн ***оос 2 000 000 төгрөг 3 хоногийн хугацаатай 70 мянган төгрөгийн хүүгийн хамт буцааж өгнө гэж зээлэх нэрээр залилж авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/,

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “*** бид хоёр найз нөхөд байсан. Надад мөнгө хэрэг болоод байна, цалингийн зээл аваад өгье гэхэд надад 2.000.000 төгрөг зээлүүлсэн. Тэгээд манай сургуулийн гадаа авч ирж өгсөн. Тэгээд би банкнаас зээл авах гэтэл жилийн эцэс болсон учир бүтээгүй. Он гараад банкнаас зээл авах гэтэл миний бичиг баримт зөрчилтэй байсан. Банк хүлээж бай гээд зээл өгөхгүй байсаар байгаад өдий хүрсэн. Мөнгө зээлж авсан нь үнэн. Бүрэн төлж барагдуулж чадаагүй байгаа.” гэх мэдүүлэг,
Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр *** надад 3.000.000 төгрөг хэрэгтэй байна гэсэн. Би 2.000.000 төгрөг байсныгаа өгсөн. Надаас 3 хоногийн хугацаатай 70.000 төгрөг нэмж 2.070.000 төгрөг болгож өгье гэхээр нь итгээд өгсөн. Тэгтэл зээлээ төлдөггүй он гарсан. Зээл нь бүтэхгүй байна гэж хэлж байсан. Найз нь хүүтэй нь өгнө, битгий санаа зов гээд яваад л байсан, сүүлдээ утсаа ч авахгүй таг болсон. Би ***ын нөхөртэй нь найз болохоор тоног төхөөрөмж зээлээр авсан. *** өөрөө би 2.500.000 төгрөг болгож өгнө гээд байсан болохоор 2.500.000 төгрөг ***д өгөөрэй гэж гарын үсэг зуруулсан. Би зээлээ төлөх хугацаа их өгсөн. Тэгээд *** надаас давхар мөнгөө нэхээд байсан. Би ***д тэр бичгийг өгсөн. *** тэгээд Цагдаагийн газарт хандаж мөнгөө авъя гэсэн. Би ***тай хамт очиж ***ын нэр дээр өргөдөл өгсөн. Хамгийн гол нь үнэн учраа хэлж ярихгүй, утсаа ч авахгүй таг болсон учир залилах гээд байна гэж ойлгоод Цагдаагийн газарт хандсан юм. Би түүнээс авах ёстой 2 сая төгрөгнөөсөө өнгөрсөн хугацаанд 1 350 000 төгрөгийг авсан. Үлдэгдэл мөнгийг нь багш нарын амралтын мөнгөнөөс өгөхөөр харилцан тохирсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож эвлэрсэнээр тооцохыг хүсэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирол бүрэн барагдуулсан надад гомдол байхгүй” гэх мэдүүлэг,     

Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Лхагвадоржоос аман гэрээгээр 2 сая төгрөг авсан. 200 000 төгрөг, дараа нь 50 000 төгрөг, дараа нь 800 000 төгрөг өгсөн. Тухайн үед банкиар шилжүүлж байсан. Үлдсэнийг удахгүй өгнө” гэх мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/

Хохирогчийн ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “.... ***т 2 сая төгрөг зээлдүүлсэн юм. ...3 хоногийн 70 000 төгрөгний хүү өгнө гэсэн. ...утсаар нь залгахаар утасаа авахгүй таг болчихдог эсвэл ажилтай байна дараа өгнө гэсэн юм яриад мөнгө өгөхгүй удаж байна. ...би Хүдэрт байдаг болохоор ***тэй уулзаж чадахгүй байсан юм. ...тэгээд манай эгч *** цагдаад хандаад ***тэй уулзахад эхлээд 800 000
 төгрөгийг нь өгсөн удалгүй үлдэгдэлийг нь өгнө гэсэн. ...” гэх мэдүүлэг /хэргийн 9-10 дугаар хуудас/                                                                                                                                                                                                

    Гэрч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...*** зээлээ чөлөөлөөгүй байгаа 2014 оны 12 дугаар сард надаас тодорхойлолт авсан боловч зээлээ төлөөгүй байсан учраас банкнаас зээл өгөөгүй байсан. ...”гэх мэдүүлэг /хэргийн 11 дүгээр хуудас/

Гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “ Манай банкнаас 2014 оны 12 дугаар сард зээл авах гэж орж ирсэн. Ирхэд нь байгууллагаас нь мэдээлэл авахад *** нь бичиг баримтын зөрчилтэй байсан тул тухайн байгууллагадаа дахин гэрээгээр ажиллах нь тодорхой бус байсан тул байгууллагаас нь батлан даалтын гэрээ хийсэн тохиолдолд энэ эмэгтэйд нэмэлтээр зээл олгоно гэсэн нөхцөл тавьсан. Гэтэл сургуулийн захиргаа уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй иймд зээлийг нь түдгэлзүүлэх санал тавьсан. ...” гэх мэдүүлэг /хэргийн 12 дүгээр хуудас/

    Гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Дархан байнга ороод ***тэй уулзаад байж чадахгүй юм та миний мөнгийг хөөцөлдөөд аваад өг гэж хэлээд бид 3 уулзаад надад  3 сард 2 500 000 төгрөг өгнө гэж бичиг бичээд гарын үсэг зуралцаал салсан тэгээд алга болчихсон утасаа авахгүй байсан. ...Цагдаагийн байгууллагад хандтал өргөдлөө авч өгөөч гэж 800 000 төгрөг өгөөд үлдэгдэлийг нь дараа өгнө гэж хэлсэн юм. Тэгж байснаа манай дүү бид 2-ын утсыг авахаа больсон” гэх мэдүүлэг /хэргийн 13 дүгээр хуудас/

    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 23 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч *** нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн ***оос 2 000 000 төгрөг 3 хоногийн хугацаатай 70 мянган төгрөгийн хүүгийн хамт буцааж өгнө гэж зээлэх нэрээр залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч ***ийн өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн шүүгдэгч *** /хэргийн 16 дугаар хуудас/, хохирогч *** /хэргийн 9-10 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 11 дүгээр хуудас/, гэрч *** /хэргийн 12 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 13 дугаа хуудас/ нарын мэдүүлэг болон бичгийн баримтуудаар нотлогдож  байна.                                                      
 
            Шүүгдэгч ***т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

            Шүүгдэгч *** урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн  эсэхийг шалгасан баримтаар /хэргийн 23 дугаар хуудас/ тогтоогдсон тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт  хэрэг үйлдсэн гэж үзэв. 

            Хохирогч ***  нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***тэй сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй,  гомдол саналгүй  гэж  мэдүүлсэн бөгөөд  эвлэрсэн талаар хүсэлт саналаа шүүхэд бичгээр ирүүлсэн болно. 
 
            Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 “Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар шүүгдэгч ***т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх  үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,  шүүгдэгчид авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төрийн банкны 140900269572 тоот зээлийн дансны 2 хуудас хуулгыг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг бусдыг хуурч мэхлэн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

    2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугар зүйлийн 25.1 мөн хуулийн  248 дугаар  зүйлийн 248.1.2-т зааснаар шүүгдэгч ***т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заанаар ***ийг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

    3. *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төдлбөргүй,  хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төрийн банкны 140900269572 тоот зээлийн дансны 2 хуудас хуулгыг  уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй. 

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
      

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Ж.МӨНХТУЯА