Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/01083

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/01083

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, 

 

Нэхэмжлэгч: БГД, 00 дугаар хороо, ЗН 00 гудамж 00 тоотод оршин суух, О овогтой Б-ны Х /регистрийн дугаар: АА00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД, 0 дүгээр хороо, г 0 гудамж, 0 тоотод оршин суух Ж овогтой З-гийн Д /регистрийн дугаар: АА00000000/-д холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Х, хариуцагч З.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 онд З.Д-тэй танилцан 2013 оноос хамтран амьдарсан. Бидний охин Д.Г 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. Охин маань эцгээрээ овоглосон. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон 2015 оны 10 дугаар сараас тусдаа амьдарч байгаа цаашид хамтран амьдрах боломжгүй. Охин Д.Г энэ жил 1 дүгээр ангид суралцаж байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад зардлуудыг миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Д.Г-д эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Д миний бие 2008 онд Б.Х-тай танилцсан бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин Д.Г төрсөн. Одоогоор би ам бүл 3, эх, нагац ахын хамт оршин суудаг. Би эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа бөгөөд группээс тэтгэвэрт гарсан эх З болон группт байдаг ах Доньдавааг асардаг тул хүүхдийн тэтгэлгийн хэмжээг боломж нөхцөлд тааруулан харгалзан үзнэ үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч З.Д-эд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Б.Х, З.Д нарын дундаас охин Д.Г 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ.

 

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Иймд 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Д.Г-г Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр эцэг З.Д-ээр тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Д.Г-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний тус бүр 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус бүр сар бүр эцэг З.Д-ээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 56,787 төгрөгийг, илүү төлөгдсөн 13,413 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.БАТЧИМЭГ