Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 401

 

 

 

 

 

 

 2020             04              02                                      2020/ДШМ/401                

 

 

Э.Б-, Б.Ц- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:                                                 

            прокурор С.Мөнхгэрэл,

            шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа,

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Б-, Б.Ц-  нарт холбогдох 1902000000365 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д овгийн Б-ын Ц, Улаанбаатар хотод 2001 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Анима” Дүрслэх урлаг, дизайны политехникийн коллежид суралцдаг, ам бүл 2, ахын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Булгийн 0 дугаар гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

2. Х овгийн Э-ын Б, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 2002 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Анима” Дүрслэх урлаг, дизайны политехникийн коллежид суралцдаг, эмээ, өвөөгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлын гудамжны 00 байрны 00 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

 

Б.Ц-, Э.Б- нар бүлэглэн 2019 оны 09 дүгээр сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Богд уулын “Богины ам” гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 35,7 грамм жинтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Түмэннаст хотхоны 36б байрны 2 давхарт 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Б.Ц-, Э.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.Ц-, Э.Б- нарыг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Э.Б-д оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, өсвөр насны шүүгдэгч Э.Б-д оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 35,8 грамм бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг үүрэг болгож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Ц-, Э.Б- нар урьд цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдаж, уг хэрэгт ирсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргахаар зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Би эхээс хоёулаа, төрсөн ахын хамт ээж Б.Уранчимэгийн эгч Б.Оюунчимэгийн гэрт амьдардаг. Ээж Б.Уранчимэг нь 2008 оноос хойш Унгар Улсад ажиллаж амьдарч байгаад, одоо эрүүл мэндийн шалтгаанаар Солонгос Улсад эмчлүүлж байгаа. Би сониуч томоогүй зан, гэм буруутай үйлдлийн улмаас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэхээр шийтгэгдсэн. Өөрийн үйлдлийг ухамсарлан маш их гэмшиж байгаа тул надад оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзаж өгөхийг хүсч байна.

... Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис нь нийгмийн хор аюул ихтэй гэдгийг маш сайн ойлгож ухамсарлан дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ энэ гомдлоор уламжлан амлаж байна ... ” гэв.

            Шүүгдэгч Б.Ц-ий өмгөөлөгч С.Дэлгэрмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу Б.Ц-д оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү. Б.Ц- нь 2019 оны 09 дүгээр сард ангийн хүүхдүүдтэй Богд ууланд гарчихаад буцаж явахад ... Э.Б- “каннабис өвс ургачихсан байна” гэж хэлсэн. Уг ургамлын навч интернетээс харж байсан зурагтай төстэй байсан учир тэд сониуч зандаа хөтлөгдөн сэтгэцэд нөлөөт бодис болох каннабис ургамалыг анх удаагаа хэрэглэж үзсэн нь өнөөдрийн үр дагаварт хүргэсэн. Үүндээ ч Б.Ц- чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байгаа. Анхнаасаа өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн. Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалд хамаардаг. Б.Ц-ий үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдал байгаа. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Б.Ц-, Э.Б- нарт хуульд заасан ял хөнгөрүүлэх ... нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэж буруу дүгнэсэн. Б.Ц- нь тухайн үед ургамал түүхээр зорьж яваагүй, мөн тухайн үйлдлийг санаачлаагүй, цэвэр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас, хамтран хэрэгт холбогдсон Э.Б-ий санаачлагын дагуу хэрэгт татагдан орсон. Энэ байдал нь түүний гэм бурууг үгүйсгэхгүй боловч ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх эсэхэд тодорхой нөлөө үзүүлэх хүчин зүйл мөн. Б.Ц-ийг нийгмээс тусгаарлан, хорих зайлшгүй шаардлага байгаагүй. Түүнээс хураан авсан ургамал нь харьцангуй бага хэмжээтэй, ямар нэгэн химийн найрлагад ороогүй, тусгайлан боловсруулж бэлтгээгүй ургамал хэлбэрээрээ байсан. Мөн тэрээр уг өвсийг бусдад худалдаагүй, түгээгээгүй, тийм ч сэдэл, санаа зорилго байгаагүй, гэнэн томоогүй, сониуч зандаа хөтлөгдөн анх удаагаа л хэрэглэж үзсэн байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Иймд Б.Ц-ийг хорьж шийтгэхийн оронд нэг удаа итгэл үзүүлэн, нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээг хуулийн дагуу авах боломжтой гэж үзэж байна.

            Б.Ц- нь даруу төлөв зантай, бусадтай нийтэч, өгсөн үүрэг, даалгаврыг сайн биелүүлдэг, хүнд тусархуу, уяхан зөөлөн сэтгэлтэй, мэргэжилдээ сонирхолтой, хичээл зүтгэлтэй, ангийнхан болон найз нөхөд дундаа нэр хүндтэй, эерэг хандлагатай, эелдэг зантай, сургуулиас зохион байгуулагддаг урлагийн үзлэг, тэмцээн уралдаан арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцдог, оролцсон тэмцээн уралдаанаасаа шагналт байранд орж алт, мөнгө, хүрэл медаль болон өргөмжлөлөөр шагнагдаж байсан гэж түүний хувийн зан байдал, авъяас, ур чадварын талаар Төрийн соёрхолт ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит “Анима” Дүрслэх урлаг, дизайны политехникийн сургуулийн захирал Я.Булган багшийн тодорхойлсон тодорхойлолт, гэрч Б.Оюунчимэгийн мэдүүлэг зэргээр нийгэмших боломжтой хүүхэд болох нь хангалттай нотлогддог юм.

            Иймд дээр дурьдсан нөхцөл байдлуудыг харгалзан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, эсхүл мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ц-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

            Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Б.Ц-, Э.Б- нарын үйлдсэн хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах боловч нийгмийн хор аюул ихтэй тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлыг харгалзан хамгийн бага хэмжээний хорих ялыг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Ц-, Э.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудад дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Б.Ц-, Э.Б- нар бүлэглэн 2019 оны 09 дүгээр сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Богд уулын “Богины ам” гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 35,7 грамм жинтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Түмэннаст хотхоны 36б байрны 2 давхарт 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Н.Наранбаатарын “... 2019 оны 11 дүгээр сарын 01-ний 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Түмэннаст хотхоны 36б байрны 2 дугаар орцонд найз Билгүүн, Хас-Эрдэнэ, Цэнгүүн нарын хамт 2,5 литрийн шар айраг уусан. Тэр үед Билгүүн халааснаасаа гялгар ууттай ногоон өнгийн нунтаг ургамал гаргаж ирснийг бид дөрөв хэрэглэсэн ... Билгүүн, Цэнгүүн нар 2019 оны 10 дугаар сард Богд ууланд явж байхдаа түүсэн гэж хэлж байсан ...” /хх 26-27/,

гэрч Н.Хас-Эрдэнийн “... хичээл тараад Наранбаатар, Цэнгүүн, Билгүүн нарын хамт гадуур явсан ... Билгүүний орцонд юм яриад сууж байхад Цэнгүүн, Билгүүнд хандаж “чамд нөгөө өвс чинь байгаа юу” гэхэд ... Билгүүн гялгар ууттай зүйл гаргаад ирсэн ... бид нар тэр өвсийг хэрэглэсэн ... Билгүүн өвсийг Богд уулнаас бууж яваад нэг хашаанаас түүсэн гэж байсан. 2019 оны 09 дүгээр сард манай сургуулийнхан Богд ууланд алхсан ... тэр үед манай ангиас Билгүүн, Цэнгүүн 2 явсан ...” /хх 39-40/ гэх мэдүүлгүүд,

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын цагдаагийн 1 дүгээр хэлтсийн албан хаагч, цагдаагийн дэслэгч Ш.Батням, дэд ахлагч н.Эрдэнэбулган нар нийтийн хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэх явцдаа Э.Б-, Б.Ц- нарыг сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байсныг илрүүлж, таслан зогсоосон тухай илтгэх хуудас /хх 13/,

Э.Б-ээс “... уутны амыг зангидсан, ногоон өнгийн нунтаг 35,8 гр хэмжээтэй өвс мэт зүйлийг хураан авав ...” гэсэн тэмдэглэл /хх 19/,

мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх 23-24/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 25/,

шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай бөгөөд Э.Б-, Н.Наранбаатар, Б.Ц-, Э.Хас-Эрдэнэ нараас тетрагидроканнабинол илэрсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6307 тоот шинжээчийн дүгнэлт /хх 46-47/,

шүүгдэгч Б.Ц-, өсвөр насны шүүгдэгч Э.Б- нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Анхан шатнаас шүүхээс шүүгдэгч Б.Ц-, Э.Б- нарыг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн талаар хэргийн бодитой байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч тус бүрт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өсвөр насны шүүгдэгч Э.Б-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор 2 дахин багасгаж, эдлэх ялыг 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа нараас гаргасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН