| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0240/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0219 |
| Огноо | 2015-09-15 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0240/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***д холбогдох 201509000369 дугаартай хэргийг 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 26-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, яс үндэс халх, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***,
Шүүгдэгч *** нь давтан үйлдлээр 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар баг Дархан захын 178 дугаар лангууны урдаас иргэн ***ы гар цүнхтэй эд зүйлийг хулгайлж 1 160 000 төгрөгний хохирол учруулсан,
Мөн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг, *** тоотод байрлах Баянбулаг хүнсний дэлгүүрээс орлогын 695 000 төгрөг хулгайлж бусдад нийт 1 855 000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 24-нд Дархан зах дотор явж байгаад лангуун дээр хар цүнх байхаар нь аваад орцонд орж үзсэн чинь дотор 1.160.000 төгрөг байсныг аваад хэрэглэсэн. Би тэр үед жирэмсэн хоол хүнсгүй байсан, Зам гэдэг цагдаад мөнгө бага багаар нь аваачиж өгч хохирлыг нь барагдуулсан. 2014 оны 04 дүгээр сарын 10-нд Баталионы эцэсийн Баянбулаг гэдэг дэлгүүрт нөхөртөө тамхи зээлэх гэж орсон чинь хүн байхгүй лангуун дээр нь бор түрийвчтэй мөнгө байхаар нь аваад хоол ундандаа зарцуулсан. Одоо хүүхдийнхээ 20 000 төгрөгөөр төлж байгаа, бүрэн барагдуулж арай дуусаагүй байгаа” гэх мэдүүлэг /хэргийн 24, 63-64, 78 дугаар хуудас/,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 12 цагийн орчимд дэлгүүртээ байж байгаад гэртээ орсон, манай гэр дэлгүүр хоёр цуг байдаг юм. ...тухайн өдөр хөл хөдөлгөөн цөөхөн байсан ба манай дэлгүүрээр 2 хүн орж ирсэн 1 нь том тэрэгний жолооч, нөгөөх нь *** хоёр орж ирсэн жолооч орж ирэхэд хаалганы чимээ гараад би гэрээсээ гарч үйлчилгээ үзүүлсэн, харин ***г орж ирэхийг нь мэдээгүй *** өөрөө Ууганаа эгчээ гээд дуудаад шилэн хаалга тогшихоор нь би гарч очсон. ...тэгээд би хүүхдийн хувцас хунар бэлдчихээд дэлгүүр орж ирээд худалдаа хийчихээд мөнгөө хийх гэсэн чинь түрийвч алга болсон байсан. ...*** надаас уучлал гуйгаад гэм буруугаа хүлээгээд хохирлоо төлсөн учир гомдолгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 18-19 дүгээр хуудас/,
Хохирогч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014.12.21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас нөхөр хүүхдийн хамтаар 12 цагийн орчим Дархан-Уул аймагт ирсэн. Дархан захаар эд зүйл сонирхоод явж байгаад 178 дугаар лангуун дээр очоод би нэг эмэгтэй загвартай куртик өмсөж үзэх болоод дээлээ тайлаад доор нь цүнхээ лангууны хажуу талын сандал дээр тавьчихаад хүү ***ад миний дээл цүнхийг харж байгаарай гэж хэлчихээд нөгөө куртикээ өмсөөд толинд харж байгаад буцаад дээлээ тайлсан газраа ирээд дээлээ авахад доор нь байсан миний цүнх алга болсон байсан. Тэгээд ***аас миний цүнх алга болсон байна гэхэд манай хүү мэдэхгүй гэж хэлсэн. Цагдаагийн байгууллагад хандсан. Түрийвчинд 800 000 төгрөг байсан. Гунгаа овогтой Батаа, Батаа овогтой ***, Батаа овогтой ***, Батаа овогтой *** нарын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, хар өнгийн кашлакан дотор цагаан өнгийн шигтгээтэй 4.6 граммтай монетон ээмэг, миний өөрийн өвчний карт зэрэг байсан. Цэнхэр саарал өнгийн нокиа маркийн 2 гар утас байсан. Нийт 1 160 000 төгрөг нэхэмжилнэ. ... хохирлын мөнгө авсан гомдолгүй” гэх мэдүүлэг /хэргийн 58-59 дүгээр хуудас/,
Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015.04.29-ний өдөр 12 цагийн үед босоод нүүр гараа угааж байтал дэлгүүрт хүн орж ирэх шиг болсон. Тэгээд би хүүхэддээ “дэлгүүрт хүн орж ирсэн юм шиг байна, юм дуугараад байна гэж хэлээд байж байтал манай гэрийн хаалгыг нэг хүн онгойлгоод “Ууганаа эгчийг дуудчихаач “ гэж хэлсэн. Харсан чинь *** гэдэг хүн байсан. Тэр *** манай эхнэртэй уулзаж “хэдэн хайрцаг тамхи зээлчих” гэж байсан. Тэгээд би хүүхдийнхээ юмыг бэлдэх гээд хүүхдүүдээ аваад гарах гэтэл энхэр Ууганжаргал удалгүй дэлгүүрт байсан түрийвчтэй мөнгө алга болсон байна гэж хэлсэн. Би дэлгүүрт ортол шилэн лангууны ард тавьчихсан байсан түрийвчтэй мөнгө алга болчихсон байсан. Түрийвчинд урьд өдрийн орлого 690 000 төгрөг байсан алга болчихсон” гэх мэдүүлэг / хэргийн 20 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014.12.21-ний өдөр би Дархан захын 178 дугаар лангуун дээр худалдаа хийж байтал 14 цагийн орчим надаас нэг эмэгтэй хүүхэдтэйгээ ирээд куртик сонирхоод дээл цүнхээ тавиад дагуулж явсан хүүхдээ харж байгаарай гэж хэлээд надаас авсан куртикээ найз Хандаадаа үзүүлчихээд ирье гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би хүүхэдтэй нь хамт лангуун дээрээ үлдсэн, хүүхэдтэй нь юм яриад зогсож байтал нөгөө эгч ирээд дээлээ газраас аваад миний цүнх хаана байна гээд сандараад тэр орчмоор хайж байгаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хэргийн 60 дугаар хуудас/,
Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 39 дүгээр хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 40 дүгээр хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7-8 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 92 дугаар хуудас/
Хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбарууд /хэргийн 103-104 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *** нь 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар баг Дархан захын 178 дугаар лангууны урд талаас иргэн ***ы гар цүнхтэй эд зүйлийг хулгайлж 1 160 000 төгрөгний хохирол учруулсан,
Мөн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг, Мангиртын 8 дугаар хэсэг, 1-1 тоотод байрлах Баянбулаг хүнсний дэлгүүрээс 695 000 төгрөг хулгайлж бусдад нийт 1 855 000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг давтан үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан шүүгдэгч ***, хохирогч *** /хх 18-19 дүгээр хуудас/, *** /хэргийн 58-59 дүгээр хуудас/, гэрч *** /хх 20 дугаар хуудас/, гэрч *** /хх 60 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай /хэргийн 39 дүгээр хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хэргийн 40 дүгээр хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ***д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч ***д ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, бага насны хүүхэдтэй зэргийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.8, 55.1.9-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
*** нь 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин ***, 2012 оны 07 дугаар сарын 05-нд төрсөн хүү ***, 2015 оны 02 дугаар сарын 07-нд төрсөн хүү *** нарыг төрүүлөн одоо асран хүмүүжүүлж байгаа болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр /хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас/ нотлогдож байна.
Харин шүүгдэгчийн хөрөнгийн байдал, хувьд оногдох эд хөрөнгө зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй болно.
Шүүгдэгч ***гаас хохирогч нар хохирлоо бүрэн авсан нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон бичгийн баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч *** анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гурав хүртлэх насны хүүхэдтэй /7 сартай хүүхэдтэй/ тул түүнд хорих яд оногдуудсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1. Шүүгдэгч ***г давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч ***д 2 жил /хоёр жил/ хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ***д оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т заасныг журамлан ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил /хоёр жил/ хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5. *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА
Шийтгэх тогтоол/ 2015/О.Бямбасүрэн.doc