Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 71

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч: Х.Цолмонбаатар, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /0165/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Хишигдэмбэрэлийн Цолмонбаатарт холбогдох эрүүгийн 2016 2400 1050 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Металл судлалын 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 5 эцэг, эх, эгч, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 3 дугаар гудамж 117б тоотод оршин суух,

 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн 44 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 1 жил 6 сар хорих
ялаар шийтгүүлэн, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар ТА 95040112, Монгол овогт Хишигдэмбэрэлийн Цолмонбаатар.

           

Шүүгдэгч Х.Цолмонбаатар нь урьд ял шийтгэгдэн тэнсэнтэй байх хугацаандаа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 07 цаг 02 минутын орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг, Төмөр замын төв буудлын арын замд “Ниссан куб” маркийн, 41-37 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Хьюндэй каунти” маркийн, 15-70 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Д.Батмөнхөд 593 000 төгрөгийн шууд, 757 000 төгрөгийн нийт, Ж.Боролдойд 740 000 төгрөгийн шууд, 995 000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулан,

 мөн дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Х.Цолмонбаатар мэдүүлэхдээ:

2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр найз М.Мөнх-Эрдэнийнд очиж хоноод, 16-ны өглөө дотор бачимдаад байхаар эрт сэрсэн. Тэгээд “гарч агаар амьсгалъя” гэж найздаа хэлэхэд тэр намайг “замаараа машин халаачих” гээд түлхүүрээ өгсөн. Би машиныг нь халаагаад цааш явж, тамхи аваад ирье гэж бодон, машиныг нь унаад Вокзалын тийшээ явсан. Тэгээд урдаа байсан приус маркийн машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийтэл жолоодлогоо алдаад “Хьюндэй каунти” маркийн машины араас гулгаад орсон. Би тэнсэнтэй байсан болохоор цагдаад осол болсон талаар мэдэгдвэл шууд хоригдоно гэж бодоод айсандаа гэрийнхэндээ хэлэх гэж явсан. Тэр үед надад утас байхгүй байсан.  Тэр үедээ би өөрийгөө хэргийн газраас зугтаасан гэж бодоогүй. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Эхлээд найз М.Мөнх-Эрдэнэтэй уулзаад, дараа нь гэрийнхэнтэйгээ уулзаж мөнгө зохицуулахаар явсан. Осол гарснаас хойш ойролцоогоор 5-6 хоногийн дараа Мөнх-Эрдэнэтэй хамт байцаагч дээр очсон. Манай аав, ээж тэтгэврээ аваад хохирлыг төлсөн. Би хохирогч, иргэний нэхэмжлэгч нартай уулзаж, уучлалт гуйсан. Намайг жолооны курст сурч байхад зам тээврийн осол гаргасан газраасаа явж болохгүй талаар заасан боловч тухайн үедээ би мартсан байсан. Би 4 дүгээр курсэд суралцдаг, оюутан. Эхнэр минь удахгүй төрөх гэж байна. Миний амьдралыг шийдэх мөч ирж байна. Энэ хэрэг миний хууль, дүрэм мэдэхгүй байдал, хайхрамжгүй зангаас болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч-Д.Батмөнх мэдүүлэхдээ:

...Г.Баасанжаргал нь миний хадам дүү буюу миний эхнэрийн төрсөн дүү нь байгаа юм. Би 15-70 УБП улсын дугаартай, “Хьюндэй каунти” маркийн автомашиныг Г.Баасанжаргалд түрээслэн, ажил үйлчилгээнд гаргадаг. Миний автомашинд үнэлгээгээр 757 000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Би энэ мөнгөө бүрэн гүйцэд төлүүлээд авсан гэжээ. (хэргийн 18 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч-Ж.Боролдой мэдүүлэхдээ:

...Автомашинд учирсан хохирлоо төлүүлээд авчихбал гомдол, санал гэх зүйл алга гэжээ. (хэргийн 23 дугаар хуудас)

 

           Мөрдөн байцаалтад гэрч-Г.Баасанжаргал мэдүүлэхдээ:

...Би хүргэн ах Д.Батмөнхөөс 15-70 УБП улсын дугаартай, “Хьюндэй каунти” маркийн автобусыг түрээслэн Вокзал-Цагаан даваа чиглэлд хүн тээвэрт явдаг юм. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 07 цагийн үед Вокзалаас зорчигч суулгаад Цагаан даваа явах санаатай цагаа хүлээгээд вокзалын арын зүүнээс баруун тийш чиглэлтэй “Ган зам” хүнсний дэлгүүрийн зүүн талын автобусны зогсоол дээр ороод зогсож байтал миний автобусны арын буфер хэсэг рүү автомашин мөргөх шиг болохоор нь буугаад хартал цагаан өнгийн, 41-37 УБӨ улсын дугаартай, “Ниссан куб” маркийн автомашин автобусны арын буфер хэсгийн гол хэсэг рүү мөргөөд зогсчихсон байсан. Ингээд би тухайн автомашины баруун талаар нь жолоочийн хаалгыг онгойлгоод жолоочид нь хандан “чи яаж байна” гэж хэлэхэд,  автомашины жолооч залуу “ахаа, би сая автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд буцаад урсгал руугаа орохдоо дарж амжилгүй, таны автобусыг мөргөчихлөө” гэж хэлсэн. Уг автомашины жолооч нь 20 орчим насны эрэгтэй хүн байсан ба өөрийн жолоодон явсан автомашинаасаа бууж ирээд автобусны гэмтэл болон өөрийнхөө жолоодон явсан автомашины гэмтлийг харчихаад “ахаа, манай гэр эндээс ойрхон, би гэрийнхэндээ хэлчихээд, эргээд ирье” гэхээр нь би “юу гэж чамайг явуулдаг юм бэ, байж бай” гээд цагдаад дуудлага өгчихөөд нөгөө залуу руугаа харахад үгэнд орсон шинжтэй хажууд зогсож байсан. Тэгэхээр нь арай зугтчихгүй байх гэж бодоод өөрийн автобусны хойд буферын доод талыг тонгойж харж байхад нөгөө залуу өөрийнхөө жолоодон явсан автомашины зүүн талаар тойроод явж байгаа харагдсан. Тэгээд би эргээд босоод ирсэн чинь нөгөө залуу алга болчихсон байсан гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ:

...2016 оны 11 дүгээр сарын 15-ны орой манай гэрт Х.Цолмонбаатар ирж хоносон. Ингээд өглөө эрт би гарч машинаа асаах гэхэд Х.Цолмонбаатар “найз нь тамхи авангаа, машиныг чинь асаачихаад ороод ирье” гэхээр нь би 41-37 УБӨ улсын дугаартай, “Ниссан куб” маркийн автомашиныхаа түлхүүрийг өгөөд гаргасан.  Х.Цолмонбаатар гарч явснаас хойш 1 цаг гарангийн дараа эргэж орж, ирээд “машин халаачихлаа” гэж хэлсэн. Тэгээд байж байтал “Баянгол дүүргийн замын цагдаагаас ярьж байна, чи зам тээврийн осол гаргачихаад машинаа хаяад зугтаасан байна” гэсэн. Тэгэхээр нь би “Х.Цолмонбаатар гэдэг манай найз жолоодон явсан, одоо миний хажууд байна” гэж хэлэхэд наад хүнийгээ дагуулаад Баянгол дүүргийн замын цагдаагийн тасаг дээр ирж уулз гэж хэлсэн. Ингээд би Х.Цолмонбаатараас “юу болсон юм бэ” гэхэд “найз нь сая машинтай мөргөлдчихсөн, би өөрөө тэнсэн харгалзах ялтай байгаа учраас зугтаачихсан” гэж надад хэлсэн. Тэгээд найз нь гэр лүүгээ яваад мөнгө төгрөг зохицуулчихаад ирье гээд алга болчихсон гэжээ. (хэргийн 32 дугаар хуудас)

 

Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 213 тоот дүгнэлтэд:

1. “Ниссан куб” маркийн, 41-37 УБӨ улсын дугаартай автомашины жолооч Х.Цолмонбаатар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 8.11 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. “Хьюндэй каунти” маркийн, 15-70 УБП улсын дугаартай авдтомашины жолооч Г.Баасанжаргал нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэжээ. (хэргийн 49, 50 дугаар хуудас)

Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч. (хэргийн 7-9 дүгээр хуудас)

 

Ашид билгүүн ХХК-ий автомашины эвдрэл, хохирлын үнэлгээнд:

...“Хьюндэй каунти” маркийн 15-70 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 593 000 төгрөгийн шууд, 757 000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэжээ. (хэргийн 37, 38 дугаар хуудас)

 

Тэнцвэр Эстимэйт ХХК-ий автомашины эвдрэл, хохирлын үнэлгээнд:

...“Ниссан куб” маркийн, 41-37 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 740 000 төгрөгийн шууд, 995 000 төгрөгийн нийт хохирол учирсан гэжээ. (хэргийн 41, 42 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Х.Цолмонбаатар нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлэн, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 61 дүгээр хуудас)

 

             ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Х.Цолмонбаатар нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д  зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар харгалзах  хугацаанд  2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 07 цаг 02 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын төв буудлын арын замд “Ниссан куб” маркийн, 41-37 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Хьюндэй каунти” маркийн, 15-70 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, иргэний нэхэмжлэгч Д.Батмөнхөд 757 000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ж.Боролдойд 995 000 төгрөгийн гэм хохирол учруулаад,

 мөн дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Батмөнх, Ж.Боролдой, гэрч Г.Баасанжаргал, М.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг, Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 213 тоот дүгнэлт, автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Х.Цолмонбаатарын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоожээ.  

Х.Цолмонбаатарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгчийг зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй.

 

Х.Цолмонбаатар нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлэн, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан ялтай байхдаа шинээр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Х.Цолмонбаатарт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг нэмж, нэгтгэн шүүгдэгч Х.Цолмонбаатарын биечлэн эдлэх ялыг 2 жилээр тогтоолоо.  

 

Х.Цолмонбаатар нь иргэний нэхэмжлэгч Д.Батмөнх, Ж.Боролдой нарт учирсан гэм хорын хохирлоо төлсөн болно.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.