Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0161

 

     


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0176/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөр,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,
Шүүгдэгч ***, ***нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт  ***, *** нарт холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн 201509000220 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 06 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ. 

  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын харьяат, *** төрсөн, 31 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *** тоотод оршин суух , улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай *** \РД: ***\,

Монгол улсын харьяат, *** төрсөн, 32 настай эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух , улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай *** \РД:***\,  
 
Шүүгдэгч ***, *** нар нь шунахайн зорилгоор бүлэглэн 2015 оны 03 дугаар сарын 24-ний орой Дархан сум 6 дугаар баг ногоон зоорины орчмоос иргэн ***нэг тооны улаан халзан зүсмийн үхрийг хулгайлж 1.000.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 


ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв. Үүнд: 
Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Буян зах дээр цэрэгт цуг алба хааж байсан ***тай таараад цэргийн албаа ярьж сууж байгаад нэг шил архи уухуу гэхээр нь тэгье гээд авч уусан. ***найз таараад ахиад нэг шил архи уусан, ингээд дөрвүүлээ нийлээд 3 шил архи уусан. ***ажилгүй байгаа гэхээр нь би чамайг ажилд оруулж өгнөө гээд манайд очиж хоноод маргааш ажлаа хөөцөлдье гэж яриад явж байтал хүнсчдийн тэнд 4 тооны үхэр явж байхыг хараад ***эд нарыг туух уу? гэхээр нь би нэг хэсэг 5-6 минут бодож байгаа тэгье гээд дөрвүүлэнг нь туугаад Сэлэнгийн зам дагуу  явж байгаад гуравыг нь явуулаад нэгийг нь авч үлдээгээд манай хашаанд оруулахад эхнэр юун үхэр вэ? гэхээр нь би эхнэртээ ***өгсөн гэж хэлээд унтсан. Маргааш нь ***гэдэг хүнтэй таараад үхэр авах уу? гэхэд тэгье гээд 440 000 төгрөгөөр зарсан, гарал үүслийн гэрчилгээ яах юм бэ? гэсэн чинь ***иргэний үнэмлэх байхгүй гэхээр би өөрийнхөө иргэний үнэмлэхээ авч очоод гарал үүслийн гэрчилгээ авах гээд болохгүй болохоор нь харьж байх замдаа нэг шил архи аваад гэртээ очоод эхнэрийг яваад гарал үүслийн гэрчилгээ авч өгөөд явуулчих гэж хэлээд машинд нь ачиж өгөөд явуулаад бид хоёр архи уугаад үлдсэн. Тэгээд эхнэр үдээс хойшдоо гарал үүслийн гэрчилгээг нь авч өгөөд явуулчихлаа гээд ирсэн. Тэр оройдоо ***би зах орчихоод ирье гэж хэлээд яваад буцаж ирэхдээ хоёр хүүхдээ дагуулаад нэг шил архи барьж ирээд бид хоёр нөгөө архи уугаад унтсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2015 оны 03 дугаар сарын 26-ны өглөө цагдаагийн хүмүүс ирсэн ” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 03 дугаар сарын 24-ны өдөр ***тай зах дээр таараад цэрэгт цуг алба хаасан талаараа яриад нэг шил архи уугаад удалгүй манай найз таараад ахиад нэг шил архи уугаад ингээд дөрвүүлээ 3 шил архи уугаад нөгөө хоёр хүн салж яваад би ***д ажилгүй байгаа тухайгаа хэлсэн чинь *** би одоо Эрдэнэтэд ажиллана хоёулаа утсаар ярьж байгаад цуг явья гэж хэлэхээр нь өнөө шөнө ***гийнд очиж хоноё гээд явж байтал 45 дугаар бракын урд 4 тооны үхэр байхад нь энийг туугаад явах уу гэхэд *** тэгье гээд Сэлэнгийн замаар тууж яваад гуравыг нь үлдээгээд нэг үхэрийг нь тэр чигээр нь цааш нь тууж яваад 23 цагийн орчимд ***гийнд аваад орсон чинь эхнэр нь юун үхэр вэ хаана таараад архи дарс уучихваа гэсэн  тэгэхээр нь зах дээр таараад ирлээ ***ас дараа мөнгийг нь өгөхөөр үхэр авлаа гэж ***гийн эхнэрт худлаа ярьж хоносон. Маргааш өглөө нь барааны зах дээр махны ченж ***гэдэг хүнтэй таараад үхэр байна мөнгөний хэрэг болоод байна та авах уу? гэхэд авья гээд портертой жолооч дуудаад ***гийнх руу явах хооронд дэлгүүрээс архи аваад очоод үхэрээ зарсан, тэгсэн чинь гарал үүслийн бичиг хэрэгтэй гэхэд надад иргэний үнэмлэх байхгүй гэсэн чинь *** чи иргэний үнэмлэхээ өгөөд эхнэрээ дагуулж явуулаад гарал үүслийн гэрчилгээ аваав ир гэж хэлээд ***гийн эхнэр ***ийг дагуулаад явуулчихаад бид хоёр нэг шил архиа уугаад гэрт нь үлдсэн. Тэгээд би хуучин Дарханд айлд очоод ирье гэж хэлээд гарч яваад буцаад хүүхдүүдээ дагуулж очоод хоносон. Тэгээд маргааш өглөө нь цагдаа ирсэн ” гэх мэдүүлэг,

          Хохирогч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн орчим нэг тооны улаан халзан гунжин үхрээ хулгайд алдсан юм. Манай үхэр нүд тойрсон улаан хөмсөгтэй, шор эвэртэй, ямар нэгэн им байхгүй, гэдэс сүүл нь цагаан үхэр байсан. Би үхэрээ алдсаныхаа дараа нөгөөдөр нь буюу 2015 оны 03 сарын 26-ны өдөр захын толгой шулдаг хэсэгээр явж байхад гэдэс авдаг Саагаа гэх хочтой хүний эхнэрийн лангуун дээр манай алдсан үхрийн толгой байхыг хараад шууд таньсан, тэгээд би цагдаагийн байгуулгад хандсан. Алдсан үхрийн шир болон толгойг цагдаагийн албан хаагч надад хүлээлгэж өгсөн ба би хохиролоо барагдуулсан болохоор толгой ширийг хураалгасан хүмүүст буцааж өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг/ хэргийн 22, 25 дүгээр хуудас/, 

Гэрч ***  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 11-н цагийн орчимд намайг зах дээр махын орчим явж байтал *** таарсан юм. Ингээд надтай уулзаад банкны мөнгө өгөх гэсэн юм. Хөдөө гэрээс нэг үхэр авчирлаа үүнийг зарах гэсэн юм гэж хэлсэн юм. Тэгээд би өөрөө мөнгөгүй учир ***дагуулаад үхэр байгаа газар буюу гэрт нь очсон. Би тэр хүүхдийг хулгай хийнэ гэж бодоогүй юм. Ах дүү нар нь олон малтай юм. Хавцалын хажуугаар *** гэх нутагаар олон малтай байдаг юм. Урьд өмнө энэ хүнээс би мал авч байгаагүй ээ. Ээж ах дүү нартай нь бол наймаа хийж байсан юм. ***гийн гэр рүү тосгонд явж байх замаараа 18-ын буудлын хажууд байх 5 давхар угсармал 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг *** малын эмчтэй уулзахаар ***бид 2 орсон, би *** *** хөдөөнөөс авчирсан үхрээ зарна гэж байна, гарал үүслийн бичиг авах гэсэн юм гэхэд ***эмч ***г би чамайг малтай гэдгийг чинь мэдэж байна өөрийнхөө иргэний үнэмлэхийг худалдан авч байгаа хүнийхээ бичиг баримт болон тээвэрлэж байгаа машины бичиг баримтаа хуулбарлуулаад зарах гэж байгаа үхрээ авч ирж үзүүл гэсэн. Тэгээд бид нар ***гийн гэр рүү очиж  зарах гэж байгаа үхрээ үзээд худалдаж авахаар болж тооцоо хийсэн. ***гийн эхнэр нь гарал үүслийн бичгийг авахаар болж түүний иргэний үнэмлэхийг авч зарсан үхрээ Лхагваагийн портер машинд ачиж  ***гийн ажил дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 26,28 дугаар хуудас/, 

       Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” ... 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр танил *** эгч над руу яриад тосгон руу цугтаа яваад нэг үхэр ачаад ирье гэсэн би түүнтэй зах дээр уулзахад *** эгч миний зүс таних *** болон танихгүй нэг залуугийн хамт явж байсан. Тэр гурвыг машиндаа суулгаад тосгон руу явсан замдаа 18-н буудал дээр ***, ***эгч хоёр зарах гэж байгаа үхэртээ гарал үүслийн бичиг авна гээд мал эмнэлэг рүү орчихоод удалгүй буцаж гарч ирсэн, тэд бичиг баримтгүй болохоор гарал үүслийн бичиг бичиж өгөхгүй байна гэсэн. *** зарах гэж байгаа үхрээ хавцалд байдаг малаасаа авж ирсэн гэж хэлж байсан. *** эхнэртээ өөрийнхөө иргэний үнэмлэхийг өгч явуулсан байсан. 18-н буудал дээр ирээд ***гийн эхнэртэй цуг мал эмнэлэг орж худалдаж авсан үхэрт гарал үүслийн бичгийг бичүүлж авсан. Тэр эмэгтэй малын эмчид нөхрийнхөө иргэний үнэмлэхийг өгч манай нөхөр түрүүн тантай ирж уулзсан гэсэн гарал үүслийн бичгийг нь авах гэсэн юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 42 дугаар хуудас/,

Гэрч Г.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байхад үдээс өмнө 09 цагийн орчим зүс таних махны ченж ***Сэлэнгэ аймгийн Номгон багийн *** гэх газар өмнө мал маллаж амьдардаг ба одоогоор Дархан сумын 3-р багт оршин суудаг зүс таних *** залуугийн хамт орж ирсэн. *** би үхэр зарах гэж байгаа юм түүнээс гарал үүслийн гэрчилгээ авья гэхэд нь би танайхыг малтай байсныг мэднэ чи өөрийнхөө бичиг баримттай болон зарах гэж байгаа малынхаа зураг авах гэж худалдан авч байгаа хүний бичиг баримт тээвэрлэх гэж байгаа автомашины бичиг баримт зэргийг авчир гэж хэлхэд за гэж хэлээд гарсан, цаг орчимын дараа ***гийн эхнэр болох *** гэдэг эмэгтэй ***гийн иргэний үнэмлэхийг барьчихсан, орж ирсэн мөн тэр эмэгтэй үхэр худалдан авч байгаа *** гэх залуугийн хамт орж ирсэн би тэгээд иргэний үнэмлэх болон ***гийн машины гэрчилгээг хувилан архивын материалд хавсарган авч үлдээд тэдэнд гарал үүслийн гэрчилгээ бичиж өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 43 дугаар  хуудас/, 
 
Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2015 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн өглөө би гэрээсээ 09 цагийн орчимд гарч яваад 13 цагийн орчимд зах дээр ***тай таарсан юм. Зах дээр таараад бид 2 нэг цаг хирээтэй юм ярьж суусан юм. Хамт цэргийн алба хаасан тухай ярилцсан. Ингээд хоёулаа зах дээр бөөний дэлгүүрээс архи худалдаж авсан юм. Эхний архийг ***худалдаж авсан юм. Дараа нь мөн би 3000-н төгрөг гаргаад /***найз мөн мөнгө гаргаад 0,75 литрийн архи худалдаж авсан юм. Үүний дараа мөн нэг шил 0,5 литрийн архи худалдан авч тэндээ уусан юм. Ингээд бид хоёр гэрлүүгээ харихаар хамт алхсан юм. Ингээд Дархан хүнсний үйлдвэрийн урд талын бранк дундуур явж байтал 4-н үхэр таарсан юм. –*** хоёулаа энэ үхрийг туугаад гаргах уу гэж асуусан юм. Тэгэхээр нь би зөвшөөрсөн юм. Ингээд *** би ойрхон яваад хүн амьтан байна уу үзээд ирье гээд эргэн тойрон 100 метр явж хүн ажиглаж явсан юм. Тэгээд бид хоёр хүн байхгүй болохоор нь Сэлэнгэ аймгийн зам дагуу дөрвүүлэнг нь туусан юм. Туугаад арын толгойт хүртэл хөөсөн юм. Ингээд толгойтын хойд захд гараад нэг үхрийг нь барьж авсан *** бариад авсан юм. Ингээд *** оосоргүй хоёулаа яаж барих вэ гэхэд *** би подволкоо ураад уяа хийчихье гээд ураад урд эврээс нь уясан юм. Ингээд цааш нь хөтлөөд авч яваад манай хашаанд оруулсан юм. Хашаандаа орж гэрийнхээ ард талд уясан юм. Ингээд *** бид хоёр манайд орж амарсан. Тэгээд өглөө 07 цаг өнгөрч байхад босоод байж байтал эхнэр гарч бие засаад ирэхдээ юун үхэр авчирваа гэж хэлсэн юм. Тэгэхээр нь бид хоёр ***ас авсан гэж худал хэлсэн юм. Ингээд 08 цаг өнгөрч байхад зах руу гараад ченж *** гэх хүнтэй уулзсан юм. Ингээд тэр хүн авахаар болоод манайд гэрлүү хамт явсан. Портер машинтай хамт явсан. Тэгээд манайд очоод  дөрвөн зуун дөчин мянган төгрөгөөр нөгөө үхрээ зарсан юм. Амьдаар нь зарсан юм. “ гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг / хэргийн 69 дүгээр хуудас/, 

Шүүгдэгч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2015 оны 03 сарын 24-ны өдөр орой 20-н цагийн орчимд би ***тай зах дээр таараад ***гийн гэрт хонохоор хамт явж байтал 42-р бракийн зүүн талд 4 тооны үхэр бэлчиж байсан юм. Ингээд бид дөрвөн үхрээ Сэлэнгэ аймгийн замаар туугаад хүнсний арын толгойн ард талд 3-н үхрээс нэг үхрийг нь би туугаад ***гийн гэрлүү явсан юм. Ингээд тэр шөнөдөө 00 орчимд ***гийн гэрт очоод тэр айлд хоносон юм. Маргааш нь өглөө хамт зах ороод ченжтэй *** яриад нэг үхрээ зарахаар болоод ченжтэй гэртээ очоод нэг үхрээ зарсан юм. Би 25.000 төгрөг авсан юм. Үлдсэн бүх мөнгийг *** авсан юм. Уг үхрийг нийт 440.000 мянган төгрөгөөр зарсан юм.  Ийм л юм болсон юм...” гэх мэдүүлэг /хэргийн 74-75 дугаар хуудсууд/,
    
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон хулгайд алдагдсан гэх үхрийн ширийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд/хэргийн 5-8 дугаар хуудас/, 
Малын эмч О. ***ийн яллагдагч ***д бичиж өгсөн гарал үүслийн гэрчилгээний үлдэх хувь, Г. *** *** нарын иргэний үнэмлэх, 37-57 ДАХ тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар./хэргийн 16-20 дугаар хуудас/, 
Эд зүйлийн үнэлгээний тайлан/хэргийн 45-46 дугаар хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, үнэлгээ \ хэргийн 9-13 дугаар хуудас\,  
Ял шийтгэлийг шалгах хуудас \ хэргийн 81, 84 дүгээр хуудсууд\ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд  шүүгдэгч ***, ***нар нь бүлэглэн 2015 оны 03 дугаар сарын 24-ний орой Дархан сум 6 дугаар баг ногоон зоорины орчмоос иргэн ***нэг тооны улаан халзан зүсмийн үхрийг хулгайлж 1.000.000  төгрөгний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд Дархан-Уул аймгийн прокурорын газраас тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ***, ***нарыг бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.
Шүүгдэгч ***, ***нарт ял шийтгэл оногдуулахдаа  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн  төлсөн, хохирогчоос “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй”  гэж мэдүүлсэн, ***гийн ээж нь хүнд өвчтэй байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.2, 55.1.3, 55.1.9-т зааснаар хөнгөрүүлэн үзэх нөхцөлд хамааруулах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч ***, ***нарын үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, хохирол төлөгдсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 
Шүүгдэгч ***, ***нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн ***гийн өмчлөлийн хагас автомат угаалгын машиныг битүүмжлэх тухай 2015 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 1998 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Шүүгдэгч ***нь энэ хэргийн улмаас 79 хоног урьдчилан цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн малын эмч О.***гоос  ***д бичиж өгсөн гарал үүслийн гэрчилгээний хуулбарыг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээхээр, ***гийн иргэний үнэмлэх, ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргийг ***д буцаан олгохоор  тус тус шийдвэрлэв.
    
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 294,295, 296, 298, дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч ***, ***нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***, *** нарт эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил 10 хоног /хоёр жил арван хоног/-ийн хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***, ***нарт оногдуулсан 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор ***, ***нарт оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 \нэг\ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***, ***нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***, ***нарт мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар ***нь энэ хэрэгт 79 хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн ***гийн өмчлөлийн хагас автомат угаалгын машиныг битүүмжлэх тухай 2015 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 1998 дугаартай тогтоолыг хүчингүй  болгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлж, ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай. 
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, *** нарт авсан бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Т.ЭНХЖАРГАЛ