Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 61

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадамцэцэг,

шүүгдэгч: Г.Суут,

шүүгдэгч: Б.Мандухай, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Бадмаараг /0752/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Суут, Б.Мандухай нарт холбогдох 2016 2602 2672 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Баян тосон өндөр” ХХК-д зураач ажилтай, ам бүл 3, ээж, 4 настай дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 12 дугаар байр, 13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УЮ 95051818, Боржигон овогт Ганбатын Суут,

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, “Баян тосон өндөр” ХХК-д зураач ажилтай, ам бүл 2, 7 настай охины хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Голден парк” хотхоны 106 дугаар байр, 144 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УШ 90012521, Их Монгол овогт Бямбажавын Мандухай.

 

Шүүгдэгч Б.Мандухай, Г.Суут нар бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 16 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэн олж авч, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгачдын 7-2 дугаар байрны 11 тоотод хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр) 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

        Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Суут мэдүүлэхдээ:

Би мансууруулах төрлийн зүйлсийн талаар мэдэхгүй. Кино, клип, интернэт, фэйсбүүкээс тэр өвсний хэлбэр дүрсийг харж байсан учраас түүсэн. Би МИАТ-д ажилладаг байхдаа цалингаараа хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн малгайг өнгөрсөн зун Бөмбөгөр худалдааны төвөөс авч байсан. Тэр малгай дээрх зургийг мансууруулах төрлийн өвс гэдгийг мэдээгүй байсан. 2016 оны наадмын үеэр амрах гэж Б.Мандухайтай хамт Дархан явсан юм. Тэгээд явах замд цагаан өнгийн байшин өнгөрөөд машинд байсан хүмүүс бууж, бие зассан. Тэр замд миний малгай дээрх зурагтай адилхан ургамал байхаар би түүнийг навчин тамхи юм байх гэж бодоод түүсэн. Дарханд очсон боловч тэр оройдоо Улаанбаатар хотод буцаж ирсэн. Уг ургамлыг сонингийн цаасанд ороогоод татахад ямар нэгэн нөлөө үзүүлээгүй, түүнийг хориотой зүйл гэж мэдээгүй. Тэр өвснөөс бусдад өгөөгүй, түүнийг мансууруулах төрлийн бодис гэж бодоогүй. 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Б.Мандухай бид 2 муудалцсан бөгөөд түүнийг бидний хадгалж байсан мөнгө аваад буусан байх гэж бодоод би гал тогоонд мөнгө хадгалж байсан ханын шкафыг үзэж байгаад тэр боодолтой ургамлыг ширээн дээр шидсэн. Тэр үед түүнийг бид хэрэглээгүй байсан. Хойшид дахиж ийм зүйлтэй холбогдохгүй. Би аавынхаа компанид Б.Мандухайтай хамт ажилладаг юм. Хойшид их сургуульд сурч, ажил эрхэлнэ. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Мандухай мэдүүлэхдээ:

Би гэмтэл авахаасаа өмнө Г.Сууттай хамтран байр түрээслэн амьдардаг байсан. Одоогоор бид гэр, гэртээ тусдаа амьдарч байгаа. Миний ажилладаг “Баян тосон өндөр” ХХК нь арьсан урлалын худалдаа явуулдаг. Би энэ компанид 2012 оноос хойш ажиллаж байна. Бид наадмын үеэр амрахаар Дархан явах замдаа тэр өвсийг түүсэн. Бид хоёр тэнд очиход хэдэн залуучууд Г.Суутын халаасанд байсан мөнгийг авсан болохоор нь Улаанбаатар хот руу буцсан. Хар тамхины ургамал Монголд ургадаг гэж бодоогүй. Бид 2 тус тусдаа толгойтой хүмүүс учраас хэн, хэнийгээ уруу татаагүй. Г.Суутын малгай дээр байсан ургамлын зурагтай адил ургамал олж авах гэж хайж яваагүй. Зүгээр түүсэн ургамал нь тэр зурагтай адилхан байсан. Түүсэн ургамлыг тэр үед нь 1 удаа татаж үзээд орхисон байсан.

2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр бид хоёр тагтнаасаа унахдаа пиво уусан байсан. Тэр үед манай хаалга онгойхгүй байхаар нь бууж байгаад 3 давхраас унаж гэмтсэн. Тухайн үед бид 2 муудалцсан байсан болохоор би хувцсаа аваад явна гэж бодоод буусан юм. Би цаашид ажлаа хийгээд хүүхдээ хүмүүжүүлж амьдарна. Үйлдсэн гэмт үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Би тэр зүйлийг хадгалъя гэж хадгалаагүй, тэр ургамлыг түүчихээд тоохгүй мартсан байсан. 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр тэр ургамал ширээн дээр яаж гарсныг би мэдэхгүй байна. Би навчин тамхийг харж байсан. Гэхдээ татаж үзээгүй. Бид 2 тэр ургамлыг сонирхоод Дархан явах замдаа түүсэн юм гэв.

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Баянгол дүүргийн 2 дугаар хороо Барилгачдын 7-2 дугаар байрны 11 тоотод үзлэг хийв. Гал тогооны өрөөнд ороход өрөөний баруун хананд жижиг ширээ түүн дээр ундаа, лаа, саванд хийсэн шингэн зүйл, ширээний голд уут бүхий өвс мэт зүйл байсныг хураан авч шинжилгээнд хүргүүлэхээр тогтов гэжээ. (хэргийн 4 дүгээр хуудас)

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Шинжилгээнээс ирсэн “Баянгол дүүрэг, ЦХ-1, Г.Суут, Б.Мандухай” гэж хаягласан өвсийг дүгнэлтийн хамт хүлээн авч, Т 1000 загварын жин дээр жинлэхэд уутны хамт 16 грамм болж байна гэжээ. (хэргийн 50 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 7765 дугаар дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “БГД-ЦХ-1 Г.Суут, Б.Мандухай” гэж хаягласан гялгар уутанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “БГД-ЦХ-1 Г.Суут, Б.Мандухай” гэж хаягласан гялгар уутанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

3. Дельта 9 тетрагидроканнабинол 1971 оны НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно гэжээ. (хэргийн 58 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад шинжээч-Б.Ламчин мэдүүлэхдээ:

2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад А.Очир-Эрдэнийн шинжилгээ хийлгэх тогтоолыг “БГД ЦХ-1 Г.Суут, Б.Мандухай” гэж хаягласан уутанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хамт хүлээн авсан. Уг бодисын хэмжээг битүүмжлэн ирүүлсэн савлагааны хамт жинлэхэд 16.4140 грамм байсан бөгөөд битүүмжлэлийг задлан шинжилгээнд шаардагдах хэмжээ болох 0.4140 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйлийг дээжлэн авч химийн тусгай уусгагчинд уусган хандлалтыг явуулж, шинжилгээний дээжийг бэлтгэсэн. Үүний дагуу бэлтгэсэн дээжээ тусгай багажинд оруулж шинжлэхэд уг зүйлээс сэтгэцэд нөлөөт Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн тул дүгнэлтийг гаргасан. Шинжилгээг дуусган дээжилснээс үлдсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийг буцаан битүүмжлэн ирүүлсэн саванд нь битүүмжлэн, дүгнэлтийн хамт буцаасан. Шинжилгээнд уг ургамал мэт зүйлээс 0.4140 граммыг ашигласан болно гэжээ. (хэргийн 70 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст:

            Г.Суут ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 111 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст:

            Б.Мандухай ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 94 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.Суут, Б.Мандухай нар нь бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 16 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэн олж авч, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хороо Барилгачдын 7-2 дугаар байрны 11 тоотод хадгалсан нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 7765 дугаар дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

         Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

          Шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн сэтгэцэд нөлөөлөх бодис болох ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэн олж авч, хадгалсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан “мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэсэн гэмт хэргийн  бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зөв зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримттай тохирсон, энэ хэрэгт шалгагдвал зохих зүйлийг бүрэн шалгасан гэж шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.Суут, Б.Мандухай нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдлаар төлөв зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамлыг устгахаар шийдвэрлэв.

Г.Суутаас хураан авсан хар өнгийн малгай дээр сэтгэцэд нөлөөлөх бодис болох ургамлыг сурталчилсан байх тул малгайг мөн устгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.