Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2020/02182

 

 

 

 

 

 

 

 

 

  2020           07             23                                                102/ШШ2020/02182

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: БГД, 0 дугаар хороо, 00 хороолол, ЭТӨЧ гудамж, 000 байр, 00 тоот хаягт оршин суух, эмэгтэй, Д овогтой А-гийн Б /РД: АА00000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД, 0 дугаар хороо, 00 хороолол, ЭТӨЧ гудамж, 000 байр, 00 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Б овогтой Д-ийн Т /РД: АА00000000/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэмж гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Б, хариуцагч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б миний бие 2008 онд Д.Т-тэй танилцаад 2010 онд Хан-Уул дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулсан.

Бидний хүү болох Т.Ө нь ******* оны******* дугаар сарын*******-ний өдөр, охин Т.Ө нь******* оны******* дугаар сарын 08-ны өдөр төрсөн.

Хүүхэд гарсан эхний жилээс эхлээд л А.Б-ийн зан ааш нь дээрэлхсэн үл хүндэтгэсэн харьцаатай болж эхэлсэн.******* онд охин гарсанаар харилцаа бүр хэцүү болж эхэлсэн. Хүүхэд гаргаад гэртээ сууж байхад ямар ч мөнгөний эрх мэдэлгүй тухайн хүний бүрэн хяналтанд орсон. Гэртээ суудаг арчаагүй амьтан гэж доромжлуулан охиноо 1 нас гартал 2 хүүхдээ харж гэртээ суусан. Тиймээс бага хүүхдээ ой 6 сартай байхад нь ажилд орсон ч мөн л хүүхдээ хаяж ажил хийлээ гэсэн дарамтанд орсон. Бид хоёрын харилцаа хэзээ ч гэр бүл шиг харилцаа байгаагүй ба 12 жилийн турш хөндий хүйтэн харилцаа одоог болтол үргэлжилсэн.

2013 онд тусдаа амьдарч байсан ба юмаа авах гэж гэртээ ортол хутга барьж айлган сүрдүүлж байсан. Гэсэн ч 2 хүүхэдээ бодоод эвлэрсэн. 2016 онд мөн маргалдасны улмаас 3 сар тусдаа амьдарсан. Энэхүү хугацаанд надад болон манай гэр бүлийнхэнд маш их дарамт үзүүлж 2 хүүхдийг маань хөдөө аав ээжийнд байхад ах дүүстэйгээ нийлж булааж авсан. Тийм учраас аргагүй эрхэнд эргэн нийлсэн. 2020 онд мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас дахин салж 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн одоог хүртэл тусдаа амьдарч байна. 2 хүүхэдтэй маань амралтын өдөр л уулзуулдаг бусад үед уулзах боломжгүй байдаг. Цагдаагийн газар 2 ч удаа нэхэмжлэл гаргаж байсан боловч хэргийг хэрэгсэхгүй орхиж байсан. Гэр бүлийн хөндий хүйтэн харьцаа хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөхөөс айж байна.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж хүү, охин хоёрыг маань миний асрамжинд өгч, эцгээс нь тэтгэмж гаргуулж авах хүсэлтэй байна. Мөн БГД-ийн 0 дугаар хороо, 00 хороолол 000 байрны 00 тоот 88 м квадрат байр, Ланд крузер-100, жижиг машин болох Ийст машиныг өөрт болон хоёр хүүхдэд ноогдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү ... гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... А.Б нь гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдээ асрамжиндаа авах, БГД-ийн 0 дугаар хороо, 00 хороолол 000 байрны 00 тоот 88 м.кв 3 өрөө байр, Ланд-100 00-00 УНТ улсын дугаартай саарал өнгийн машин, Ийст 00-00 УБТ улсын дугаартай хул шаргал өнгийн машинаас хүүхдүүд болон өөрт оногдох хэсгээс авах шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрч байна.

Бид харилцан тохиролцож 7 настай Т.Ө охиноо эх А.Б-гийн асрамжинд, 9 настай хүү Т.Ө-ийг Д.Т-ийн асрамжинд тус тус үлдээх, харилцан бие биенээсээ хүүхдийн тэтгэлэг авахгүйгээр болсон.

Дундын эд хөрөнгийн хувьд миний бие БГД-ийн 0 дугаар хороо, 00 хороолол 000 байрны 00 тоот хаягт байрлах 88 м.кв 3 өрөө байр болон 00-00 УБТ улсын дугаартай Ийст маркийн хул шаргал өнгийн машинаа тус тус авахаар, эхнэр А.Б-гийн хувьд 00-00 УНТ улсын дугаартай Ланд-100 маркийн саарал өнгийн машинаа авахаар тохиролцсон гэв.

 

Зохигч 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...А.Бгийн нэхэмжлэлийн гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдээ асрамжиндаа авах, БГД-ийн 0 дугаар хороо, 00 хороолол 000 байрны 00 тоот хаягт байрлах 88 м.кв 3 өрөө байр, 00-00 УНТ улсын дугаартай Ланд-100 маркийн саарал өнгийн машин, 00-00 УБТ улсын дугаартай Ийст маркийн хул шаргал өнгийн машинаас хүүхдүүд болон өөрт оногдох хэсгээс авах шаардлага гаргасан.

Бид харилцан тохиролцож гэрлэлтээ цуцлуулах, Т.Ө 7 настай охиноо эх А.Б-гийн асрамжинд, 9 настай хүү Т.Ө-ийг Д.Т-ийн асрамжинд тус тус үлдээнэ. Харилцан бие биенээсээ хүүхдийн тэтгэлэг авахгүй.

Нөхөр А.Б нь БГД-ийн 0 дугаар хороо, 00 хороолол 000 байрны 00 тоот хаягт байрлах 88 м.кв 3 өрөө байр болон 00-00 УБТ улсын дугаартай Ийст маркийн хул шаргал өнгийн машинаа тус тус авна. Эхнэр А.Б нь 00-00 УНТ улсын дугаартай Ланд-100 маркийн саарал өнгийн машинаа авна.

Бид хоорондоо ярилцаж тохиролцсон тул улсын тэмдэгтийн хураамжийг буцаан А.Б-д олгоно уу” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Т.Д-өд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Гэрлэгчид нь 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 293 дугаарт бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болж, тэдгээрийн дундаас ******* оны******* дугаар сарын*******-ний өдөр хүү Т.Ө,******* оны******* дугаар сарын 08-ны өдөр охин Т.Ө нар төрсөн болох нь гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах үндэслэлээ нөхөр А.Б-ийн хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй гэж тайлбарлаж, хариуцагч энэ талаар маргаагүй гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заажээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчид тодорхой хэмжээний сэтгэл санаа, эрүүл мэндийн хүчирхийлэл үзүүлдэг байсан нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй гэж үзэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

Мөн Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг тэжээн тэтгэх, хамтран өмчлөх эд хөрөнгө хуваах тухайгаа бие даан харилцан тохиролцож, гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байна.

 

Иймд******* оны******* дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Т.Ө-ыг эх А.Б-гийн асрамжид, ******* оны******* дугаар сарын*******-ний өдөр төрсөн хүү Т.Ө-ийг эцэг А.Т-ийн асрамжид тус тус үлдээж, хүүхдээ тэжээн тэтгэх, эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон эвлэрлийг батлах зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Д овогтой А-гийн Б, Б овогтой Д-ийн Т /РД: АА00000000/ нарын гэрлэлтийг цуцласугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар******* оны******* дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Т.Ө-ыг эх А.Б-гийн асрамжид, ******* оны******* дугаар сарын*******-ний өдөр төрсөн хүү Т.Ө-ийг эцэг Д.Т-ийн асрамжид тус тус үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч А.Б, хариуцагч Д.Т нар нь харилцан бие биенээсээ хүүхдийн тэтгэлэг авахгүй, А.Б нь БГД-ийн 0 дугаар хороо, 00 хороолол 000 байрны 00 тоот хаягт байрлах 88 м.кв 3 өрөө орон сууц болон 00-00 УБТ улсын дугаартай Ийст маркийн хул шаргал өнгийн машиныг, Д.Т нь 00-00 УНТ улсын дугаартай Ланд-100 маркийн саарал өнгийн машиныг тус тус авахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 792,900 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т-өөс улсын тэмдэгтийн хураамжид 396,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох болохыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.БАТЧИМЭГ