Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0016

 

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 787 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 787 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, Аудитын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч    Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн а/51 дүгээр тушаалыг   хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал давж заалдах гомдолдоо: “... “Пидоби**************” ХХК нь ашигт малтмалын XV-012483 хайгуулын тусгай зөвшөөрлөөр Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дахь Баруун Ноён уул нэртэй талбайг эзэмшдэг байсан юм. Тус хайгуулын талбайг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 8/2 дугаартай тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан юм.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газрыг тусгай хэрэгцээнд авсны нөхөн төлбөрийн асуудлыг талууд зөвшилцөн шийдвэрлээгүй байхад Улаанбаатар Аудитын ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн нөхөн төлбөр 2 785 411 771 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулах тухай Ашигт малтмалын газрын даргын тушаал гарсан байна. Үүнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ашигт малтмалын газрын даргын А/51 дугаартай тушаал гарч өмнөх А/11 дугаартай хүчингүй болсон боловч нөхөн төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа зэргийг тогтоосон байна.

Энэхүү тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.3, 24 дүгээр зүйлд заасан ажиллагааг гүйцэтгээгүйн улмаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулиар олгогдсон эрхийг зөрчиж гаргасан захиргааны акт юм.

Анхан шатны шүүх нь Аудитын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь заалтыг тус тус үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/51 дүгээр тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өнгө үү” гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1/5, мөн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/8 тогтоолуудаар “Пибоди**************” ХХК нь ХV-012483 тоот тусгай зөвшөөрөлтэй Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт Баруун ноён уул-1 нэртэй газарт байрлах  22071.01 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна.

Дээрх Хурлын тогтоолуудаар “Пибоди**************” ХХК-ийн эзэмшиж байсан ХV-012483 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрх, хайх, ашиглах боломжгүй болсон тул “Пибоди**************” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Нөхөн олговрын хэмжээ, хугацааг тогтоох тухай” 14/51 тоот албан бичгээр шийдвэр гаргасан байгууллагаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговрыг олгуулах тухай хүсэлтийг Ашигт малтмалын газарт гаргасны дагуу Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Нөхөх олговрын хэмжээ, хугацааг тогтоох нь” а/39 дугаар тушаалаар “Улаанбаатар Аудит Корпораци” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн геологийн албанаас хянан 2.677.027.000 /хоёр тэрбум зургаан зуун далан долоон сая хорин долоон мянган/ төгрөгөөр нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосон байна.

Гэтэл дахин Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 8/2 дугаар тогтоолоор “Пибоди**************” ХХК нь ХV-012483 тоот тусгай зөвшөөрөлтэй Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт Баруун ноён уул-1 нэртэй газарт байрлах 22071.01 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ.

Энэхүү тогтоолыг гарснаас хойш “нөхөн олговор нэхэмжлэх, нөхөн олговрын хэмжээг харилцан тохиролцох, нөхөн олговрын хэмжээг тохиролцох асуудал сунжирч байгаа” талаарх хүсэлтүүдийг “Пибоди**************” ХХК-иас 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 15/47, мөн оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 15/59, 05 дугаар сарын 15-ны өдрийн 15/65,  09 дүгээр сарын 23-ны өдрийн 15/90, 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15/107 тоот албан бичгүүдээр, мөн “... хуульд заасан нэг жилийн хугацаа дуусгавар болж байх тул нөхөн олговрыг асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16/04 тоот албан бичгийг тус тус Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн Засаг даргад хандаж гаргаж байжээ.

Мөн “Пибоди**************” ХХК нь “нөхөх олговрын хэмжээг шинэчлэн тогтож өгөхийг хүсэх” тухай 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/14 тоот албан бичгийг Ашигт малтмалын газарт хүргүүлснээр тус газрын даргын “Нөхөн олговрын хэмжээ, хугацааг тогтоох” тухай 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн а/11 дүгээр тушаал гарч, тус компанид олгох нөхөн олговрыг 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг  Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4/2096 тоот албан бичгээр мэдэгджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж заажээ.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1/5, мөн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/8, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 8/2 дугаар тогтоолуудаар “Пибоди**************” ХХК нь ХV-012483 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гарснаас хойш нэг жилийн хугацаанд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон “Пибоди**************” ХХК нь нөхөх олговрын хэмжээний талаар тохиролцоонд хүрээгүй болох нь дээрх үйл баримтууд болон хэргийн оролцогчдийн тайлбар зэргээр тогтоогдож байгаа.

Тиймээс “Улаанбаатар Аудит Корпораци” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн “нөхөн төлбөрийн хэмжээг 2.677.027.000 /хоёр тэрбум зургаан зуун далан долоон сая хорин долоон мянган/ төгрөгөөр тогтоож, нөхөн олговрыг 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах”-аар шийдвэрлэсэн Ашигт малтмалын газрын дарга “Нөхөн олговрын хэмжээ, хугацааг тогтоох” тухай 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн а/11 дүгээр тушаал нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-д заасныг зөрчөөгүй байна.

Нэгэнт Ашигт малтмалын газрын даргын “Нөхөн олговрын хэмжээ, хугацааг тогтоох” тухай 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн а/11 дүгээр тушаал нь хуульд нийцсэн байх тул энэхүү а/11 дүгээр тушаалын хүчингүй болгож, зөвхөн “Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг нэмж бичсэн өөрчлөлтийг оруулж дахин гаргасан Ашигт малтмалын газрын даргын “нөхөх олговрын хэмжээ, хугацааг тогтоох тухай” 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн а/51 дүгээр тушаал нь нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл юм.

Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөс өмнө “Пибоди**************” ХХК-д олгох нөхөн төлбөрийн хэмжээг 2.677.027.000 /хоёр тэрбум зургаан зуун далан долоон сая хорин долоон мянган/ төгрөгөөр тогтоож, нөхөн олговрыг 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах”-аар шийдвэрлэсэн Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн а/11 дүгээр тушаал гаргасан байна.

Харин Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д “нэмэлт зохицуулалт нь захиргааны актын зорилго, агуулгад нийцсэн байна” гэж зааснаас үзэхэд Ашигт малтмалын газрын даргын “нөхөх олговрын хэмжээ, хугацааг тогтоох тухай” 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн а/51 дүгээр тушаал нь дээрх а/11 дүгээр тушаалын зорилго, агуулгад нийцэж гаргасан захиргааны акт бөгөөд зөвхөн хуулийн заалт нэмж дахин гаргаснаас үзэхэд нөхөн төлбөрийн хэмжээ, хугацааг дахин зохицуулсан захиргааны акт биш юм.

Иймээс нэхэмжлэгчийн “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.3, 24 дүгээр зүйлд заасан ажиллагааг гүйцэтгээгүйн улмаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулиар олгогдсон эрхийг зөрчиж гаргасан захиргааны акт” гэх гомдол нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 787 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                  ШҮҮГЧ                                                                      Д.БААТАРХҮҮ

                  ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

                  ШҮҮГЧ                                                              Э.ХАЛИУНБАЯР