Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2015 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0216

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0238/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,                      
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Хохирогч ***, 
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000476  тоот эрүүгийн хэргийг 2015 оны 08 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын харьяат, *** төрсөн,  23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот, *** ажилтай, ам бүл 2, эмээгийн хамт ***  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх ***/.
 
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ***нь 2015 оны 06 дугаар сарын 23-наас 2015 оны 06 дугаар сарын 24-нд шилжих шөнө Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “S” маркет хүнсний дэлгүүрт худалдагч ажилтай ***ыг согтууруулах ундааны зүйл зарсангүй гэж бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн ***ын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар /

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 23-ны шөнө 00 цагаас хойш байх би найз охин ***, *** нарын хамт Дархан сумын Техник мэргэжлийн сургуулийн урд талд байх “S” маркет гэх дэлгүүрт юм авах гэж ороод пиво авах гэтэл зарахгүй гэхээр нь гуйсан боловч зөвшөөрөөгүй. Тэгээд дахиад гуйсан чинь худалдагч нь өгөхгүй гээд байхад чинь яадаг гичий вэ гэж уурлахаар нь би нүүрнээс нь маажиж алгадсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирж цагдаагийн газар руу хүргэгдээд тэндээсээ би согтуу байсан учраас явчихсан юм. Өөр зүйл болоогүй..” гэх мэдүүлэг \хэргийн 20 дугаар хуудас\, 

Хохирогч  ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан сумын өргөө багт орших “S” маркет хүнсний дэлгүүрт худалдагч ажилтай бөгөөд дэлгүүр дээрээ 2015 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө ажилтай хоносон. Ингээд үүрээр 05 цаг 30 минутын орчим гаднаас дэлгүүрт 2 эмэгтэй орж ирээд пиво ууна гэхээр нь би манайх шөнийн цагаар согтууруулах ундааны зүйл зардаггүй гэж хэлсэн боловч эхлээд гуйгаад байснаа намайг гичий нохой гэж харааж эхлээд тамхи аваад хэрүүл өдөөд салтааны үнэрээ арилгаж чадахгүй гичий ална шүү гээд намайг нүүр рүү маажиж, алгадаж зодоод тэнд байсан манай ажилчид салгаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг \хэргийн 7 дугаар хуудас\,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2015 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө намайг “S” маркет дэлгүүрт худалдагчаар ажиллаж хонох үед өглөөний таван цагийн алдад өрөөнд орчихсон унтаж байтал Э.Содчимэг гүйж орж ирээд *** эгчийг хүн зодоод байна гэхээр нь гартал ***ын нүүр ам гэмтчихсэн уйлаад суучихсан хажууд нь танихгүй хоёр хүүхэн зогсож байсан. Тухайн үед би дотор өөр газар байсан болохоор юу болсоныг мэдээгүй...”  гэх мэдүүлэг \хэргийн 8 дугаар хуудас\, 

Гэрч Э.Содчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дэлгүүрт 24 цагаар ажилласан. Энэ хугацаанд шөнө үүрээр 5 цаг 30 минутын үед гаднаас 2 эмэгтэй орж ирээд хоолны үнэ асуугаад халааж өгнө биз дээ гэхээр нь пэйж ажиллахгүй гэхэд яахлаараа ажилладаггүй юм бэ гээд загнаад нэг нь *** эгчтэй касс руу очоод архи өгчих гээд гуйгаад байсан ба *** эгч манайх шөнө архи зардаггүй гэхэд зардаг л байсан биз дээ, сүртэй юм бэ гээд загнаад дайрч доромжлоод яртай гичийнүүд алаа угааж чадахгүй байж гэж доромжлоод гарч явсанаа буцаж хүрч ирээд *** руу очоод сууж байхад нь чамайг ална шүү гээд алгадаад нүүрнээс нь базаж босгож ирээд цохиод алгадаад нүүрнээс нь базаж маажсан...” гэх мэдүүлэг \хэргийн 9 дүгээр хуудас\,

- Шүүгдэгч ***гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30 дугаар хуудас /, 

       - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 812 дугаартай ”***ын биед нүүр, зовхи, хүзүүнд олон тооны зулгаралт  гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 12 дугаар хуудас/,Хохирогч ***ын хохирлын баримтууд \хэргийн 32-33 дугаар хуудас\ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***нь 2015 оны 06 дугаар сарын 23-наас 2015 оны 06 дугаар сарын 24-нд шилжих шөнө Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “S” маркет хүнсний дэлгүүрт үүрээр 05 цаг 30 минутын орчим орж, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлэгээр зөрчин, пиво ууна ороход  дэлгүүрийн худалдагч ***  шөнийн цагаар согтууруулах ундааны зүйл зардаггүй гэж хэлсэн бөгөөд түүнийг “гичий нохой”, “салтааны үнэрээ арилгаж чадахгүй гичий ална  шүү” гэж хэл амаар доромжлон, түүний нүүрийг маажих, алгадах зэргээр  зодож,  түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан   танхайрсан нь хохирогч  ***ын” “...2015 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө  үүрээр 05 цаг 30 минутын орчим гаднаас дэлгүүрт 2 эмэгтэй орж ирээд пиво ууна гэхээр нь би манайх шөнийн цагаар согтууруулах ундааны зүйл зардаггүй гэж хэлсэн боловч ...хэрүүл өдөөд салтааны үнэрээ арилгаж чадахгүй гичий ална  шүү гээд нүүр рүү маажиж , алгадаж зодсон...” гэх мэдүүлэг \ хэргийн 7 дугаар хуудас\, ***ын биед нүүр, зовхи, хүзүүнд олон тооны зулгаралт гэмтэл тогтоогдож, түүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 812 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Прокуророос шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүййлийн 18.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үдэх үндэслэлтэй байна.
    Иймд шүүгдэгч ***г согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлэгээр зөрчин хүч хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч *** хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт 90 000 төгрөг хэрэгт хавсаргасан байх бөгөөд шүүгдэгч ***нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхээс өмнө хохирогчид 440 000 төгрөг төлсөн байх тул  хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч *** нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.

Шүүгдэгч ***нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэлгүй \хэргийн 30 дугаар хуудас\ байх тул  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

  Шүүгдэгч ***д ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, энэ хэрэгт нөхөн төлөх төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч ***нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэгтэй хуурцагыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадагалахаар  тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь: 

1. Шүүгдэгч ***г бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлэгээр зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч ***г 3  жил 10 хоног \гурван жил арав хоног\ хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ***д  оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч ***нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид нөхөн төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хянан шийвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй хуурцагыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан ***д оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.ЭНХЖАРГАЛ