| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2015/0229/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0209 |
| Огноо | 2015-09-03 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0229/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Т.Энхжаргал, Ж.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Иргэдийн төлөөлөгч .**
Улсын яллагч Аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Булган нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000381 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 3-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сум, ***тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд:
-1999 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, ***,
Шүүгдэгч *** нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багийн нутагт иргэн ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлт бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Салхит багийн 12 дугаар байрны тэнд 11 цагийн орчим *** буюу Чето, *** бид 3 гадаа таараад 12 дугаар байранд байх найз Цээмээ буюу ***ийнд бөөнөөрөө орсон. ...тэгээд машинд арын суудалд бөөнөөрөө суугаад Шивээтийн гудамжинд Оюут ахын гэрийн орчим ирсэн. Тэгээд Отгоо ах ***тэй маргаад байсан. Тэгэхээр нь би Отгоо ах руу та боль гэтэл над руу агсараад пизда банди гээд байхаар нь би уурлаад зүүн гараараа нэг удаа мангасдсан. Тэр үед миний зүүн гарын хуруу *** ахын нүд рүү орчихсон. Тэгсэн Отгоо ах надруу чи миний нүд рүү хуруугаа хийчихлээ, нүд гэмтээчихлээ гээд байсан. Энэ үед *** ах за за бөөн зодоон болж магадгүй явъя гээд бид нар машинаас буугаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 81-85 дугаар хуудас/
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 04 дүгээр сарын сүүлээр би өглөө 08 цагийн орчим ээлжийн ажлаасаа буугаад ... хамт архи уусан ... Тэгээд машины ард талын суудалд би, ***, ***, ***, *** бид 5 чихэж суугаад манай гэрийн гадаа ирж зогсоод тэгээд би тэд нарыг машинаас буу гэсэн. Тэгсэн *** намайг гэнэт баруун гарынхаа эрхий хуруугаар миний зүүн нүд рүү хатгасан. Тухайн үед миний зүүн нүд өвдөөд эхэлсэн тэгэхээр нь би гараараа зүүн нүдээ арчтал миний гар цус болсон байсан. Тэгээд хартал *** болон бусад хүмүүс алга болсон байсан. ...Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт хэвтэн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зүүн нүдэндээ хагалгаа хийлгэсэн.... ” гэх мэдүүлэг / хэргийн 11 дүгээр хуудас/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь билүү би ***тай тааралдахад *** надад танайхаас гараад *** ахтай муудалцаад нүд рүү нь гараа хийчихсэн чинь *** ахын нүд нь гэмтсэн гэнэ, гайгүй болов уу яасан бол гэж санаа нь зовсон байдалтай надад хэлж байсан...” гэх мэдүүлэг / хэргийн 14-16 дугаар хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 04 дүгээр сарын сүүлээр би *** ахын хүүхэд ***тэй уулзсан чинь миний машиныг бариад Ган зам дэлгүүр ороод ирээч гэхээр нь би за гээд машиныг нь бариад явж байхад *** ах, ***, Чето, ***, *** нартай тааралдсан тэд нар бүгд халамцуу явж байсан. Тэгээд *** ах намайг хороолол хүргээд өг гэж хэлээд тэр хэд арын сандал дээр сууцгаасан. Тэгээд бид нар хөдлөөд шивээтийн 3 дугаар гудамжны 4 тоотын гадаа ирсэн чинь бүгд цувралдаад буусан би машины 5 булыг хийх гээд машины хамар сөхөөд 5 булаа хийчихээд машинд ороод ирэхэд *** ахын нэг нүд юм харахгүй байна гэж байсан. ...тэгээд би Сэлэнгэ явсан...” гэх мэдүүлэг / хэргийн 17-19 дүгээр хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэгтэл *** ах бид нарыг хороолол хүргээд өг гээд бөөнөөрөө машинд суугаад хороололд ирэхэд *** ах машинаас буу гэж хэлсэн тэгэхэд *** ах уурлаад буух гэж л байна гэсэн. ...***, *** хоёр маргалдаад бие биенээ хараагаад байсан. Тэгтэл *** ах *** ахын зүүн талд суусан байснаа маргаж байгаад Отгоо ахын нүүр лүү гараараа 1 удаа мангасдсан. Тэгээд Насаа ах машинаас буугаад явсан. *** ах нүд гэмтээчихлээ гээд байсан. Намайг энэ үед *** ахын нүдийг харахад зүүн нүднээс нь доош зовхи дагаад шингэн цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг / хэргийн 20-22 дугаар хуудас/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 04 дүгээр сарын сүүлээр нэг залуу орж ирээд манай ахын нүдийг хүн хатгаад сохолчихлоо гэхээр нь ***ыг очиж үзэхэд ***ын зүүн нүднээс шингэн цус гарсан байдалтай 2 зовхийг нь нээж үзэхэд хүүхэн хараа нь томорсон байхаар нь Дархан явж үзүүл гэж зөвлөөд явсан...” гэх мэдүүлэг / хэргийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 04 дүгээр сарын 30-нд ажил дээрээ байж байхад манай хүү *** над дээр 14 цагийн орчим ирээд аав хүнд нүдээ хатгуулсан гэнэ, нүднээс нь шингэн юм гоожоод байна та оч гэхээр нь гэртээ иртэл ***ын зүүн нүднээс шингэн тунгалаг зүйл гарч байсан... тэгээд эмнэлэгээр яваад 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд ороод нэг нүдээ авахуулсан...” гэх мэдүүлэг /хэргийн 25-26 дугаар хуудас/,
Гэрч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** согтуу ирж унтчихаад өглөө нь надад яанаа ээжээ би хүний нүд сохолчихсон одоо яанаа гэж хэлсэн..” гэх мэдүүлэг / хэргийн 27 дугаар хуудас/
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Оюутын гэр рүү орчихоод гараад ирэхэд ***, *** ахтай машин дотор маргалдаад нүүр рүү нь түлхчихсэн чинь *** ахын нүд рүү нь хатгачихлаа гээд хэрүүл маргаан болчихсон сууж байна. Тэр үед нь би *** ахын нүдийг үзтэл зүүн нүдний хүүхэн хараа нь нэг сонин харалчихсан юм шиг хар туяа суучихсан, улаан цус шүүрсэн байсан. ...сүүлд ***аас сонсоход *** ах далчигнаад зулгааж чангаагаад байхаар нь түлхсэн чинь нүд рүү нь хатгасан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг / хэргийн 28 сдугаар хуудас/,
Шинжээчийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны 7142 дүгнэлтэд: “...***ын биед зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний эвэрлэгийн нэвтэрсэн шарх, шилэнцэрийн хавчуулагдалт, алимны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /хэргийн 30 дугаар хуудас/
Шинжээч эмч Г.Ханхүүгийн мэдүүлэг “... нэг нүдний хараагүйдэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...дээрх гэмтлийг хуруугаар хатгах үед үүсэх боломжтой. ...” гэх мэдүүлэг 33-34 дүгээр хуудас/
Хохирогч ***ын 1 дүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хэргийн 35-73 хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах тухай хуудас /хэргийн 90 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *** 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багийн нутагт иргэн ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зүүн нүд рүү нь хатгаж түүний бие махбодид зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний эвэрлэгийн нэвтэрсэн шарх, шилэнцэрийн хавчуулагдалт, алимны цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч ***, ***, ***, ***, ***, ***, *** нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, шинжээчийн 7142 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Г.Ханхүүгийн мэдүүлэг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.
***д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч *** болон өмгөөлөгч Ч.Булган нь шүүгдэгчээс эмчилгээнд гарсан баримтаар тогтоогдсон 441200 төгрөг нэхэмжилж байгааг хуульд зааснаар гаргуулах үндэстэй байх бөгөөд хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ***д ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч *** нь 1999 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 383 дугаар тогтоолоор эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т зааснаар жил хорих ял шийтгүүлж тэнсэж 1 жил хянан харгалзаж /хэргийн 90 дугаар хуудас/ байсан боловч эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2, 78.2,1-д зааснаар ялгүй болсон тул шүүгдэгчийг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг хуульд зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр боловч түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх үзэв.
*** нь 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл нийт 78 хоног цагдан хоригдсон тул ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 , 284, 286, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ***ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч ***ыг 5 жил 10 хоног /таван жил арав хоног/ хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ***д оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ***ын цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар ***аас хохиролд 441 200 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Хонгор сум Салхит *** тоотод оршин суух ***т олгож, хохирогч *** нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдусгай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Т.ЭНХЖАРГАЛ
Ж.МӨНХТУЯА