| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0315/И |
| Дугаар | 309 |
| Огноо | 2020-09-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 309
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Х банк ХХК-ийн Замын-Үүд салбарын хүсэлттэй,
“Ч овогт Б.Т-г эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х банк ХХК-ийн Замын-Үүд салбар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... Иргэн Б.Т нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тус банкнаас 800,000 /найман зуун мянган/ төгрөгийн кредит картын зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар авсан бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 518,260 төгрөг, хүүгийн төлбөр 235,295 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 124,619 төгрөг нийт 878,174 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа болно. Б.Т нь Замын-Үүд сумын М ХХК-нд ажиллаж байгаад сураггүй алга болсон бөгөөд байнгын хаяг дээрээ байхгүй, утас нь холбогдохгүй оршин суух хаяг нь тодорхой бус байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү...” гэжээ.
Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд: “...Иргэн Б.Т нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тус банкнаас 800,000 төгрөгийн кредит картын зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар авсан. 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 518,260 төгрөг, хүүгийн төлбөр 235,295 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 124,619 төгрөг нийт 878,174 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Уг зээлээ төлөхгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй, утаснууд нь холбогдохгүй болсон. Зээл авахдаа Б.Т нь Замын-Үүд сумын М ХХК-нд ажиллаж байсан. Гэрээ байгуулахдаа Замын-Үүд сум 1 дүгээр багт оршин суудаг гэсэн боловч багаас хаягыг нь шүүлгэхэд Замын-Үүд сумын 5 дугаар хэсэгт түр оршин сууж байсан бүртэлтэй байна гэсэн. Ээж аав нь гадаадад байдаг гэсэн. Иймд Б.Т-г оршин суугаа хаягыг нь тогтоож, эрэн сурвалжилж өгнө үү...” гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлт гаргагч Х банк ХХК-ийн Замын-Үүд салбарын хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Б.Т нь Х банк ХХК-ийн Замын-Үүд салбартай 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр кредит картын гэрээ байгуулан 800,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан, гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй болох нь кредит картын гэрээ, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Б.Т нь шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Б.Т нь оршин суух хаягтаа байхгүй байгаа болох нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдүгээр багийн засаг даргын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Ч овогт Б.Т иргэний үнэмлэхний Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15 дугаар хороонд оршин суух бүртгэлтэй, Замын-Үүд суманд 5 дугаар хэсэгт түр оршин суух бүртгэлтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Ч овогт Б.Т-г эрэн сурвалжилсугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Б.Т-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Х банк ХХК-ийн Замын-Үүд салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н