| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0172/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0160 |
| Огноо | 2015-06-26 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0172/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Отгончимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***д холбогдох 201509000274 дугаартай хэргийг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1 -ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилга, гэр ахуйн цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***,
Шүүгдэгч *** нь 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суух иргэн ***ийн байшингын хаалганы цоожийг эвдэн орон байранд нэвтэрч Панасоник маркын 32 инчийн LCD зурагт, Aser маркийн иж бүрэн суурин компьтерийг хулгайлж нийт 1 250 000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мөнхбатын гэр рүү буцаж очиход хүн байхгүй байхаар нь байшингийн гадна нь модон хаалга онгорхой байхаар нь дотор талынх нь хаалгыг хүчтэй угзарч татаад цоожийн эвдээд гэррүү нь ороод байшингын буланд байсан ЛСД дэлгэцтэй 32 инчийн зурагт, зурагтын хажууд байсан компьютерийг иж бүрнээр нь аваад гэрт байсан нимгэн бүтээлгээр боогоод Дархан сумын 5 дугаар баг 20/4 дүгээр байрны доор байдаг Мастер засварын газар нэг эрэгтэй хүнд хулгай биш гэж хэлээд гарын үсгээ зурж байгаад хоёуланг нь нийлүүлээд 200 000 төгрөгт зарсан” гэх мэдүүлэг /хэргийн 32-33 дугаар хуудас/,
Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэртээ очиход хашааны хаалга онгорхой, байшингын хаалга хаалттай дотор талын хаалг цоож эвдэрсэн байсан. Гэртээ ороход 32 инчийн Панасоник маркын зурагт, Мягма маркын иж бүрэн компьютер мөн орны бүтээлэг байхгүй байсан” гэх мэдүүлэг /хэргийн 30 дугаар хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....манай дүү одоо хураагдсан байгаа компьютерийн дэлгэц, процессор, эвдэрхий гартай, яригч, залгуур утаснуудтайгаа иж бүрэн компьютерийг манайд 100 000 төгрөг, панасоникийн 32 инчийн LCD зурагтыг 100 000 төгрөгөөр тус тус тэмдэглэл үйлдэж Бямбасүрэн гэх хүнээс аваад цээж зургийн наалгаж авсан” гэх мэдүүлэг / хэргийн 33 дүгээр хуудас/,
Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шиг санаж байна өөрийгөө Бямбасүрэн гэх залуу манай ажил дээр ирээд 32 инчийн Панасоник маркын LCD дэлгэцтэй зурагтыг өгөхдөө яаралтай мөнгөний хэрэг болоод байна ломбарданд 150 000 төгрөгөөр тавьчихмаар байна гэж хэлсэн. Тэгээд орой ажил дээрээ 18 цагийн үед ирэхэд нөгөө залуу манай ажлын орчим явж байгаад над дээр орж ирээд 100 000 төгрөгт өгье гээд гуйхаар нь би хулгайн юм биш биз дээ гэхэд хулгайн юм биш, миний юм гэж хэлэхээр нь чи асуудал үүсэх юм бол хариуцах болно шүү гэж хэлээд бичиг баримтаа үзүүлчих гэсэн чинь надад байхгүй гэхээр нь би тэгвэл зургаа авахуулж ирээд ямар ч асуудал байхгүй зурагтыг зарж байгаа, асуудал гарвал өөрөө хариуцах болно гэсэн утгатай бичгийг өөрийнх нь гараар бичүүлээд зургийг бичиг дээр нь наагаад байж байсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 37 дугаар хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-5 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 15 дугаар хуудас/
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 18-20 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хэргийн 9 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 67 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *** нь 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг Хөтөл хороолол 2-4 тоотод оршин суух иргэн ***ийн байшингын хаалганы цоожийг эвдэн орон байранд нэвтэрч Панасоник маркын 32 инчийн ЛСД зурагт, Acer маркын иж бүрэн компьтерыг хулгайлж нийт 1 250 000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан шүүгдэгч ***, хохирогч ***, хохирогч *** /хх 30 хуудас/, гэрч *** /хх 33 хуудас/, гэрч *** /хх 37 хуудас/ нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /хэргийн 15 дугаар хуудас/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 18-20 хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх 9 хуудас/ болон бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ***д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч ***д ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн , үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлөөгүй тул ***гээс хохиролд 350 000 төгрөг гаргуулан Бэсүд овогт Батсүхийн Уранхишигт 250 000 төгрөг,
Боржигон овогт Хасбаатарын Бат-Эрдэнэд 100 000 төгрөг тус тус олгох үнэдэслэлтэй байна.
*** нь 2015 оны 4 дүгээр сарын 23 -ны өдрөөс 2015 оны 05 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 32 хоног цагдан хоригдсон тул Эүүгийн хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.
Харин шүүгдэгчийн хөрөнгийн байдал, хувьд оногдох эд хөрөнгө зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй болно.
Шүүгдэгч ***д ял оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч *** нь 32 хоног цагдан хоригдсон тул Эүүгийн хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1. Шүүгдэгч ***г орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч ***д 3 сар /гурван сар/ баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар ***д оногдуулсан 3 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1. 59.2-т зааснаар *** нь энэ хэрэгт 32 хоног цагдан хоригдсон тул цагдан хоригдсон нэг хоногийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлэн түүний эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ***гээс 350 000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулан Дархан-Уул аймгийн Дархан сум ***-д 100 000 төгрөг тус тус олгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд
тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА
Шийтгэх тогтоол/ 2015/***.doc