| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 221/МА2026/0441 |
| Дугаар | 109/2026/0007/З |
| Огноо | 2026-06-24 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 109/2026/0007/З
*** аймгийн Э*** сумын
### намын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч З.Ганзориг,
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн төлөөлөгч
Нэхэмжлэгч: *** аймгийн Э*** сумын ### нам
Хариуцагч: *** аймгийн Э*** сумын Сонгуулийн хороо
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 0006 дугаар,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, хариуцагчийн төлөөлөгч О.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 109/2026/0007/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. *** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 0006 дугаар шийдвэрээр:
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.4-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч *** аймгийн Э*** сумын ### намаас *** аймгийн Э*** сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан *** аймгийн Э*** сумын Сонгуулийн хорооны 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, *** аймгийн Э*** сумын ### намыг нөхөн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авч, бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах гомдлын агуулга:
*** аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2026/ШШ/0006 дугаар шийдвэрийг 2026 оны 05 сарын 28-ны өдөр гардаж аваад хүлээн зөвшөөрөхгүй байх тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Нотлох баримт, хэргийн үйл баримт болон талуудын тайлбаруудыг буруу үнэлж, дүгнэсэн тухайд:
*** аймгийн Э*** сумын ### нам нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахтай холбогдуулж, *** аймгийн Э*** сумын 2,6,7-р багийн нөхөн сонгуульд оролцох бэлтгэл ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу мөрийн хөтөлбөрөө боловсруулан 2026 оны 04 сарын 14-ний өдөр *** аймгийн аудитын газарт 2026 онд болох нөхөн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталгаажуулж, дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн.
Улмаар Аудитын газраас 2026 оны 04 сарын 20-ны өдрийн 218 дугаар бүхий албан бичигт "Э*** сумын "### нам"-ын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд оролцохоор ирүүлсэн мөрийн хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагад тус тус нийцэж байна" хэмээх дүгнэлтийг гаргаж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10 дахь хэсэгт зааснаар тус сумын сонгуулийн хороо болон бидэнд тус тус хүргүүлсэн байдаг.
Э*** сумын сонгуулийн хороо нь нэг намын төлөөллөөс буюу МАН-н гишүүдээс бүрдэж, сонгуулийн хороог байгуулсан байна. 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар бүхий Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолын "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны цаглабар"-ын 6 дээр сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулахдаа "сонгуулийн хороонд хэдэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр, хаана байгуулагдсан талаар нийтэд мэдээлнэ" гэж заасан байгаа юм.
Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг баримталж, *** аймгийн Э*** сумын сонгуулийн хороо нь хэдэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хаана байрлаж байгаа талаарх мэдээллийг нийтэд мэдээлэх байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлэлгүйгээр нэг намын төлөөллөөс буюу МАН-ын гишүүдээс бүрдсэн сонгуулийн хороог байгуулсан байна.
Э*** сумын сонгуулийн хороонд 2026 оны 04 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд очиж уулзахад "### намаас явж байгаа талаар хэлэхэд тус хорооны дарга О.Жавзансүрэн нь танай мөрийн хөтөлбөр хуульд нийцэж байгаа талаарх Аудитын дүгнэлт ирж, сонгуульд оролцох санал чинь ирсэн" гэж хэлээд нөхөн сонгуульд оролцох талаар ярилцсан. Тухайн уулзалтын үед өөр дутуу баримт бичиг байсан бол бидэнд мэдэгдэх ёстой байсан.
Гэтэл нэмэлт ямар ч материал шаардаагүй тул бид "нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлээд өгчихлөө" гэж бодсон.
Бидний зүгээс дараа нь энэ талаар дахиж тодруулахаар 2026 оны 04 сарын 22-нд өдөр бэлдсэн хүсэлтээ өгөхөөр очиход ямар нэгэн тайлбар, мэдээлэл өгөөгүй. Гэтэл 2026 оны 04 сарын 27-ны өдрийн 02 дугаар бүхий үндэслэлгүй шийдвэр гаргаж, манай намд ирүүлээд байна. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар бидний сонгуульд шударгаар өрсөлдөж, сонгогдох эрхийг зөрчиж, нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн байхад хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.
Учир нь тус сонгуулийн хороо нь 2024 оны орон нутгийн сонгуулиар хууль зөрчиж ажлаа өгөлгүйгээр нэр дэвшиж байгаа дарга нарыг нэр дэвшигчээр бүртгэж, тухайн үед манай намын зүгээс сонгуулийн хороонд хууль бус гэдгийг хандаж байсан хэдий ч хүлээж аваагүй учраас шүүхэд хандаж Монгол Улсын дээд шүүхээр шийдэгдсэн тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийг 06 дугаар сарын 21-ний өдөр дахин зохион байгуулахаар болоод байгаа юм.
Гэтэл тус аймгийн Э*** сумын сонгуулийн хороо нь эрх баригч МАН-ын гишүүдээс бүрдсэн байх бөгөөд *** аймгийн Э*** сумын сонгуулийн хороо дахин хууль бус үйлдэл гаргаж, Үндэсний хэмжээний ### намыг нөхөн сонгуульд оролцуулахгүй байх үйлдэл гаргаж байгаад нь эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "... Өөрөөр хэлбэл *** аймаг дахь Төрийн аудитын газраас 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн "Дүгнэлт хүргүүлэх тухай" 218 дугаар албан бичиг сумын сонгуулийн хороонд хүргэгдсэн нь *** аймгийн Э*** сумын ### намаас тус сумын 2,6,7 дугаар багийн 2026 оны нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлт гэж үзэхгүй ...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит нөхцөл байдал болон нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д "... тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино..." мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дэх хэсэгт “... Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ ...” гэж тус тус зааж өгсөн байдаг билээ. Дээрх зохицуулалтууд нь эрх зүйн хамгаалалт хүсэж буй нэхэмжлэгчийн эрх ашиг нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд чухал ач холбогдолтой юм.
Гэтэл тус хэргийн шүүх нэхэмжлэгчийн сонгуульд оролцох хүсэл зоригоо илэрхийлсэн бодит үйл баримт, аудитын байгууллагын дүгнэлт, Сонгуулийн хороотой хийсэн уулзалт, тайлбар, Сонгуулийн хорооноос нэмэлт баримт шаардаагүй нөхцөл байдал, сонгох, сонгогдох эрхийг хангах Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим зэргийг харгалзан үзэлгүйгээр хэт явцуу байдлаар буруу үнэлж, дүгнэлт гаргасанд гомдолтой байна.
Иймд *** аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 0006 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. *** аймгийн Э*** сумын ### намаас *** аймгийн Э*** сумын Сонгуулийн хороонд холбогдуулан “*** аймгийн Э*** сумын Сонгуулийн хорооны 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, *** аймгийн Э*** сумын ### намыг нөхөн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авч, бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
4. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
4.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч *** аймгийн Э*** сумын ### намаас 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар албан бичгээр “*** аймгийн Э*** сумын 2 ,6, 7 дугаар багийн нөхөн сонгуульд оролцох хүсэлттэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг Э*** сумын Сонгуулийн хороонд гаргасан байна.
4.2. Тус хүсэлтийг *** аймгийн Э*** сумын Сонгуулийн хорооны “Ирсэн баримт бичгийн бүртгэл”-ийн дэвтэрт 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд хариуцагч Э*** сумын Сонгуулийн хорооноос 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар маргаан бүхий албан бичгээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хуулийн хугацаанд сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлээгүй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэсэн хариуг нэхэмжлэгч Э*** сумын ### намын хорооны даргад хүргүүлсэн болох нь хэрэгт тогтоогдсон байна.
4.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ” гэж заасан.
4.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2026 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн “Цаг хугацааны хуваарь батлах тухай” 02 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг хавсралтаар баталж, санал авах, өдөр цагийг “2026 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 07:00-20:00 цаг” хэмээн тов тогтоосон байна.
4.5. Дээр дурдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу багтаан орон нутгийн Хурлын сонгуульд оролцох нам, эвсэл нь сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хорооны 02 дугаар тогтоолоор тогтоосон хугацаанд багтааж хүргүүлэх үүрэгтэй тул санал авах 2026 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 60-аас доошгүй өдрийн өмнө буюу 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дотор хариуцагч *** аймгийн Э*** сумын Сонгуулийн хороонд хүргүүлэхээр байна.
4.6. Хэрэгт авагдсан *** аймгийн Э*** сумын Сонгуулийн хорооны 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын 02 дугаар тэмдэглэлд “... 2026 оны 04 дүгээр сарын 22-ноос өмнө Нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хоронд ирүүлнэ гэж заасны дагуу Монгол Ардын Нам хүсэлтээ ирүүлсэн байна, ... ### нам Аудитын газар мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгсөн хэрнээ сумын сонгуулийн хороонд яагаад хүсэлтээ өгөөгүй юм бол ...” гэж тусгагджээ.
4.7. Нэхэмжлэгч *** аймгийн Э*** сумын ### намаас 05 дугаар албан бичгээр “*** аймгийн Э*** сумын 2, 6, 7 дугаар багийн нөхөн сонгуульд оролцох хүсэлттэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолсон байх боловч энэхүү албан бичгийг хариуцагчаас 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэн авсан, дээр дурдсан сонгуулийн хорооны 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлд ### нам сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлээгүй талаар тэмдэглэгдсэн байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан бүрдүүлбэр хангаж, хуульд хугацаанд хүсэлтээ гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
4.8. Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Орон нутгийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтэд тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн намын дарга гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ даран баталгаажуулсан байна. Эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон бүх нам тамгаа /тэмдэг/ даран баталгаажуулсан байна”, 25.3-т “Намын сонгуульд оролцох хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана”, 25.3.1-д “сонгуульд оролцох тухай тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын байгууллагын шийдвэр, намын даргыг томилсон шийдвэр”, 25.3.2-т “намын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар”, 25.3.3-т “намын улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн хуулбар”, 25.3.4-т “сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт”, 25.3.5-д “энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам”, 25.3.6-д “орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, ээлжит бус, нөхөн болон дахин сонгуульд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан”, 25.3.7-д “намын сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг агуулсан мэдээлэл” гэж тус тус заажээ.
4.9. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтэд тухайн сумын намын дарга гарын үсэг зурж баталгаажуулсан байхаас гадна холбогдох баримтууд болох сонгуульд оролцох тухай намын байгууллагын шийдвэр, намын даргыг томилсон шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлд бүртгүүлсэн намын дүрмийн хуулбар, сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт, намын дотоод журам, тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан, намын сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг агуулсан мэдээлэл зэрэг баримтуудыг хавсаргасан тохиолдолд хуульд заасан шаардлага хангасан гэж үзэхээр байна.
4.10. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч *** аймгийн Э*** сумын ### намаас 2026 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн огноо бүхий 5 дугаар албан бичгээр хүсэлт гаргахдаа дээрх хуульд заасан холбогдох баримтуудыг хавсарган ирүүлээгүй болох нь Э*** сумын Сонгуулийн хорооны ирсэн бичгийн дэвтрийн бүртгэлээр тогтоогдож байна.
4.11. Нэхэмжлэгч *** аймгийн Э*** сумын ### намаас дээрх хуульд заасан журмын дагуу холбогдох баримтуудыг хавсаргасан хүсэлтийг 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дотор Сонгуулийн хороонд гаргах ёстой байтал хугацаа хэтрүүлж 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүсэлт гаргасан байхаас гадна хуульд нэрлэн заасан холбогдох баримтуудын хавсаргаагүй байх тул хариуцагч *** аймгийн Э*** сумын Сонгуулийн хорооноос 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар албан бичгээр тус хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар мэдэгдсэнийг хууль бус, үндэслэлгүй хэмээн үзэх боломжгүй.
4.12. Энэ талаарх анхан шатны шүүхийн “... хүсэлт гаргахдаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хугацааг хэтрүүлж буюу 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр *** аймгийн Э*** сумын сонгуулийн хороонд хүргүүлсэн, ... Нам, намыг төлөөлж салбар байгууллага нь орон нутгийн хурлын сонгуульд оролцохдоо хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд заавал бичгээр гаргах талаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т салаа утгагүйгээр тодорхой зохицуулсан байх бөгөөд хүсэлтэд хавсаргах баримтуудыг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т тодорхой заасан, ... *** аймаг дахь төрийн аудитын газраас 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” 218 дугаар албан бичиг сумын Сонгуулийн хороонд хүргэгдсэн нь *** аймгийн Э*** сумын ### намаас тус сумын 2, 6, 7 дугаар багийн 2026 оны нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлт гэж үзэхгүй, ... ” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... Сонгуулийн хороонд 2026 оны 04 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд очиж уулзахад “... танай мөрийн хөтөлбөр хуульд нийцэж байгаа талаарх Аудитын дүгнэлт ирж, сонгуульд орох санал чинь ирсэн” гэж хэлсэн, тухайн уулзалтын үед өөр дутуу баримт бичиг байсан бол бидэнд мэдэгдэх ёстой байтал. Гэтэл нэмэлт ямар ч материал шаардаагүй тул бид “нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлээд өгчихсөн гэж бодсон” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
4.13. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Сонгуулийн хороонд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулна” гэж заасан.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.5-д “хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш долоо хоногийн дотор байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.5-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг чандлан хадгалах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх” гэж заасан.
4.14. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд *** аймгийн Э*** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “... сумын нөхөн сонгуулийн хороо байгуулах асуудлаар төлөөлөгч Цэнгэлсайхан: Э*** сумын 2, 6, 7 дугаар багуудад нөхөн сонгууль явуулж байгаа гэж ойлгож байна. Сонгуулийн хорооны гишүүдийг ямар шалгуураар сонгож хороонд оруулсан бэ? энэ хүмүүс өмнө нь сонгууль зохион байгуулж явуулж байсан туршлага байна уу? энэ гишүүдийн дотор аль нэг хүн, намд давуу байдал бий болгох хүн байхгүй юу гэхэд Э*** сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Жавзансүрэн: Сонгуулийн хорооны дарга нь Засаг даргын Тамгын газрын дарга байна гэж заасан байдаг ба би энэ заалтаар сонгуулийн хороог ахалж байна. Гишүүдийн хувьд өмнө нь сонгууль зохион байгуулж байсан туршлагатай, сонгууль зохион байгуулахад шаардагдах сургалтад хамрагдсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид байгаа гэж хариулсан. Сумын нөхөн сонгуулийн хороо байгуулах тогтоолын төслийг хуралд ирсэн нийт 22 гишүүдийн 100 хувийн саналаар батлав ...” гэж тусгагдсан байх бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “... сонгуулийн хороонд ажиллах албан хаагчид цахим системд хандан хүсэлтээ илгээх, сумын нөхөн сонгуулийн хороо байгуулах, нөхөн сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас болон зурагт самбарын байршлыг тогтоох ...” мэдээллүүдийг нийтэд хүргэсэн байна.
4.15. Улмаар *** аймгийн Э*** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Сумын нөхөн сонгуулийн хороо байгуулах тухай” 04 дүгээр тогтоолоор Э*** сумын 2, 6, 7 дугаар багийн нөхөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг томилжээ.
4.16. Дээрхээс үзэхэд Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нь төрийн албан хаагч байхаар хуульд заасан байх бөгөөд төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д заасны дагуу улс төрийн намын гишүүн биш байх нийтлэг үүргийг хүлээхээр заасан байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “нэг намын төлөөллөөс буюу Монгол Ардын намын гишүүдээс бүрдсэн сонгуулийн хороог байгуулсан” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгчээс “... 2026 оны 04 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Сонгуулийн хороонд очиж уулзсан” гэж тайлбарласан байх тул Сонгуулийн хороог хаана байрлаж байгаа талаарх мэдээллийг нийтэд мэдээлээгүй гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. *** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 0006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ