Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0149

 

     


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/163/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Отгончимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Хохирогч ***,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай *** овогт *** холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн 201509000175 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ. 
    
    Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
 Монгол Улсын иргэн,*** төрсөн, 38 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх *** /РД:***/,

Шүүгдэгч *** нь 2015 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр багт байрлах Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын байранд үйл ажиллагаа явуулдаг Иргэний бүртгэлийн нэг цонхны үйлчилгээний цонхоор нэвтрэн орж шинэчилсэн бүртгэлийн өрөөнөөс Асус маркийн зөөврийн компьютер хулгайлж бусдад нийт 2 685 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 


ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв. Үүнд: 
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 03 дугаар сарын 06-ны орой 21.00 цагийн үед гэрээсээ гараад эгчийндээ очиж усанд ороод, 22.00 цаг өнгөрч байх үед тэднийхээс гараад аймгийн Засаг даргын Тамгын газрын сахиул ажилтай *** ахтай уулзах гээд явж байтал нэг цонхны үйлчилгээний төвийн цонх онгорхой байхаар нь дотор нь орж нөөтбүүк хулгайлж авсан. Би урьд нь тэнд ажилладаг байсан. Тэгээд гэртээ ирж хоноод маргааш өглөө нь зах явж кодыг нь тайлуулаад ломбарданд 100.000 төгрөгөөр тавьсан. 3 хоногийн дараа ***гэдэг хүнд 250.000 төгрөгөөр зарсан ” гэх мэдүүлэг,

Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.Тэр өдөр баасан гариг байсан. Манай хамт олон эмэгтэйчүүдийн баяраа тэмдэглэнгээ зугаалахаар гарсан байсан. Ажлын газрын *** зугаалгаар явахгүй, арын ажлаа хариуцаж үлдсэн. *** 17:40 цагт ажлаасаа гарахдаа бүх зүйлээ хааж, түгжсэн гэсэн. 2015 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 08:15 цагт эхний үйлчлүүлэгч ирж, шинэчилсэн бүртгэл хийх гээд нөөтбүүкээ авах гэтэл байхгүй байсан. Тэгээд даргадаа мэдэгдэж, Цагдаагийн газарт дуудлага өгсөн” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 03 дугаар сарын 06-ний орой 21 цагийн орчим гэрээсээ гараад шинэ хороололын 24 дүгээр байранд төрсөн эгч ***ийн гэрт очоод тэндээсээ 22 цагийн орчим гараад аймгийн захиргааны сахиул *** ахтай очиж уулзая гээд бодоод явж байтал үйлчилгээний төвийн орчим нутгийн найз Балжмаатай\ гэрийн хаяг болон утасны дугаарыг мэдэхгүй\  тааралдаад мэндлээд өнгөрсөн. Ингээд би алхаж яваад аймгийн захиргааны зүүн талын хашаагаар ороод нэг цонхны хажуугаар гараад явж байхад нэг цонхны үйлчилгээний нэг цонх нь онгорхой байсан. Тэгэхээр нь би *** ахын гэр рүү орохоо болиод тэр хавиар эргэлдэж байгаад уг онгорхой байсан цонхоор ороод өрөөний баруун хойд хэсэгт байх өрөөний хаалгыг татахад онгорхой байсан бөгөөд өрөө рүү ороод шар өнгийн ширээний дунд шүүгээг татахад дотор нь хар саарал өнгийн Асус гэсэн бичигтэй зөөврийн компьютер байсан юм. Би уг зөөврийн компьютерийг аваад орж ирсэн цонхоор гараад орж ирсэн салхивчийг буцааж хаагаад  гэр рүүгээ явсан юм. Би гэр рүүгээ орохдоо зөөврийн компьютерээ аваад орсон бөгөөд манай эхнэр надаас юун зөөврийн компьютер юм бэ гэж асуухаар нь би хүний зөөврийн компьютер гэж хэлсэн. Ингээд маргааш нь буюу 2015 оны 03 дугаар сарын 07-ны өглөө 10 цагийн орчим гэрээсээ гараад биржийн замын эсрэг талын нэрийг нь мэдэхгүй байна, ломбарданд зөөврийн компьютероо 100 000 төгрөгний барьцаанд тавиад мөнгөөр нь гэртээ нүүрс түлээ авсан юм. Ингээд 2 хоногийн дараа 2015 оны 03 дугар сарын 10-ны өглөө би найз ***тай уулзаад надад нэг зөөврийн компьютер байна, зармаар байна гэж хэлсэн. Тэгэхэд *** хуучин захын нүүрс зардаг цэг рүү очоод нэг танихгүй залуутай уулзаад зөөврийн компьютерийг үзэхээр болоод ломбард руу очиж зөөврийн компьютероо үзүүлээд 250 000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө гэртээ идэж уух юм аваад дуусгасан. Би ганцаараа хулгайлсан, өөр ямар нэгэн хүн байгаагүй...” гэх мэдүүлэг / хэргийн 139-141 дугаар хуудас/,

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын нэг цонхны үйлчилгээний Иргэний бүртгэл мэдээллийн албанд ажилладаг юм. Манай ажлын байр Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын 1 дүгээр давхарт байх нэг цонхны үйлчилгээний 7, 9 номерын цонхон доор байдаг юм. 2015 оны 03 дугаар сарын 06-ний өдөр ажил дээрээ байж байгаад 16 цаг 30 минутын үед Асус маркийн зөөврийн компьютерийг нэг цонхны үйлчилгээний баруун хойд буланд байх өрөөнийхөө ширээний шүүгээнд хийж цоожлоод тавьсан байсан. Ингээд 2015 оны 03 дугаар сарын 09-ний өглөө ажил дээрээ ирээд 10 цагийн орчим шинэчилсэн бүртгэл хийхээр шүүгээг онгойлгосон чинь Асус маркийн зөөврийн компьютер хулгайд алдагдсан байхыг мэдээд дарга нартаа хэлээд Цагдаагийн газарт дуудлага өгсөн. .. Хулгайд алдсан компьютероо буцааж авсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 92-93 дугаар хуудас/,

Гэрч ***  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 03 дугаар сарын 07-ний өдөр ажил дээрээ байж байхад үдээс хойш нэг залуу орж ирээд хар саарал өнгийн Асус гэсэн бичигтэй зөөврийн компьютер 100 000 төгрөгний барьцаанд 14 хоногийн хугацаатай тавьсан. Тэгээд 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зөөврийн компьютер барьцаанд тавьсан залуу хэдэн хүмүүстэй ирээд хамт явсан хүмүүстээ барьцаанд тавьсан зөөврийн компьютерийг үзүүлээд барьцааны мөнгийг төлөөд хамт ирсэн хүмүүсдээ зарж байх шиг байсан. Тухайн үед зөөврийн компьютер барьцаанд тавьсан хүн Дархан сумын *** гэсэн бичиг баримттай байсан. Компьютерийг тухайн үед асааж үзэхэд хэвийн ажиллагаатай байсан, доторхи функц полдер руу нь орж үзээгүй... ” гэх мэдүүлэг /хэргийн 99 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч, гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Буян захын урд талын нүүрс зардаг хэсэгт ажлаа хийж байхад хоёр залуу хүрч ирээд хямдхан зөөврийн компьютер зарах гэсэн юм, ломбарданд тавьсан хоног нь гүйгээд алдчих гээд байна, би хямдхан авахгүй юу гэж асуухаар нь хэдэн төгрөгөөр зарах юм гэж асуухад би 2014 оны 06 дугаар сард эхнэртээ 1 230 000 төгрөгөөр авсан юм. Одоо бол 250 000 төгрөгөөр зарчихмаар байна гэж хэлсэн. Тэгээд би эхнэр рүүгээ утсаар яриад нэг хүн зөөврийн компьютер хямдхан зарна гэнэ, авах уу гэж асуухад тэгье гэсэн. Би эхнэр *** *** нарын хамт нөгөө хоёр залууг дагуулаад захын урд талд байрлах “Сайн Орших” ломбардын дотор талд байрлах “Сэлэнгэ кредит” автомашины ломбарднаас очиж зөөврийн компьютерийг худалдаж авсан. .. 250 000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 97, 100 дугаар хуудас/,

Гэрч ***  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... найз С.***зөөврийн компьютер худалдаж авах гэсэн юм гэхээр нь хамт явж “Сайн Орших” ломбард дотор байх “Сэлэнгэ кредит” ломбарданд очиж үзсэн чинь хар саарал өнгийн Асус гэсэн бичигтэй нөөтбүүк байсан ба асаахад асаж байхаар нь С.***250 000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хэргийн 102 дугаар хуудас/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2015 оны 03 дугаар сарын дундуур “Буян” зах дээр явж байгаад найз ***тай тааралдсан. Тэр надад ломбарданд тавьсан зөөврийн компьютер байгааг зарчихмаар байна, сонирхох хүн байна уу гэсэн. Би “Буян” захын хажууд түлээ нүүрс зардаг зүс таних залуу дээр ***ын хамт очиж уулзаад зөөврийн компьютер авах уу гэхэд үзье гэсэн. Тэгээд *** тэр хоёр үнээ тохиролцоод 250 000 төгрөгөөр зарахаар болсон. 20.4 дүгээр байрны нэг давхарт байрлах нэрийг нь сайн мэдэхгүй байна ломбард руу орж барьцаанд тавьсан хар саарал өнгийн гадаргуутай зөөврийн компьютерийг үзүүлэхэд нөгөө залуу авахаар болж тэр хоёр зөөврийн компьютерийг авч, нүүрс зардаг залуу ***т мөнгийг нь өгч байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 103 дугаар хуудас/,
 
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Нэг цонхны үйлчилгээний хяналтын камер 3 байдаг юм. Камерийн бичигч төхөөрөмж 2014 оны 09 дүгээр сард шатчихсан ба хөрөнгө мөнгөний боломжгүй учраас шинэ тоног төхөөрөмж авч чадахгүй байсан юм. Шинэчилсэн бүртгэлийн программыг Д дискэн дээр байсан тэр программ эвдрээгүй бүрэн бүтнээрээ байсан. Алдагдсан нөөтбүүкнээс программыг хувьдаа ашиглах ямар ч боломж байхгүй, манай төв байгууллагад байх толгой компьютерт тайлж уншдаг программ нь байдаг юм. Алдагдсан нөөтбүүк ажиллагаа, эд анги хэвийн байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 108 дугаар хуудас/,
 Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд \хэргийн 7-9 дүгээр хуудсууд\,
2015 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн “Сэлэнгэ Кредит”ХХК-ний барьцаат зээлийн гэрээ \ хэргийн 98 дугаар хуудас\,
Гэрч ***ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургууд \ хэргийн 72-73 дугаар хуудсууд\, 
Эд зүйл хураан авсан тэмдэглэл \хэргийн 75 дугаар хуудас\, 
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл \хэргийн 76 дугаар хуудас, 
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл \ хэргийн 78 дугаар хуудас\,
Хүн таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл \ хэргийн 79-81 дүгээр хуудас\,
Сэжигтэн ***ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл болон гэрэл зургууд \ хэргийн 85-90 дүгээр хуудсууд\, 
Эд зүйлд үнэлгээ хийсэн тогтоол \ хэргийн 95 дугаар хуудас\, 
Ял шийтгэлийг шалгах хуудас \ хэргийн 148 дүгээр хуудас\ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд  шүүгдэгч *** нь 2015 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр багт байрлах Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын байранд үйл ажиллагаа явуулдаг Иргэний бүртгэлийн нэг цонхны үйлчилгээний цонхоор нэвтрэн орж шинэчилсэн бүртгэлийн өрөөнөөс Асус маркийн зөөврийн компьютер хулгайлж  2 685 000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд Дархан-Уул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ***ыг орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч ***т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй”  гэж мэдүүлсэн, бага насны хүүхэдтэй, эхнэр нь нялх биетэй  зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлд хамааруулах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас 14 хоног урьдчилан цагдан хоригдсон, хураасан эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн байдлыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***ын эзэмшлийн 400 000 төгрөгийн үнэ бүхий БСБ маркийн хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 801 дугаартай тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв. 
        
    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298  дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. Шүүгдэгч ***ыг орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *** эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2  /хоёр/ жилийн   хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар  ***т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор ***т оногдуулсан 2 \хоёр\ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 \нэг\ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***ын засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***т мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар *** нь энэ хэрэгт 14 хоног цагдан хоригдсон, хураасан эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***ын эзэмшлийн 400 000 төгрөгийн үнэ бүхий БСБ маркийн хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 801 дугаартай тогтоолыг  хүчингүй болгосугай.
 
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ЭНХЖАРГАЛ