Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 52

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч  Ч.Отгонбаяр, А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Чинбат,

иргэдийн төлөөлөгч: А.Хуаныш,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Э.Гансүх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Уянга, түүний өмгөөлөгч  Н.Тэрбиш,

шүүгдэгч: С.Уртнасан, түүний өмгөөлөгч М.Машбат /0990/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мятав овогт Сэлээдийн Уртнасанд холбогдох эрүүгийн 2016 2602 1303 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи-орос хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, 10 настай хүүгийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар 9а дугаар байр, 193 тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 419 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 80 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар ИЭ 79053021, Мятав овогт Сэлээдийн Уртнасан.

 

Шүүгдэгч С.Уртнасан нь 2016 оны 4 дүгээр сарын 16-ны шөнийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Арын 9а дугаар байрны 193 тоот, иргэн С.Уртнасангийн орон сууцны гал тогооны өрөөнд согтуурсан үедээ “утсаар ярьсан эмэгтэйтэй нь хардаж, балиар новш минь гэрээс зайл” хэмээн хамтран амьдрагч А.Ганболдын хэвлийн тус газарт 1 удаа хутгалан, хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-С.Уртнасан мэдүүлэхдээ:

 

  2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр А.Ганболд, Ц.Энхбаяр нар над руу утсаар яриад намайг “гэртээ байна уу” гэж асуугаад, манай гэрт ирье гэхэд би “хоол хийж байна” гэж тэднийг ирэхийг нь зөвшөөрсөн. Тэднийг ирэхэд би нэг лааз пиво уусан байсан. Тэд архи уугаагүй байсан. Би мах чанасан байсан юм. Бид 3 нэг шил 0.75 литрийн хэмжээтэй “Хараа” архи уусан. Орой 22 цагийн үед А.Ганболдын гар утас дуугараад нэг эмэгтэй “караокед байна, хүрээд ир” гэж  дуудаад байсан. Би түүнээс “юун хүүхэн юм бэ” гэж асуухад “манай найз хүүхэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “найз хүүхэн рүүгээ явцгаа, орой болсон байна” гэж хэлсэн. Би мах идэж байсан болохоор хутга барьсан байсан. Тэгээд “одоо яв, яв” гээд барьж байсан хутгаараа чичсэн. Гэтэл А.Ганболд “хутгаар хүн рүү чичдэггүй, хутга сунадаг шүү” гэж хэлэхээр нь би “хутга сунана гэж юу байдаг юм” гээд бид хоёр хоорондоо тоглоод, инээлдэж байсан. Би тухайн үед хутга орчихсон гэж бодоогүй. Гэтэл А.Ганболд “тэнэгээ наадах чинь орчихлоо шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд тэр Ц.Энхбаярыг “эмнэлэг явъя” гээд дагуулаад гарсан. Миний барьж байсан хутга А.Ганболдын биед орсон гэж итгээгүй, надад түүнийг санаатайгаар хутгалах бодол байгаагүй. Бид хоёрын дунд маргаан ч болоогүй байсан. Би энэ үйлдлийг санамсар болгоомжгүйгээр хийсэн. Урьд А.Ганболд найзтайгаа манай гэрийн гадаа ирээд хаалга нүдээд байсан. Бас заримдаа орцонд хоночихдог байсан тул би түүнийг орцонд байгаа байх гэж бодсон. Тэр “миний биед хутга орчихлоо” гэж хэлсэн болохоор нь “яасан ч юм билээ” гэж санаа зовоод, тэднийг явсны дараа нь цагдаа дуудсан. Би А.Ганболдтой 2011 оны 11 дүгээр сард танилцахад, “тэр гэр бүлээсээ салсан, тусдаа амьдардаг” гэж хэлсэн тул бид үерхдэг болсон. 2015 оноос “эхнэр Б.Уянгыг өөр хүнтэй гэрлээд, хороололд амьдардаг, бага хүүхэд нь өөр дээр нь байгаа” гэж надад хэлж байсан. Бид нэг, нэгнийхээ гэрээр орж гараад үерхэж байснаас байнга хамт амьдраагүй. Тэр үед хутгаар түүн рүү чичиж тоглосон нь миний буруу. Би махан дээрээс тэр хутгыг авсан юм. Би А.Ганболдтой тоглож байгаад санамсар болгоомжгүйгээр хутгалсандаа гэмшиж, харамсаж байна. Ар гэрээс нь уучлалт гуйж байна.

А.Ганболд нас барахад ямар нэгэн гадны нөлөө байгаагүй. Тэр нас бардаг өдрөө манай гэрт ирэхдээ архи уугаагүй байсан. Манай хүүхдэд “муурын зулзага авчирч өгнө” гэж хэлж байсан учраас муурын зулзага аваад ирсэн байсан. Би орой 21 цагийн үед түүнд газраар ор засаж өгөхөд зүгээр унтаж байснаа хурхирч байгаа мэт чимээ гаргасан. Би очоод “яаж байна, зүгээр үү” гэхэд сонин болсон байсан. Тэгэхээр нь би түргэн дуудсан. Би түүнийг яагаа ч үгүй. Би бага насны хүүхэд, өндөр настай аавтайгаа амьдардаг. Би хорт хавдрын эмчилгээ хийлгэдэг гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Э.Гансүх мэдүүлэхдээ:

 Би талийгаач А.Ганболдын төрсөн дүү нь юм. Миний зүгээс гомдолтой гэх зүйл байхгүй. Талийгаачийн ард үлдсэн албан ёсны эхнэр, хүүхдүүд, ээж нь гомдолтой байгаа. 2016 оны 4 дүгээр сарын 16-ны шөнө над руу талийгаач ахын найз Ц.Энхбаяр залгаад “ахыг чинь С.Уртнасан хутгалчихлаа, Гэмтлийн эмнэлэг дээр байна” гэж хэлсэн. Би гэрээсээ гарч, Гэмтлийн эмнэлэг дээр очтол  тэнд байхгүй байсан. Би буцааж залгаад хаана байгааг нь асуухад “Цэргийн госпиталь дээр ирчихлээ” гэхээр нь би яваад очсон. Тэнд ах маань очсон байсан ба тэр “С.Уртнасан намайг мах идэж байгаад, хардаад хутгалчихлаа” гэж хэлсэн. Эмнэлэг дээр байсан эмч “танай ах дотуур цус алдсан, амжиж ирсэн байна. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай” гээд анкет дээр гарын үсэг зуруулаад тэр шөнөдөө хагалгаанд орсон.

Би гэрээсээ ахад хэрэгтэй юмыг нь аваад өглөө 8 цагийн үед С.Уртнасангийн гэрт очиход тэр С.Золзаяатай хамт архи уугаад сууж байсан. С.Уртнасан тухайн үед надад “танай ах намайг тоодоггүй, үл ойшоодог, дуудахаар ирдэггүй болохоор албаар хутгалсан” гэж хэлж байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Б.Уянга мэдүүлэхдээ:

2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 14-16 цагийн үед нөхөртэйгээ утсаар ярихад “ханиад хүрээд халуураад хэвтэж байна” гэсэн. Маргааш өдөр дүү Э.Гансүхтэй нь тааралдахад “С.Уртнасан, ахыг хутгалсан байна” гэж хэлэхээр нь би хүүгээ дагуулаад эмнэлэг дээр нь очиход А.Ганболдын бие нь их муу, орноосоо босож чадахгүй байсан. Тэр надад “С.Уртнасан намайг, чамтай утсаар ярихад хардаад 2-3 удаа хутгаар чичилж байгаад хутгалсан, Э.Гансүх нь цагдаад өргөдөл өгсөн” гэж хэлэхээр нь би нөхөртөө  “хүүхэдтэй эмэгтэй хүн шоронд орох вий, гомдолгүй гэж хэлээрэй. Чи одоо тэр хүүхнээсээ сал. Чиний хүүхэдтэй адилхан хүүхэд нь зовно шүү” гэж хэлэхэд А.Ганболд “би С.Уртнасанд хайр сэтгэлгүй, намайг архи уух гэж л дууддаг, түүнээс сална, би өөрийн гэр бүлдээ хайртай” гэж хэлсэн. Би түүнд хагалгааны төлбөр, уураг авах мөнгө өгсөн. Манай нөхөр хэд хоногийн дараа эмнэлгээс гарсан байсан. Дараа нь бид хоолонд ороод сууж байхдаа би нөхөртөө “чи ажил хийхгүй бол бид мөнгөгүй хэцүү байна” гэж хэлэхэд “би ажил хийх гэсэн чинь миний бие маш муу байна, группэд орж болох болов уу” гэж ярьж байсан. Тэгэхэд нь би “залуу хүн группт орж болохгүй байх, миний хань бие сайтай юм чинь удахгүй эдгэчихнэ” гэж хэлж байсан. Манай нөхөр уг нь бие сайтай, багаасаа спортоор хичээллэсэн эрүүл хүн байсан.

Манай нөхөр надад “С.Уртнасан намайг мөнгөгүй гээд дарамтлаад байна. Би гомдолгүй гээд байхад эгч нь байцаагч руу утсаар яриад “5 000 000 төгрөг өгчихье, наадахдаа 1 500 000 төгрөг өгчих, ямар ядаргаатай, зууралддаг юм бэ гэж хэлсэн” гэсэн. Би үүнд маш их гомдолтой байна. Бидэнд түүнээс мөнгө авах бодол байгаагүй. Талийгаачийг нас бардаг шөнө 24 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагийн газраас залгасан. Намайг тэнд очиход С.Уртнасан согтуу байсан. Би нөхрийнхөө ах, дүү нарт хэлээд цагдаагийн газар очиход тэд “та нар одоо талийгаачийн ажил явдлыг хөөцөлд. Энэ асуудал хуулийн дагуу шийдэгдэнэ, шинжилгээ хийлгэнэ” гэж хэлсэн. С.Уртнасан байгаагүй бол 3 хүүхдийн аав амьд байх байсан. Тэр амьд байсан бол надаас саллаа гэхэд 3 хүүхдээ тэжээж тэтгэх байсан, би хүүхдүүдийнхээ тэтгэмжийг авах байсан. Миний бага хүүхэд 4 нас хүрээд, өчигдөр үсээ авахуулсан. Бага хүүхэддээ 18 нас хүртэл нь талийгаач нөхрийнхөө цалингийн хэмжээгээр С.Уртнасангаас тэтгэмж авахыг хүсэж байна. Энэ эмэгтэйгээс болж би залуугаараа ханиа алдаж, хүүхдүүд маань өнчирч байна. Нөхөр маань сүүлийн 2 жил архи уудаг болсон тул түүнийг нь болиулах гэж би тусдаа түр амьдарч байсан. Нөхрөө үхчихнэ гэж би бодоогүй. Би шүүгдэгчээс оршуулгын зардалд 7 000 000 төгрөг, хүүхдүүдээ өсгөхөд нийтдээ 50 000 000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Ганболд мэдүүлэхдээ:

...2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн үед би өөрийн найз Баяраагийн хамт Баянхошуунд байж байтал С.Уртнасан над руу залгаад “хүрээд ир, ганц юм ууя” гэж дуудсан. Баяраа бид хоёр С.Уртнасангийн гэрт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар 9а байр, 193 тоотод 19 цагийн үед ирэхэд тэр халамцуу сууж байсан. Хүү Төмөрөө нь хамт байсан. Уртаа өвчүү чаначихсан байхаар нь Баяраа бид хоёр нэг шил 0.75 л “Хараа” архи авч, бид гурав гал тогоонд архи хувааж уугаад, мах идсэн. Тэгж сууж байтал Ууганаа гэдэг таньдаг хүүхэн миний утас руу залгаад, бид утсаар ярьж дуусаад сууж байтал Уртаа “юун хүүхэн, яадаг хүүхэн юм” гэхээр нь би тоглоод “өөр найз хүүхэнтэй болсон, чамаас одоо салж байгаа” гэж хэлсэн. Тэгтэл С.Уртаа “хоёр балиар банзал, новш минь зайл” гэхээр нь би инээд алдаад зогсож байтал мах идэж байсан шар өнгийн иштэй хутгыг баруун гартаа бариад, “одоо зайл, зайлахгүй бол муу банзал юмнуудыг хатгачихна шүү” гэж хэлсэн бөгөөд 2 удаа өөдөөс чичиж айлгасан. Тэгэхээр нь би арай хатгачихгүй байх гээд инээд алдаад “хутга сунадаг юм шүү, муу хүүр минь” гээд зогсож байтал дахиад нэг чичсэн чинь аймхай хэсгийн доод руу хутга нь яваад орчихсон. Тэгэхээр нь би “наад хутга чинь орчихлоо шүү дээ” гээд орилсон чинь С.Уртаа хутгаа сугалаад авсан. Би “Баяраа хоёулаа гялс хурдан гэмтэл явъя, хутга нь орчихлоо” гэж хэлээд шууд хаалгыг нь онгойлгоод гарч явсан. Тэгтэл Баяраа үлдчихээд хэрүүл хийгээд зогсоод байсан. Би буцаж ороод “Баяраа хоёулаа хурдан гэмтэл явъя, нээрээ орчихлоо” гэж хэлчихээд “чи муу намайг хутгалчихлаа” гээд хоёр алгадсан. Тэр үед С.Уртаагийн хүү Төмөрөө том өрөөнөөс гүйж ирээд, хажууд уйлаад зогсож байсан. Би Баярааг аваад шууд гарч такси бариад, Гэмтэл ороод үзүүлэхэд эмч “би цусыг чинь тогтоож өгье” гээд оёдол хийж өгөөд, Госпитал руу яаралтай яв” гээд явуулсан. Баяраа бид хоёр Гэмтлээс гараад, цустай цамцаа тэнд тайлж шидчихээд, такси бариад Госпитал руу явсан. Замдаа явж байхдаа би дүү рүүгээ яриад, болсон зүйлийн талаар хэлсэн. Госпитал руу орох үед манай дүү зэрэг шахуу ирээд, эмчид үзүүлсэн. “Шууд хагалгаанд ор” гээд намайг хагалгаанд оруулсан. Тэгээд хагалгааны дараа эмчтэй уулзахад, “элэг, шулуун гэдэс, ходоод шууд нэвт хутга орсон байна” гэж байсан. Би 5 хоног юм идээгүй, эмнэлэгт хэвтэж, гуурсаа авахуулаад 6 дах хоногоосоо юм идэж эхэлсэн. Эмнэлэгт нийт 10 хоног хэвтэж эмчлүүлээд гарсан. Одоо миний биеийн байдал сайн байгаа. С.Уртнасан бид хоёр хамтран амьдраад 5 жил болж байгаа, бид хоёрын хооронд маргалдах асуудал байдаггүй, хүнтэй хардаж байсан удаа байхгүй. Тэр өдөр л гэнэт таньдаг хүн яриад, би тоглосон чинь уурласан. Миний хэвлий хэсэгт дээрээс доош чиглэлд 1 удаа хутгалсны улмаас ходоод, элэг, шулуун гэдэс хэсэгт зүсэгдэж, ходоод цоолж орон яаралтай хагалгаанд орсон. Би С.Уртнасантай хамтран амьдардаг, надад гомдол, санал байхгүй, эмчилгээний зардал 330 000 төгрөгийг надад өгсөн гэжээ. (хэргийн 15, 16 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Энхбаяр мэдүүлэхдээ:

...2016 оны 4 дүгээр сарын 16-ны орой А.Ганболд бид хоёр Баянхошуунд манай гэрт байж байтал түүн руу хамтран амьдрагч С.Уртнасан нь 19 цагийн үед залгаад, “бид хоёрыг гэртээ хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд бид С.Уртнасангийн гэрт буюу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар 9а байрны 193 тоотод орсон. С.Уртнасан нилээн согтсон байдалтай байсан бөгөөд хүүхэд нь гээд нэг банди том өрөөндөө зурагт үзээд байж байсан. Тэгээд бид хоёр С.Уртнасантай нийлээд гал тогооны өрөөнд 1 шил архи задлаад, хувааж уусан. Чанасан махнаас гурвуулаа идээд байж байтал А.Ганболдын гар утас дуугараад, нэг эмэгтэй хүн ярьж, “А.Ганболд бид хоёрыг хүрээд ир” гэж байсан. Тэр үед С.Уртнасан ширээн дээр мах идэж байсан шар өнгийн иштэй никель хутгыг атгаж аваад, тоглоод байгаа нь мэдэгдэхгүй А.Ганболд руу чичээд, тэгж байгаад дахиж нэг чичихэд А.Ганболд босоод ирсэн. Тэр үед С.Уртнасан дахиж чичихэд хутга нь гэдэс рүү нь яваад орчихсон. С.Уртнасан сандраад хутгыг сугалаад авсан. Тэр үед А.Ганболдын гэдэснээс цус нэвтрээд гараад ирэхээр нь би түүнийг авч гараад, Гэмтлийн эмнэлэг рүү очоод үзүүлсэн чинь оёдол тавьж өгөөд, Госпитал руу яв гэж хэлсэн. Госпитал дээр ирээд үзүүлсэн чинь “шууд хагалгаанд орно” гэсэн. Ямар оноштой, ямар гэмтэлтэйг нь хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би дүүг нь дуудаад болсон зүйлийн талаар хэлсэн. Маргааш нь С.Уртнасангийн гэрт очиж “чи өчигдөр А.Ганболдыг хутгалчихсан” гэж хэлсэн чинь итгэж өгөхгүй байсан бөгөөд С.Уртнасан болсон зүйлийг санахгүй их согтсон байсан гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-А.Алтанцэцэг мэдүүлэхдээ:

            ...2016 оны 4 дүгээр сарын 16-ны 07 цагийн үед А.Ганболдын утас дуугарахаар нь хартал С.Уртнасан залгаж байсан. Тэгэхээр нь би унтраачихсан. 10 цаг өнгөрч байхад дахиад залгасан бөгөөд өдөржингөө залгаж байгаад орой 18 цагийн үед А.Ганболд утсаа аваад, “дэлдэн Мөөгий хөдөөнөөс ирчихсэн байна, намайг тойрог дээр дуудаж байна, очиж уулзчихаад ирье” гэж гэрээсээ гараад тэр шөнөдөө гэртээ ирж хонолгүй алга болсон. 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө 10 цагийн үед А.Ганболд руу залгахад тойрог дээр явж байна гээд алга болчихсон. Тэр орой 23 цагийн үед манай бага бэр Цэндмаа над руу яриад “А.Ганболд ах С.Уртнасанд хутгалуулсан байна, Э.Гансүх энэ хоёр танаас айгаад хэлж чадахгүй, одоо Цэргийн госпитал дээр хагалгаанд орох гэж байна” гэж хэлсэн. Би 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө 10 цагийн үед эмнэлэг дээр очиход, надтай яриад “Уртнасан намайг хутгалчихлаа, битгий санаа зовоорой, хүү нь одоо гайгүй” гэж хэлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр эмнэлгээс гараад гадуур боолтонд байдаг байсан. Шингэн голдуу хоол иднэ, бүхэл хоол буюу бууз, хуушуур, идэхээр гэдэс нь цэрийгээд дүүрчихдэг байсан. 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл гадуур боолтонд явсан. 06-ны өдрөөс хойш шарх нь эдгээд гадуур явж найз нөхөдтэйгээ уулздаг, бие нь овоо гайгүй болоод ирсэн. Тэрнээс хойш нилээн архи уусан бөгөөд тасралтгүй архи үнэртүүлээд ирэх болсон. 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр бууз хийж өгөхөд тэрийг идээд, гэдэс нь өвдөж гүйлгээд бөөлжиж, бие нь сонин болоод дахиж юм идэхгүй болсон. 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл гэдэсний эм ууж, витамины комплекс уусан, дусал хийж өгсөн. Тэр өдрөөс хойш гэдсээ дараад яваад байдаг, “гэдэс дотор юм таталдаад байна” гэдэг байсан. 2016 оны 5 дугаар сарын 23-ны орой А.Ганболд гэртээ хэвтэж байсан бөгөөд С.Уртнасан өдөржингөө залгасан бөгөөд хүүхдэд нь муурын зулзага аваачиж өгнө гээд хэлчихсэн юм билээ. Тэгээд “нөгөө хүүхэд нь залгаад байна” гэсэн. Тэр өдрөө орноосоо босоогүй хэвтэж байгаад орой 19 цагийн үед утсаа аваад, “ээжээ автобусны мөнгө байна уу, С.Уртаагийн хүүхэд нь өдөржин муурын зулзага авчраад өгчих гээд гуйгаад байна, би энийг аваачиж өгчихөөд ирье” гэсэн. Тэгэхээр нь би явуулмааргүй санагдаад, мөнгө байхгүй гэж хэлэхэд Ганболд өөрөө гараад явсан, оройноо ирж хоноогүй гэжээ. (хэргийн 132, 133 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Сүхбаатар мэдүүлэхдээ:

...Төмөр зам дахь цагдаагийн дэд хэсэг дээр ахлах ахлагч И.Ганхуягийн хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад Тайшир 10-аас 23 цаг 30 минутын үед 9а байрны 193 тоот айлын хаалгыг согтуу хүн балбаад байна гэсэн дуудлага мэдээллийг очиж шалгахад, 40 орчим настай эмэгтэй архи үнэртүүлсэн байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “согтуу хүн хаалга балбаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь та өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм уу, таны таньдаг хүн юм уу, тэр хүмүүстэйгээ хамт архи уусан юм уу гэж асуухад “манай хамтран амьдрагч сая хаалга балбаж байгаад явчихлаа” гэж хэлсэн. Би гомдол, санал байгаа эсэхийг асуухад ямар нэгэн гомдол, санал байхгүй гэж хэлсэн. 23 цаг 10 минутын үед дуудлага ирсэн бөгөөд 10 орчим минутын дараа очсон, орц гэрэлгүй, эргэн тойронд үзэгдэх орчин хязгаарлагдсан байсан. Тэр эмэгтэйн амнаас архи үнэртсэн, их зандрангуй ярьж байсан бөгөөд гэр рүүгээ оруулахгүй, цаана нь хүүхэд дуугарч байсан гэжээ. (хэргийн 182 дугаар хуудас)

 

           Мөрдөн байцаалтад гэрч-С.Золзаяа мэдүүлэхдээ:

...2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр С.Уртнасангийн гэрт өглөө очоод А.Ганболд, Ц.Энхбаяр нартай хамт тэдний гэрт архи хувааж ууж байгаад орой нь би дүүгийнхээ гэр рүү яваад тэднийд хоносон. Маргааш нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ажил дээрээ очоод ажиллаж байгаад орой нь дүүгийндээ ирээд хоносон бөгөөд шөнө С.Уртнасан над руу залгаад “А.Ганболдыг намайг хутгалчихсан гээд байна” гэсэн юм яриад уйлаад байсан. Тэгээд шөнө нь очоогүй бөгөөд маргааш өглөө эрт 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө С.Уртнасангийн гэрт ороход С.Уртнасан хүүтэйгээ хоёулаа байсан. Юу болсон талаар асуухад “А.Ганболдыг Цэргийн госпитал руу аваад явсан, намайг хутгалсан гэж яриад байна. Тэр орой А.Ганболд руу нэг хүүхэн яриад бид 2 маргалдаад, А.Ганболд миний толгой руу хэд цохисон. Тэгээд би юу болсныг санахгүй байна” гэж ярьсан. Тэгэхээр нь би “та хоёр хаана маргалдсан юм бэ” гэхэд “гал тогооны өрөөнд маргалдсан” гэсэн. Би гал тогооны өрөөнд орж үзэхэд тэнд ямар нэгэн цус болсон гэх зүйл байгаагүй. Тэгээд С.Уртнасан бид 2 том өрөөнд нь ороод тал шил архи хувааж уугаад, би унтсан, орой нь сэрсэн чинь А.Ганболдын дүү ирж уулзсан. Тэгээд  А.Уртнасан, түүний хүүхэд бид 3 Госпитал руу яваад А.Ганболдтой уулзсан. А.Ганболд нь С.Уртнасанд хутгалуулаагүй байж хутгалуулсан гэж худлаа ярих тийм зан чанартай хүн биш. Би 6 жил орчим найзалж нөхөрлөж байгаа болохоор сайн мэдэж байна. А.Ганболд, С.Уртнасан 2 хамт амьдардаггүй бөгөөд хоорондоо үерхэж найзалдаг, нэг нэгнийхээ гэрт ирж очдог, дотно харилцаатай хүмүүс юм. Энэ 2 архи уухаараа хааяа бие биенийгээ хардаж сэрдэж, хэрүүл үүсгээд маргалдаад байдаг юм. Тэр занд нь би их дургүй байдаг. Энэ асуудал болсны дараа би А.Ганболдтой тулж уулзаад “чи найздаа яг үнэнийг хэлээд өг, Ц.Энхбаяр та 2 гарч явчихаад цустай орж ирсэн гэх зүйл С.Уртнасан яриад байсан” гэж асуухад А.Ганболд нь “Уртнасан намайг яалт ч үгүй хутгалсан, би өөрөө мэдэж байна. С.Уртнасан болон Ц.Энхбаяр нартай хамт гал тогооны өрөөнд сууж байхад нэг хүүхэн над руу ярьж таараад тэрнээс болж С.Уртнасантай маргалдаад, тэр мах мөлжчихсөн, хутга бариад сууж байгаад тоглоод хутгаар чичсэн. Тэгэхээр хутга сунадаг шүү гэсэн чинь дахиж чичиж байгаад хатгачихсан. Ц.Энхбаяр намайг хутгалаагүй, би мэдэж байна” гэсэн. Дараа нь би С.Уртнасантай уулзаад болсон зүйлийн талаар асуухад “би Ц.Ганболдтой маргалдаад сууж байснаа санаж байгаа юм, тэрнээс хойш болсон зүйлийг сайн санахгүй байна” гэж хэлсэн гэжээ. (хэргийн 176, 177 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 6842 тоот дүгнэлтэд:

 1. А.Ганболдын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч, элэгний 3 дугаар сегмент, ходоодны өмнөд ханыг гэмтээсэн хутгалагдсан шарх, хэвлийн дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

 

Үзлэгээр: Өөрийн I Рhone 5 маркийн гар утасны камераар 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 22 цаг 42 минутанд Эрүүгийн төлөөлөгч а/х Ж.Тамирын 96808989 дугаарын утаснаас хохирогч А.Ганболдтой түүний 99625220 дугаарын утас руу залгаж ярьсан ярианы бичлэгийг CD дээр хуулбарласан байлаа.

 

            Уг бичлэгийг нээж үзэхэд:

            2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 117 тоот албан өрөөнд Эрүүгийн төлөөлөгч Ж.Тамирын 96808989 дугаарын гар утаснаас хохирогч А.Ганболдын 99625220 дугаарын утас руу залгаж ярьж байгаа нь цагаан өнгийн I Рhone маркийн гар утасны дэлгэц дээр 99625220 гэсэн дугаар харагдаж байлаа. Утсаар

            Ганболд: 0.75 л Хараа архи тэгээд нөгөөдөхөө уугаад манай нэг найз хүүхэн над руу залгасан чинь наадах чинь одоо зайл гэхээр нь би явлаа хөөе гэсэн чинь муусайн балиар юмнууд тэгээд орилоод хутга бариад босоод ирсэн.   Эхлээд 2 удаа ингэхэд нь би тоглож байна гэж бодоод хойшоо болсон. Тэгэхэд оноогүй байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь жинхэнээсээ ингэнгүүтээ аваачаад цээж рүү хатгаад хаячдын. Тэгээд би Баяраа наадах чинь хатгачихлаа, хоёулаа явъя гээд тэгээд би түрүүлээд гараад яваад өгсөн тэгээд гарсан чинь Баяраа хэрүүл хийгээд үлдсэн гарч ирдэггүй. Би буцаж орж, Баярааг чирээд буцаж гарч шууд Гэмтэл рүү яваад өгсөн.  тэгээд шууд гэмтэл дээр очсон чинь наашаа яв гээд би такси бариад энд ирсэн. Би угаасаа 3 давхар цамцтай байсан юм чинь миний шууд цамцанд тараад шууд шингээд дотор талын 2 цамц гэмтлийн хажууд байгаа. Нөгөө гадуур өмсөж байсан цамц бол гэр рүү дүүдээ өгөөд явуулсан нөгөө дотуур өмсөж байсан 2 цамц бол шалбааг болсон улаан цус болсон. Гэмтэл дээр үзүүлээд оёулчихаад цусаа тогтоолгоод гараад явсан. Тэгээд гэмтлийн эмч шууд наашаа ир гээд тэгээд энд ирсэн чинь шууд хагалгаанд орох юм байна гээд тэгсэн чинь харин нөгөө элэг сэтрээд доошоо ходоод руу цоолоод орчихсон байна гээд тэгээд одоо хагалгаанд орчихоод байж байна гэснээр бичлэг дуусаж байлаа гэжээ. (хэргийн 172 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

С.Уртнасан нь 2002 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 419 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 80 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 65 дугаар хуудас)    

 

  ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч С.Уртнасан нь архи ууж согтуурсан үедээ 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Арын 9а дугаар байрны 193 тоотод хохирогч А.Ганболдыг утсаар ярьсан хүнтэй нь хардаж, “балиар новш, гэрээс зайл” гэж маргалдан, улмаар түүний хэвлийн тус газарт 1 удаа хутгалж, бие махбодид нь элэгний 3 дугаар сегмент, ходоодны өмнөд ханыг гэмтээсэн, хэвлийн дотуур цус алдалт бүхий хүнд гэмтэл учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн

“орой 22 цагийн үед А.Ганболдын гар утас дуугараад нэг эмэгтэй “караокед байна, хүрээд ир” гээд дуудаад байсан. Би түүнээс “юун хүүхэн юм бэ” гэж асуухад “манай найз хүүхэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “найз хүүхэн рүүгээ явцгаа, орой болсон байна” гэж хэлсэн. Би мах идэж байсан болохоор хутга барьсан байсан. Тэгээд “одоо яв, яв” гээд хутгаараа чичсэн. Гэтэл А.Ганболд “хутгаар хүн рүү чичдэггүй, хутга сунадаг шүү” гэж хэлэхээр нь би “хутга сунана гэж юу байдаг юм” гэж хэлэн, бид хоёр инээлдэж байсан. Би тухайн үед хутга орчихлоо гэж бодоогүй, хутгаа бариад чичиж байтал А.Ганболд “тэнэгээ наадах чинь орчихлоо шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд тэр Ц.Энхбаярыг “эмнэлэг явъя” гээд дагуулаад гарсан. Би хутга ороогүй байх гэж бодоод, итгээгүй”,  

 

хохирогч А.Ганболдын 

...2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн үед би өөрийн найз Баяраагийн хамт Баянхошуунд эгчийнд байж байтал С.Уртнасан над руу залгаад “хүрээд ир, ганц юм ууя” гэж дуудсан. Баяраа бид хоёр С.Уртнасангийн гэрт буюу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар 9а байр, 193 тоотод 19 цагийн үед ирэхэд тэр халамцуу сууж байсан. Хүү Төмөрөө нь хамт байсан. Уртаа өвчүү чаначихсан байхаар нь Баяраа бид хоёр нэг шил 0.75 л “Хараа” архи авч, бид гурав гал тогоонд архи хувааж уугаад, мах идсэн. Тэгж сууж байтал Ууганаа гэдэг таньдаг хүүхэн миний утас руу залгаад, бид утсаар ярьж дуусаад сууж байтал Уртаа “юун хүүхэн, яадаг хүүхэн юм” гэхээр нь би тоглоод “өөр найз хүүхэнтэй болсон, чамаас одоо салж байгаа” гэж хэлсэн. Тэгтэл С.Уртаа “хоёр балиар банзал, новш минь зайл” гэхээр нь би инээд алдаад зогсож байтал мах идэж байсан шар өнгийн иштэй хутгыг баруун гартаа бариад, “одоо зайл, зайлахгүй бол муу банзал юмнуудыг хатгачихна шүү” гэж хэлсэн бөгөөд 2 удаа өөдөөс чичиж айлгасан. Тэгэхээр нь би арай хатгачихгүй байх гээд инээд алдаад “хутга сунадаг юм шүү, муу хүүр минь” гээд зогсож байтал дахиад нэг чичсэн чинь аймхай хэсгийн доод руу хутга нь яваад орчихсон. Тэгэхээр нь би “наад хутга чинь орчихлоо шүү дээ” гээд орилсон чинь С.Уртаа хутгаа сугалаад авсан”,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Гансүхийн “2016 оны 4 дүгээр сарын 16-ны шөнө талийгаач ахын найз Ц.Энхбаяр над руу залгаад надад “ахыг чинь С.Уртнасан хутгалчихлаа, Гэмтлийн эмнэлэг дээр байна” гэсэн. Би гэрээсээ гараад Гэмтлийн эмнэлэг дээр очиход тэнд байхгүй байсан. Би буцааж залгаад хаана байгааг нь асуухад “Цэргийн госпиталь дээр ирчихлээ” гэхээр нь би яваад очсон. Тэнд байсан эмчээс юу болсныг асуухад “танай ах дотуур цус алдсан, амжиж ирсэн байна. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай” гээд нэг анкет дээр гарын үсэг зуруулаад тэр шөнөдөө хагалгаанд орсон”,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уянгын

“Би хүүгээ дагуулаад эмнэлэг дээр нь очиход А.Ганболдын бие нь их муу, орноосоо босож чадахгүй байсан. С.Уртнасан “намайг чамтай утсаар ярихад хардаад 2-3 удаа хутгаар чичилж байгаад хутгалсан, Э.Гансүх нь цагдаад өргөдөл өгсөн” гэж хэлсэн,

 

гэрч Ц.Энхбаярын

...Тэгээд бид хоёр С.Уртнасантай нийлээд гал тогооны өрөөнд 1 шил архи задлаад хувааж уусан бөгөөд өвчүү чаначихсан махнаас гурвуулаа идээд байж байтал А.Ганболдын гар утас дуугараад, нэг эмэгтэй хүн ярьсан. А.Ганболд бид хоёрыг хүрээд ир гэж байсан. Тэр үед С.Уртнасан ширээн дээр мах идэж байсан шар өнгийн иштэй никель хутгыг атгаж аваад, тоглоод байгаа нь мэдэгдэхгүй А.Ганболд руу чичээд, тэгж байгаад дахиж нэг чичихэд А.Ганболд босоод ирсэн. Тэр үед С.Уртнасан дахиж чичихэд хутга нь гэдэс рүү нь яваад орчихсон. С.Уртнасан сандраад хутгыг сугалаад авсан. Тэр үед А.Ганболдын гэдэснээс цус нэвтрээд гараад ирэхээр нь би түүнийг авч гараад, Гэмтлийн эмнэлэг руү очоод үзүүлсэн чинь оёдол тавьж өгөөд, Госпитал руу яв гэж хэлсэн. Госпитал дээр ирээд үзүүлсэн чинь “шууд хагалгаанд орно” гэж хэлсэн,

 

гэрч Золзаяагийн

...А.Ганболд нь С.Уртнасанд хутгалуулаагүй байж хутгалуулсан гэж худлаа ярих тийм зан чанартай хүн биш. Энэ асуудал болсны дараа би А.Ганболдтой тулж уулзаад “чи найздаа яг үнэнийг хэлээд өг. Ц.Энхбаяр та 2 гарч явчихаад цустай орж ирсэн гэх зүйл С.Уртнасан яриад байсан” гэж асуухад А.Ганболд нь “Уртнасан намайг яалт ч үгүй хутгалсан, би өөрөө мэдэж байна. С.Уртнасан, Ц.Энхбаяр нартай хамт гал тогооны өрөөнд сууж байхад нэг хүүхэн над руу ярьж таараад тэрнээс болж С.Уртнасантай маргалдаад, С.Уртнасан мах мөлжчихсөн хутга бариад сууж байгаад тоглоод хутгаар чичсэн. Тэгэхээр А.Ганболд хутга сунадаг шүү гэсэн чинь дахиж чичиж байгаад хатгачихсан” гэсэн. Ц.Энхбаяр намайг хутгалаагүй, би мэдэж байна гэсэн. Дараа нь би С.Уртнасантай уулзаад болсон зүйлийн талаар асуухад “би А.Ганболдтой маргалдаад сууж байснаа санаж байгаа юм, тэрнээс хойш болсон зүйлийг сайн санахгүй байна” гэж хэлсэн гэсэн мэдүүлгүүд болон 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 6842, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 903085 тоот өвчний түүх, эд зүйл таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зураг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн  хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлж авсан тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үзэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримттай тохирч байна.

Иймд шүүгдэгч С.Уртнасанг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч А.Ганболдын эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтыг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгч Э.Гансүх “ахын эмчилгээнд 700 000 төгрөг зарцуулсан гэж мэдүүлсэн бөгөөд үүний 330 000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд, үлдэх 370 000 төгрөгийг өнөөдөр төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгчид ял оногдуулахдаа ар гэртээ 10 настай хүү У.Төмөрсүхийг тэжээн тэтгэж, хүмүүжүүлдэг байдлыг нь ял хөнгөрүүлэх,

            согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уянга нь оршуулгын зардал болон 3 хүүгээ өсгөхөд шаардлагатай гэж 50 000 000 төгрөгийн гэм хорын хохирлыг С.Уртнасангаас нэхэмжилж байна.

Хохирогч А.Ганболдыг 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 22 цагийн үед С.Уртнасан хутгалж, бие махбодид нь элэгний 3 дугаар сегмент, ходоодны өмнөд ханыг гэмтээсэн, хэвлийн дотуур цус алдалт бүхий хүнд гэмтэл учруулснаас 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 04 цаг 45 минутад хагалгаанд орж, 4 дүгээр сарын 26-ны өдөр эмнэлгээс гарсан,  түүнээс хойш гэрээр эмчилгээ хийлгэж байсан байна.

Талийгаач А.Ганболд нь зүрхний булчингийн эмгэгшил, өөхлөлт өвчтэй байсан,  мөн этилийн спиртийн хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орсноос нас барсан, С.Уртнасангийн түүнд хүнд гэмтэл учруулсан буруутай үйлдэл түүний үхлийн хооронд шалтгаант холбоогүй болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 997 тоот дүгнэлт, 8 дугаар сарын 01-ний өдрийн 976 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул 50 000 000 төгрөгийг шүүгдэгч төлөх үндэслэлгүй байна.

Б.Уянга нь хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зохих журмын дагуу тогтоолгох нь зүйтэй.

 

Шүүх С.Уртнасанд холбогдох хэрэг хэлэлцэх ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар прокуророос бичсэн яллах дүгнэлтийн хүрээнд, шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэлээ.

С.Уртнасанд урьд авсан бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс өөрчлөн цагдан хорихоор шүүхийн тогтоол гарсан боловч түүнийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхэлж цагдан хорьсон, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.