| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0300/И |
| Дугаар | 295 |
| Огноо | 2020-09-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 295
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: “ГТ” хадгаламж зээлийн хоршооны Замын-Үүд дэх салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух М овогт Г.О-д холбогдох үндсэн зээлийн төлбөр 999,844 төгрөг, үндсэн хүү 353,177 төгрөг, нийт 1,403,315 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ГТ” хадгаламж зээлийн хоршооны Замын-Үүд дэх салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Г.О нь “ГТ” ХЗХоршооны Замын-Үүд дэх салбартай 2018 оны 07 дугаар сарын 23-ний өдөр зээлийн шугамын ЗГ/5369 тоот зээлийн гэрээ, БГ/5369 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 1.000.000 /Нэг сая / төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн барьцаанд дараах хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Үүнд: 1. Бараа материал барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зээлдэгчийн Х банкин дахь дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нь ЗГ/5369 дугаартай зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хуугийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа ... дугаараар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч “ГТ” ХЗХ-ны Замын-Үүд салбарт ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 999,844 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 353,177 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 50,294 нийт 1,403,315 төгрөг болж хуримтлагдсан байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан ЗГ/5369 тоот зээлийн гэрээг үндэслэн дараах зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээл 999,844 /Есөн зуун ерөн есөн мянга найман зуун дөчин дөрвөн/ төгрөг, үндсэн хүү 353,177 /Гурван зуун тавин гурван мянга нэг зуун далан долоон мянган / төгрөг, нийт 1,403,315 / Нэг сая дөрвөн зуун гурван мянга гурван зуун арван таван/ төгрөг болно. Иймд хариуцагч Г.О-тэй байгуулсан ЗГ/5369 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 1,403,315 /Нэг сая дөрвөн зуун гурван мянган төгрөг гурван зуун арван таван/ төгрөгийг зээлдэгчээс гаргуулж Хадгаламж зээлийн хоршоог хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Г.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн Г.О нь ГТ ХЗХ-с зээл авсан нь үнэн. 1,000,000 төгрөгийг хүүний хамт буюу 1,403,525 төгрөгийг 9-р сардаа багтаан төлж хохиролгүй болгоно. Иймээс миний энэ асуудлыг шүүх хуралдаан хийхгүйгээр хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ГТ” хадгаламж зээлийн хоршооны Замын-Үүд дэх салбар нь хариуцагч Г.О-т холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 999,844 төгрөг, үндсэн хүү 353,177 төгрөг, нийт 1,403,315 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,403,315 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “ГТ” хадгаламж зээлийн хоршооны Замын-Үүд дэх салбар нь хариуцагч Г.О холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 999,844 төгрөг, үндсэн хүү 353,177 төгрөг, нийт 1,403,315 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,403 төгрөгийн 50 хувь болох 18,701 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 18,701 төгрөгийг, хариуцагч Г.О-с 18,701 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ГТ” хадгаламж зээлийн хоршооны Замын-Үүд дэх салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Г.О нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.Ц