Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/339

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн  даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,                     

              Улсын яллагч Э.Уламбаяр,

              Хохирогч Л.Ба********,

              Хохирогчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

              Шүүгдэгч Г.Бя********* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ба******** холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч Г.Бя********* нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тө********** сумын төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Ба********ыг “2020 оны сонгуулиар новширсон” гэх шалтгаанаар маргалдаж нүүрэн тус газар гараараа цохиж хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн ******** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Г.Бя********* нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тө********** сумын төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Ба********ыг “2020 оны сонгуулиар новширсон” гэх шалтгаанаар маргалдаж нүүрэн тус газар гараараа цохиж хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. 

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бя*********гийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй..гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, 

              Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Ба********ы  өгсөн: “...Анх улсын 1 дүгээр төв эмнэлэгт хамрын хагалгаа хийлгэхээр н.Ал******* эмчид үзүүлээд компьютер томографикийн зураг авахуулсан. Тэгэхэд чи ийм ийм шинжилгээ өгөөд даруйхан хагалгаанд орохгүй бол болохгүй. Гэхдээ “1 дүгээр эмнэлэг дээр хагалгаанд орох боломжгүй учраас би чамайг Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв рүү шилжүүлж өгье. Манай эмнэлэг он дуустал очер байхгүй байгаа” гэж хэлээд намайг Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв рүү шилжүүлээд би тэндээ хагалгаанд орсон. Би тухайн үед амьсгалж чадахаа байгаад аргаа барсандаа хот руу эмчилгээнд явсан...” гэх мэдүүлэг,

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Ба********ы өгсөн: “...Би 2022 оны 09 сарын 16-ны өдрийн 18 цаг өнгөрч байх үед Тө********** сумын 4 дүгээр багийн засаг дарга Д.Эр*******ын гэрт ганцаараа очсон юм. Тэнд очоод хоол идээд сууж байхад гаднаас сумын засаг дарга Г.Бя*********, байгаль орчны мэргэжилтэн Д.Хи***********, газрын даамал Х.Ня*********** нар орж ирцгээсэн юм. Тэнд бид нар цугласан гээд 0.75 литрийн хэмжээтэй Соёрхол архи 3 шилийг хувааж ууцгаасан. Бид нар Д.Эр*******ын гэрээс гараад үргэлжлүүлж сумын төвийн баруун зүгт байх С.С***** гэх газарт очин 0.75 литрийн хэмжээтэй Соёрхол архи 2 шилийг хувааж уусан. Тэр үед сумын засаг дарга Г.Бя********* нь надад хандаж "2020 оны сонгуулиар чи их новширсон” гэхээр нь би хариуд нь “нөхцөл байдал тийм л хэмжээнд хүрсэн шүү дээ” гэж хэлээд байж байтал Г.Бя********* шууд гараараа миний хамар луу 1 удаа хүчтэй цохиход би газарт унасан, миний хамарнаас цус гарсан. Дундуур Д.Эр******* салгах гэхэд Г.Бя********* нь хүчрэгдэхгүй хажуугаар нь миний бөгс рүү 3 удаа өшиглөж, толгой руу хэд хэдэн удаа цохьсон. Д.Эр*******, Х.Ня*********, Д.Хи*********** нар нийлж Г.Бя********* даргыг цааш холдуулсан, би Д.Хи***********ы хамт түүний гэрт очсон. Д.Эр*******, Х.Ня*********** хоёр удалгүй бид хоёрын араас ирсэн. Бид 4 сууж байтал барагцаагаар 20 минутын дараа Г.Бя********* ганцаараа ороод ирсэн. Би сандал дээр сууж байхад орж ирэнгүүтээ Г.Бя********* хөлөөрөө миний хөл гуя руу өшиглөж, гараараа миний толгой тархи луу хэд хэдэн удаа цохиж зодсон. Би сууж байсан газраа унтчихсан юм уу, ухаан алдсан юм уу бүү мэд, өглөө нь сэрээд харахад миний ойр орчимд шалан дээр их хэмжээний цус гарсан байдалтай, миний хувцас ч гэсэн цусаар бохирлогдсон байсан. Толинд харахад миний хоёр нүд хавдаж тагларсан байдалтай, хамраараа амьсгалж болохгүй, хавдартай байсан. Миний нүүр ер нь тэгширсэн айхтар зодуулсан байдалтай байсан. Тэгээд байж байтал гаднаас Г.Бя********* эрүүл орж ирэхээр нь “чи намайг яагаад зодсон юм бэ” гэж асуухад “юунаас болоод зодолдчихов оо, би тасарсан байна” л гэж надад хариулт хэлсэн. .. 2022 оны 09 сарын 19-ний өдөр би Г.Бя*********д хандаж “би эмнэлгээр үзүүлж харуулахгүй бол болохгүй байна аа, толгой тархи, хамар өвдөөд байна” гэж хэлэхэд надад хариуд нь “үзүүлж харуулах мөнгийг чинь өгье, энэ асуудлыг чимээгүй өнгөрчих” гээд надад дансаар 600.000 төгрөг өгсөн юм. Би 2022 оны 09 сарын 19- ний өдөр аймгийн төвд орж ирээд хувийн эмнэлгүүдэд тархины бичлэг, хамрын зураг авахуулж, эмчилгээ бичүүлж, эм тариа хийлгэсэн. Миний хамрыг тухайн үед хагалгааны заалттай гэсэн, би 2023 оны 04 сард Улаанбаатар хотод хамрын хагалгаанд орсон, хамар хугаралтай, нүдний ухархайн хана хугаралтай гэсэн. Тархины КТГ, МRI зэргийг мөн хотод хийлгэсэн. Гэмтлээсээ болоод мартаж санаад байж магадгүй МRI  хийлгээрэй гэж эмч хэлсэн болохоор би хийлгэсэн, хариу нь өнөөдөр ирж байгаа. Би тухайн үед хоёрын хооронд нэг газар ажиллаж байгаа хүмүүс юм чинь яахав дээ гэж бодоод яваад байсан юм. Сүүлийн үед би хамрын хагалгаа, Улаанбаатар хот руу нааш цааш явах, зураг авахуулах зэрэг гээд маш их зардал гарсан, үүн дээр минь Г.Бя********* гэх хүн тоохгүй, над руу огт ярихгүй байсан болохоор би цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

              Иргэний нэхэмжлэгч Ц.Бу***********гийн өгсөн “..******** дугаартай хэргийн хохирогч Л.Ба**************нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.521.300 төгрөгний тусламж үйлчилгээний зардал гаргуулан авсан байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

              Гэрч Д.Хи***********ы өгсөн: “...2022 оны 09 сард шиг санаж байна /өдрийг сайн санахгүй байна/ би сумын засаг дарга Г.Бя*********, 4 дүгээр багийн засаг дарга Эрдэнэжаргал, газрын даамал Х.Ня***********, 3 дугаар багийн засаг дарга Л .Ба*********н нарын хамт ажлаа тарсны дараа тус сумын 5 дугаар багт байх Эр**********н гэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн. .. Архи дуусах үед нь би Эрдэнэжаргалын хамт яваад архи авч ирэх үедээ салхинд цохиулчихсан юм уу яасан юм бүү мэд би тасарчихсан байсан. Ямар ч байсан хүмүүс муудалцаад байхаар нь би Л.Ба********г аваад өөрийн гэртээ очсон. Би гэртээ ороход хүүхдүүд маань намайг “аав та согтсон байна" гээд шууд ор луу оруулж унтуулсан байсан. Өглөө сэрэхэд Л.Ба********, Э.Ня**********нар бүхлээрээ манайд хоносон байсан. Манай гэрийн үүдний шал хэсэгт нэлээн цус асгарсан байсан. Тэр үед Л.Ба******** бас өндийгөөд сэрж байсан, царайг нь харахад Л.Ба******** нь нүүрэндээ цохиулсан шинжтэй, хамрынхаа цусыг сайн арилгаагүй байсан. Би Л.Ба********аас “энэ шалан дээр яагаад цус болчихов оо” гэж асуухад Л.Ба******** хариуд нь “засаг дарга Г.Бя*********д цохиулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд тэд нар өглөөний 07 цаг 30 минутын үед гэр гэр лүүгээ явсан. Бид нар барагцаагаар 4-5 шил архи уусан байх, бүгд нэлээн согтсон байсан. Надад харсан зүйл байхгүй. Би маргааш өглөө нь Л.Ба********аас асуухад л Г.Бя*********д цохиулсан гэж хэлж байсан. .. С.С***** гэх газарт эхлээд Г.Бя*********, Л.Ба******** нарыг муудалцах үед Эр********салгасан юм байна лээ. Өглөө Л.Ба********ы царайг харахад нүүрэндээ цохиулсан шинжтэй, хамрынхаа цусыг сайн арилгаагүй байсан. Мөн манай гэрийн үүдний шал хэсэгт нэлээн цус болсон байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

              Гэрч Х.Ня***********гийн өгсөн: “...2022 оны 09 сарын дундуур л байсан /өдрийг нь яг мэдэхгүй байна/ багийн дарга Эр********гэрт Г.Бя*********, Хи*********** бид гурав очсон юм. Тэнд очиход Л.Ба********, Эр********хоёр сууж байсан. Бид 5 юм ярилцаж суунгаа Эр********* гэрт 2-3 шил архи хувааж ууцгаасан. Тэндээс нэлээн халж согтох маягтай бид нар гарсан. Төвийн ойролцоо байх сайр дээр очиж дахиж 1 шил архи уусан. Л.Ба********, Г.Бя********* нар ямар ч байсан нам, улс төр, сонгуулийн талаар яриад маргалдаж эхэлж байсныг нь би мэдэж байна, яг юуны талаар маргалдаад байгааг нь нарийн сайн мэдээгүй. Тэгээд би хэтэрхий согтоод тасарсан байсан, цааш нь юу болсныг мэдэхгүй санахгүй байгаад байгаа юм. Нэг мэдэхэд л өглөө би Хиы гэрт сэрсэн. Сэрэхэд Л.Ба********, Эр********нар ч гэсэн цуг унтсан байсан. Хиы гэрийн шал цус болсон байсан, бас Л.Ба********ы хамар, амных нь орчимд цус хатсан байсан, түүний хамраас цус гарсан шинжтэй байсан. Би юу болчихсон юм гэж асуухад Л.Ба******** “дарга Г.Бя********* зодчихлоо” гэж хэлж байсан. Тэгээд гэр гэр лүүгээ харьцгаасан, энэ явдлын талаар түүнээс хойш огт ярилцаагүй байсан, өнөөдөр л би дуудагдаж ирлээ. Г.Бя*********, Л.Ба******** гэлтгүй бүгд л их согтолттой байсан. Миний мэдэхээр лав 0.75 литрийн хэмжээтэй 4 шил архи хувааж ууцгаасан. Тэр хоёрыг маргалдаад байсныг бол би харсан. Л.Ба********ы биед халдахыг нь бол би хараагүй, би тасраад унтчихсаны дараа болсон юм шиг байсан. Өглөө нь Л.Ба******** ярихдаа “энд ирсний дараа Г.Бя********* дарга хойноос ирээд намайг сандал дээр сууж байхад зодчихоод явсан” гэж хэлж байсан.. .. Ямар ч байсан хальт харахад хамраас нь цус гараад нүүрэн дээр нь хатсан байсан, хамар нь нэг л хэвийн биш, хавдсан шинжтэй харагдаж байсан. Мэдэхгүй, тэр хоёр сонгууль нам яриад л маргалдчих шиг болсон, түүнээс л болсон байх..” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

              Гэрч Д.Эр*******ын өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын дундуур байсан /өдрийг нь санахгүй байна/ Л.Ба********, Хи, Ня**********, Бя********** ах нарын хамт манай гэрт хоол хийж идээд 2 шил архи хувааж ууцгаасан юм. Тэгээд би хөдөө явах болоод тэд нар намайг гаргаж өгнө гэж сумын төвийн захад 1 том пиво хувааж уусан. Хи ах бид хоёр сумын төвийн дэлгүүрээс дахиж 1 шил архи аваад нөгөө хэд дээрээ буцаад очтол Л.Ба******** ах, Г.Бя********* ах хоёр хоорондоо муудалцсан байдалтай, Г.Бя********* ах Л.Ба******** ахын дээр нь гарчихсан, хэрэлдэж маргалдаж байсан. Бид нар шууд очоод салгасан, Л.Ба******** ахын царайг харахад хамраас нь цус гарсан байсан. Бодвол Г.Бя********* ах цохисон юм шиг байсан. Тэндээ бид нар авч ирсэн нэг шил архиа хувааж уусан. Цаг нэлээн орой болчихсон тул би хөдөө явахаа болиод маргааш явахаар болж тэндээсээ бид нар Хи ахын гэрт очсон. Г.Бя********* ах бид нарын хойноос ирсэн, тэндээ бид нар монгол архи ууцгааж эхэлсэн. Нэг мэдэхэд л би тасраад унтчихсан байсан. Маргааш өглөө нь сэрээд харахад Хи ахын гэрийн шалан дээр нэлээн цус гоожсон байдалтай байсан. Л.Ба******** ахын нүүр нь тэгширсэн байдалтай, хамар нь муруйчихсан байсан. Бид нар салаад гэр гэр лүүгээ явсан. Г.Бя********* ах Л.Ба******** ах хоёр л хоорондоо маргалдаж, бид нарыг дэлгүүр лүү явсан хойгуур Л.Ба******** ахын дээр нь Г.Бя********* ах гараад суучихсан байдалтай нүүр лүү нь цохиж байсан. Тэгээд л бид нар гялс очиж салгасан. Өмнө болсон сонгууль яриад л байсан, сонгуулиас л болсон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,                   

              Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 446 дугаартай: “...Л.Ба********ы биед хамар ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Л.Ба********ы биед учирсан гэмтэл нь тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 31 тал/,

              Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/,

              Шүүгдэгч Г.Бя*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 09 сард /өдрийг нь бол санахгүй байгаад байгаа/ Хөвсгөл аймгийн Тө********** сумын 5-р багт Л.Ба********тай хамт архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас үл ойлголцож, сонгуулийн талаар янз бүрийн зүйл ярьж маргалдаж, улмаар би Л.Ба********ы цээж рүү цохьсон, бид хоёр харилцан гараараа нэг нэгнийхээ нүүр лүү цохилцсон. Тухайн үедээ бид хоёрын хоёулангийнх нь хамраас цус гоожсон байсан. Тэгээд байж байтал Эр*********, Хи хоёр ирсэн. Бид хоёр тэндээ эвлэрээд Хиы гэр лүү явцгаасан, тэдний гэрт очоод байж байхад Л.Ба********ы хамрын цус нь тогтохгүй гоожоод л байсан. Хиы гэрт бол би Л.Ба********г нэмж зодсон зүйл байхгүй. Маргааш өглөө нь очиход Л.Ба********ы нүд нь хөхөрч хавдсан, хамар нь бас нэлээн хавдартай байсан. Би түүнээс уучлалт гуйж хэд хоногийн дараа эмнэлгээр үзүүлж харуулахад нь нэмэрлэж 600.000 төгрөгийг хоёр хувааж шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш дахиж энэ асуудал яригдаагүй, бид хоёр ч муудалцаагүй байсан, гэтэл саяхан Л.Ба******** гэнэт цагдаагийн байгууллагад хандсан байна. Миний бие Л.Ба********ы биед хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний бодит хохирлыг нь төлж барагдуулах болно оо. Би хэргээ хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/ зэргийг шинжлэн судалснаар  нотлогдон тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан: “..Шүүгдэгч Л.Ба********нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тө********** сумын төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Ба********ыг “2020 оны сонгуулиар новширсон” гэх шалтгаанаар маргалдаж хамар хэсэгт нь гараараа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.. Хохирол 2,751,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс сая шинээр гаргаж өгсөн баримтаас харагдахгүй байгаа 1 дүгээр хуудас болон 5 дугаар хуудас дахь болон хуулбарлаж өнгөтөөр хэвлэсэн байсан баримтуудыг нотлох баримтаас хасуулах дүгнэлтийг гаргаж байна..” гэх дүгнэлт,

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр гаргасан: “Г.Бя********* анхнаасаа өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлгээ өгсөн байдаг. Өнөөдөр ч гэсэн шүүх хуралдаан дээр энэ байр сууриа илэрхийлж байна гэж ойлголоо. Миний үйлчлүүлэгчийн зүгээс анх эрүүл мэндээрээ хохирсноос хойш өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэсээр байгаа. Хамрын хугарал гэмтэл авсан. Тухайн үед цус маш их алдсаны улмаас архаг цус багадалттай болсон. Улмаар тархины судасны нарийсал гэх өвчтэй болсон. .. өнөөдрийн шүүх хуралдаан дээр нийт 2,751,600 төгрөгийн хохирлын баримтыг бүрдүүлж орж ирсэн. .. Энэ баримтуудаас 5 дугаар хуудаст авагдсан 38,120 төгрөгийн баримт харагдахгүй цагаарсан байгаа учраас энэ баримтыг хасаж 2,713,079 төгрөгийг эмчилгээний зардалд нэхэмжилж байна...” гэх санал, дүгнэлт,

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдоржийн гаргасан: “..Миний үйлчлүүлэгч Л.Ба********д хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хувьд ойлгогдохгүй эргэлзээтэй зүйл бас байна. .. эмчлүүлсэн эмчилгээний зардлыг төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрнө. Энэ хүн өөрөө эрүүл мэнддээ анхаарч байгаа учраас гэмтэлд хамааралгүй зүйлийг хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас миний зүгээс хохирлыг бүрэн гаргах боломжгүй гэж үзэж байна. Нэгэнт шүүхээс хохирлыг тогтоовол миний үйлчлүүлэгч төлнө гэсэн байр суурьтай байгаа. .. Гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж байна гэж мэтгэлцжээ.

Шүүгдэгч Г.Бя******** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Л.Ба********ы мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.Бу***********гийн мэдүүлэг, гэрч Д.Хи***********, Х.Ня***********, Д.Эр*******  нарын өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 446 дугаартай  дүгнэлт,  гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгч Г.Бя*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Г.Бя********* нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тө********** сумын төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Ба********ыг “2020 оны сонгуулиар новширсон” гэх шалтгаанаар маргалдаж нүүрэн тус газар гараараа цохиж хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Ба********ы биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Бя*********гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч Г.Бя*********гийн үйлдэл идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Г.Бя*********гийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Бя*********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Бя*********гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Ба********ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн  шатанд хохирогч Л.Ба******** нь баримтаар 2.751.300 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Шүүх хохирогч Л.Ба********ы нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотолгооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад баримтаар нэхэмжилсэн эмчилгээтэй холбоотой зардал 2.613.450 төгрөгийн баримтыг үнэлж 2.613.450  төгрөгийг шүүгдэгч Г.Бя*********гээс гаргуулж хохирогч Л.Ба********д олгох нь зүйтэй байна.

              Хохирогч Л.Ба********ы шүүхийн хэлэлцүүлгийн шатанд баримтаар гаргаж өгсөн 88 дугаар талд авагдсан баримтаас 2 дугаартай баримт, 92 дугаар талд авагдсан баримтаас 1 дугаартай баримтууд нь тус тус харагдахгүй,  90 дүгээр талд авагдсан баримтаас 1 дугаартай ХААН банкны посс машины баримт давхардсан байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэв.

              Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Бя*********гийн өгсөн: “600,000 төгрөг өгснөөс хойш мөнгө өгөөгүй байгаа. Баримтаар гаргаж өгсөн баримтаас нотлогдсон хамрын хугаралтай холбоотой эмчилгээний зардлыг төлнө. 2.751.600 төгрөгийн хохирлоос хамрын хугаралтай холбоотой гарсан зардлыг төлнө. Би маргааш нь уулзаж уучлалт гуйгаад эмчилгээнд явахдаа хэлээрэй тэр үед мөнгө төгрөг өгнө гэж хэлсэн. 3 хоногийн дараа би аймаг ороод ирсэн байна. Хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхгүй бол болохгүй юм шиг байна. Цус их гарсан учраас бие сульдаад ядраад байх шиг байна гэхээр нь надад 600,000 төгрөг байна болох уу гэхэд болно гээд би 2 хувааж хийсэн” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Л.Ба********ы өгсөн “Зодоон болсны маргааш нь надтай ирж уулзахад аль аль нь согтуу байсан гэдэг утгаар би нэг их зүйл яриагүй орхисон. 2, 3 хоногийн дараа толгой өвдөөд болохгүй байхаар нь Мөрөн орж үзүүлж эмчлүүлэхээр болсон.. 4 дүгээр сарын 17-ны өдөр явж 19-ний өдрөөс эмнэлгээр явж 27-ны өдөр хагалгаанд орсон. 5 дугаар сарын 05, 06-ны үед энд ирж 2, 3 хоноод буцаж ирээрэй гэхээр нь очиж хяналтдаа орж угаалга цэвэрлэгээ хийлгэсэн. Хамгийн сүүлд тархины имрай хийлгээрэй гэхээр нь 8 дугаар сард имрай хийлгэсэн. Зарим нэг наашаа цаашаа явсан зардал ороогүй. Баримт нь гээгдсэн учраас оруулаагүй Би Г.Бя*********д зодуулсныхаа дараа 600,000 төгрөг авсан. Тэр мөнгөөр эмнэлэгт үзүүлж бичлэг хийлгэж нэг ширхэг нь 18,000 төгрөгийн үнэтэй өдрийн хоёроор хийлгэх тариа 10 хоног хийлгэх зэрэгт зарцуулсан.  Тэр 600,000 төгрөг энэ хохирлын баримтаас тусдаа мөнгө. Энэ 600.000 төгрөгийг  4 дүгээр сард хагалгаанд орохоос өмнө хэрэглээд дууссан” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 46-47 дугаар талд авагдсан хохирол барагдуулсан гэх зарлагын баримт авагдсан байх бөгөөд шүүгдэгч Г.Бя*********гийн эмчилгээний зардал 600.000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд  эмчилгээнд  зарцуулсан байна гэж дүгнэж,  хохирогч Л.Ба********ы 2023 оны 04 дүгээр сараас хойш эмчилгээнд зарцуулсан гэх баримтыг үндэслэж шүүгдэгчээс 2.613.450 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хохирогч Л.Ба******** нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлоо  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан байна.

 Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь мөрдөн шалгажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.521.300 төгрөг /хх-ийн 17-19 тал/ нэхэмжилж баримтын хэрэгт хавсарган ирүүлсэн боловч дээрх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “ бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэх хуулийн шаардлагыг хангалгүйгээр гарын үсгийг скайнердаж оруулсан байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзлээ.

Түүнчлэн хохирогч Л.Ба********ы эмнэлэгээр үйлчлүүлсэн баримт, өвчтөний түүх, эмчилгээний задаргаа зэрэг нь хэрэгт авагдаагүй байна. Иймд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь 1.521.300 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Бя*********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Бя*********гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...шүүгдэгч Г.Бя*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтай байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ: “..прокурорын гаргасан ял шийтгэлтэй холбоотой тусгайлан гаргах саналгүй. 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох саналыг өөрөөр хэрэглэх ёстой гэж маргах зүйл байхгүй..”  гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Хохирол төлөхөө илэрхийлж байгааг харгалзаж үзнэ гэж заасан учраас хуульд заасан торгох ялын хамгийн доод хэмжээ болох 450,000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Бя********* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Хавтаст хэргийн 37, 39-43, 80 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа,  үл хөдлөх эд хөрөнгийн  жагсаалтын лавлагаа, гэрлэсний  бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Тө********** сумын Иргэдийн төлөөлөгчдийн  хурлын  даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар шүүгдэгч Г.Бя********* нь ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Тө********** сумын 5 дугаар багт оршин суудаг, Хөвсгөл аймгийн Тө********** сумын Засаг дарга ажилтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Бя*********гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн, шүүхээс тогтоосон хохирлыг төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавь нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт этгээдийг цээрлүүлэх,  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

              Шүүгдэгч Г.Бя********* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.    

              Энэ хэрэгт шүүгдэгч Г.Бя********* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бя*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч ******овогт Г.Бя******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бя*********** 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бя*********д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.  

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бя********* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

              5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Г.Бя*********гээс хохирогч Л.Ба********д 2.613.450 /хоёр сая зургаан зуун арван гурван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг олгож, хохирогч Л.Ба******** нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлоо,   иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн  даатгалын хэлтэс нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.521.300 / нэг сая таван зуун хорин нэгэн мянга гурван зуу/ төгрөгийн хохирлоо тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

              6. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Бя********* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчид 600.000 / зургаан зуун мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

              7. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бя*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН