| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/01681/И |
| Дугаар | 102/ШШ2020/01607 |
| Огноо | 2020-05-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2020/01607
| 2020 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2020/01607 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн Р овогт Ё-ийн Б-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, Г овогт Б-ийн О-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5 880 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ё.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.О-тэй 2018 оны 12-р сарын 24-нд зээлийн гэрээ хийж 3 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 0.5 хувийн алданги тооцохоор зээлүүлсэн. Үүнээс хойш 17 сар өнгөрч зээлийн хүү 2 040 000 төгрөг болсон. Б.О нь надад 840 000 төгрөгийг төлсөн учраас 17 сарын хугацааны хүүгээс хасч хүү 1 200 000 төгрөг, үндсэн зээл 3 000 000 төгрөг нийт 4 200 000 төгрөгийг Д.О-ээс нэхэмжилж байна. Би нэхэмжлэлдээ дансанд орсон 840 000 төгрөгийг хасаагүйгээр 5 880 000 төгрөг гэж нэхэмжлэлээ гаргасан. Иймд 4 200 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь 2018 оны 12-р сарын 24-нд 3 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Тухайн үед бэлнээр авсан. Зээлийн гэрээг 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр тохиролцсон. Нэг сарын хүү 120 000 төгрөг болох ба Ё.Б-ийн нөхөр н.Э-ын ХААН банкны 5016592617 тоот дансанд 240 000 төгрөг, мөн 2019 оны 8-р сарын 1-нд 600 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Иймд Б.О нь үлдэх 2 400 000 төгрөгийг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Б нь Б.О-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5 880 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4 200 000 төгрөг гаргуулахаар шаардсан байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2 400 000 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ё.Б нь Б.О-тэй 2018 оны 12-р сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлүүлэхээр /хх 3-4/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
Зээлдүүлэгч гэрээгээр тохирсон 3 000 000 зээлдэгчид шилжүүлсэн, харин зээлдэгч зээлийг хүүгийн хамт төлөх үүргээ бүрэн гүйцэтгээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.
Зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 3 000 000 төгрөг, зээлийн хүү 240 000 төгрөг нийт 3 240 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Үүнээс зээлдэгч 840 000 төгрөгийг дансаар төлсөн нь зохигчийн тайлбар, дансны хуулгаар /хх 10-17/ тус тус тогтоогдсон байна.
Иймд хариуцагчаас зээл 2 400 000 төгрөг гаргуулахаар хангах нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч нь 17 сарын хүү тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй, талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан хэлбэрээр сунгаагүй тул 3 488 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Басангийн Отгонцэцэгээс 2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж Ё-ийн Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 488 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 030 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.О-ээс 53 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА