Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2013/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хэргийн индекс: 171/2013/0049/Э/

 

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Сүрмандах,

хохирогч Д.А ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт Е  овогт ******* д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000713 дугаартай хэргийг 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Е  овогт *******  /РД:.../ 19.. оны . дугаар сарын .ий өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум .. дугаар баг .. дугаар байрны .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч *******  нь 2012 оны 12 дугаар сарын 09-ний орой 23 цагийн орчим Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт MBM зочид буудлын гадна талд согтуугаар иргэн Д.А тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг хавсарч унагаан баруун хөлний шилбэний ясыг хугалж, биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                       

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүгдэгч *******  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хэдэн найз нартайгаа нэг газар сууж жаахан архи уусан. Бөхөөрүү залгаж хаана байна гэхэд МBМ зочид буудалд биллъярданд байна гэхээр нь очоод А тэй ам мурийгаад, биллиардны цаг нь дуусахад нь гадаа гараад муудалцаад хавсарч унагаасан. Найз нөхдөөрөө дамжуулаад А тэй найзууд болсон байсан” гэв.

Хохирогч Д.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...” 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдөр МBМ зочид буудалд биллъярданд байж байхад гаднаас Б  орж ирээд маргалдаад, биллиардны цаг нь дуусаад гадаа гараад маргалдаад намайг хавсарч унагаасан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч *******  нь 2012 оны 12 дугаар сарын 09-ний орой 23 цагийн орчим Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт MBM зочид буудлын гадна талд согтуугаар иргэн Д.А тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг хавсарч унагаан баруун хөлний шилбэний ясыг хугалж, биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:      

хохирогч Д.А ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ”… 2012 оны 12 сарын 09-нд МВМ зочид буудлын биллъярдан дээр найз Насаа, Бөхөө 2 найзтайгаа 4-лээ тогтож байтал 23 цагийн үед Б  гэдэг залуу гаднаас шал согтуу орж ирсэн. Орж ирэээд согтуурахаад намайг сууж  байсан чинь миний хөлний зүүн шилбэ рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд түүнтэй маргалдаад барьцалдаж авсан. Тэгтэл манай найз нар боль боль гээд салгасан. Тэгээд бид нар тэндээс гадаа гарсан. Гараад Б  одоо 2-лаа үзье гээд бариад авсан, тэгэхээр нь би бас бариад автал тэр намайг хавсараад унагасан. Унахдаа миний дээрээс дараад унасан, тэгээд би босох гэтэл баруун хөл нур хийж дуугараад гишгэж чадахаа больсон. Тэгээд би буцаад газар суугаад хөл хугалчихлаа гэсэн чинь Б  чи чадахгүй байж пизьда минь гэж хэлээд миний бөгс рүү 2 удаа өшиглөсөн. Би түүнтэй урьд нь мэнд устай л явдаг байсан, бид хоёрын хооронд таарамжгүй харьцаа байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дахь тал/,

гэрч Ю.Н  мөрдөн байцаалтанд өгсөн: “...тоглож байтал Б  23 цагийн үед бид нар дээр нилээн согтуу ирсэн. Түүнтэй мэндэлсэн чинь та нарт ямар хамаатай юм бэ гээд согтуурхаад байсан, тэр үед А  чи ямар сонин харьцаатай юм бэ гэсэн чинь Б  урдаас нь хэрэлдээд тэр 2 маргасан , маргаж байгаад Б  А ийн альч билээ нэг хөлрүү нь нэг удаа өшиглөсөн. Тэр 2 барьцалдаж аваад муудалцаад байсан. Биллъярдын цаг дууссан тул бид нар гадаа гарсан. Буулдлын үүдэнд Б , А  хоёр мөн барьцалдаж аваад зууралдаад байсан. Тэгж байгаад Б  А ийг хавсраад унагаасан. А  газар уначхаад босох гэснээ буцаж суугаад хөл хугарчихлаа гэж байсан, тэр үед Б  битгий баашлаад бай гээд нуруу руу нь нэг удаа өшиглөж байсан. Бид нар Б г загнаад болиоч гээд холдуулсан. А  болон бид нар эрүүл байсан, Б  гаднаас нэлээн согтуу ирсэн юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 9 дэхь тал/  

гэрч Л.Б  мөрдөн байцаалтанд өгсөн: ”…Тэгэж байгаад  яагаад ч юм А  тэр хоёр тоглож байгаад маргалдаад түүнээсээ болоод муудалцан барьцалдаж авсан, тэгэхээр нь бид нар боль гээд салгаад Бархүүг түрүүлээд гаргасан, тэгээд бид нар тооцоо юмнуудаа хийгээд араас нь гарсан чинь буудлын гадаа Б  зогсож байсан, тэгээд А  тэр хоёр дахиад л хэрэлдээд барьцалдаад авсан, тэгж барьцалдаж байгаад Б  А ийг хавсраад унагаасан, тэгэхэд А  газар унасан бөгөөд Б  бас дээрээс нь дараад унах шиг болсон, тэр хоёр цугтаа л унах шиг болсон. Тэгээд А  босч ирээд нэг гишгээд хөл хугарчихлаа гээд буцаад суусан. Тэгээд би А ийн машиныг асаагаад бариад А , Насаа хоёрыг суулгаад эмнэлэг явсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 10 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 02 тоот актын

  1. Д.А ийн биед баруун хөлний шилбэний ясны битүү хугаралын  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно гэсэн дүгнэлт /хэргийн 15 дахь тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 25 дахь тал/,

Эмнэлгийн магадлагаа /хэргийн 30 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ.

Шүүгдэгч *******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөрийг сайн дураараа барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч Д.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

      Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Е  овогт Сайханбаяын Б г бусдын бие махбодид хүндэвтэр  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Сайханбаяын Б д 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* д Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* д мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол ******* д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,    ******* д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг сэргээж хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    Ё.РИНЗААН