Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 355

 

Г.Б-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0491 дүгээр магадлалтай, Г.Б-ы нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Булган сумын Засаг дарга, тус сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг даргын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.4, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны тооллогын комиссын 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр Санал хураасан дүнгийн тухай тогтоол, Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоол, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/03 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлээс Г.Б-ыг Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Засаг даргаар томилсон захирамж гаргахыг, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг тус тус Ховд аймгийн Булган сумын Засаг даргад даалгах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0491 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрах нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Булган сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/03 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай" захирамжаар бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Г.Б-ыг Баянгол багийн Засаг даргын ажлаас чөлөөлж, Б.Г-ийг тус багийн Засаг даргаар томилсон. Уг захирамжаар Г.Б-г Баянгол багийн Засаг даргын ажлаас чөлөөлсөн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааг 4 жил байхаар заасантай нийцсэн бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй.

Ийм байхад анхан шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр Булган сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хэргийн хоёр оролцогч давж заалдах журмаар гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж, дээрх алдааг залруулах арга хэмжээ авалгүйгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчлөө.

Хариуцагч Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрах би Иргэдийн нийтийн  хурлаас нэр дэвшүүлсэн хүнийг 5 хоногийн дотор томилох хуулиар хүлээсэн үүрэгтэй. Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлаас санал хураалтад оролцсон иргэдээс олонхийн санал авсан гэж нэр дэвшүүлсэн Б.Г-ийг тухайн багийн Засаг даргаар томилж, үүргээ биелүүлсэн. Иймд анхан, давж заалдах шатны шүүхүүд хуулийн хийдэл, зохицуулалтын дутмаг байдлыг хариуцагчийг буруутгах үндэслэл болгосонд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд Булган сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хэвээр үлдээсэн өөрчлөлтийг оруулна уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамааралтай, хэрэглэвэл зохих Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Хуралдааны “Санал хураасан дүнгийн тухай” 01 дүгээр тогтоол, хуралд оролцсон иргэдийн 48.8 хувийн санал авсан Б.Г-ийг  Засаг даргаар томилуулахаар нэрийг нь сумын Засаг даргад өргөн мэдүүлсэн “Санал уламжлах тухай” 02 дугаар тогтоол, бүрэн эрхийнх нь хугацаа дууссанаар Г.Б-ыг Баянгол багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Б.Г-ийг  Засаг даргаар батламжлан томилсон  сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/03 дугаар захирамж зэрэг маргаан бүхий захиргааны актууд нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.2-т заасантай нийцээгүй талаар хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.

Тодруулбал, дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ”... уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, 26.3-д “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ... баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд ...” гэж тодорхой заасан байхад Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдаанд оролцсон иргэдийн 50-иас дээш хувийн саналыг аваагүй Б.Г-ийг багийн Засаг даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн, хуулийн шаардлага хангагдаагүй байхад түүнийг Засаг даргаар томилж, хууль зөрчжээ.

Үүний улмаас мөн Засаг даргад нэр дэвшиж, өрсөлдсөн нэхэмжлэгч Г.Б-ы сонгогдох эрх зөрчигдсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийн зарим шаардлага болох дээрх тогтоол, захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж, харин Засаг даргаар томилуулсан захирамж гаргах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв, шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугар зүйлийн 120.1-д заасантай нийцжээ.  

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон  хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрах нарын гомдлоор хэргийг бүхэлд нь хянаж, магадлалд тэдний гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисныг тодорхой заасан байна.

Иймээс хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрахын “...шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй..., нэр дэвшүүлсэн хүнийг 5 хоногт томилж үүргээ биелүүлсэн,... хэргийн хоёр оролцогч давж заалдах журмаар гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээгүй... шийдвэр, магадлалд “Сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/03 дугаар захирамж”-г хэвээр үлдээсэн өөрчлөлт оруулж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0491 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрахын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг  дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                                   Л. АТАРЦЭЦЭГ