| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2026/0006/З |
| Дугаар | 221/МА2026/0363 |
| Огноо | 2026-05-27 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2026/0363
Ц.И-ннэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгч
Нэхэмжлэгч: Ц.И
Хариуцагч: Төрийн албаны зөвлөл
Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр тушаалаар байгуулагдсан шалгалтын комисс
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 289 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Ц.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2026/0006/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Иаас Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр тушаалаар байгуулагдсан шалгалтын комисст тус тус холбогдуулан “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн сонгон шалгаруулалтад Нямын Наранбаатарыг бүртгэсэн бүртгэл, тусгай шалгалтад авсан оноо, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн тогтоол тус бүрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ц.И-ыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх тусгай шалгалтаар хамгийн өндөр оноог авсан оролцогчоор тооцуулж, тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг Төрийн албаны зөвлөлд даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 289 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4, 7.1.5, 23 дугаар зүйлийн 23.2.2, 66 дугаар зүйлийн 66.1.11-д заасныг тус тус баримтлан Ц.И-аас Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр тушаалаар байгуулагдсан шалгалтын комисст тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн сонгон шалгаруулалтад Нямын Наранбаатарыг бүртгэсэн бүртгэл, тусгай шалгалтад авсан оноо, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн тогтоол тус бүрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ц.И-ыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх тусгай шалгалтаар хамгийн өндөр оноог авсан оролцогчоор тооцуулж, тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг Төрийн албаны зөвлөлд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Гомдлын агуулга:
3.1. Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
Энэхүү маргаан бүхий албан тушаал нь Төрийн албаны тухай хуульд заасан эрхэлсэн түшмэлд хамаарч байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт "эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх" гэж албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хуульчилж заасан.
Мөн Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр баталсан 03 дугаартай "Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам батлах тухай" тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан "Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам"-д "Мэргэшил" гэдэгт дипломын дараах гурван сараас дээш хугацааны мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байхыг ойлгох бөгөөд тухайн сургалтад хамрагдаж төгссөн баримт бичигт болон мэргэшлийн зэрэг олгосон баримт бичгийг үндэслэн тогтооно. Түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасан мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөнийг баталгаажуулсан баримт бичиг нь мэргэшлийг нотолно" гэж заасан. Өөрөөр хэлбэл мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгсөж, мэргэшлийн баримт бичиг авсан байхыг шаардлага хангасан гэж үзнэ.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3 дахь хэсэгт хуулийн төслийн үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичихээр хуульчилж өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт тусгасан "мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх" гэх шаардлагыг Монгол хэлний зөв бичих дүрэм талаас тайлбарлавал: Үйл үгийн нийлмэл хэлбэртэй өгүүлбэр бөгөөд хамрагдаж үйл үгийн ж нөхцөл, төгссөн үйл үгийн сан нөхцөл тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл "хамрагдаж, төгссөн" гэдэг нь бие даасан утга биш, харин шат дараалсан нэг шаардлага гэж ойлгогдоно.
Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн маргаанд хамааралтай холбогдох журмыг анхаарч үзээгүй байна.
3.2. Нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд: Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 09 сарын 13-ны өдрийн 01/2030 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн яам, агентлаг аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд "Нэмэлт өөрчлөлтийн тухай" гэсэн албан бичиг хүргүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан. Уг албан бичигт "Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 267 дугаар тогтоолоор "мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх" шаардлагыг журамд нэмж тусгасан. Үүний дагуу уг сургалтад хамрагдаж байгаа төрийн албан хаагч, иргэнийг тусгай шалгалтад бүртгэх, албан тушаалд томилох, шилжүүлэх зэрэгт шаардлага хангасанд тооцох боломжтой болсон. Ингэхдээ Удирдлагын академийн тодорхойлолтыг үндэслэн бүртгэлд хамруулах эсэхийг шийдвэрлэх бөгөөд сонгон шалгаруулалтаар тэнцсэн тохиолдолд нэр дэвшигчид сургалтаа тогтоосон хугацаанд бүрэн төгсөх үүрэг хүлээлгэж, томилогч тал суралцах нөхцөлөөр хангах талаар шийдвэрт тусгаж хэрэгжилтийг хангана." гэх агуулга бий.
Анхан шатны шүүх Төрийн албаны зөвлөлийн дээрх албан бичиг, журмын нэмэлт өөрчлөлтийг үндэслэж, гуравдагч этгээд Н.Ныг хуульд заасан шаардлага хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 267 дугаар тогтоол нь өөрөө Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийг зөрчиж, тайлбарласан тогтоол.
Мөн Удирдлагын академиас 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төрийн албаны сонгон шалгаруулалтын комисст ирүүлсэн 08/576 дугаартай албан бичигт дурдсанаар гуравдагч этгээд Н.Н нь 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн мэргэшүүлэх багц сургалтад суралцаж төгсөх үүрэгтэй. Гэтэл Н.Н Удирдлагын академийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төгссөн байдаг. Мөн Н.Н-г Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлж санал болгосон 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 484 дугаартай тогтоолд 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн мэргэшүүлэх багц сургалтад суралцаж төгсөх үүрэгтэй болохыг дурдаагүй байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, тухайн тайлбараа бүхэлд нь мөрдөөгүй Төрийн албаны зөвлөлийн тогтоолуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв гэж үзэн нотлох баримтыг буруу үнэлсэн. Харин нэхэмжлэгч Ц.Иын хувьд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан болохыг дурдах нь зүйтэй.
3.3. Бусад: Хууль хэрэглээний нэгдмэл байдлын хувьд энэхүү маргаантай төстэй маргааныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024.03.05-ны өдөр 128/ШШ2024/0198 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт дараах энэхүү маргаантай холбоотой дараах эрх зүйн дүгнэлтүүд байна. Үүнд: Төрийн жинхэнэ албаны тусгай шалгалтад бүртгүүлэхэд төрийн захиргааны ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад бүртгэгдсэн тухай Удирдлагын академийн тодорхойлолт нь хууль болон тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан төрийн албаны мэргэшсэн байх шаардлагыг хангах эсэхэд шүүхээс дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах” гэж, 3.1.3-т "чадахуйн зарчим /мерит/" гэж төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг ойлгохоор, 23 дугаар зүйлийн 23.2.3-т “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэж, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Мэргэшүүлэх багц сургалтыг Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага хариуцан зохион байгуулна” гэж тус тус заажээ.
Ийнхүү хууль тогтоогчоос 2017 онд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн батлахдаа төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад “чадахуйн зарчим”-ыг баримтлах талаар шинэ ойлголтыг оруулж ирсэн бөгөөд чадахуйн зарчимд төрийн албан хаагчийн мэргэшсэн байдал хамаарахаар, төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагад мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх шаардлагыг тусгайлан зааж, мэргэшүүлэх багц сургалтыг Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага болох Удирдлагын академи хэрэгжүүлэхээр хуульчилсан байна.
Хуулийн эдгээр заалтын агуулгаас үзвэл төрийн албан хаагч нь мэргэшүүлэх багц сургалтын агуулга, хөтөлбөрийг бүрэн эзэмшиж төгссөнөөр төрийн албан хаагчийн мэргэшсэн байх шаардлага хангагдана гэж үзэхээр байна.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "чадахуйн зарчим /мерит/" гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг" гэж, 7 дугаар зүйлийн 7.1-д "Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална:” 7.1.5-д "төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах" гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д "Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно" гэж тус тус заасныг үндэслэж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2026/0289 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийн зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Ц.Иаас Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр тушаалаар байгуулагдсан Шалгалтын комисст тус тус холбогдуулан “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн сонгон шалгаруулалтад Нямын Наранбаатарыг бүртгэсэн бүртгэл, тусгай шалгалтад авсан оноо, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн тогтоол тус бүрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ц.Иыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх тусгай шалгалтаар хамгийн өндөр оноог авсан оролцогчоор тооцуулж, тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг Төрийн албаны зөвлөлд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж байгаа ч төгсөн байх гэсэн шаардлагыг хангаагүй Н.Ныг бүртгэж, тусгай шалгалтад оролцуулсан, ... миний бие тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон хууль, журамд заасан шаардлагыг бүрэн хангасан, ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад 5 жилийн өмнө хамрагдаж төгссөн. Мэргэшүүлэх сургалтаа төгсөөгүй, шаардлагаа бүрэн хангаагүй этгээдийг шалгалтад оролцуулж, өрсөлдүүлсэн Төрийн албаны зөвлөлийн үйлдэл нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлаагүй ... ” гэж тайлбарлан маргажээ.
2.1. Хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 144 дугаар тушаалаар “... гүйцэтгэх зарим албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах” үүрэг бүхий шалгалтын комиссыг байгуулсан байх бөгөөд уг сонгон шалгаруулалтад нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын сул орон тоо багтсан байх бөгөөд Төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 16-ны өдрүүдэд зохион байгуулж, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад 6 иргэн бүртгүүлснээс Н, И, Б нарыг сонгон шалгаруулалтад оролцуулахаар бүртгэсэн байна.
2.2. Төрийн албаны тусгай шалгалтыг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулж, сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн Н 81.4 оноо, И 67.4 оноо, Б 59.2 оноо авсан байх бөгөөд хамгийн өндөр үнэлгээ авсан Н.Ныг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх эсэхийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байна.
2.3. Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 484 дугаар тогтоолоор Н.Ныг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлж, уг саналыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/128 дугаар захирамжаар Н.Ныг нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс томилсон байна.
2.4. Нэхэмжлэгч Ц.Иаас 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шийдвэрлэх газарт гомдол гаргасан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр “... иргэн Н.Н нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д заасан тусгай шаардлагыг хангаж буй төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн тул Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцуулжээ” гэсэн хариуг хүргүүлсэн байна.
2.5. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална”, 7.1.2-д “мэргэшсэн, тогтвортой байх”, 7.1.4-т “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах”, 7.1.5-д “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах”, 23 дугаар зүйлийн 23.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно”, 23.2.2-т “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, ...”, 24 дүгээр зүйлийн 24.2-д “Мэргэшүүлэх багц сургалтыг Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага хариуцан зохион байгуулна”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 66.1.11-д “төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах” гэж заасан байна.
2.6. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгох шалгаруулах журам”-ын 1.2-т “Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх төрийн жинхэнэ албан тушаал болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд тавигдах нийтлэг, тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулж томилох нөхцөл бололцоог бүрдүүлэхэд шалгалтын зорилго оршино”, 5.1-д “Дараах болзлыг хангасан албан хаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ”, 5.1.10-т “зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх”, 8.4-т “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн жинхэнэ албан хаагч дараах шаардлагыг хангасан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу тусгай шалгалт болон төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулалтад оролцуулж болно”, 8.4.4-т “мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх”, 12.1-д “Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан оролцогчийг тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ” гэж тус тус заажээ.
2.7. Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг томилох тусгай шаардлагад мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх шаардлагыг хангасан тохиолдолд томилохоор заасан байна.
2.8. Мөн төрийн албан хаагчийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн эсэх нь төрийн албан хаагчийн мэргэшсэн байх шаардлагыг хангасан гэж үзэх эсэх талаарх маргаан хэрхэн шийдвэрлэгдэж ирсэн талаар Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс тодруулан судлахад Х.О-н нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд холбогдох хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 198 дугаар шийдвэрээр “... төрийн албан хаагч нь мэргэшүүлэх багц сургалтын агуулга, хөтөлбөрийг бүрэн эзэмшиж төгссөнөөр төрийн албан хаагчийн мэргэшсэн байх шаардлагыг хангагдана гэж үзэхээр байна ... маргаан бүхий актыг гарснаас хойш төрийн захиргааны ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдан төгсөж сертификат авсан нь нотлогдож байх тул мэргэшүүлэх сургалтад бүрэн хамрагдаж төгсөөгүй, тус сургалтад дөнгөж бүртгэгдээд байсан төрийн албан хаагчийг төрийн албаны мэргэшсэн байх шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй” гэж дүгнэж “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн уг шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, хэргийн оролцогчдоос хяналтын журмаар гомдол гаргаагүй, уг шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байгааг дурдах нь зүйтэй байна.
2.9. Харин хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн захирлын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 08/576 дугаар албан бичгээр Д.Наранбаатарыг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/204 дүгээр тушаалаар “Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт”-д хамрагдаж байгаа болохыг тодорхойлсон байна.
2.10. Тодруулбал, Төрийн албаны тусгай шалгалтыг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулах үед гуравдагч этгээд Д.Н нь ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгсөөгүй байсан болох нь тогтоогдож байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгох шалгаруулах журмын 8.4.4-т заасанд нийцээгүй байхад түүнийг төрийн албаны тусгай шалгалтад бүртгэж, сонгон шалгаруулалтад оролцуулсан хариуцагчийн үйлдэл хууль бус байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн “... мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж байгаа ч төгсөн байх гэсэн шаардлагыг хангаагүй Н.Н ыг бүртгэж, тусгай шалгалтад оролцуулсан” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.
2.11. Хэдийгээр хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/2030 дугаар албан бичгээр “... тухайн албан тушаалын мэргэшлийн тусгай шаардлагад хамаарах багц сургалтад хамрагдаж байгаа төрийн албан хаагч, иргэнийг сул орон тоог нөхөх тусгай шалгалтын бүртгэлд хамруулах, албан тушаалд томилох, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах шаардлагыг хангаж байгаад тооцох үндэслэлтэй болсон ...” талаар мэдэгдсэний дагуу сонгон шалгаруулалтад Н.Нямбаатарыг оролцуулсан гэж тайлбарлаж байх боловч тус албан бичгийг хууль болон журамтай адилтган үзэх хэм хэмжээ тогтоосон шийдвэр гэж шүүхээс үзэх үндэслэлгүй байна.
2.12. Мөн шүүх хуулийг нэг мөр тайлбарлан хэрэглэх үүрэгтэй тул сонгон шалгаруулалтад оролцогч нь мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн байх шаардлагатай талаар дүгнэсэн дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал хэвээр байгаа энэ тохиолдолд хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.13. Нэгэнт дээр дурдсан үндэслэлээр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн сонгон шалгаруулалтад гуравдагч этгээд Н.Ныг бүртгэсэн бүртгэл нь хууль бус, дээрх бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тогтоогдож байх тул Н.Н-ын тусгай шалгалтад авсан оноо, түүнийг үндэслэн гарсан Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 484 дугаар тогтоолыг шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул тус тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч Ц.И-ыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх тусгай шалгалтаар хамгийн өндөр оноог авсан оролцогчоор тооцуулж, тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг Төрийн албаны зөвлөлд даалгуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 289 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4, 7.1.5, 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг тус тус баримтлан Ц.И-аас Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр тушаалаар байгуулагдсан шалгалтын комисст тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн сонгон шалгаруулалтад Н-г бүртгэсэн бүртгэл, тусгай шалгалтад авсан оноо, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн тогтоол тус бүрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ц.И-ыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сул орон тоог нөхөх тусгай шалгалтаар хамгийн өндөр оноог авсан оролцогчоор тооцуулж, тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг Төрийн албаны зөвлөлд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ