Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0224

 


 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 
Хэргийн индекс: 171/2015/0205/Э/
 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч П.Баттулга, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй, 
Иргэдийн төлөөлөгч ***н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын Туслах прокурор Н.Идэр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа, 
Хохирогч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000289 дугаартай хэргийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
 
Монгол Улсын иргэн, 1 -ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, илчит тэрэгний машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, зээ охины хамт Дархан-Уул аймгийн Дархан сум  тоотод оршин суух, урьд 1988 онд Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1-т зааснаар 2 жил сахилгажуулах батальон, 1990 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1-т зааснаар 3 жил 7 хоног хорих ял, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, 1995 онд Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар 5 жил хорих ял, 1995 онд Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т зааснаар 12 жил хорих ял, 1997 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар 14 жил 5 сар 21 хоног хорих ял шийтгүүлж, 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдаж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***/, 
 
Шүүгдэгч *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Дархан зах Буян зах хоёрын дунд байрлах авто зогсоол дээр 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 13 цагийн орчим иргэн *** танхайн сэдэлтээр бие махбодод нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
 

ТОДОРХОЙЛОХ нь:
 
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр /хэдэн цаг болж байсныг сайн мэдэхгүй байна, ямар ч байсан өдөр л байсан юм/ зах дээр ганцаараа 0.33 граммын архи авч уугаад дараа нь 0.75 граммын архи уугаад согтуу явж байхад нэг танихгүй эрэгтэй хүн захын ард надтай согтуу тааралдаад гартаа цаасны хутга бариад над руу дайраад байсан. Тэгэхээр нь би “чи яваа, яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд явуулсан юм. Ингээд би тосгон явдаг таксины буудлын хажууд явж байхад нөгөө над руу дайраад байсан танихгүй залуу явж байсан. Тэгэхээр нь би гартаа тоосго барьж очоод араас нь цохиж унагаасан юм. Би өөрийгөө яагаад ийм үйлдэл хийснээ ойлгохгүй байгаа юм. Архины солиорол гэж бодож байна”... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/, 
 
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2015 оны 4 дүгээр сарын 8-нд Чулуунбат гэх хүнтэй хамт өдрийн 12 өнгөрч байхад тосгон явдаг буудал дээр  2 шил архи хувааж уусан. *** цаанаас гарч ирээд бид 2 жоохон юм ярьж байгаад явсан,  манай найз *** цаасны хутга барьчхаад явж байна гэхээр нь би гайхаад араас нь тоосгоор цохисон, тэгээд хамгаалагч залуу ирж салгаад эрүүлжүүлэхэд хоносон, найзуудтайгаа хамт ***хэвтэж байгаа эмнэлэг дээр очсон боловч нэрийг нь мэдэхгүй байсан болохоор буцаад явсан, хамгаалалтын албаны даргаас нэрийг нь асуухад мэдэхгүй, эмнэлгийн хүлээн авах дээр суудаг хүүхэн бас нэрийг нь мэдэхгүй байсан, эмнэлэг дээр 2 удаа очсон боловч уулзаж чадаагүй, тэрнээс хойш цагдаад баригдаад, цагдан хоригдсон гэх мэдүүлэг,
 
Хохирогч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …”2015 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө би ажлаасаа буугаад найз ***тай Зах дээр уулзаад *** бид хоёр Арбатын гудамжинд байдаг нэг кафе руу 12 цагийн орчим орж хүний 2 шил пиво уугаад 15 цагийн орчим гарсан юм. Би кафегаас гараад ***аас салаад Буян зах ороод ***той /***/ тааралдаад *** бид хоёр Буян захаас уруудаад тосгон явдаг автобусны буудал руу уруудаж явж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд би эмнэлэгт сэрсэн. Намайг нэг танихгүй хүн улаан өнгийн тоосгоор цохисон. Би *** гэж хүнийг танихгүй. *** гэж хүн худал мэдүүлэг өгсөн байна, надад цаасны хутга байгаагүй, би тэр өдөр захын ар талаар ч яваагүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна”...гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 15 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …Эмчилгээний зардал баримтаар гаргаж өгсөн байгаа, мөн ажилгүй байсан хугацааны цалин, эмнэлэгт хэвтсэн эмнэлгийн төлбөрийн мөнгө 300,000 төгрөг хотод очиж зураг авхуулсан 120,000 төгрөг замын зардал бичиг баримт нийлээд 110,000 төгрөг, эм тарианы мөнгө 300,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг,
    
Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…*** миний урд 4-5 метрийн зайтай явж байсан юм. Тэгэхэд чернилэн ягаан өнгийн биеийн тамирын хос хувцастай танихгүй согтуу залуу урдаас нь гарч ирсэн бөгөөд тэр залуу нь *** гарт байсан тал шил архийг авах гээд дайрсан. Тэгэхээр нь би тэр залууг “боль, чи цаашаа бай” гэж хэлээд ***гарт байсан архийг нь би авсан юм. Тэгэхэд тэр танихгүй согтуу залуу нь миний гарнаас архийг нь булааж аваад дараа нь “Чи муу хар ус харамладаг яасан овоо гар вэ” гэж хэлээд газраас тоосго аваад *** цаашаа хараад явж байхад араас нь яг дагз руу нь тоосгоор нэг удаа цохиж унагаагаад яваад өгсөн юм”... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/, 
 
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
 
Таньж олуулах ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэл, цээж зургууд /хавтаст хэргийн 10-12 дахь тал/,
 
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 13 дахь тал/,
 
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 497 дугаартай ... ***биед толгойд дунд зэргийн няцрал, дагз, чамархай ясанд цөмөрсөн хугарал, хатуу хальсан дор цус хурсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 20 дахь тал/ 
 
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
Өвчний түүх, /хавтаст хэргийн 58-77 дахь тал/,
Яллах дүгнэлт үйлдэх үед сонсгосон ялыг өөрчлөх тухай тогтоол, /хавтаст хэргийн 81 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

    ҮНДЭСЛЭХ НЬ:
 
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Дархан зах, Буян зах хоёрын дунд байрлах авто зогсоол дээр 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 13 цагийн орчим танхайн сэдэлтээр, ямар нэгэн шалтгаангүйгээр иргэн ***дагзан тус газар тоосгоор цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд Аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
 
Иймд шүүгдэгч ***ыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
 
Шүүгдэгч *** нь энэ хэрэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 95 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн 1 ширхэг тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. 
 
Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардалд нийт 3,000,000 нэхэмжилснээс хэрэгт авагдсан баримтаар 571,150 төгрөгийн зардал нотлогдож байх тул 571,150 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж, хохирогч ***д олгох нь зүйтэй байна. Иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч *** нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
 
Шүүгдэгч *** үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-т зааснаар хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 78.2.4-т заасан хугацаа өнгөрөөгүй, ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөлд тооцов. 
     
Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
 
ТОГТООХ нь:
    
1. Шүүгдэгч ***ыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар шүүгдэгч ***ыг 7 жил 1 сар /долоон жил нэг сар/ хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 7 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч ***ын энэ хэрэгт урд цагдан хоригдсон 95 /ерэн тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч ***аас 571,150 төгрөгийг гаргуулж, хохирогч ***д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхисныг дурдсугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг улаан өнгийн тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

7. Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 
 
 
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.ГЭРЭЛТ-ОД
 
                                         ШҮҮГЧИД                   П.БАТТУЛГА
                                                                                                                  
                                   Я.ТУУЛ