| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2013/0047/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/51 |
| Огноо | 2013-03-12 |
| Зүйл хэсэг | 215.2., 216.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2013/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0047/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагч О.Доржмаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
хохирогч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1-д заасан гэмт хэрэгт Б овогт ******* т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000696 дугаартай хэргийг 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт ******* /РД:.../, 19.. оны .. дугаар сарын ..-нд Дархан-Уул аймаг Шарын гол суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Шарын гол сум . багийн . тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч ******* нь 2012 оны 12-р сарын 06-ны өдрийн орой Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэр Ойчидын 13-р гудамжинд Тоёота Витз маркийн .... ДАР дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэснийг, мөн 9.2-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг тус тус зөрчсөнөөс явган зорчигч У.Б ыг дайрч биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт:.. “2012 оны 12 сарын 06-ны орой эмээгийнхээ ажил явдлыг хийчихээд явж байсан. Гудамжаар баруун гар тал руу эргэхэд наана нь хэдэн хүмүүс ноцолдож байсан. Ээж наана чинь согтуу хүмүүс байна гэхэд нь хурдаа багасгасан. Нарийн гудамжтай, жалга хонхорхой ихтэй байдаг болохоор угаасаа тормоз гишгэж явдаг. Гэтэл хүн ирээд машины цонх цохиод хүн дайрчихлаа гэсэн. Буух гэтэл намайг зодоод байсан. Нөгөө хаалгаар буух гэтэл дахиад зодоод байсан. Буугаад хартал нэг хүн машин доогуур цээжин биеэрээ орсон байсан” гэв.
Хохирогч У.Б шүүхийн хэлэлцүүлэгт: ...” 2012 оны 12 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчимд өөрийн дэлгүүрийн худалдагчийг тосож авч гэрт нь хүргэж өгөх гээд дэлгүүр дээр очиход зүс таних А а гэдэг залуу архи ууж байснаа намайг дагуулж гараад дэлгүүрийн ар талд хашааны гадаа дагуулж очоод шууд миний нүүр орчим гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэр үед би халамцуу байсан. Өөр яасныг сайн мэдэхгүй байна. Энэ залуу гарч ирээд машинаараа цээжин дээр хавирга хэсгээр дайрсан. Тэр дороо эмнэлэгийн тусламж аваад Дарханд ирсэн. Одоо бие гайгүй болж байгаа, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
- Осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй болох нь:
Гэрч Л.Г мөрдөн байцаалтанд өгсөн: ...”энэ орой би хүү С ын хамт 22 цаг орчимд Шаазгайтын гэр хороолол руу өөрийн эзэмшлийн Витз маркийн .... ДАР дугаартай автомашинтайгаа явж байсан. Миний ээж хүнд өвчний учир нас барсан байсан юм. Тэгээд 12 дугаар сарын 07-нд оршуулах ажилтай байсан тул ажиол явдлынх юмыг бэлтгээд талийгаач ээжийнхрүүгээ явж байсан юм. Тэгээл төв замаар явж байгаад Санжинт багийн Ойчидын 13-р гудамжны араар уг гудамж руу орох үед гудамжны үзүүр орчимд хэдэн залуучууд хоорондоо ноцолдож байгаа харагдсан. Тэр үед хүүдээ наана чинь согтуу хүмүүс байх шиг байна болгоомжтой яваарай гэж хэлсэн. Тэгээд гэр хүмүүсийн хажуугаар тормоз гишгээд явах үед машины хаалгыг хүн цохисон. Тэгээд машинаа зогсооход машин доогуур чинь хүн орчихлоо гэж нэг залуу хэлсэн. Тэр залуу жолооч талын хаалгаар хэлсэн. Тэгээд манай хүү С жолоо барьж явсан болохоор тэр залуу С ыг чи хүн дарчихлаа гээд цохиж зодоод байсан. Тэр үед би машинаас бууж харахад манай машины хойд урд дугуйн хооронд нэг хүн хөндлөн байрлалтай хэвтэж харагдсан. Тэр үед манай хүү Саруулыг чи хүн дайрчихлаа гээд нэг залуу нь зодож цохиод байсан. Тэгэхэд манай хүү Саруул зугтаад гүйгээд явчихсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,
Т.А ын яллагдагчаар байцаагдсан тэмдэглэл: ...”2012 оны 12 сарын 06-ны орой Занабазарын хамтаар дэлгүүрт ороод байж байхад араас Б ах орж ирсэн юм. Тухайн үед Б архи уучихсан нэлээн согтуу байсан бөгөөд намайг нэг шил архи аваад өг гэхээр нь би та ийм согтуу байж архиар яах гээд байгаа юм бэ, би таныг гэрт чинь хүргэж өгье гэж хэлсэн чинь Б ах юу яриад байгаа юм бэ ахдаа нэг шил архи аваад өгчих гэхээр нь би уурлаж та хөлдөж үхнэ ш дээ гэрт чинь хүргэж өгье гэж хэлээд чирээд гартал гадаа гарсан хойно Б ах надаас арх нэхээд байхаар нь аи та юу яриад байгаа юм бэ харьж амар гээд тэгээд нүүр лүү нь 3-4 удаа гараараа цохиод авсан. Тэгээд Б ахыг хашаа налуулж зогсоогоод би бие засахаар хажуу тийшээ яваад хашаа руу бие засаад зогсож байтал Занабазар над дээр ирэээд гэрийн түлхүүр гэхээр нь би өгөхгүй Б ахыг хамт гэрт нь хүргэж өгчихөөд харья гэж хэлээд тэгээд ноцолдоод байж байхад нэг машины гэрэл гялс хийгээд орж ирээд “тас” хийх чимээ гараад машин зогсох шиг болсон. Тэгэхээр нь явааад очоод харахад Б ах машин доогуур ороод хэвтсэн байсан. Тэгэхэд Занабазар тэр машины жолооч талын хаалга руу гүйж очиж хаалгыг нь тогшиж хүн дайрчихлаа ш дээ гэж хэлсэн. Тэгээд би тэр жолооч дээр яваад очиход манай Шарын голын Саруул гэх залуу байсан. Тэгээд чи хүн дайрчихлаа ш дээ гээд хэлсэн чинь юу вэ гээд гайхаад дайраагүй гээд байхаар нь хэд хэдэн удаа цохиж авахад Саруул зугтчихсан юм. Тэгээд тэр машин доороос Занабазар, тэр машинд явсан нэг эгчтэй хамт Б ахыг машин доороос татаж гаргаж авсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 57-58 дахь тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №1031 дугаартай дүгнэлт
“1. У.Б ийн биед цээжний битүү гэмтэл, баруун талын 2-5-р хавирганы хугарал ба уушигны бүрэн авчил, зүүн талын 3-6-р хавирганы хугарал ба уушигны бүрэн биш шалчийлт, хагалгааны дараах байдал, тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт, нүүрний зөөлөн эдийн цус хугалт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх оношид бичигдсэн цээжний битүү гэмтэл, баруун талын 2-5-р хавирганы хугарал ба уушигны бүрэн авчил, зүүн талын 3-6-р хавирганы хугарал ба уушигны бүрэн биш шалчийлт, хагалгааны дараах байдал нь зам тээврийн ослын үед хатуу мохоо үшйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.
3. У.Б ын биед илэрсэн тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой
4. Дүгнэлтийн 3-т заагдсан гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл бөгөөд уг гэмтлийг бусдад зодуулснаас эсвэл машинд мөргүүлсэн, шүргүүлсэн дайруулсан чухам аль нь болохыг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 20 дахь тал/
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-8 дугаар тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8 дахь тал/,
Хохирогч У.Б ын 2012 оны 12 сарын 06-ны өдрөөс 2012 оын 12 сарын 17-ны өдөр хүртэл Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хэргийн 23-34 дэхь тал/,
2013 оны 01 сарын 10-ны өдрийн 10/07/025/02 дугаартай Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 36-38 дахь тал/
2012 оны 12 сарын 13-ны өдрийн Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 40-41 дэхь тал/,
2012 оны 12 сарын 29-ний өдрийн 19 тоот шинжээчийн дүгнэлт: ...”
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 66 дахь тал/,
Зарлагын баримт /хэргийн 72-73 дахь тал/,
“2012 оны 12 сарын 27-ны өдөр ******* аас хохиролд 300.000 төгрөг хүлээн авсан” гэх баримт /хэргийн 74 дэхь тал/,
Шүүгдэгч ******* ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Иймд шүүгдэгч ******* ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар, зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй үйлдэлдээ мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* т гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, хохирогч У.Б нь шүүхийн хэлэлцүүлэг “... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохын зэрэгцээ нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр ялыг тэнсэж тодорхой хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэж байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт ******* ыг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэм буруутайд тус тус тооцсугай.
2. ******* т Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 3 /гурав/ сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар 3 /гурав/ сар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.5-д заасныг журамлан шүүгдэгч ******* т Эрүүгийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар оногдуулсан 3 сар баривчлах ялыг хорих ялын нэг хоногтой тэнцүүлэн тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч ******* оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч 1 жил 3 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ******* т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-т зааснаар хохирогч У.Б нь цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой нэмэлт зардал гарвал холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* т энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан П.М-ад хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* т мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР