Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 310

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багт оршин суух, Х овогт Х.Б-н хүсэлттэй, 

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: “...Миний бие Х.Б 1986 оны 02 дугаар сард хугацаат цэргийн албанаас халагдан ирж 1986 оны 04 дүгээр сараас эхлэн Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчинаар орж ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал бичигдсэн учраас энэ он хүртэл тогтоолгох гэсэн боловч 1994 оны 08 сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал маань байгаа тул 1986 оны 04 дүгээр сараас 1994 оны 08 дугаар сарын 31-нийг хүртэл малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. 1990 онд хувьчлал болоод компани болж байсан. Цэргээс 1986 оны 02 сард ар гэрийн гачигдлаар халагдаж ирээд 4 сард ажилд орж байсан...” гэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Б нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Х.Б нь Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд 1986 оны 04 сарын 01-нээс 1994 оны 08 сарын 31-ний өдөр  хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан  Дорноговь аймаг Засаг Даргын Тамгын газар Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, гэрч Г.М, Г.Б нарын тодорхойлолт болон гэрч Г.Б-н “...Х.Б нь цэргээс халагдаж ирээд буюу 1985 оноос Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ-Амьдрал нэгдэл”-ийн, Их-Уул бригадад анх малчин болж байсан. Тухайн үед ээж О, аав Х-н хамт 3-уулаа амьдардаг байсан. Тэд бог, бод мал ээлжлэн малладаг байсан. Х.Б нь одоог хүртэл хувийн мал аж ахуйгаа эрхэлсээр байгаа...” гэсэн, гэрч Г.М-н “...Х.Б нь цэргээс халагдаж ирээд буюу 1985 оноос Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ-Амьдрал нэгдэл”-ийн, Их-Уул бригадад анх малчин болж байсан. Намайг сургуульд байхад Х.Б-тай манайх хөдөө саахалт айл байсан. Х.Б-х голдуу бог мал малладаг байсан. Бид саахалт айл байсан учраас бие биенийхээрээ орж гарч малаа хүртэл хамт усалж бэлчээрт нь гаргадаг байсан. Би гэр бүлийнхэн болох аав Х, ээж О нарын хамт амьдарч байхыг нь бол сайн мэднэ....” гэсэн мэдүүлгүүд, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилт, Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал ББХ компаний захирлын 1994 оны 11 сарын 28-ны өдрийн 53 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Х.Б нь 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаанд 1994 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгохоор шаардлагаа өөрчилсөн бөгөөд Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал ББХ компаний захирлын 1994 оны 11 сарын 28-ны өдрийн 53 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын 1-т Ардын аж ахуйтан болох нэр бүхий хүмүүсийг 1994 оны 08 сарын 31-ний өдрөөс 1-р хавсралтаар  малчинаас чөлөөлсүгэй гэсэн байх ба хүсэлт гаргагч Х.Б нь хавсралтаар 186 дугаарт, гэрчээр мөдүүлэг өгсөн Г.Б 113 дугаарт, Г.М 114 дугаарт бичигджээ. Иймд Х.Б-н хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Х.Б-г Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд 1986 оны 04 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Х.Б-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.Н