Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0157/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Хохирогч ***, 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн 201509000097 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын цахилгаан механик мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх *** /РД:***/,

Шүүгдэгч ***нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан сумын 5 дугаар багийн нутагт Төв гандангийн хажууд хамт байж байсан ***той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг түлхэж унагааснаас ***ын баруун хөлний шилбэ яс нь хугарч яллагдагч нь бусдын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ 

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн орчимд “Дархан Даллах” ХХК-ний байрны буланд ***, ***, ***нартай уулзсан. Би тухайн үед ***ээр ширээгээ янзлуулах тухай ярих гэж явсан юм. Намайг ирэх үед *** “чи яах гэж ирсэн юм бэ” гэж хэлээд маргалдаж надтай зууралдсан. Бид хоёрыг зууралдаж байх үед найзууд салгах гээд чадаагүй юм. Би хурдан салаад явах гээд карманд байсан 3 000 төгрөгөө өгье гэж бодоод гаргахад *** “нэг шил архи хүрэхгүй мөнгөөр яах юм” гэсэн. *** миний хүзүүнд байсан ороолтоор хоолой бооход нь би түлхсэн..” гэх мэдүүлэг,

Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2014 оны 12 дугаар сарын 18-ны орой найзын төрсөн өдөр болж архи найзуудтайгаа архи уусан. Би ***тай тоглоомноос болж маргалдсан. ***тай зууралдаж байгаад намайг түлхэх үед нь миний ухаан хэсэг балартсан байсан. Тухайн үед намайг хөл гэмтчихсэн байна гэж хэлэхэд манай найзууд намайг бос гэж байсан. Маргааш нь хөл гэмтсэн гэдгийг ***мэдсэн. Намайг ***аас мөнгө нэхсэн гэж худлаа ярьж байна. ***бид хоёр тоглоомноос болж маргасан. ***надад  хохиролд 100 000 төгрөг төлсөн, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг, 
    
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2014 оны 12 дугаар сарын 18-ний өдөр 11 цагийн орчим бирж орох гэж гэрээсээ гараад бирж дээр явж байгаад ***  нартай тааралдаад биржээс 0,75 литрийн түмний хишиг нэртэй архи авч биржийн ард ууцгаасан. Тэр архиа ууж дуусчихаад биржээс дахин 0,75 литрийн архи худалдан авч биржийн ард байх контейнерийн хажууд ууцгаасан юм. Би архи уухдаа амархан согтчихдог болохоор тухайн архийг ууж байгаад согтчихсон байсан. Тэгээд нэг сэрэхэд нэгдсэн эмнэлгийн 2 дугаар төвийн ард төв гандангийн хажууд бөөнөөрөө ахин нэг шил архи ууж байсан. Тэр үед Тера буюу ***, нар ирчихсэн байсан. Ингээд бөөнөөрөө архи ууж байгаад би ***тай шоолж тоглож байгаад сүүлдээ маргалдахад бид хоёр бие биенийгээ боолцоод зогсож байсан, тэгтэл ***намайг түлхээд унагачихсан юм, би газар хэвтэж байгаад дээшээ босох гэтэл хөл хөдлөхгүй, баруун хөл шилбээр хугарчихсан, өмдөн дотор хөл сул холхиж байсан. Тэгтэл хажууд зогсож байсан *** ***  нар намайг бос гэж хэлэхээр нь миний хөл хугарчихсан байна гэж хэлэхэд худлаа яриад бай гэж хэлээд надад итгэхгүй байснаа сүүлдээ хөл хугарсан гэдгийг мэдээд түргэн дуудсан юм. Түргэний машин ирж намайг эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийсэн, тухайн үед миний эхнэр гэртээ байхгүй, хөдөө явчихсан байсан ба гэрт 16 настай хүүхэд ганцаараа байсан болохоор гэртээ санаа зовоод эмчээс 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хөл гипсдээд өг гэж гуйсаар байгаад хөлөө гипсдүүлж тэр өдрөө эмнэлгээс гарч гэртээ ирсэн юм. Манай эхнэр хөдөөнөөс 2014 оны 12 дугаар сарын 28-ний өдөр ирсэн ба тэр өдөр хүртэл гэртээ ганцаараа байсан. 2015 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр гипсдсэн хөлөө тайлж үзэхэд хөл хадсан байсан. Хадаасны нүхээр идээ гарч байхаар нь эхэндээ цэвэрлэгээ хийж байгаад сүүлдээ өвчин ороод байхаар нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэгдсэн эмнэлэгт очиж хэвтэж эмчилгээ хийж байгаад идээлчихсэн байна гээд миний хөлийг 2015 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр баруун хугарсан хөлний өвдөгний дээд хэсгээр тайрсан юмаа. Тэгээд маргалдаж байхдаа л ***намайг түлхэж эсвэл хавирч унагаасан юм шиг байна лээ. ... хугарсан хэсгийг эхлээд хадсан байсан, сүүлдээ хугарсан хэсгийн мах нь идээлсэнээс болж хөлөө тайруулах болсон юм.
... Эмчилгээний зардалд гарсан баримт одоогоор байхгүй, хувийн эмийн сангаас эм худалдан авч байсан зардалд 3 000 000 төгрөг болсон байгаа. Прокурор, шүүхийн шатанд баримтаа гаргаж өгнө. Хөлөө тайруулсан асуудалд эмч нарт ямар ч гомдол байхгүй ...” гэх мэдүүлэг /хэргийн 29-33 дугаар хуудас/,

Гэрч ***гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр өдөр шинэ Дарханаас 13 цаг өнгөрч байхад бирж дээр ирээд ***, *** нартай тааралдаад мөнгөө нийлүүлж нэг шил архи авч уухаар тохиролцоод ***, *** нар төв гандангийн хажууд очоод байж байя гэхээр нь би тэд нарын араас нэг литрийн хэмжээтэй даяар монгол нэртэй архи аваад араас нь очиход ***, ***, ***, *** нар сууж байсан ба архиа задлаад өөрөө эхэлж уугаад дараа нь ***д энэ архийг тойруул гэж хэлээд өгөхөд ***, *** нар хоорондоо муудалцаж эхлэхээр нь би тэр хоёрын дундуур орж ганц шил архи уухын төлөө битгий муудалцаад бай гэж хэлээд салгасан юм. *** нөгөө архиа тойруулаад миний ээлж болоход нь би очиж архиа уусан чинь ***, *** нар хоорондоо ахин муудалцаад барьцалдаад авах гэхээр нь боль гээд салгах гээд зогсож байсан чинь ахин миний архи уух ээлж болохоор нь архи ууж байсан чинь миний ард нэг нь ***ыг газраас босгооч гэж хэлэхээр нь би эргээд очсон чинь *** хажууд байсан мод налчихсан сууж байхаар нь би түүнийг бос гээд босгох гэсэн чинь байж бай би босож чадахгүй байна гээд босохгүй байсан, тэр үед ***алга болчихсон байсан. Тэр үед бүгдээрээ согтуу байсан ба ***ыг согтуу болохоор нь суугаад байгаа юм болов уу гэж бодоод татаад босгох гэсэн чинь байж бай би босож чадахгүй байна гэж байсан, тэгээд архи ууж дуусчихаад *** дээр очход миний хөл хугарчихсан юм шиг байна гэж хэлэхээр нь баруун хөлний шилбийг нь атгасан чинь хөл нь эвгүй дуугарч байхаар нь айгаад түргэн дуудсан юм. 
.. ***, *** нар хоорондоо зодолдож амжаагүй. Ямар ч байсан хоорондоо барьцалдаад авчихсан байхад эргэж хараад тойруулж байсан архинаас нэг татаад эргээд харсан чинь *** газар уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 35 дугаар хуудас/,

Гэрч ***  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 18-ний өдөр 16 цагийн үед байх ***ийн хамт ихэр могойн урд нэг шил архи уусан юм. Захаас ***, ***, *** нар ирсэн. Бид нар гандангийн урд талд байдаг муурын байшингын гадна зогсож байгаад архи ууцгаасан. *** ***т агсам тавиад байсан ба юунаас гэдгийг мэдэхгүй, *** их согтуу байсан. ***ухаангүй согтуу байгаагүй, юу гэж маргалдсаныг мэдэхгүй. ******ын нүүр рүү мангасдаад түлхсэн. Энэ үед *** хойшоо 2-3 алхаад хойшоо болсон. Тэр үед би дундуур нь ороод салгасан. ******ыг боогоод газар унагаасан чинь *** хөл хугарчихлаа гээд мод налаад бөгсөөрөө газар сууж байсан, тэгээд би архиа ууж дуусаад яваад өгсөн..” гэх мэдүүлэг /хэргийн 36 дугаар хуудас/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2014 оны 12 дугаар сарын 18-ний өдөр орой бирж тарах үеэр би *** гэгч залуугийн хамтаар Ихэр могой зоогийн газрын өмнө *** ***, ***, Теро хочит ***нартай таарсан. Бид нар уулзаад ганц шил архи хувааж уухаар болоод хуучин Дархан гандангийн хажууд байдаг муурын байшингын гадна очсон. Тухайн үед тэд нар 0,75 литрийн нэг шил архи авчихсан явсан юм. Тэгээд бид нар архиа ууж байтал Б ***хоёр хоорондоо юунаас болж маргалдсаныг мэдэхгүй, ямар ч байсан маргалдаад байсан. 
... Тэр хоёр биднээс арван алхамын зайд зогсож байсан. Тэгэхээр нь бид нар бүгдээрээ боль гээд салгасан. Тэгээд бид нар архи ууж байсан газраа буцаж очоод архи уусан. Гэтэл дахиад маргаад байснаа ноцолдоод унасан. Энэ үед манай найз нар нөгөө хоёр чинь дахин маргалдаад байна гээд ***түрүүлж очсон. *** тэр хоёр дээр очихоос өмнө *** мод налаад суучихсан. ***очоод бос гээд босгох гэтэл хөл эвгүй болчихлоо гээд босоогүй. Гэтэл ***хөлийг нь барьж үзээд хугарчихсан байна гэсэн. Тэгээд хөлийг нь хугарсаныг мэдээд түргэн дуудахаар тал тал тийшээ тарсан. Би *** хамт үлдээд байж байтал түргэн ирээд ***г авч явсан. *** тухайн үед гэрт хүргээд өгчих гээд байсан боловч хөл дээрээ гишгэж чадахгүй байсан....
***,  ***хоёр ноцолдож байгаад дараад уначихсан юмуу, мэдэхгүй. Тэр үед *** надад ***миний хөлийг хугалчихлаа гэж хэлсэн. Тэр үед би яг яаж хөл нь хугарсаныг анзаарч хараагүй....гэх мэдүүлэг \хэргийн 37 дугаар хуудас\, 

Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 18-ний орой жижүүрийн эмчийн үүрэг гүйцэтгэж байхад *** гэх хүн баруун шилбэний шаант ясны дунд ташуу зөрөөтэй хугарал, тахилзуур ясны хугаралтай гэсэн гэмтэлтэй хүлээн авах дээр ирээд *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд эмнэлэгт хэвтэхгүй гээд байхад нь эхнэртэй нь утсаар яриад хэвтэх шаардлагатай гээд тухайн орой эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийсэн. 2014 оны 12 дугаар сарын 19-нд *** хүүхэд харах хүн байхгүй, гэртээ ганцаараа байгаа, гэрийн түлхүүр надад байгаа, эхнэр хөдөө байгаа, би явахгүй бол болохгүй гээд эмнэлэгээс гаргахыг шаардсан. Манай зүгээс хөлийг нь шохойдож өгсөн. ***од хагалгаа хийлгэх шаардлагатай гэдгийг хэлээд эмнэлэгт дахин яаралтай ирж үзүүлж хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй гэдгийг дахин дахин сануулж мөн үүсэх үр дагаврыг нь хүртэл хэлсэн. Харин *** буцан ирж эмнэлэгт үзүүлж хагалгаа хийлгэнэ гэдгээ ойлгож байгаа гэж хэлээд өөрийн гараар бичээд эмнэлгээс гарсан. Харин уг эмнэлгээс гарсанаас хойш 2015 оны 01 дүгээр сарын 7-нд  үзүүлээд хэвтэх шаардлагатай байсан учир хэвтүүлсэн. Тэгээд хөл нь ил хугаралттай идээлсэн байсан, эмчилгээ хийж байгаад хөлийг нь тайрах шаардлагатай байсан учир уг хүнд амь насыг нь аврах зорилгоор хөлийг нь тайрах хагалгаа хийсэн...гэх мэдүүлэг \хэргийн 39 дүгээр хуудас\, 

 Сэжигтэн ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тэгээд би ***оос салаад тэндээсээ явж Ихэр могойн үүдэнд 15 цагийн орчим зогсож байсан чинь ***, ***, ***, ***, нэг танихгүй залуу нар Ихэр могойн хажуугаар ороод 2 дугаар төв чиглээд явахаар нь би араас нь явсан юм. Тэгээд явж байсан чинь нөгөө хэд Төв гандангийн ард зогсож байхаар нь очиж уулзсан юм. Тэгтэл *** намайг хараад юу хийж яваа пизда вэ гээд намайг заамдаад авахад хажууд байсан хүмүүс боль гэж хэлсэн чинь *** болихгүй надаас зууралдаад байхаар нь сүүлдээ аргаа бараад халаасанд байсан 3 000 төгрөгөө өгсөн чинь энэ чинь нэг шил архины мөнгө хүрэхгүй юм байна, доромжлоод байна уу? гээд гараараа миний дух орчим руу цохьсон. Мөн хүзүүнд байсан ороолтноос боомилж татахаар нь би ***ын гарыг тавиулаад түүнийг цааш нь түлхээд өөрөө холдсон чинь арагшаа ухрангуутаа буцаж над дээр ирээд намайг ахиад заамдаад бариад авахаар нь ахин гарыг нь тавиулаад түүнийг нэлээн хүчтэй түлхсэн чинь *** тэнцвэрээ алдаад арагшаа ухарч байснаа газар уначихсан. Би тэгээд цуг байсан хүмүүсийг босож ирэхээс нь өмнө явья гэж бодоод тэндээсээ шууд явчихсан юм...” гэх мэдүүлэг \хэргийн 51 дүгээр хуудас\, Хохирогч ***ын биед учирсан “гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ” гэх Шинжээчийн 2015 оны 01 дүнээр сарын 08-ны өдрийн №144 тоот дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 55 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч ***нь согтуугаар хувийн тааламжгүй харьцааны улмаас ***той маргалдан, түүнийг түлхэж унагаснаас баруун хөлний шилбэ яс  хугарч түүний бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь  хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож  байх тул Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ***нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд  хохиролыг нөхөн төлсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, шүүгдэгч *** нь бага насны хүүхэдтэй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулан, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзлээ.
 
Шүүгдэгч ***нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн өмнө хохирогчоос хохиролд нийт 3 000 000 төгрөг нэхэмжилж байснаас ор хоногийн төлбөрт 100 000 төгрөг бэлнээр авсан байх бөгөөд  үлдэх төлбөр буюу  цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтуудыг бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх болсныг дурдах нь зүйтэй.

     Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар
хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч *** бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ***ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар
 ***ын эдлэх 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтуудыг бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***т мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Т.ЭНХЖАРГАЛ