Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2026/0439

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

     С.Ц-н нэхэмжлэлтэй

              захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Адъяасүрэн,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Нэхэмжлэгч:С.Ц

Хариуцагч: С дүүргийн Засаг дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 425 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2026/0213/З

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 425 дугаар шийдвэрээр:

            Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчС.Ц-н нэхэмжлэлтэй С дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргаснаар “С дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/50, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/91 тоот, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/118 тоот тушаалуудыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

2. Давж заалдах гомдлын агуулга:

2.1. “Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг хангалтгүй, дутуу цуглуулан үндэслэлгүй шийдвэр гаргасан. Шүүх хурал эхлэхэд хоёр тал хэрэгт ач холбогдол бүхий шинэ нотлох баримт гаргасан байхад шүүгч эдгээр нотлох баримтуудад дүгнэлт хийлгүй мөн талууд мэтгэлцэж дуусаад танхимаас гараад 1 минут бололгүй шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон нь шүүгч шүүх хуралдаанаас өмнө шийдвэрээ гаргачихсан байсныг харуулж байна.

Иймд давж заалдах шатны шүүгчид хурлын бичлэгийг татах хүсэлт гаргаж байна.

2.2. С дүүргийн Засаг дарга М.А тус дүүргийн 6, 8, 19, 2-р хорооны засаг дарга нарыг ажил тасалсан үндэслэлээр ажлаас халахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 ...Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх... зарчмыг ноцтой зөрчсөн.

2025 оны 2 дугаар сард С дүүргийн 9-р хорооны Засаг дарга ажилтан албан хаагчдынхаа их хэмжээний мөнгийг залилж аваад, Бүгд Найрамдах Солонгос улс руу мөрдөн байцаалтаас оргон зугтсан 9-р хорооны засаг дарга Г.Өнөртүвшинг ажлаас нь халаагүй мөртлөө дээрх Хороодын Засаг дарга нарыг 10 хоног ажил тасалсан худал баримт чадан, ядан цуглуулж 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс ажлаас нь халж эхэлсэн.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл 32 дугаар зүйлд заагдсанаар дээрх хорооны Засаг дарга нар ажлаа таслаагүй болох нь нотлогдсон. Арав хоногийн ажил тасалсан гэх 2-р хорооны Засаг даргаС.Ц нь 3 жилийнхээ ээлжийн амралтыг эдлээгүй учир байдлаа С дүүргийн Засаг дарга М.А-д хэлж ам чөлөө авсан үйл баримт хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгч энэ талаар дэлгэрэнгүй нотлох баримтад түшиглэн мэтгэлцсэн байхад дүгнэлт хийгээгүй.

2.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 9 ба 17-р хэсэгт

...9. Нэхэмжлэгч нийслэлийн Засаг даргад 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр маргаан бүхий актуудын талаар гомдол гаргасан байх бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 05-04/666 дугаартай албан бичгээр хариуг авч шүүхэд 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх боловчС.Цд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/50 дугаартай, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийнС.Ц сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/91 дугаартай захирамжуудыг тухайн үед нь мэдсэн хэдий ч хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, дүүргийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийнС.Ц-н төрийн албанаас халах Б/118 дугаартай захирамжтай маргах үедээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн шүүхэд нэхэмжлэл гаргана", 14.6-д энэ хуулийн 14.1-14.4-д заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргээлгэх хүсэлтэй холбогдох нотлох баримтын хамт тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээж болно" гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй

...17. С дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн "С.Ц-д сахилгын шийтгэл ноогдуулах тухай" Б/50 дугаартай, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн "С.Ц сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/91 дугаартай, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн "С.Ц-г төрийн албанаас халах Б/118 дугаартай захирамжууд нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д "Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлд тооцно" гэж зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байна ...” гэж тус тус үндэслэх хэсэгт дурдсан нь хууль хэрэглээний алдаатай шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөв.

2.4.С.Цд С дүүргийн Засаг дарга 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/50, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/91 дугаартай захирамжуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13-27 зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцогчийн эрхийг хангаагүй хирнээ сахилгын шийтгэл оногдуулжС.Цыг ажлаас нь халах урьдчилсан бэлтгэл ажил хийж Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 ...хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн... заалтад нийцүүлэх гэж оролдсон.

ИймдС.Ц дээрх захирамжуудыг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх заалтаар гомдол гаргасан баримт хавтаст хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж буруу тайлбарлав.

2.5. Хавтаст хэрэгт санхүүгийн баримтаар сар бүр цалингаа бүрэн авсан, ээлжийн амралт эдлээгүй баримтууд байхад цагийн цахим бүртгэлээр хариуцагчийн гүтгэсэн мэдүүлэгт үндэслэн ажил тасалсан гэж дүгнэсэн нь хууль бус.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 15....С дүүргийн салбар комиссын 1 дүгээр ажлын хэсгийн улсын үзлэгийн нэгдсэн дүнгээр тус дүүргийн 2 дугаар хороо 57,5 оноо авч "хангалтгүй" үнэлгээ авсан тул хариуцагч С дүүргийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т "Дээд шатын Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна", 64.2.5-д "энэ хуулийн 65.1.3-д заасан үндэслэлээр" 65 дугаар зүйлийн 65.1.3-д "Хууль тогтоомж, засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатын Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн" гэж зааснаар тус дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргаС.Цд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах боломжгүй байна... гэсэн нь үндэслэлгүй учир нь төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт ажпын зохион байгуулалтын улсын үзлэгийг Дүүргийн хэмжээнд зохион байгуулах салбар комиссын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэл ньС.Цыг ажлаас нь халах тавилттай жүжиг байсан.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйл Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, Засаг дарга огцрох 64.2.5 дах заалт 65 дугаар зүйлийн Бүх шатны Засаг даргад хариуцлага тооцох. ...65.1.3 хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга Ерөнхий сайд үзсэн... заалтад хамаарахгүй.

Хорооны зохион байгуулагч нь төрийн албаны болон архив албан хэрэг хөтлөлтийг төрийн албаны ажил байдлын тодорхойлолтонд зохион байгуулагч бүрэн хариуцан үүрэгтэй ажилтан. Гэтэл энэ албан тушаалтанг С дүүргийн Засаг дарга томилоогүй 3 жил болж ажил цалгардуулсан нь Дүүргийн Засаг дарга М.Аийн өөрийнх нь хариуцлаггүй үйлдэл болохоос биш дээрх төрийн албан хаагчыг томилох, чөлөөлөх эрхийг эдэлдэггүй хорооны Засаг даргаС.Ц-н буруу биш дээд шатны даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг хуулийн санкц бүр ч биш юм.

Иргэдийн нийтийн хурлаар томилогдон батламжлагдаад хорооны Засаг даргын ажлыг хоёр сонгуулийн циклээр улиран томилогдож ажиллаж байгаа улс төрийн албан тушаалтанг үүрэг гүйцэтгэгч гэж нэрлэн зохиомол сахилгын зөрчил үүсгэн ажпаас халж буй нь хууль бус.

2.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрт холбогдох өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч С.Ц-аас С дүүргийн Засаг даргад холбогдуулан “... С дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/50, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/91 дугаар, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/118 дугаар тушаалуудыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй басан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжС.Ц-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

4. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

4.1. С дүүргийн Засаг даргын маргаан бүхий 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/50 дугаар захирамжаар “... 2025 оны эхний хагас жилийн ирцийн бүртгэлийн тайлангаар ажлын 33 хоногийн цагийн бүртгэлээ бүртгүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй, удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй ажил тасалсан, нийт 138 минутын хоцролттой, ажлын цаг ашиглалт хангалтгүй ажилласан, мөн 2025 оны 04 дүгээр сарын 28, 05 дугаар сарын 01-ний өдрийн хорооны Засаг дарга, ЭМТ-ийн эмч нарын сургалт, үүрэг чиглэл өгөх хуралд оролцоогүй, Цэрэг татлагын байранд ирж үүргээ биелүүлээгүй, цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэдэд Батлан хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлээгүй зэрэг зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч С.Ц д нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

4.2. Мөн С дүүргийн Засаг даргын маргаан бүхий 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/91 дугаар захирамжаар “Дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Сүрэнжавын Цэрэнлхамд нийслэл, дүүргээс 2025 оны 08 дугаар сард өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүй” гэсэн үндэслэлээр үндсэн цалинг 20 хувиар нэг сарын хугацаагаар хасах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

4.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд С дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн илтгэх хуудсаар “... цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн үзлэгийг 2025 оны 05 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд зохион байгуулсан. С дүүрэг 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татах ажлыг зохион байгуулахад 2 дугаар хорооны Засаг дарга С.Ц ... сургалтад хамрагдаагүй. Мөн цэрэг татлагын товчооны дарга Ө.Энхбаяр 05 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагт цэрэг татлагын товчооны бие бүрэлдэхүүнтэй семинар зохион байгуулж, үүрэг чиглэл өгөхөд ирээгүй, ... 5 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд 2 дугаар хорооны Засаг дарга С.Ц ... хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Цэрэг татлагын байранд ирж үүрэг гүйцэтгээгүй, цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэдэд Батлан хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлээгүй” гэсэн илтгэх хуудсыг дүүргийн Засаг даргад танилцуулсан болох нь тогтоогдож байна.

4.4. Мөн цаг бүртгэлийн системд нэхэмжлэгч С.Цыг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 10 хоног тасалж, 312 цаг хоцорсон гэж бүртгэгдсэн байх бөгөөд хэрэгт авагдсан С дүүргийн Ахмадын хорооны 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаартай албан бичигт “... 2025 оны 08 дугаар сарын 25-28-ний өдөр болон 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зохиогдсон 9 дүгээр их наадамд, гранд гольфийн нээлттэй тэмцээнд дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч С.Ц нь өөрийн биеэр очиж дэмжлэг үзүүлсэн”, С дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичигт “... хорооны даргаС.Ц нь зам тээврийн ослын нөхцөл байдлыг сонсох ажиллагаанд /2025 оны 9 дүгээр сарын 24/ оролцсон”, С дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/155 дугаартай албан бичигт “... дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Ц нь 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Хуль зүй, төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хуралд оролцсон” гэдгийг тодорхойлсон байна.

4.5. Харин дээрх баримтуудаас өөр баримт авагдаагүй байх бөгөөд үлдсэн хоногуудад ямар шалтгаан нөхцөлийн улмаас ажилдаа ирээгүй болох нь тодорхойгүй, энэ талаар нэхэмжлэгчээс ажил тасалсан гэсэн үндэслэлийг үгүйсгэж мэтгэлцээгүй, мөн холбогдох баримтыг шүүхэд гаргаагүй, аливаа баримтын эх сурвалжийг зааж маргаагүй байна.

4.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж тус тус заасан.

4.7. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхэд нэхэмжлэлийн үндэслэлийн талаар нотлох баримтаа гаргаж өгөх, гаргаж өгөх боломжгүй бол түүний эх сурвалжийг заах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс өөрт байгаа баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь, мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүргээ биелүүлээгүй байдал нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүхээс нотлох баримт цуглуулаагүй” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

4.8. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1-д “орь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэж заасан.

4.9. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд С дүүргийн Засаг даргын маргаан бүхий 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/50, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/91, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/118 дугаар захирамжуудтай холбогдуулан сонсох ажиллагааны мэдэгдлийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус тус хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс тухай бүр сонсох ажиллагааны талаарх хариу тайлбарыг өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

4.10. Мөн С дүүргийн Засаг даргын маргаан бүхий 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/118 дугаар захирамжаар “Дүүргийн 2 дугаар хорооны засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Ц-г улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийн дүнгээр 57.5 оноо авч хангалтгүй ажилласан, … 2025 оны 03 дугаар улирлын ажлын цаг бүртгэлийн тайлангаар 10 өдөр ажил тасалсан,312 минут хоцорсон, 17 удаа бүртгэл дутуу, гадуур ажлын бүртгэл хөтлөөгүй, цаг ашиглалт хангалтгүй, … сахилгын зөрчил удаа дараа давтан гаргасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчС.Цыг төрийн албанаас халсан нь буруу биш байна.

4.11. Тодруулбал, хэрэгт авагдсан Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг дүүргийн хэмжээнд зохион байгуулах салбар комиссын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэл, С дүүргийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/608 дугаар захирамжийн хавсралтаар С дүүргийн 2 дугаар хороо нь архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгээр 1000 онооноос 560 оноогоор үнэлэгдэж, 57.5 хувиар үнэлэгдсэн болох нь тогтоогдож байна.

4.12. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд төрийн албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгүй бол сахилгын шийтгэлгүйд тооцох бөгөөд нэхэмжлэгч 2025 оны 06 дугаар сарын 06, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд тус тус сахилгын шийтгэл хүлээсэн, тус тушаалуудтай холбогдуулан 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө маргаж байгаагүй байх тул энэ хугацаанд нэхэмжлэгчийг сахилгын шийтгэлтэй байсан гэж үзэхээр байна.

4.13. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.1.4-т “төрийн албанаас халах”, 48.4-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заасан.

4.14. Энэ тохиолдолд хариуцагчаас 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/118 дугаар захирамжаар нэхэмжлэгчС.Цд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухайн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.4-т заасанд нийцсэн байх тул хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

4.15. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчС.Цаас хариуцагч С дүүргийн Засаг даргын маргаан бүхий 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг Б/50, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/91 дүгээр захирамжуудтай холбогдуулан 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө огт маргаж байгаагүй.

4.16. Харин 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/118 дугаар захирамж гарсны дараа нэхэмжлэгчээс өмнөх тушаалууд болох 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг Б/50, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/91 дүгээр тушаалууд мөн сүүлд гарсан Б/118 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргасан байна.

4.17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана”, 14.6-д “Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээж болно” гэж заасан.

4.18. Энэ тохиолдолд маргаан бүхий актуудад гаргасан гомдлыг дээд шатны захиргааны байгууллагаас хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзээгүй, мөн анхан шатны шүүхээс маргаан бүхий 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг Б/50, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/91 дүгээр тушаалуудыг нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй, хэрэг үүсгэн шалгаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...С.Ц маргаан бүхий захирамжуудыг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан байхад анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн ...” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

4.19. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс “... үүрэг гүйцэтгэгчээр томилсон” гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Засаг даргын ажлыг хоёр сонгуулийн циклээр улиран томилогдож ажиллаж байгаа улс төрийн албан тушаалтанг үүрэг гүйцэтгэгч гэж нэрлэн зохиомол сахилгын зөрчил үүсгэн ажлаас халсан” гэсэн гомдолд шүүхээс дүгнэлт хийх үндэслэлгүй болохыг тэмдэглэв.

4.20. Харин анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх боловч Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар “... 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/118 тоот тушаалуудыг ...” гэж маргаан бүхий 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/118 дугаар захирамжийн огноог буруу бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 425 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ... 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/118 тоот” гэснийг “... 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/118 тоот ...” гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ШҮҮГЧ                                                                    З.ГАНЗОРИГ

  ШҮҮГЧ                                                                     Б.АДЪЯАСҮРЭН

   ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ