| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2015/0182/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/0168 |
| Огноо | 2015-07-03 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0182/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөр,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгч ***, ***, ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, тус зүйлийн 181.2.5-д заасан гэмт хэрэгт ***, ***, *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000219 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 06 дугаар сарын 15-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, ***
Монгол улсын иргэн, *** төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гүүрэн краны машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ***,
Монгол улсын иргэн, ***төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***,
Шүүгдэгч ***, ***, ***нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж 2015 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг 11 дүгээр байрны урд иргэн ***зодож танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2015 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө бид нар цэргийн баяр тэмдэглээд архи уучихаад гарч яваад ***ынд орж ганц шил архи уугаад тарцгаая гэж яриад явж байгаад айлд орж уухад жаахан тав духгүй юм байна гээд караокед орж уухаар болоод явж байгаад 12 дугаар байрны хажууд ***таарсан, мэнд мэдээд цаашаа яваад замынхаа нөгөө талд гараад явж байсан чинь цуг явж байсан *** гэдэг хүний шүдийг хоёр хүн цохичихлоо гээд яагаад хүний шүд цохьдог хүн бэ? гээд нөгөө цохисон хүнийг нь ***барьж авсан тэгэхээр нь би эргэж *** дээр очоод яаж байна гэсэн чинь *** шүд хөдөлчих шиг боллоо гэж хэлээд за за би явлаа гээд явах гэхээр нь янз бүрийн юм байхгүй юу гэсэн чинь байхгүй гэж хэлээд явсан. Тэгээд ***ыг авах гээд эргээд очсон чинь ***замын гэрэлтүүлэгт ***ын араас тоосго бариад явж байхыг нь хараад ***дээр очоод чи тоосго барьж яах гэж байгаа юм бэ? гээд түлхсэн. Тэгээд чи наад тоосгоороо яах гээд байгаа юм бэ? гэсэн чинь миний муу хөлд тээглээд байхаар нь хаях гээд бариад явж байна гэсэн. Чи худлаа яриад байгаач хүн тоосгодвол чи өөрөө хэцүүдэнэ биздээ гэж хэлээд тоосгыг нь хаяулсан, тэгээд цаашаа яв гээд хэлсэн чинь явахгүй дагаад байхаар нь чи яахаараа манай найзыг тоосгоддог юм бэ? гээд зууралдаад *** гэдэг залуутай цуг явж байсан болохоор чи наад найзыгаа салгаад аваад яваач гэж хэлсэн. *** нь салгаж авч явахгүй байсан. Мөн ***, ***хоёр зууралдаад 10 гаран минут болсон. Бид хэдийг салахгүй дагаад байхаар нь салахгүй чи яваачээ гээд түлхсэн чинь би нэг жил шоронд байсан та гуравыг яаж л бол яаж чадна гээд байхаар нь чи яагаад байгаа юм бэ? яваачээ чамтай ямар нэгэн юм болмооргүй байна гэж хэлсэн. Сүүлд нь ***ыг колонкын цаашаа гаргаад өгөөч гэж хэлээд цуг явуулаад ***бид хоёр наана нь үлдсэн. ***ыг эргэж ирэхээр нь *** руу ярья утсаа өгөөч гэсэн чинь *** миний утас байхгүй байна гэсэн тэгэхээр нь бид хоёр сургуулийн урдуур, наагуур нь утасаа хайгаад явж байгаад эргээд ирсэн чинь ***байхгүй болохоор нь явчихсан юм байна гээд гэртээ харьцгаасан. Маргааш нь ***ын эхнэр нь залгаад ***цагдаад баригдсан байна гэхээр нь цагдаа дээр очсон ...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2015 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө ***, ***, *** бид нар хоёр шил архи уугаад тэгээд гарья гээд гарсан чинь ***, С.*** хоёр явж байхаар нь мэнд мэдчихээд та хоёр хаа хүрч яваа юм бэ? гэсэн чинь дэлгүүр хаахаас өмнө ганц шил архи авах гээд явж байна гэсэн тэгээд салаад явж байсан чинь *** нэг залуутай маргалдаад байхаар нь очоод салгачаад тэнд байж байсан чинь ***араас тоосгоор цохих гэж байсан гэсэн *** болиоч гэхээр нь юу болсон гэсэн чинь *** энэ ***чамайг тоосгоор цохих гэж байна гэж хэлсэн, тэгэхээр нь очоод чи яахаараа зүгээр байгаа хүнийг тоосгоддог юм бэ? гээд барилцаж аваад дээр доороо ороод ноцолдож байгаад болиод байж байгаад ******колонкын тийшээ гаргаж өгчихөөд эргэж ирээд ***ын утсыг хайж байгаад олдохгүй болохоор нь зам гараад алхаж байсан чинь цагдаа ирээд та гурав сая хүн зодсон уу? гэхээр нь үгүй харин сая ингээд ингээд гээд болсон явдалыг хэлсэн...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.. 2015 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө бид нар цэргийн баяр тэмдэглээд 2-3 шил архи уучихаад манай гэрээс гарч яваад 12 дугаар байрны хажууд ***тараад мэндлээд цаашаа явж байсан чинь ***ийн шүдийг хүн цохичихлоо гэхээр нь яасан юу болсон бэ? гээд ***тай яриад байж байсан чинь ***араас тоосго бариад ирсэн байсныг *** тоосго хая гээд түлхсэний дараа цаашаа С.***ыг ***найзыгаа аваад яваач гэж хэлсэн, болохгүй болохоор нь түлхчээд явсан чинь араас зууралдаад байхаар нь ***маргалдаад зууралдахаар нь салгачихаад ганц хоёр дээр доороо оролцож байгаад больё больё өнөөдөр баярын өдөр ямар нэгэн асуудал гаргамааргүй байна гээд явсан чинь араас наалдаад бүр салахгүй болохоор би колонкын цаашаа гаргаж өгөөд за ингээд явчих гэж хэлээд би буцаад явсан. Эргээд *** руу утсаар ярих гэсэн чинь утас байхгүй болчихсон байхаар нь *** бид хоёр утсаа хайж байгаад эргээд ***дээр очсон чинь байхгүй болохоор харьсан юм байна гэж бодоод бид хоёр гэр гэртээ харьсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тэгээд С.*** бид хоёр дэлгүүр дээр ирэхэд төв дэлгүүр хаачихсан байсан. Тэгээд С.***ын хамт буцаад Шаазгайт орох санаатай 11 дүгээр байрны хажуугаар алхаж явж байхад түрүүний зогсож байсан зүс таних залуучууд хүмүүстэй маргаж байсан. Тэгээд маргаж байсан хүмүүс цаашаа салаад явахад би урдуур нь гарч явахдаа хөлөөрөө тоосгонд тээглээд бүдрээд тоосгоо замаас гаргаж шидэх үед 11 дүгээр байрны урд зогсож байсан махлаг биетэй залуу нь хүрч ирээд тоосгоор хүн цохих гэж байна гэж хэлээд миний цээжин тус газар гараараа нэг удаа цохисон. Тэр үед хажуу талаас зүс таних *** гэх залуу над руу дайрах үед манай найз *** дундуур орж салгахад цаанаас гэзэгтэй залуу хүрч ирээд чамайг алаад өгье гээд миний хөл рүү өшиглөөд газар унагасан юм. Тэгээд намайг зодож цохисон. Тэр үед С.*** нөгөө залуучуудыг надаас салгаж холдуулах үед би газраас босож Шаазгайт руу явах замд байрлах бензин клонк руу гүйсэн. Тэгээд бензин клонк дээр очиход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байхаар нь цагдаа дуудаад өгөөч би утасаа унагаачихлаа намайг хүмүүс зодоод байна гэж хэлсэн. Тэгээд би буцаж очиж унасан газраасаа гар утасаа авах гээд очиход махлаг биетэй залуу нь чи камертай газар гүйлээ гэж хэлээд намайг түлхээд замын урагшаа гаргасан. Тэр үед гэзэгтэй залуу хүрч ирээд намайг хавсарч унагаад энд тэндээс өшиглөж цохисон. Энэ үед манай найз С.*** гэзэгтэй залууг надаас салгаж авах үед *** хүрч ирээд энд тэндээс зодож цохиод байсан. Тэгээд С.***ыг дахин хүрч ирж ***г надаас салгахад би газраас босох үед гэзэгтэй залуу хүрч ирээд намайг дахин хавсарч унагаад 10 тоолохын дотор гүйгээд яваарай гэж хэлсэн. Тэгээд би газраас босоод шууд эгч Баршагүлийн гэр рүү гүйсэн. Тэгээд эгчийнхээ гэрт очоод манай С.***ыг хүмүүс аваад үлдчихлээ гэж хэлэхэд эгч гэрээсээ гараад гүйсэн. Тэгээд удаагүй ***ыг дагуулаад ороод ирсэн юм... толгой, нуруу, бөөр хэсгээр хөндүүрлэсэн... махлаг биетэй залуу анх тааралдах үед нэг удаа цээж рүү цохисон. Харин гэзэгтэй залуу болон *** хоёр намайг газар унагаад ээлжилж энд тэндээс зодож цохиод байсан...
...***/ махлаг биетэй / эхэлж над руу ирээд чи тоосгоор хүн цохих гэж байна гээд цээж хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд цаашаа явж байтал хойноос *** / гэзэгтэй/ ирээд намайг хавсарч унагаад нуруу толгой хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед цаанаас ***гэх залуу нь ирээд бас биеийн энд тэнд өшиглөөд байсан. Тэр үед *** нь цаана хараад зогсоод байсан. Тэгээд *** ирж намайг салгаж авсан. Тэгээд би газраас босоод зам хөндлөн гараад явж байтал ***гэх залуу хүрч ирээд дахин намайг хавсарч газар унагасан. Тэгээд би дахин газраас босоод бензин колонкын хажуу талд *** гэх залуу хүрч ирээд чи камертай газар гүйлээ гэж хэлээд намайг клонкны ард тал руу гаргасан. Тэр үед манай найз *** хүрч ирээд ***ыг надаас салгаж холдуулахад *** намайг 10 тоолохын дотор гүйгээд зугтаа гэж хэлэхэд би босоод гүйхэд дахин хойноос ирээд хавсарч газар унагачихаад манай найз ***тай үлдсэн. Тэгэхээр нь би гүйгээд эгчийндээ очиж хэлсэн юм. Ингээд миний хохирол нийт 170 000 төгрөг болж байгаа юм. Түүнийгээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хэргийн 24-25,26 дугаар хуудас/,
Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд гадаа гараад явж байтал 11 дүгээр байрны урд талд ***, С.*** нартай тааралдаад уулзахад дэлгүүр орж нэг шил архи авна гээд явж байсан юм. Тэгээд ***, С.*** нараас салаад цааш шаазгайт руу явж байгаад буцаад 2 дугаар сургуулийн урд талын хашаа дагаад алхаад явж байтал ***тай 2 залуу ирээд муудалцсан юм. Тэгээд бид нар очиж ***ийг нөгөө залуугаас нь салгаад би ***ийг дагуулаад сургуулийн хашааны хаалганы хажуу талд очиж зогсоод юм ярьж байгаад *** харилаа гээд явсан. Тэгээд би нөгөө хэд рүү харахад *** ***тай маргалдсан залуутай маргалдаад зогсож байсан. Тэгээд ойртож очих гээд явж байтал ***гартаа тал тоосго барьчихсан ***г чиглээд явж байсан. Тэр үед нь би очоод ***ад хандаж чи яахаараа хүн тоосгоор цохих гэж явж байдаг юм бэ гэж хэлээд тоосгоо хая гээд гараараа түлхсэн. Тэр үед ***надад хандаж энэ тоосго миний хөлд тээглээд байхаар нь би хаях гээд бариад явж байна гэж хэлсэн юм. Тэр үед ***тай маргалдаж байсан залууг хамт яваа эмэгтэй нь аваад цаашаа явсан. Тэгээд *** хүрч ирээд ***ад хандаж чи яахаараа хүний хойноос тоосго барьчихсан явж байдаг юм бэ гээд барьцалдаад авсан. Тэр үед цаанаас С.*** хүрч ирээд ***г барьж аваад боль гэж хэлсэн. Тухайн үед ***, *** хоёрт хандаж та хоёр жоохон юман дээрээс маргахаа боль гэхэд ***, *** хоёр нэг нэг рүүгээ үсчиж дайраад байсан. Тэгээд би С.***т хандаж чи ***аваад яв би ***г аваад явья гэж хэлсэн. Тухайн үед *** архи уучихсан согтуу байсан болохоор хүн амьтан цохичихож магадгүй гэж бодоод цаашаа бай гэж хэлсэн. Тэр үед ***, *** хоёр дахин барьцалдаж авсан. Тэр үед нь С.*** бид хоёр дундуур нь орж салгахад ***бид нарт хандаж би нэг жил шоронд явсан хүн та нарыг яаж л бол яаж ч чадна шүү гэх хэлэхэд *** уурлаад чиний шоронд явсан чинь бид нарт ямар хамаатай юм бэ гээд ***тай барьцалдаж аваад нэг нэгийнхээ хүзүүг маажиж улайлгасан. Тэгээд би очоод ***ыг ***аас салгахад *** эргэж очоод ***зууралдаж аваад байсан. Тэр үед нь би С.***т хандаж чи ***аваад яваачээ гэж хэлэхэд С.*** хөдлөхгүй ***г хорьсон болоод хараад зогсоод байсан. Тэгээд би ***ыг чи ***аваад клонкын тийшээ яваа, би ***г аваад явлаа гэж хэлсэн. Тэгээд клонкын наана ***, *** хоёр хоорондоо дахин барьцалдчихсан зогсож байхаар нь би очиж ***ыг салгаж авсан. Тэр үед *** надад хандаж ***миний үснээс зулгаасан гэж хэлж байсан.Тэгээд би ***ыг ***аас салгаад аваад явж байхад *** дахин ***дээр очиход ***бид нарт хандаж та нар олуулаа хүн зодохгүй шүү гэж хэлэхэд нь би чамайг зодоод ч яах билээ хоёрын хооронд гэж хэлсэн. Тэр үед *** надад хандаж ахаа би гайгүй байгаа юм чинь ***уулзаад хоёр гурван юм яриадахья миний үснээс зулгаасан юм. Тэгээд ***явуулчихья гэж хэлсэн. Тэгээд би ***г барьж аваад юм яриад зогсож байхад цаанаас *** ирээд тэгээд бид нар явах үед С.*** ***ын хойноос явсан юм. Тэгээд ***ыг би утсаа аваад ир гэж хэлэхэд *** утас байхгүй байна гэж хэлээд бид нар гар утас хайгаад олоогүй. Тухайн үед *** алга болчихсон байсан. Тэгээд *** бид хоёр гэр рүүгээ орж амарсан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 54 дүгээр хуудас/,
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... Тэгээд бид нар гудамжаар алхаж явж байгаад ***, С.*** нартай тааралдсан. Тэгээд би С.***тай уулзаад ууж байсан пивоноосоо хийж өгөөд хаашаа явж байгаа талаар асуухад архи авах гээд дэлгүүр явж байна гэж хэлсэн. Тэгээд ***, С.*** хоёр цаашаа яваад бид хэд наанаа үлдсэн. Тэгээд бид нар 11 дүгээр байрны урд талд байж байхад би *** нэг залуутай маргалдаад зогсож байхад би очоод маргалдаад зогсож байхад ***тай маргалдсан залуугийн эхнэр нь нөхрийгөө аваад явсан. Тэгээд би эргээд харахад ***, *** нар ***маргалдчихсан зогсож байсан. Тэгээд явж очоод юу болсон талаар асуухад *** надад хандаж Жирболат чамайг яг тоосгоор цохих гэж байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би ***ад хандаж чи яахаараа намайг тоосгоор цохих гэж байдаг юм бэ чамд ямар гэм хийсэн юм бэ гэж асуугаад маргалдаж улмаар барьцалдаж аваад ноцолдсон. Тэр үед С.*** намайг бариад авсан. Тэгтэл хажуу талаас ***, *** хоёр ***руу хандаж чи яахаараа зүгээр байгаа хүнийг тоосгоор цохих гэж байдаг юм бэ гээд дайрсан. Тэгээд би С.***тай маргалдаад зогсож байхад Батаа хүрч ирээд та 2 яагаад бас маргалдчихваа нөгөө хоёр тэнд маргалдаад ноцолдоод байна, гуравуулаа очиж салгаж аваад явцгаая гэж хэлсэн. Тэгээд бид гурав наанаас нь очиж салгаж аваад С.***, ***нар колонкийн зүгтээ явсан. Тэр үед *** гар утас алга болчихлоо гэж хэлээд бид гурав гар утас хайж байгаад олдохгүй болохоор нь гэр гэр рүүгээ явсан юм. Тэгээд би 11 дүгээр байрны гадаа байж байхад ***, ***ын эгчтэй хамт ирээд эгч нь цагдаа дуудаж намайг барьж өгсөн юм... архи уусан болохоор зарим зүйлээ санахгүй байна...***, ***хандаж чи тоосгоор хүн цохих гэж байна ш дээ гэж маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод юу болоод байгаа юм бэ? гэж асуухад *** надад хандаж чамайг сая ***тоосгоор цохих гэж байна гэж хэлсэн. Тэр үед би ***ад хандаж чи яахаараа намайг тоосгоор цохих гэж байдаг юм бэ гэж хэлж уурлаад ***барьж авсан. Тэгтэл С.*** боль боль гээд бид хоёрын дундуур орж салгасан. Тэгтэл *** хажуу талаас чи яахаараа хүн тоосгоор цохих гэж байдаг юм бэ гэж хэлээд ***барьцалдаж аваад маргалдаж улмаар газар унаж доор дээрээ орсон. Тэгэхэд С.*** очоод тэр хоёрыг салгасан. Тэгээд ***, ***дээр очиж чиний буруу чи хүн тоосгоор цохих гэж байсан гээд маргалдаад тэр үед би С.*** бид хоёр очиж салгаж авахад ***, ***дээр очиж дахин маргалдаж барьцалдаж аваад клонкийн зүг рүү хөөцөлдөөд явсан. Тэгээд С.*** бид хоёр хоорондоо маргалдаж байгаа болиод очиж нөгөө хэдээ салгая гээд очиход ***, ***, *** нар зогсож байсан. Тэгээд нөгөө хэдийг салгаж авахад ***ганцаараа явахад хойноос нь С.*** явсан юм...” гэх мэдүүлэг/хэргийн 50,59,60 дугаар хуудас/,
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... ”... тэгээд нэг мэдэхэд ***нэг хүнтэй шөргөлдөөд байсан. Тэгээд би дундуур нь орж салгасан. Тэр үед нөгөө залуу найзынхаа хамт явсан. Тэгээд ухаан санаа орж гарч явж байхад ***дахин хүнтэй маргалдсан. Тэр үед нь би дундуур орж салгах үед нөгөө залуу миний үснээс зулгаасан. Тэгэхэд нь би чи яаж байгаа юм бэ гээд түлхсэн. Тэр үед нөгөө залуу миний хөлнөөс бариад савж унагасан. Тэгээд би нөгөө залуутай ноцолдож дээр доороо орсон. Тэр үед *** боль боль гээд салгасан юм. Тэр үед миний гар утас алга болчихсон байсан. Тэгээд хэсэг хугацаанд гар утсаа хайж байгаад олохгүй болохоор нь гэртээ харьж амарсан юм. Миний хувьд нилээн согтчихсон байсан. Зарим зүйлийг санахгүй байна. Нөгөө хэд надтай адилхан нилээн халчихсан байсан юм... тэгээд цаашаа эргээд явж байтал *** бас нэг залуутай хэрэлдэж маргалдахад боль гээд салгаж аваад явах гэхэд цаанаас түрүүн маргалдсан залуу болох ***гэх залууд *** хандаж чи яахаараа хүний араас тоосго барьчихсан явж байдаг юм бэ гээд маргалдсан. Тэр үед би дундуур нь орж салгахад ***миний үснээс татсан, тэгэхээр нь би уурлаад чи яаж байгаа юм бэ гээд ***гэх залуутай барьцалдаж аваад ноцолдоод газар унаж дээр доороо орсон. Тэр үед ***, ***болон ***хамт явж байсан залуу салгасан. Тэгээд би газраас босох үед ***миний гутлын үдээснээс татаад газар унагасан юм. Тэгээд би газраас босч ирээд ***болон найзыг нь одоо больцгооё чи яв гэж хэлэхэд явахгүй буцаж хүрч ирээд ***тай маргалдаад барьцалдаж аваад байсан. Тэгээд би ***явахгүй болохоор нь колонкын хажуу тал руу дагуулж яваад чи одоо ингээд яв гэж хэлчихээд салаад явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 52,56-57 дугаар хуудас/,
Гэрч С.***ын “...2015 оны 03 дугаар сарын 18-ны орой найз ***бид хоёр шаазгайтад манай гэрт пиво уусан юм. Тэгээд дахин дэлгүүрээс пиво авч уух санаатай шаазгайтаас тосгон руу алхаад 1 дүгээр байрны хажуугаар явж байтал зүс таних 1 залуу танихгүй 3 залуугийн хамт зогсож байсан юм. Тэгээд ***бид хоёр хажуугаар нь зөрж өнгөрөөд төв дэлгүүр ороход Төв дэлгүүр хаачихсан хаачихсан байсан. Тэгээд буцаад гэр рүүгээ харих гээд 11 дүгээр байрны хажуугаар замаар алхаад явж байгаад би зогсож танил ***тай уулзсан. Тэр үед ***тай хамт явсан махлаг биетэй залуу нь ***тоосго бариад цохих гэж дайрлаа гээд муудалцсан. Тэр үед би ***махлаг биетэй залуу хоёрын дундуур орж салгахад нэг нэгээрээ ***руу дайраад байсан. Тэр үед гэзэгтэй залуу ***өшиглөөд газар унагасан. Тэгэхэд нь би очиж боль гэж гэзэгтэй залууг холдуулахад *** ***руу очиж нуруу хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд би нөгөө хэдтэй ноцолдож 2 залууг нь барьж авахад ***гэзэгтэй залуугийн хамт цааш явсан. Тэгээд удаагүй гэзэгтэй залуу хүрч ирсэн. Тэр үед би явах гэтэл *** намайг барьчихаад явуулахгүй байсан. Тэр үед гэзэгтэй залуу болон махлаг биетэй залууг ***г аваад цаашаа явсан. Тэгээд би алхаад гудамжны үзүүрт ирэхэд ***ын эгч нь гарч ирсэн. Тэгээд *** эгчийнх нь гэр рүү орсон. Тэр үед ***ын эгч чи яагаад манай дүүг зодуулчихваа гэж над руу дайрахаар нь ***дагуулаад 11 дүгээр байрны гадаа очиход *** ганцаараа зогсож байхаар нь танай дүүг зодсон хүн энэ байна гэж хэлж өгсөн юм. Тэгээд ***ын эгч нь цагдаа дуудаж ***г бариулсан юм. Тэгээд би гэр рүүгээ харьж амарсан юм... Бүдүүн залуу эхэлж ***тоосгоор цохих гэж байна гэж дайрсан. Харин гэзэгтэй залуу болон *** хоёр ***газар унагаад өшиглөж цохисон...” гэх мэдүүлэг/хэргийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч *** “... 2015 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө гэртээ байж байхад шөнө 01 цагийн орчим гаднаас манай дүү ***архи уучихсан согтуу орж ирээд манай найз С.***ыг гурван залуу хүн алах гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би сандраад унтлагынхаа хувцастай гэрээс гараад гүйхэд С.*** өөдөөс алхаад алхаад ирж явсан юм. Тэгээд би С.***аас зодсон залуучууд чинь хаана байгаа юм бэ гэж асуугаад С.***ыг дагуулаад алхаад явж байхад 11 дүгээр байрны гадаа *** гэх залуу нь зогсож байсан. Тэгээд би ***гаас та нар яагаад манай дүүг зодсон юм бэ гэж асуугаад зууралдаад зогсож байтал эргүүлийн цагдаа нар ирж таараад ***г бариад аваад явсан юм. Манай дүү *** хөл нь хугархай. Тэгээд тэр залуучуудын хажуу талаар өнгөрч явахдаа бүдэрч унаад газраас гараа түшиж босох гэтэл гарт нь тоосго чулуу баригдсан. Тэгээд түүнийг дараа босох гэхэд нөгөө залуучууд нь тоосгоор цохих гэж байна гэж бодоод манай дүүг зодсон гэсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 30-31 дүгээр хуудас/,
- *** биед тархи доргилт, хамар, баруун шуунд зулгаралт, зүүн бугалга, ташаанд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт нөлөөлөхгүй гэх 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт №417-д /хэргийн 36 дугаар хуудас/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 75-77 дугаар хуудас /
- 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1021 дугаартай хураан авах тогтоол, тэмдэглэл \хэргийн 14-15 дугаар хуудас\,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1018, 1019, 1020 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл \ хэргийн 16-21 дүгээр хуудас\ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн баримтуудаар шүүгдэгч ***, ***, *** нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, 2015 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө *** урд иргэн ***зодож танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байх бөгөөд Дархан-Уул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч ***, ***, ***нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, дүгшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ***, ***, *** нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 75-76 дугаар хуудас/ байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ***, ***, ***нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан материаллаг хохирлыг арилгасан, хохирогч ***аас шүүгдэгч нарт гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн зэргийг харгалзан үзэж, ***, ***, *** нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***, ***, *** нар нь энэ хэрэгт урьдчилан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хохирогч ***ын толгой, нурууны рентген зураг 2 ширхэгийг хохирогчид буцаан олгож, ***ын эзэмшлийн Sky M820 маркийн 140 000 төгрөгний үнэ бүхий гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1018 дугаартай, ***эзэмшлийн Nokia маркийн 20 000 төгрөгний үнэ бүхий гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1019 дугаартай, ***ын эзэмшлийн Samsung маркийн 130 000 төгрөгний үнэ бүхий гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1020 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** , ***, *** нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлэгээр зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч *** , ***, *** нар тус бүрийг 3 /гурван/ жил 10 /арав/ хоног хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***, ***, ***нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт ялтан ***, ***, ***нар урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад нөхөн төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хохирогч ***ын толгой, нурууны рентген зураг 2 ширхэгийг хохирогчид буцаан олгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зааснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ***ын эзэмшлийн Sky M820 маркийн 140 000 төгрөгний үнэ бүхий гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1018 дугаартай, ***эзэмшлийн Nokia маркийн 20 000 төгрөгний үнэ бүхий гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1019 дугаартай, ***ын эзэмшлийн Samsung маркийн 130 000 төгрөгний үнэ бүхий гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1020 дугаартай тогтоолуудыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан ***, ***, *** нарт оногдуулсан 3 /гурван/ жил 10/ арав хоног хорих ялыг тус тус тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***, ***, *** нар тус бүрт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нарт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл ***, ***, ***нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ