Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 435

 

 

 

 

 

 

 2020              04           09                                        2020/ДШМ/435                         

 

 

Г.У-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                             

            прокурор М.Сансарсайхан,

            шүүгдэгч Г.У-ын өмгөөлөгч А.Буяндэлгэр,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.У-, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.У-т холбогдох 1808043500678 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-ын У, Улаанбаатар хотод 1980 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Зээлийн 00 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял,

2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 6 сар хорих ял,

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгүүлсэн.

Г.У- нь “Чех Улсын виз гаргана” гэсэн зарыг цахим орчинд байршуулж бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгох, бодит байдлыг нууж 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ц.Ө-аас 1,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Г.У-ыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 07 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг 1 жил 9 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс цагдан хоригдсон 254 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-аас 1,000,000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Ө-т олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.У- давж заалдах гомдолдоо: “... Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлэг өгч, хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолоор нийт 01 жил 09 сар 16 хоног хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордууллаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж заасныг зөрчин Өнөрбаярыг хохироосон хэрэгт 08 сар 24 хоног цагдан хоригдсон байдлыг минь үгүйсгэж, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн 26 дугаар тогтоолд заасан ялаас эдлээгүй үлдсэн 07 сар хорих ялыг би цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа эдэлж дууссан гэж үзэж байтал ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна. Би Өнөрбаярт учруулсан хохирлоос 500,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж, үлдсэн 1,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж баталгаа гаргаж хяналтын прокурор Сансарсайханд өгсөн. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлд заасантай нийцэж байгаа. Цагдан хоригдсон 08 сарын хугацаанд нийт 5 удаа цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтсэн бөгөөд бөөрний архаг дутагдал, зүрхний цусан хангамжийн хомсдол, артерын даралт ихсэх гэсэн оноштойгоор эмчийн байнгын хяналтанд байж цаашид эмчлүүлэх шаардлагатай байна. Иймд миний эрүүл мэндийн байдал болон хохирол нөхөн төлөхөө илэрхийлснийг минь харгалзан үзэж эдлээгүй үлдсэн 07 сар 16 хоногийг цагдан хоригдсон 08 сар 24 хоногт оруулан ял эдэлсэн хугацаанд тооцож, үлдсэн хорих ялыг өөр төрлийн ял болгон өөрчилж өгнө үү.” гэжээ.

            Шүүгдэгч Г.У-ын өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.У- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа бөгөөд хохирол төлөхөө илэрхийлж, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгч шүүн таслах ажиллагаанд саад учруулаагүй. Шүүхээс Г.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэ гэмт хэрэг нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдэл бөгөөд хэргийн зүйлчлэл өөрчлөгдөөгүй байдлыг үнэлж дүгнээгүй. Энэ хэрэг шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2018 оны 9 сард хэрэг бүртгэлтэд шалгагдаж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж тус тус заажээ. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл хэсэгт зохицуулаагүй орхигдуулсан. Энэ тохиолдолд өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй учир хэргийг нэгтгэн шийдвэрлэх боломжтой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж тус тус заасан. Шүүх, Г.У-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан үзэлгүй 1 жил 2 сар хорих ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол /1,000,000 төгрөг/, хор уршигт тохироогүй, хүндэдсэн гэж үзэж байна. Мөн улсын яллагчаас Г.У-ын дээрх нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах санал гаргасан нь үндэслэлтэй байсан.

            Хувийн байдал эрүүл мэндийн хувьд Г.У- нь хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн “зүрхний томрол, зүрхний цус хомсдол, бөөрний архаг үрэвсэл” гэсэн өвчний оноштой эмчлэгдэж байсан тухай эрүүл мэндийн тодорхойлолт хэрэгт хавсаргасан. Иймд миний үйлчлүүлэгч Г.У-т оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Прокурор М.Сансарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиас өмнөх хууль нь Г.У-т холбогдох асуудлыг зохицуулаагүй орхигдуулсан хууль учир уг хуулийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг дагаж, баримтлах нь зүйтэй. Тухайн үед Г.У-ын өөр хэрэгт хэрэг бүртгэлтийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй, гэм буруутай нь нотлогдоогүй байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг нэгтгэж шалгах зохицуулалт байгаагүй бөгөөд тухайн үед ямар прокурорын хяналтанд байгаа нь төдийлөн мэдэгдэхгүй байсан. Г.У-ын үйлдлүүд нь хуульд заасан байнга гэсэн шинжийг хангаагүй. Өмнөх үйлдлүүд нь бүгд шүүхээр шийдвэрлэгдэж ял шийтгэгдсэн тул сүүлийн хоёр үйлдэлд нь хариуцлага тооцсон гэж ойлгож байна. Хуульд давтан гэсэн ойлголт байхгүй учир үйлдлүүдийг тус тусад нь шийдвэрлэсэн ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.У-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.У- нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Чех Улсын виз гаргана” гэж иргэн Ц.Ө-ыг хуурч 1,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Ө-ын “... 2018 оны 06 дугаар сард facebook-т “Чех Улсын виз гаргана” гэсэн зарын дагуу “Ганбаатар Уламбаяр” гэх хаягаар холбогдсон. 08 дугаар сард Г.У-тай уулзахад “Урьдчилгаа өгвөл 30 хоногийн дотор гаргаад өгнө. Надад Чехийн элчинд таньдаг хүн байгаа ... 1,700,000 төгрөг өгчих” гэхээр нь 1,500,000 өгсөн. Уламбаяр нь “30 хоногийн хугацаатай, 0,5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулъя” гээд байгуулсан ...” гэх /хх 16-17/,

гэрч Д.Нансалмаагийн “... 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүү Ц.Ө- “Чех Улс руу явуулах хүнтэй уулзах боллоо” гээд гарсан. Удалгүй “Нөгөө хүнтэй уулзлаа, урьдчилгаа 1,500,000 төгрөг өгөх хэрэгтэй гэнэ, та данснаасаа аваад өгөөч” гэсэн. Би хүүгийнхээ хамт уулзсан. 30 гаруй насны, өндөр, тарган залуу байсан. Тэр залуу “Би дугуй завсар, тоглоомын газар ажиллуулдаг, найдвартай айх зүйл байхгүй, итгэж болно” гээд байсан. Би өөрийн 5006548115 данснаас 1,500,000 төгрөг шилжүүлсэн ...” /хх 28/ гэх мэдүүлгүүд,

шүүгдэгч Г.У-ын ХААН банкинд эзэмшдэг 5100228006 тоот дансны хуулганы хуулбар /хх 52-56/,

шүүгдэгч Г.У-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 91/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Г.У- нь гадны улсын виз гаргаж өгнө гэх худал зарыг цахим орчинд байршуулж, улмаар зарын дагуу холбогдсон Ц.Ө-ыг “Чех Улсын элчин сайдын яаманд танилтай, 30 хоногийн дотор найдвартай виз гаргаж өгнө” хэмээн хуурч мэхлэн визний урьдчилгаа хэлбэрээр 1,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял оногдуулжээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдээр хэд хэдэн гэмт хэрэг болон хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмуудыг хуульчлахдаа шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг зохицуулалгүй орхигдуулсан байв.

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон ...” гэж нэмэлт оруулснаар дээрх асуудлыг нэг мөр зохицуулсан тул “... хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй учир үйлдлүүдийг нэгтгэн нэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж шийдвэрлэх нь зүйтэй ...” гэсэн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.  

Шүүгдэгч Г.У- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 179 дугаартай шүүгчийн захирамжаар энэ хэрэгт цагдан хоригдож /хх 95/, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөр ялыг тасалбар болгон тооцсон /хх 101/-оор 134 хоног буюу 4 сар 14 хоногийн ялыг эдэлж, 7 сар 16 хоногийн хорих ял үлджээ. Тэрээр 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс шийтгэх тогтоол гарсан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл нийт 255 хоног цагдан хоригджээ. Анхан шатны шүүх, шүүгдэгч Г.У-ын цагдан хоригдсон хоногийг “... 254 хоног ...” гэж 1 хоногоор дутуу бодсоныг эс тооцвол түүний эдлээгүй үлдсэн ялын хэмжээ болон цагдан хоригдсон хоногийг үндэслэлтэй тогтоосон байна.  

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан, эсхүл барагдуулахаа илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэлд хамаарах боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулах ялыг хөнгөрүүлэх, тэнсэх эсэхийг шийдвэрлэх учиртай. Шүүгдэгч Г.У- нь хувийн байдлын хувьд хоёр удаа залилах гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлж байсан атлаа үүнд дүгнэлт хийлгүй, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Харин анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг “... 1 жил хорих ял ...” гэж буруу бичсэн, тогтоох хэсгийн 5 дахь заалтад цагдан хоригдсон хоногийг “... 254 ...” гэж буруу тооцсон байх тул үүнийг дээд шатны шүүхээс зөвтгөн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... 1 жилийн хорих ял дээр ...” гэснийг “... 1 жил 2 сарын хорих ял дээр ...” гэж, тогтоох хэсгийн 5 дахь заалтын “ ... цагдан хоригдсон 254 /хоёр зуун тавин дөрөв/ хоногийг ...” гэснийг “... цагдан хоригдсон 255 /хоёр зуун тавин тав/ хоногийг...” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгч Г.У-, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ         

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН