| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2015/0233/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/0215 |
| Огноо | 2015-09-10 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2015 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0233/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000145 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, “*** ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт *** оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ***. /РД:***/,
Шүүгдэгч ***нь 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг, 3 шар гэх газар иргэн ***тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Тодорхойлох нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2014 оны 07 дугаар сарын 16-ны орой 17-18 цагийн орчим би Дархан сумын Малчин баг, 3 шар гэх газар гэрийнхээ хашаан дотор чулуугаар эвтэй 4 амьтан сийлээд байж байхад танил *** архи уучихсан таксигаар ирсэн юм. Тэгээд *** надтай цуг ажил хийж байсан ***, ***, ***, *** нарыг ажил хийлгэхгүй янз бүрийн үг ярьж ***той зууралдаад байсан. Би *** цохиогүй. *** намайг цохих гэхэд нь би гартаа барьж байсан хөрөөгөөр хаахад гараараа хөрөө цохисон юм. ...” гэх мэдүүлэг \хэргийн 70 дугаар хуудас\,
Хохирогч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ***ийн гэр болох Дархан сумын Малчин багийн 3 шар гэх газарт очсон. ***ийн гэрт очход “***”ХХК-ийн захирал ***, ***, *** бас танихгүй 3 залуу байсан. Би Шарын гол сумын Морин толгой гэх газарт морины хөшөө хийсэн хөлсөө авъя гэж ***д хэлэхэд өгөхгүй гээд урдаас хэрэлдээд байсан. Тэгсэн чинь ***чулуу тастагч хөрөөний ишнүүрнээс бариад намайг цохих гэхээр нь би зүүн гараараа хаахад миний гар тас хийгээд явсан. Би ***д чи яаж байгаа юм бэ? гэхэд гэр рүүгээ гүйгээд орсон. Гэрээсээ гарч ирэхдээ ***нэг шил архи барьж ирээд хоёулаа муудалцахаа больё гэж хэлээд архи хувааж уусан. Архи ууж дуусаад “***” ХХК-ийн захирал ***ын машинаар гэртээ хүргүүлсэн. Түүнээс хойш зүүн гар өвдөөд болохгүй болохоор нь Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж гарынхаа зургыг авхуулахад миний зүүн гарын шууны яс хугарсан гэж байсан. Би гарынхаа зургыг ***д үзүүлээд гар хугалсан байна шүү дээ гэж хэлэхэд ***би чамтай уулзнаа гэж хэлээд түүнээс хойш уулзахгүй зугтаад байхаар нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр цагдаад өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Ё.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн өдөр ***ийн хашаанд эвтэй дөрвөн амьтан чулуугаар хийгээд байж байхад гаднаас *** нилээн согуу халамцуу орж ирсэн. Тэгээд ***тэй мөнгөний талаар хоорондоо яриад байсан. Тэгээд *** ***д хандаж чи хүн чанаргүй хүн юмаа, хүний мөнгийг өгчихгүй гээд уурлаад байсан. Тухайн үед би тэр хоёроос 5-6 метрийн зайнд чулуун дээр ажил хийж байсан бөгөөд миний хажууд “***”ХХК-ийн ажилтан Булгаа гэх залуу байсан. Миний гар өвдөөд гараа амраагаад тэр хоёрыг харахад ***хажуу талд газар байсан чулуу тастагч хөрөөг аваад ***гар руу нэг удаа цохьсон. Энэ үед Уугнаа ***ийг тэвэрч авч салгаад гэр рүү нь аваад явсан. Тэгээд *** Уугнаагийн машинаар явсан. Тэр үед Кен маркийн улаан хүрэн өнгөтэй чулуу тастагч хөрөө байсан. Уг хөрөө нь эвдэрхий хөрөө байсан юм ...” гэх мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/,
Гэрч Д.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2014 оны 07 дугаар сарын дундуур байх өдрийг нь санахгүй байна. Тухайн өдөр *** болон хоср танихгүй залуугийн хамт чулуугаар эвтэй дөрвөн амьтан хийгээд байж байхад *** гэх залуу архи уучихсан согтуу орж ирээд *** ах руу агсам тавиад байсан. Тэгээд *** ахтай муудалцаад гараа далайхад нь *** ах гартаа барьж байсан чулууны хөрөөгөөр хаахад нөгөө согтуу залуу хөрөөг гараараа цохьсон юм...” гэх мэдүүлэг \ хэргийн 45-46 дугаар хуудас\,
Гэрч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 07 дугаар сард байх өдрийг нь санахгүй байна. Тухайн өдөр би өөрийнхөө машинтай гурван шар руу ***ийн гэр рүү очсон. Намайг очход ***ах хашаандаа хүмүүстэй эвтэй дөрвөн амьтан чулуугаар хийгээд байж байсан. Тэгээд би тэр хүмүүстэй мэндэлчихээд гэрт нь ороод цай уугаад сууж байхад гадаа хүмүүс шуугилдахаар нь гартал ******тэй маргалдчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би ***ахыг тэвэрч гэр рүү нь оруулаад буцаж гарч ирээд Б.*** гэрт нь хүргэж өгье гээд машиндаа суулгаад Дарханд 1 дүгээр дунд сургуулийн хажуу талд нэг айлын гадаа хүргэж өгсөн. ...*** нэлээн согтуу байсан...Тухайн үед *** гэмтэл учирсан гэж юм яриагүй...гэх мэдүүлэг\ хэргийн 48 дугаар хуудас\,
Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг гэрт байж байхад гадаа хүмүүс чанга чанга дуугараад байсан. Тэгэхээр нь би тоолгүй байж байтал гаднаас Уугнаа ***ийг тэвэрчихсэн орж ирэхээр нь юу болсон талаар асуухад Уугнаа ***ах сая ***гарыг цохьчих шиг боллоо гэж надад хэлсэн...” \хэргийн 51 дүгээр хуудас\,
Шинжээч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Иргэн ***биед Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нар үзлэг хийж, дүгнэлт гаргасан байна. Иргэн ***биед учирсан гэмтэл нь гараар цохих болон эд зүйлээр цохигдох үед үүсэх боломжтой. Рентген зургаас харахад баруун гарын богтос яс нь хугарсан байна... гэх мэдүүлэг\ хэргийн 72 дугаар хуудас\,
Шинжээч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***гарын рентген зураг тохой болон гарын сарвууны аль нэг хэсэг нь орсон байвал баруун гар гэж ялган харах боломжтой. Түүнээс өөр ялгах боломжгүй. ***биед бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргахдаа баруун, зүүн гар хугарсан гэж тэмдэглэгээ хийгээгүй. Учир нь рентген зургаас харахад баруун зүүн гар аль нь болохыг ялгах боломжгүй байсан” гэх мэдүүлэг \хэргийн 87 дугаар хуудас\,
Шинжээчийн “шинжээч эмч *** гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №221 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. ***ийн биед богтос ясны хөндлөн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үед үүснэ. Богтосны далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 362 дугаартай дүгнэлт \хэргийн 26-27 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэл, гэрэл зургууд \хэргийн 39-42 дугаар хуудас\,
Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд\ хэргийн 43-44 дүгээр хуудсууд\,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 31 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч *** нь согтуугаар шүүгдэгч ***ийн гэрт нь очиж, ажлын хөлс өгөхгүй талаар түүнтэй маргаан үүсгэсэн нотлогдож байх боловч хохирогч ***“... 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ***ийн гэр болох Дархан сумын Малчин багийн 3 шар гэх газарт очсон. ***ийн гэрт очиход “***” ХХК-ийн захирал ***, ***, *** бас танихгүй 3 залуу байсан. Шарын гол сумын Морин толгой гэх газарт морины хөшөө хийсэн хөлсөө авья гэж ***д хэлэхэд өгөхгүй гээд урдаас хэрэлдээд байсан. ***чулуу тасдагч хөрөөний ишнүүрнээс бариад намайг цохих гэхээр нь би зүүн гараараа хаахад миний гар тас хийгээд явсан...” гэх /хэргийн 22-23 дугаар хуудас/, мэдүүлэг нь гэрч Д.***ын “...2014 оны 07 дугаар сарын дундуур байх *** гэх залуу архи уучихсан согтуу орж ирээд *** ах руу агсам тавиад байсан. Тэгээд *** ахтай муудалцаад гараа далайхад нь *** ах гартаа барьж байсан чулууны хөрөөгөөр хаахад нөгөө согтуу залуу хөрөөг гараараа цохьсон юм...” гэх \хэргийн 45-46 дугаар хуудас/, гэх мэдүүлэгүүд нь хоорондоо тохирч байх бөгөөд гэрч Ё.***ын “...*** нилээн согуу халамцуу орж ирээд ***тэй мөнгөний талаар яриад байсан. Тэгээд *** ***д хандаж чи хүн чанаргүй хүн юмаа, хүний мөнгийг өгчихгүй гээд уурлаад байсан. ...Миний гар өвдөөд гараа амраагаад тэр хоёрыг харахад ***хажуу талд газар байсан чулуу тасдагч хөрөөг аваад ***гар руу нэг удаа цохьсон ...” гэх /хэргийн 24 дүгээр хуудас/ мэдүүлэгээс зөрүүтэй байна.
Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***зүүн гарын богтосыг хугалж, гэмтээсэн үйлдэл нь шүүгдэгч ***чулуу тасдагч хөрөөний ишнүүрнээс барьж авч цохьсон үйлдлээс үү, эсвэл хохирогч *** гараа далайж хөрөө рүү цохьсон үйлдлээс үү гэдгийг нарийн шалгаж тогтоогоогүйн, шүүгдэгч ***нь хохирогчид гэмтэл учруулах зорилгоор чулууны хөрөөний ишнүүрээс бариад цохих гэсэн шууд буюу шууд бус субьектив санаа зорилго байсан нь эргэлзээ бүхий байна.
Иймд хэрэгт авагдсан гэрч Д.***, хохирогч ***, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн гэм буруугийн асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт: ”Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн прокуророос шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмөр тасдагчийг ***д шилжүүлж, рентген зураг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2-т зааснаар ***д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ