Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2015 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0208

 

     

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                 Хэргийн индекс: 171/2015/0232/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж 
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, 
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***, *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000461 дугаартай хэргийг 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, 1 -ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх 2 дүүгийн хамт Орхон аймгийн *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***, 

Монгол Улсын иргэн, 1 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Орхон аймгийн *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***, 

Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн согтуугаар 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар баг Эрдэнэс плаза төвийн ДиДи бааран дотор иргэн ***ын цүнхэнээс I phone 5-S gold маркийн гар утас, самсунг маркийн гар утас, бэлэн 9000 төгрөг хулгайлж нийт 559 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

                                                             Тодорхойлох нь:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 18-ны орой Эрдэнэтээс ***, *** нарын хамт Дарханд болох шоу үзэхэр ирсэн. 19-ний орой ДД бааранд ... согтууруулах ундаа хэрэгсэлсэн үедээ тэнд байсан эмэгтэй ширээнд  орхисон цүнхийг авч дотроос нь 2 ширхэг гар утас, хэдэн задгай мөнгө байсанг аваад гар утсыг нь ***д дамжуулж өгөхөд тэр аваад гараад явсан. Тэгээд нэг мэдлсэн хамгаалагч ирээд намайг бариад авсан” гэх мэдүүлэг /хэргийн 66 дугаар хуудас/,

 Шүүгдэгч ***ий шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ДД бааранд шоу үзэх гээд тэнд сууж байхад *** ширээн дээр орхисон эмэгтэй хүний цүнхнээс гар утас аваад өгөхөд нь би аваад буудалд байхдаа баригдсан. Тэр гар утас нь I phone-5 S gold маркийн гар утас байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 73 дугаар хуудас/,

             Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ДиДи бааранд 22 цагийн орчим орсон. Ороод зүүн гар талын доод эгнээний цаад талаасаа 2 дахь ширээнд сууцгаагаад захиалгаа өгөөд цүнх юмнуудаа ширээн дээр тавьчихаад талбай дээр гарч бүжиглэж байсан. Нэг их удаагүй 10 орчим минут болж байтал хамгаалагч гэх залуу дуудаад байхаар нь харахад миний цүнх түрийвч хоёрыг барьчихсан байсан. Очиход энэ таных мөн үү гэсэн, та юмаа бүрэн байна уу үзээч гэсэн,тэгэхээр нь би бүртгэж үзэхэд цүнхэн дотор байсан түрийвчнээс задгай мөнгө 5000 1 ширхэг, 1000 төгрөг хэдэн ширхэг нийт 9000 орчим төгрөг байсан. I phone-5 S gold гар утас, самсунг гар утас зэрэг зүйлүүд байхгүй болсныг хэлсэн. Тэгэхэд хамгаалагч миний цүнхийг уудлаад сууж байсан гэх хажуудаа байсан залууг нэгжиж үзэхэд миний 9000 төгрөг, жижиг самсунг маркийн гар утас 2 түүний биенээс гарч ирсэн. I phone-5 S gold гар утас байхгүй байсан...” гэх мэдүүлэг / хэргийн 11-13 дугаар хуудас/, 
         
             Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хүн нилээд цугларсны дараа би доошоо заал руу ороход нөгөө Эрдэнэтийн банди нарын нүдний шилтэй жижиг банди нь надтай зөрөөд гарсан. Тэгээд заалаа хараад зогсож байтал манай нэг хамгаалагч, дээр нэг хүн хүний цүнх ухаад байх шиг байна гэхээр нь харахад нэг шивээстэй  халзан банди өөрийнхөө сууж байсан ширээнд нэг юм ухаад сууж байсан. Тэгэхээр нь явж очоод шалгахад жижигхэн эмэгтэй хүний цүнх ухаад байж байхаар нь хөөе чи юу хийж байга юм бэ гэж цүнхийг нь авахад юм хэлээгүй, шал согтуу байсан. Тэгэхээр нь харалдаа доод талд байсан 3 эмэгтэйгээс очоод асуухад нэг нь миний цүнх байна гэсэн, учрыг нь хэлээд юмаа бүртгэ гэхэд 2 ширхэг гар утас хэдэн задгай мөнгө байсан алга байна гэсэн. Тэгэхээр нь тэр ухаж байсан бандийн биед үзлэг хийхэд өмдний арын кармаанаас... хэдэн задгай мөнгө гэрч ирээд, урд халааснаас самсунгийн жижиг  гар утас гарч ирсэн. Нөгөө надтай зөрөөд гарсан бандийг араас нь нөгөө утсыг нь авсан байх гэж бодоод гарахад байхгүй байсан. Олдсон мөнгө, утсыг хохирогчид өгсөн...” гэх мэдүүлэг / хэргийн 39 дүгээр хуудас/, 

       Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***тай хамт ирсэн 2 банди дотор суугаад үлдсэн, ***, Пүрэв-Очир бид 3 гадаа байж байгаад найз нь ирээд машинтай юманд явчихаад эргээд ирсэн. Тэгэхэд цагдаа ирчихсэн нөгөө 2 бандийн нэгийг нь барьчихсан цүнхнээс гар утас хулгайлсан гэж хэлээд аваад явсан. Тэгээд бид 3 эргээд буудал руугаа очиход нөгөө банди нь ганцаараа өрөөндөө ирчихсэн байж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 43 дугаар хуудас/

     Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бүжиглэж байгаад 10 гаруй минутын дарааа эргээд иртэл энэ өөрийн чинь цүнх мөн үү гээд Мартын цүнхийг бариад зогсож байсан. Хажууд нь жижиг бор банди нилээн согтуу хөл дээрээ тогтож ядаад зогсож байсан. Март цүнхээ шалгаад үзэхэд 2 гар утас, түрийвч нь байхгүй байсан. Тэгээд хамгаалагч нь нөгөө бандийг нэгжээд үзэхэд нэг гар утас түрийвчтэй нь гарч ирсэн. I phone-5 S gold гар утас байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 45 дугаар хуудас/

    Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баар хаахаар нь буудалдаа очиход *** буудалдаа байсан. *** надад хүний гар утас аваад ирсэн гэж ярьж байсан. Наад утсаа буудлын ресепшинд буулгаж өг эзэн нь ирээд авна биз гэж хэлээд загнасан. *** бид 2 унтаж байхад өглөө цагдаа нар ирээд ***өөс гар утас гаргаж аваад цагдаа дээр авч ирсэн. Цагдаа буудалд ирээд гар утсыг авахад I phone-5 S gold маркийн гар утас байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 48 дугаар хуудас/

    Эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 11-13 дугаар хуудас/

    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 79, 80 дугаар хуудас/ зэрэг болно.

           Шүүгдэгч ***, *** нар нь насанд хүрээгүй байхдаа бүлэглэн согтуугаар 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар баг Эрдэнэс плаза төвийн ДиДи бааран дотор иргэн ***ын цүнхэнээс I phone 5-S gold маркийн гар утас, самсунг маркийн гар утас, бэлэн 9000 төгрөг хулгайлж нийт 559 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан шүүгдэгч ***, *** нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч *** /хх 11-13 дугаар хуудас/, гэрч *** /хх 39 дүгээр хуудас/, гэрч  *** /хх 45 дүгээр хуудас/, гэрч *** /хх 48 дугаар хуудас/ нарын мэдүүлэгүүд, эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг  нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

     Шүүгдэгч ***, *** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой бүх асуудлыг шинжлэн судалсан болно. 

 Иймд шүүхээс шүүгдэгч ***, *** нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв. 

Харин шүүгдэгч нарын хөрөнгийн байдал, хувьд оногдох эд хөрөнгө зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй болно.
 
       Шүүгдэгч ***, *** нарт ял оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.7, 55.1.9-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан согтуурсан  үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

Шүүгдэгч ***, *** нараас хохирогч хохирлоо бүрэн авсан нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь бичгийн баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.          

 Шүүгдэгч ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж хянан харгалах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Шүүгдэгч ***, *** нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ***ий нокиа маркын 7350 загварын гар утас, шүүгдэгч *** нокиа С8i загварын гар утас битүүмжилсэн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1709, 1710 /хэргийн 14-17 дугаар хуудас/ тогтоолоор авсан   арга  хэмжээг  цаашид хэрэглэх  шаардлагагүй гэж үзсэн тул  тогтоолуудыг хүчингүй болгохоор  шийдвэрлэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:          
                                                                
    1. Шүүгдэгч ***, *** нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр ***г 2 жил /хоёр жил/,   ***ийг 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 2 жилийн хорих ял, ***д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус бүр жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар              ***, *** нарт тус бүр оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж,                 ***г 1 /нэг/ жилийн хугацаагаар, ***ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д заасныг баримтлан 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1709, 1710 дугаартай хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, ***, *** нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***, *** нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

     8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, *** нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                                   
                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.МӨНХТУЯА