| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0313/И |
| Дугаар | 303 |
| Огноо | 2020-09-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 303
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: ДГА-н ХХҮГ,
Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сумын 5-р багт оршин суух Б овогт Б.Б-д холбогдох зээлийн үлдэгдэл төлбөр 775,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ДГА-н ХХҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...ДГА-н ХХҮГ-с 2016 оны 05 дугаар сарын 29-ны өдөр “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 50 хувийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн гэрээ”-г иргэн Б.Б-тэй байгуулан 2.375.000 /хоёр сая гурван зуун далан таван мянга/ төгрөгийг 24 сарын хугацаатай олгосон юм. Иргэн Б.Б нь уг зээлээс 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг төлсөн ба 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар тооцоо нийлэхэд зээлийн үлдэгдэл 775.000 долоон зуун далан таван мянга/ төгрөг болохыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд гэрээнд заасны дагуу зээлийг бүрэн төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй байгаа тул иргэн Б.Б-с гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 775.000 /долоон зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү.
Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...Тус шүүхэд ДГА-н ХХҮГ нь миний бие Б.Б надад холбогдуулан 775,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Би энэ мөнгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор сар бүр хувааж төлөхөө илэрхийлж байна. Тиймээс тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ДГА-н ХХҮГ нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөр 775,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 775,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ДГА-н ХХҮГ-н нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн үлдэгдэл төлбөр 775,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар ДГА-н ХХҮГ улсын тэмдэгтийн хураамжинд 23,150 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжийн чөлөөлөгдсөн үнийн дүн болох 23,150 төгрөгний 50 хувь буюу 11,575 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Б.Б нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.Ц