| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2020/01404/и |
| Дугаар | 181/ШШ2020/02273 |
| Огноо | 2020-09-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2020/02273
| 2020 09 10 | 181/ШШ2020/02273 |
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хб ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Д-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 15 511 575 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Х.Т, С.Н, хариуцагч Г.Д, өмгөөлөгч А.К, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хб ххкшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.д нь ХБтай 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1730004202 дугаартай зээлийн гэрээ байгуулан 16,800,000 /Арван зургаан сая найман зуун мянган/ төгрөгийг 365 хоногт 19,05 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар хашаа байшин худалдан авах зориулалтаар авсан. Банк нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлдэгчийн Хб-н дахь 5001254795 тоот дансанд мөнгийг шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Дээрх гэрээнд зээлдэгчийн нөхөр С.Г нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон.
1730004202 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1730004202-01 тоот “Баталгаат ипотекийн гэрээ”-гээр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, тоот хаягт байршилтай Г- 000 гэрчилгээний дугаартай, Ү-2 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 61,75 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1730004202-02 тоот “Баталгаат ипотекийн гэрээ”-гээр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, тоот хаягт байршилтай Г-00тоот гэрчилгээний дугаартай, Г-2 тоот бүртгэлийн дугаартай 344 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын хамт тус тус барьцаалсан.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 6 509 453.22 /Зургаан сая таван зуун есөн мянга дөрвөн зуун тавин гурван төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөг, зээлийн хүүнд 6 697 884.81 /Зургаан сая зургаан зуун ерэн долоон мянга найман зуун наян дөрвөн төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 781.97 /Долоон -зуун наян нэгэн төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөг буюу нийт 13 208 120 /Арван гурван сая хоёр зуун найман мянга нэг зуун хорин төгрөг/ төгрөгийг төлсөн.
Зээлдэгч нь Банктай байгуулсан 1730004202 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс зөрчиж зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлж, огт төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 987 хоногийн хугацаа хэтрүүлээд байна.
Хб нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс удаа дараа бичгээр шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул зээлийн гэрээг цацалж, зээлийн төлбөрийг буцаан гаргуулах болсон.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасны дагуу Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээл 10 290 546.78 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаарх хүү 5 221 028.86 төгрөг, нийт 15 511 575.64 /Арван таван сая таван зуун арван нэгэн мянга таван зуун далан таван төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Г.Д-гаас гаргуулж өгнө үү, хариуцагч Г.Дсайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Талууд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1730004202 тоот зээлийн гэрээ байгуулсан ба уг зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “Х б” ХХК нь зээлдэгч Г.Д 16 800 000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатайгаар нэг жилийн 19.05 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.
Зээлдэгч миний бие 2014 оны 11 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сарыг хүртэл нийт 13 208 120 төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан.
Хэрэгт авагдсан дансны хуулгаас үзвэл зээлийн хүүг буруу тооцоолон илүү авч, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй юм. Тус гэрээн дэх зээлийн эргэн төлөлтийн хуваарийн 1 дүгээр хавсралтаар 2014 оны 12 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сарыг дуустал үндсэн зээлийг зохих хүүгийн хамт төлж дуусгахаар харилцан тохиролцсон байтал гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцсон мөн 2024 оны 11 дүгээр сарыг дуусгавар болтол нь үндсэн зээлийн үлдэгдлийг бүхлээр нь шаардах нь гэрээний дагуу үүрэг хэсэгчлэн гүйцэтгэх боломжийг хязгаарлаж зээлдэгч миний эрх ашгийг хохироож байна.
Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу жилийн 19.05 хувийн хүү тооцох бөгөөд үүнийг гэрээний үндсэн үнийн дүнгээс тооцхоор тохиролцсон байдаг. 2014 оны 11 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийсэн удаа дараа бүрт хүүг илүү тооцон үндсэн зээлийн дүнгээс бага хасаж буруу тооцоолож авч байсан.
Гэрээний үүргийн дагуу зээлдэгч би 2014 оны 11 дүгээр сараас 2017 оны 6 дугаар cap хүртэл хүүнд 6 490 225 төгрөг төлөх ёстой байтал банк 6 697 884.81 төгрөгийг суутган авч 207 659 төгрөгийн хүү, 782 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг илүү авч, үндсэн зээлийн төлбөрд 6 717 900 төгрөгийг барагдуулсан байх ёстой байтал хүүг буруу тооцсоноос үүдэн 6 507 453 төгрөгийн үнийн дүнг хасаж 208 442 төгрөгийг үндсэн төлбөрөөс дутуу суутагсан байна.
Иймд хүүнд илүү төлсөн 208 442 төгрөгийг Үндсэн зээлийн үнийн дүнгээс хасаж, үндсэн зээл 10 082 105 төгрөгийн өр төлбөртэйг хүлээн зөвшөөрч байна. Хүү төлөх боломжгүй тул хүүгээс чөлөөлж өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хб ххкнь хариуцагч Г.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 511 575 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Г.Д нь Хб ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр №1730004202 тоот Зээлийн гэрээ, №1730004202-01, 1730004202-02 тоот “Баталгаат ипотекийн гэрээ” зэргийг бичгээр байгуулж, Хб ХХК нь 16 800 000 төгрөгийг хашаа байшин, амины сууц худалдан авах зориулалтаар, 120 сарын хугацаатай, жилийн 19,05 хувийн хүүтэй зээлдүүлэх, Г.Д нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, тоот хаягт байрлах Г-0 гэрчилгээний дугаартай, Ү-2 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 61,75 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Г-0 тоот гэрчилгээний дугаартай, Г-2тоот бүртгэлийн дугаартай 344 м.кв талбай бүхий өмчлөлийн газар зэргээр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар тохиролцжээ. /хх-11-22х/
Зээлийн гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-ний зохицуулалтад нийцсэн. Ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166.1-д заасан шаардлага хангасан, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Тус гэрээнүүд нь субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч Х б ХХК нь хариуцагч Г.Д гэрээний дагуу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч Г.Д эс зөвшөөрч, зээлийн гэрээг цуцлах болон нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй, нөхөр С.Г-аас салаад 5 хүүхдийн хамт амьдарч байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүн асардаг тул ажил хийх боломжгүй, төлбөрийн чадваргүй гэх үндэслэлээр зээлийн хүүг төлөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Г.Д нь үндсэн зээлд 6 509 453.22 өгрөг, зээлийн хүүнд 6 697 884.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 781.97 төгрөг, нийт 13 208 120 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй.
Зээлдэгч Г.Д нь зээлийн гэрээний хавсралт №1-ийн “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлийн төлбөрийг сар бүрийн тогтоосон хугацаанд нь тогтоосон хэмжээгээр нь бүрэн төлөөгүй, 2017 оны 07 сараас хойш огт төлөөгүй болох нь Г.Д-ийн зээлийн дансны хуулга /хх-23-34х/, хб-ны “Нэхэмжлэлийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол” /хх-61х/ зэргээр тогтоогдож байна.
Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1-д зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны санаачлагаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардахаар заасан байна. Зээлдэгч Г.Днь зээл авснаасаа хойш сар бүр төлөх зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй, 2017 оны 07 дугаар сараас хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй тул хб нь зээлийн гэрээг 2020.04.08-ны өдөр цуцалж зээлийн төлбөрийг буцаан шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасан.
Зээлийн гэрээний 5.1-д зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон үндсэн хүүг Гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, 2.14-д Эргэн төлөлтийн хуваарьт заасан зээлийн төлбөр төлөх үүрэг нь Гэрээний хэсэгчилсэн үүрэг бөгөөд хэсэгчилсэн үүргийг зөрчсөн нь Гэрээний 5.1-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлд хамаарахаар заасан байх тул хб ХХК нь зээлдэгч Г.Д-аас “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй зөрчилд нь нэмэгдүүлсэн хүү 782 төгрөгийг тооцож авсан нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлдэгч Г.Д-нь үндсэн зээл, түүний хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү зэргийг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд түүний төлбөрийн чадваргүй гэх байдал нь зээлийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд зээлийн гэрээний үндсэн үүргийн дагуу хариуцагч Г.Д-аас үндсэн зээл 10 290 546,78 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаарх хүү 5 221 028,86 төгрөг, нийт 15 511 575,64 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хб ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Зээлдэгч Г.Днь зээлийн төлбөрийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй тул 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №1730004202-01, 1730004202-02 тоот “Баталгаат ипотекийн гэрээ”-ний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.
Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй 61,75 м.кв талбайтай хувийн сууц, Гэрчилгээний Г-0 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарт бүртгэлтэй 344 м.кв талбай бүхий газар зэргийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Г.Д-аас 15 511 575 /арван таван сая таван зуун арван нэгэн мянга таван зуун далан тав/ төгрөгийг гаргуулж “Хб” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Дзээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, тоот хаягт байрлах, Гэрчилгээний Г-0 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, 61.75 м.кв талбай бүхий хувийн сууц, Гэрчилгээний Г-0 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарт бүртгэлтэй 344 м.кв талбай бүхий газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Хб” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 508 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д-аас 235 508 /хоёр зуун гучин таван мянга таван зуун найман/ төгрөгийг гаргуулж “Хб” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА