| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/01307/И |
| Дугаар | 102/ШШ2020/01155 |
| Огноо | 2020-04-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2020/01155
| 2020 оны 04 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2020/01155 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Г-А аймаг, Д сум, 0 дугаар баг, Б-т оршин суух бүртгэлтэй боловч БГД, 0 дугаар хороо, Т хотхон 000-00 тоотод түр оршин суух, эмэгтэй, С ө овогтой Н-ын Ц /регистрийн дугаар: АА00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БХД, 0 дүгээр хороо, А 0а гудамж, 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч ӨВ аймаг, АХ сум, 0 дугаар баг, Ц-н а-н 00 байр, 00 тоотод оршин суух, эрэгтэй, Х а овогтой Ц-ын Л /регистрийн дугаар: АА00000000/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч Ц.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ц миний бие 2015 онд Ц.Л-тэй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2016 оны 09 дүгээр сарын 02-нд охин Л.Г төрсөн. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2018 оноос тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин Л.Г нь миний асрамжид өсч торниж, суралцаж байна. Бид гэрлэлтээ батлуулаагүй боловч охин маань эцгээрээ овоглодог. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие Ц.Л нь Н.Ц-тай 2015 оны 04 дүгээр сарын 03-нд танилцаж 2016 оноос хамт амьдарч эхэлсэн. Бидний охин болох Л.Г нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн. Амьдарч байх хугацаанд таагүй харьцаатай байгаагүй. 2017 онд миний бие БНСУ-д Монгол Улсын цэргийн багт үүргээ гүйцэтгэн 2018 онд ирснээс хойш бид харилцаа муудаж эхэлсэн, түүнээс хойш тусдаа амьдарч байна. Тусдаа амьдарч эхэлснээс хойш Н.Ц нь миний охин болох Л.Г-ыг уулзуулахгүй болсон. Мөн надаас тэтгэмж авмаар байна гэж шаардах болсон.
Миний бие тэтгэмж төлөхөд татгалзах зүйлгүй, гол нь охинтойгоо хамт байх хугацааг хүссэн боловч ийм боломж олгохгүй байгаа. Иймд шүүхийн зүгээс охинтойгоо хамт байх хугацааг гаргаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч Ц.Л-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Н.Ц, Ц.Л нарын дундаас охин Л.Г 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Л.Г-ыг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр эцэг Ц.Л-гээр тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн хариуцагч “... тусдаа амьдарч эхэлснээс хойш Н.Ц нь миний охин болох Л.Г-ыг уулзуулахгүй болсон ... охинтойгоо хамт байх хугацааг хүссэн боловч ийм боломж олгохгүй байгаа ...” гэж тайлбарлаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэх бөгөөд хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Л.Г-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Л-гээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 56,787 төгрөгийг, илүү төлөгдсөн 13,413 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ