Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0221

 

     


    


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2015/0241/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000523 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ***-ний  өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт *** тоотод  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай *** /РД: ***/,

Шүүгдэгч ***нь 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр *** тоотод иргэн ***гэрийн 3 ширхэг цонх, зөөврийн компьютер, толь, 32 инчийн зурагт, Вай Фай цацагч модем, Ниссан Ноте маркийн тээврийн хэрэгслийн урд шил, хаалга, крило зэргийг санаатай устгаж, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... Тэгээд манай нөхөр над руу залгаад хэл ам нь ээдрээд архи уусан байхаар нь согтуу машин бариад осол гаргах байх гэж бодоод “***”-ийн хашаанд очтол ***машин манай нөхрийн машин хоёр зэрэгцээд зогсож байсан... би тэгээд хаалгыг нь нүдсэн чинь тайлахгүй байхаар нь хашааг нь давж ороод цонхоор нь хартал хүн хөдлөх шиг болсон ба цонхоор намайг хараад буцаад явсан. Би цонхны доор байсан шавар өнгөлдөг хавтгай модоор цонхны шилийг нь хагалж байгаад хөшгийг нь нээн харахад манай нөхөр орон дээр нүцгэн өмдөө өмсөөд зогсож байсан.... Тэгээд манай нөхөр цонхоор гарч ирээд чи яаж байгаа юм бэ? гэхээр нь наад янханаа гаргаад ир гэхэд гарч ирэхгүй байсан... би тэгэхээр нь хашаанд байсан модон иштэй хүрзийг авч гэрт нь ороод зурагт, зөөврийн компьютер, хананд байсан том толь, байшингийн цонх зэргийг нь хагалсан. Тэгээд нөхөр ***над руу чулуу шидээд байхаар нь тэр чулуугаар нь машиных нь урд салхины шилийг хагалж хаалга крило зэргийг нь чулуугаар гэмтээгээд гэртээ харьсан. ” гэх мэдүүлэг \ хэргийн 39-42 дугаар хуудас\, 
... 2015 оны 7 дугаар сарын 23-ны өглөө ***нь манай нөхрөөр хаалгаа гагнуулах гэж утсаар дуудсан. Би тухайн өдрийн 17 цагийн үед нөхөр рүүгээ залгах үед манай нөхөр нилээд согтуу байдалтай надтай ярьсан. Би машин жолоодож явсан болохоор нь ***гэрт авах гээд очих үед хаалгаа онгойлгохгүй байсан тул хашааг нь даваад байшингийн цонхийг нь тогшиход хөшигний цаанаас хүн харах шиг болсон юм. Би цонхыг нь хагалаад гэрт нь орох үед манай нөхөр нүцгэн байсан юм. Би байшингийн хашаанд байсан хүрзээр 3 цонх, нөөтбүүк, зурагтийг эвдэлсэн. Манай нөхөр согтуу над руу дайрах үед нь ***машиныг нь хүрзээр цохисон... гэв.

Хохирогч ***мөрдөн байцалтын шатанд өгсөн: “... 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр *** төмөр хашааны хаалга хийгээд өгөөч гэж гуйсан. ***өөрийнхөө хүүхэдтэй манайд ирсэн. Манайд *** ирчихсэн байсан болохоор ***хүүхдээ гэр рүү нь явуулчихаад ***тэй хамт манай хаалгыг хийж өгсөн. Тэгэхээр нь би баярлаад тэр хоёрт хоол хийж өгөөд 1 шил архи, 1 том пиво задалж өгсөн. Тэр үед ***муудсан байсан тул ***, ***ахыг жаахан унтуулчих, архийг нь гаргахгүй бол машинаа жолоодооод явна гэхээр нь би *** орон дээрээ унтуулсан... тэгтэл манай цонхыг хүчтэй цохиод байхаар нь би цонхоороо хартал ягаан өнгийн подвальктай эмэгтэй хүн байхаар нь *** сэрээгээд танай эхнэр чинь байх шиг байна гэж хэлээд гэрээсээ гараад ***ийг ойрхон байвал хүрээд ирээч гэхэд *** явчихсан байсан. Энэ үед манай гэрийн цонхыг хагалах чимээ гарахаар нь би эргээд гэртээ очтол манай гэрийн цонхнуудыг хагалаад зурагт унагаасан байсан. Тэгэхээр нь би айгаад хүн дуудах санаатай гарсан.... Тэгээд 10 цагийн үед гэртээ очтол ***гэрт ороод ирчихсэн миний орон дээр унтаж байсан. Би юу болсон талаар асуухад манай эхнэр ирээд танай хамаг юмыг эвдэлсэн гэхээр нь хартал манай гэрийн 3 цонх, толь хагарсан, зурагт зөөврийн компьютер, вай фай цацагч модем зэргийг эвдэлсэн, хашаанд байсан миний машины урд шилийг хагалсан, хаалга крило зэргийг зурж гэмтээсэн байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ... хохирлоо авсан, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 19-20 дугаар хуудас/,
    
Гэрч ***мөдөн байцаалтын шатанд өгсөн: “.....би нилээн согтсон байсан. Тэгээд ***эгчийн гэрт орон дээр нь унтаж байхад ***эгч танай эхнэр ирж байх шиг байна гэж дуудчихаад гараад явсан. Тэгээд цонх хагарч эхнэр орилоод байхаар нь очтол манай эхнэр модон иштэй хүрз барьчихсан зогсож байсан..” ....” гэх мэдүүлэг /хэргийн 21- 22 дугаар хуудас/    

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд \ хэргийн 3-8 дугаар хуудас\,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд \ хэргийн 12-17 дугаар хуудас\,
Эд зүйлийн үнэлгээ \ хрэгийн 27-30 дугаар хуудас\, 
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49 дүгээр хуудас/  болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***нь 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр *** иргэн ***гэрийн 3 ширхэг цонх, зөөврийн компьютер, толь, 32 инчийн зурагт, Вай Фай цацагч модем, Ниссан Ноте маркийн тээврийн хэрэгслийн урд шил, хаалга, крило зэргийг эвдэлж, хагалан бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ***“... би хаалгыг нь нүдсэн чинь тайлахгүй байхаар нь хашаа давж ороод цонхны доор байсан шавар өнгөлдөг хавтгай модоор цонхны шилийг нь хагалж хөшгийг  нээн харахад манай нөхөр орон дээр нүцгэн өмдөө өмсөөд зогсож байсан.... тэгэхээр нь хашаанд байсан модон иштэй хүрзийг авч зурагт, зөөврийн компьютер, хананд байсан том толь, байшингийн цонх зэргийг нь хагалсан. ...чулуугаар нь машиных нь урд салхины шилийг хагалж, хаалга крило зэргийг  гэмтээгээд гэртээ харьсан. ” гэх, хохирогч ***“... 10 цагийн үед гэртээ очтол ***гэрт ороод ирчихсэн миний орон дээр унтаж байсан. Би юу болсон талаар асуухад манай эхнэр ирээд танай хамаг юмыг эвдэлсэн гэхээр нь хартал манай гэрийн 3 цонх, толь хагарсан, зурагт зөөврийн компьютер, вай фай цацагч модем зэргийг эвдэлсэн, хашаанд байсан миний машины урд шилийг хагалсан, хаалга крило зэргийг зурж гэмтээсэн....” гэх, гэрч ***“.....би нилээн согтсон байсан. Тэгээд ***эгчийн гэрт орон дээр нь унтаж байхад ***эгч танай эхнэр ирж байх шиг байна гэж дуудчихаад гараад явсан. Тэгээд цонх хагарч эхнэр орилоод байхаар нь очтол манай эхнэр модон иштэй хүрз барьчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэгүүд болон хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт зэргээс үзэхэд шүүгдэгч ***үйлдэл нь нөхрөө хардаж, хувийн сэдэлттэйгээр  бусдын эд хөрөнгөд халдсан санаатай үйлдэл байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх” гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинж хангасан  гэж үзэх үндэслэлтэй  тул шүүгдэгч ***“...би энэ хэргийг санаатай үйлдээгүй, өөр арга байгаагүй, аргагүйн эрхэнд ийм байдалд хүрсэн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй гэж шүүх үзлээ.
     
Иймд шүүгдэгч ***бусдын эд хөрөнгийг санаатай устгасан буюу гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
    
Хохирогч ***шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “***миний бие нь ***төлбөр болох 2 180 000 төгрөг авсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч ***гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ***нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст бүртгэлгүй /хэргийн 49 дүгээр хуудас/  байх тул  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ***нь 2014 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр охин ***төрүүлсэн нь хэрэгт авагдсан бүртгэлийн *** дугаартай төрсний гэрчилгээгээр нотлогдож байх байх бөгөөд  түүний 3 хүртэлх насны хүүхэдтэй, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.
 
Шүүгдэгч ***нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь: 

1. ***г бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар *** 1 \нэг\ жил  хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ***д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт ***урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад нөхөн төлөх төлбөргүй,   битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг  тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн  зүйлийн 63.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар ***д 1 /нэг/ жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд  ялтан ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрз, азустай хоолойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.

7. Шүүхийн шийтгэх  тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлийг Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Т.ЭНХЖАРГАЛ