Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0186

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0211/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Төмөрчөдөр, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, 
Шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***, ***нарт холбогдох 201509000293 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

    Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.    Монгол улсын харъяат,  -ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, *** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн гэх ***/,
2.    Монгол Улсын харъяат, 1 -ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дархан-Уул аймаг, *** тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй, *** ХХК-д ажилладаг алтны хайгуулчин ажилтай, урьд 2000 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймаг дах Сум дундын шүүхийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймаг дах сум дундын шүүхийн   дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 1,856,250 төгрөгөөр торгох ял, 2003 онд Дархан Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 1 жил тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх ***/, 

Шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2015 оны 04 дүгээр сарын 18-наас 2015 оны 04 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Дархан сумын 7-р баг Түлээтийн 2-77 тоот иргэн ***гийн гэрээс мөнгөн аяга, зэс аяга, усны сав зэрэг эд зүйлс хулгайлж 320.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “ ... 2015 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө 23 цагийн орчим иргэн ***гийн гэрийн цагаан өнгөтэй зүүдэг цоожийг нарийн урт төмрөөр *** эвдээд бид хоёр орж усны пошикыг нь авах гээд усыг нь юүлээд байж байхад *** шургуулганаас 2 зэсэн аяга, 1 мөнгөн аягыг аваад манайд очиж хоноод маргааш нь зах ороод барьж явж байгаад 100.000 төгрөгөөр мөнгөн аягыг алт мөнгөний дарханд би зарсан, усны савыг айлын хашаанд үлдээсэн, зэсэн аягын 2-г 7000 төгрөгөөр зараад архи авч уусан.,,,,”  гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... 2015 оны 04 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө төрсөн эгч ***гийн гэрт ороод мөнгөн аяга-1, зэсэн аяга-2, бөгж, гуулин цохилуур, малтуур  зэргийг аваад тэр оройноо гарч ***ынд хоноод маргааш нь зах гарч мөнгөн, аяга, зарсан цохилуурыг нь миний халаасанд явж байгаад хаягдсан байсан. Усны савыг нь буцаагаад өгчихсөн ” гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ. /хавтаст хэргийн 8 дахь тал/, 

Яллагдагч ***ийн сэжигтнээр болон яллагдагчаар хэргээ
хүлээн мэдүүлсэн: ”... Би 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр удаан нөхөрлөж байгаа найз ***дтой Дархан сумын 7-р баг Дархан зах дээр уулзаад архи уусан. Нийт 2 шил 0.75 литрийн архи уусан байсан. Тэгээд орой нь 22 цагийн үед мөнгө олж архи уумаар санагдаад ***той хамт Дархан сумын *** тоот өөрийн төрсөн эгч ***ийн гэрт очсон. Би түүнийг түлээт 2-*** тоотдоо байдаггүйг нь мэдэж байсан юм. Тэгээд гэрийнх нь гадаа очоод цоожийг нь хашаан дотор байсан нарийн арматур төмрийн тасархайгаар хөшиж эвдэж онгойлгоод гэрт нь ороод 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг зэс аяга, хугархай өрөөсөн мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, гуулин гаансны цохиур, малтуур, 160 литрийн цэнхэр өнгийн усан сав зэрэг  эд зүйлийг хулгайлсан. Би мөнгөн аяга, ээмэг зэргийг авсан. *** усны савыг дотор нь байсан усыг тогоон дотор юүлээд авсан юм” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/, 

Яллагдагч ***ын сэжигтнээр болон яллагдагчаар хэргээ
хүлээн мэдүүлсэн: ”... Би 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр найз ***тай хамт Биржийн ард явж байгаад ***н манай эгчийнд очьё гээд бид 2 ***гийн эгчийнд очсон, тэгтэл эгчийнх нь хаалга цоожтой байсан. Тэгтэл *** цоожийг нь эвдээд орчихьё гээд нарийн урт төмрөөр, цоожийг нь эвдсэн. Тэгээд гэр дотор ороод усны сав, зэс аяга, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг нь аваад бид 2 гарч явсан. Авсан эд зүйлээ бид 2 манайд байлгаж байгаад Бирж дээр очиж Алт мөнгөний дарханд мөнгөн аягыг нь 100.000 төгрөгөөр зарсан. Харин зэс аягыг нь хүнд өгөөд зарчих гэсэн юм. Яг ямар хүн гэдгийг сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Дархан сумын 7-р баг Түлээт 2-77 тоот хашаа байшингаа 3 хоноод 1 удаа очиж эргэдэг юм. Хамгийн сүүлд 2015 оны 04 дүгээр сарын 18-ны орой манай нөхөр Батжаргал ганцаараа хашаа байшин дээр очиж эргэчихээд ирэхдээ зүгээр байна гэж хэлээд ирсэн юм. Тэгтэл маргааш нь буюу 2015 оны 04 дүгээр сарын 19-ний орой 20 цаг өнгөрч байхад Дархан сум 7-р баг түлээт 2-77 тоот хашаа байшин дээрээ очиж үзтэл манай байшингийн хаалганы цоож эвдэрчихсэн байхаар нь гайхаад ортол пийшингийн хажууд байсан 160 литрийн усны цэнхэр сав, үүдний өрөөний тавилгын дээд шургуулганд байсан гар хийцний дунд гарын мөнгөн аяга-1 ширхэг, эртний хийцтэй гуулин гансны гинж тоноглол зэрэг эд зүйл алдагдсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/, мөн мөрхдөн байцаалтын шатанд 2015 оны 7-р сарын 1-ний өдөр дахин байцаалтад өгсөн: ...” зэс аяга зэрэг нь үнэд хүрэхгүй эд үйл болохоор нь үнэлээгүй юм, миний төрсөн дүү болохоор бусад эд зүйлийг нь орхисон юм, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, алдагдсан эд зүйлээ олоод авсан ... гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 70 дахь тал/

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: ”... Би Буян захын үүдэнд хувиараа алт мөнгөний дархан хийдэг юм. Тэгээд би 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө ажил дээрээ байж байтал манай хамаатан Боргио /***/ гэх залуу нэг намхан, доголон хөлтэй, бор царайтай залуутай хамт орж ирээд Улаанбаатар хот явах зардлын мөнгө хэрэгтэй байна гээд хамт яваа залуугийн бор өнгийн даавуун цүнхнээс дунд гарын хуучин мөнгөн аяга ирээд зарах гэсэн юм гээд байсан. Тэгэхээр нь би 80.000 төгрөгөөр авъя гээд тэр аягыг нь 80.000 төгрөгөөр худалдаж авсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

Шүүгдэгч ***, *** нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 55 дахь тал/, 

Шүүгдэгч ***ийн 2000 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 223 дугаартай 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 375 дугаартай тус тус таслан шийтгэх тогтоолууд /хавтаст хэргийн 57-59 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн болон бусад баримтуудаар шүүгдэгч ***, *** нар нь 2015 оны 04 дүгээр сарын 18-наас 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг шилжих шөнө Дархан сумын 7-р баг Түлээтийн 2-77 тоот иргэн ***гийн гэрээс мөнгөн аяга, зэс аяга, усны сав зэрэг эд зүйлс хулгайлж 320.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас газраас түүний үйлдлийг зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ***, *** нарыг бүлэглэн агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Хохирогч ***д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “надад ***, *** нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэсэн байх тул /хэргийн 121 дэх тал/ шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгч *** нь урьд 2000 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймаг дах Сум дундын шүүхийн 223 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дархан сум дундын 375 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 1,856,250 төгрөгөөр торгох ял, 2003 онд Дархан сум дундын шүүхээр Эрүүгийн хууийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 1 жил тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар ялтайд тооцогдох хугацаа өнгөрсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрийг барагдуулахад дэмжлэг үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх боломжтой гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч нар нь өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулаагүй болно.
 
Шүүгдэгч ***ы энэ хэрэгт цагдан хоригдсон 44 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч *** нь энэ хэрэг цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.    ***нарыг бүлэглэн, орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр ***д 2 жил 6 сар /хоёр жил зургаан сар/, эд хөрөнгө хураахгүйгээр *** 2 жил 1 сар /хоёр жил нэг сар/ хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ***ы цагдан хоригдсон 44 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 
5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***д оногуулсан 2 жил 6 сар, шүүгдэгч ***од оногдуулсан 2 жил 1 сар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус тус 2 жил /хоёр жил /-ийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***, *** нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***, *** нарт мэдэгдсүгэй.
7.    Шүүгдэгч ***, *** нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
8.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    
9.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, *** нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ГЭРЭЛТ-ОД