| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 109/2025/0043/3 |
| Дугаар | 221/МА2026/0371 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2026/0371
“Гз” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Л.Одбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Пс
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Гз” ХХК
Хариуцагч: Архангай аймгийн Их тамир сумын Засаг дарга, Архангай аймгийн Ит сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал
Нэхэмжлэлийн шаардлага: ““Гз” ХХК-тай Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй татгалзаж буй шийдвэр хууль бус болохыг тогтоож, Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулахыг даалгах, Архангай аймгийн Ит сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Архангай аймгийн Ит сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай” 5 дугаар тогтоолын хавсралтаар баталсан сумын дэд бүтцийг хариуцсан “Итын хөгжил дэд бүтэц орон нутгийн үйлдвэрийн газрын дүрмийн” 4.3.1-д “Сумын төвийн нэгдсэн дулаан, халаалт үйлдвэрлэлийн үйлчилгээ” гэж заасныг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Пс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Он, хариуцагч Архангай аймгийн Их тамир сумын Засаг дарга Г.О, хариуцагч Архангай аймгийн Их тамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Нс, хариуцагчийн өмгөөлөгч Э.Мэ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 109/2025/0043/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3., 35 дугаар зүйлийн 35.1.12, 59 дүгээр зүйлийн 59.1.6, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 77 дугаар зүйлийн 77.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Гз” ХХК-ийн Архангай аймгийн Ит сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан Архангай аймгийн Ит сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 5 дугаар тогтоолын хавсралтаар баталсан сумын дэд бүтцийг хариуцсан Итын хөгжил дэд бүтэц орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийн 4.3.1-д Сумын төвийн нэгдсэн дулаан, халаалт үйлдвэрлэлийн үйлчилгээ гэснийг хүчингүй болгуулах, хариуцагч Архангай аймгийн Ит сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Архангай аймгийн Ит сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Гз” ХХК-тай Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй татгалзаж буй шийдвэр хууль бус болохыг тогтоож, Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Пс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 109/ШШ2026/0003 дугаар шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлага хангаагүй. Учир нь
2.1. Шүүхийн шийдвэрийн 9.6-д “... нэхэмжлэгч "Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэгжих ёстой гэж тайлбарладаг боловч уг хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй.." гэжээ. Нэхэмжлэгчээс захиргааны байгууллага шийдвэр үйл ажиллагаандаа уг зарчмыг баримтлах ёстой байсан гэж маргасан. Гэтэл шүүхээс зөвхөн хохирол нэхэмжлэх тохиолдолд уг зарчим хэрэгжих ёстой мэтээр ЗЕХ-д заасан Захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаандаа баримтлах ёстой үндсэн зарчмыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Манай компани Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс олгогдсон 08/2023, 09/2023, 10/2023 дугаар тусгай зөвшөөрлөөр Архангай аймаг, Ит сумын нутаг дэвсгэрт дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйлчилгээг 5 жилийн хугацаатай 2023 онд авсан. Уг тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахын тулд бид тодорхой зардал гаргаж үйл ажиллагаа эрхэлж байсан. Архангай аймаг, Ит сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “сумын дэд бүтцийг хариуцсан “Их тамирын хөгжил дэд бүтэц" орон нутгийн үйлдвэрийн газрын дүрмийн 4.3 дахь заалтын 4.3.1-д “...сумын төвийн нэгдсэн дулаан, халаалт үйлдвэрлэлийн үйлчилгээ"-г газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлд оруулснаар манай компанийн тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг ямар нэг тооцоо судалгаагүй, мэдэгдэх сонсох ажиллагаа хийхгүй, манай компанийн гаргасан зардлыг хэрхэх талаар шийдвэрлэхгүй, булааж авсан нь уг зарчмыг үйл ажиллагаандаа баримтлаагүй талаар маргасныг шүүх үндэслэлгүй мушгин тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хохирол нэхэмжлээгүй байна гэх зэргээр илт үндэслэлгүй хууль зүйн дүгнэлт хийж байгаад гомдолтой байна.
2.2. Шүүхийн шийдвэрийн 8.4-д “...Маргаан бүхий актыг батлахаас өмнө нэхэмжлэгч "Гз" ХХК-ийг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулж, санал, тайлбар авах зэргээр сонсох ажиллагааг хуульд заасан хэлбэр, шаардлагыг бүрэн хангаж явуулсан болох нь тогтоогдохгүй байх боловч энэ нь маргаан бүхий актын эрх зүйн үр дагаврыг өөрчлөхүйц биш, нэхэмжлэгчийн тайлбар, саналаар хариуцагчаас маргаан бүхий актыг батлах эрх хэмжээг үгүйсгэх үндэслэл болохгүй, ийнхүү захиргааны актыг баталсан нөхцөл байдлыг өөрчлөгдөхүйц үр дагавар үүсгэхээргүй байна..." гэжээ.
Нэхэмжлэгч компани Эрчим хүчний тухай хуульд заасан шаардлага хангаад Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа, өөрөөр хэлбэл тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд дулаанаар хангах, түгээх үйл ажиллагааг эрхэлдэг. Энэ тусгай зөвшөөрөл эзэмших эрх маань хүчинтэй байгаа бөгөөд хүчингүй болгосон болон түдгэлзүүлсэн зүйл байхгүй. Төрийн байгууллагаас тухайн тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй үйл ажиллагааг өөр этгээдэд шилжүүлэх гэж байгаа тохиолдолд манай компанид мэдэгдэх, үгүй ядаж сонсох ажиллагаа хийх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд 4.2-д "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална", 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;" ёстой билээ. Өөрөөр хэлбэл манай компанийн тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй эрхэд халдсан шийдвэр гаргаж байж, манайд огт мэдэгдээгүй төдийгүй, бидний оролцоог хангаагүй нь хууль бус гэж маргаж байхад шүүхээс “... энэ ажиллагааг хийгээгүй байна. Гэхдээ батлах эрхтэй байна" гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
2.3. 7.8-д "...Итын хөгжил дэд бүтэц орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дулааны шугам, сүлжээ, уурын зуухыг эзэмшүүлж, ашиглуулах гэрээ байгуулах асуудлаар... хандаж байсан, улмаар татгалзсан шийдвэр эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна" гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй." гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулах эрхийг бусдад шилжүүлсэн нь хууль бус гэж маргаж байгаа.
Гэтэл тухайн тусгай зөвшөөрлөөр эзэмшсэн эрхийг аль обьект дээр үргэлжлүүлэх дээр нэхэмжлэгч болон хариуцагч хэн аль нь маргаагүй. Өөрөөр хэлбэл өмнөх обьект нь ашиглалтын шаардлага хангахгүй болоод шинэ обьект баригдсан асуудал байгаа. Хэрэв манай компанитай үйл ажиллагаагаа үргэлжүүлэх гэрээ байгуулах аваас тус обьектыг ашиглуулахаас өөр арга байхгүй бөгөөд сумын нутаг дэвсгэрийн хүрээнд өөр дэд бүтцийн төв байхгүй билээ. Гэтэл мөн л талуудын маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн байна.
2.4. Шүүхийн шийдвэрийн 6.10-д “...гэрээ байгуулах эсэх нь захиргааны байгууллагын сонгох боломжид бус харин түүний үүрэгт хамаарч байгаа тохиолдолд даалгах нэхэмжлэлийг хангах боломжтой" гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ." 42.2.-д "хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл Эрчим хүчний тухай хуульд заасан үндэслэл шаардлагыг хангаад тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа манай компанийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл эзэмшээгүй этгээдэд шилжүүлснийгээ сонгох боломж гэж тайлбарлаж байгаа нь хууль бус юм. Шүүхээс үүнийг нь зөвтгөж манай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь мөн хуульд нийцээгүй.
2.5. "6.15-д "...ийнхүү орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулах, тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг дүрмээр батлах зэрэг эрх хэмжээ хуулиар олгогдсон гэж шүүхээс дүгнэсэн.." гэжээ.
Шүүхээс мөн л нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн бөгөөд манай компани иргэдийн төлөөлөгчдийн хурлыг ийм эрх хэмжээ байхгүй гэж анхнаасаа маргаагүй, шүүх хуралдаан дээр ч маргаагүй. Гэтэл шүүхээс ийм дүгнэлт хийх шаардлага байхгүй байсан. Бид тухайн дүрмээр манай тусгай зөвшөөрлөөр эзэмшдэг эрхийг өөр этгээдэд шилжүүлэхдээ ЗЕХ-ийг баримтлаагүй, манай тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхэд халдсан талаар маргадаг бөгөөд шүүхээс энэ үндэслэл дээр хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж үгүйсгэж чадаагүй.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1.Нэхэмжлэгч “Гз” ХХК-иас “Архангай аймгийн Ит сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Архангай аймгийн Ит сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай” 5 дугаар тогтоолын хавсралтаар баталсан сумын дэд бүтцийг хариуцсан “Их тамирын хөгжил дэд бүтэц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийн 4.3.1-д “Сумын төвийн нэгдсэн дулаан, халаалт үйлдвэрлэлийн үйлчилгээ” гэж заасныг хүчингүй болгуулах,
1.2. “Архангай аймгийн Ит сумын Засаг даргад холбогдуулан “Гз” ХХК-тай “Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ” байгуулахгүй татгалзаж буй шийдвэр хууль бус болохыг тогтоож, Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
2.Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй үйл баримтын тухайд:
2.1.Архангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Гз” ХХК-д Архангай аймгийн Ит сумын нутаг дэвсгэрт дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгожээ.
2.2.”Гз” ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ит сумын Ерөнхий боловсролын сургуультай “Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр орон нутгийн өмчит нэгдсэн халаалтын бага оврын дулааны төвийг нэг жилийн хугацаагаар эзэмшиж, ашиглахаар тохиролцсон.
2.3.Архангай аймгийн Ит сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай” 5 дугаар тогтоол[1] гаргаж, “Итын хөгжил дэд бүтэц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг нь баталсан байна.
2.4.Уг дүрмийн 4.3-т үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, 4.3.1-д “Сумын төвийн нэгдсэн дулаан, халаалт үйлдвэрлэлийн үйлчилгээ” гэж заасан.
2.5.Ит сумын Засаг дарга 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичгээр “сумын нэгдсэн халаалт, дулааныг Итын хөгжил дэд бүтэц орон нутгийн өмчит үйлдвэрийн газар хариуцан ажиллуулах болсонтой холбоотойгоор цаашид ‘Гз’ ХХК-тай хамтран ажиллах боломжгүй” талаар мэдэгджээ.
2.6.Ит сумын Ерөнхий боловсролын сургууль “Гз” ХХК-тай байгуулсан 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний хугацаа дууссан тул гэрээг сунгахгүй, хамтран ажиллах боломжгүй талаар мэдэгдсэн байна.
3.Хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах, дүрмийг батлах эрх хэмжээний тухайд:
3.1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулж болно” гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.12-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх” бүрэн эрхтэй гэж тус тус заасан.
3.2.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч байхыг, 77.2.4-т орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих бүрэн эрхтэй байхыг хуульчилсан.
3.3.Эдгээр зохицуулалтаас үзвэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн сумын орон нутгийн өмчийн ашиглалт, хамгаалалт, нийтийн үйлчилгээ, дэд бүтцийн хэвийн ажиллагааг хангах зорилгоор орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, түүний дүрмийг батлах, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох эрх хэмжээтэй байна.
3.4.Хэрэгт авагдсан баримтаар Ит суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн “Шинэ сум” төслийн хүрээнд цэвэр, бохир ус, дулаан хангамж, шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж зэрэг дэд бүтцийн ашиглалттай холбоотой асуудал үүссэн, уг дэд бүтцийн цаашдын ашиглалт, үйлчилгээ, хэвийн ажиллагааг нэгтгэн хариуцах зорилгоор орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
3.5.Иймээс Архангай аймгийн Ит сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “Итын хөгжил дэд бүтэц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж, түүний дүрэмд сумын төвийн дулаан, халаалтын үйлчилгээний чиглэлийг тусгасан нь хариуцагчид хуулиар олгогдсон орон нутгийн өмчийн удирдлага, зохион байгуулалтын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.
4.Тусгай зөвшөөрлийн эрх ба орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эзэмших эрхийн талаарх гомдлын тухайд:
4.1.Нэхэмжлэгч талаас “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах эрхгүй” гэж маргаагүй боловч тухайн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхэд халдсан гэж маргасан.
4.2.Эрчим хүчний тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийн зохицуулалтаар дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаанд хамаарна.
4.3.Тусгай зөвшөөрөл нь тухайн хуулийн этгээдэд хуулиар тогтоосон нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд тодорхой төрлийн зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх нийтийн эрх зүйн боломжийг олгодог. Гэвч тусгай зөвшөөрөл олгогдсон явдал нь тухайн этгээдэд орон нутгийн өмчийн тодорхой зуух, шугам сүлжээ, барилга байгууламж, тоног төхөөрөмжийг заавал эзэмших, ашиглах, эсхүл тухайн өмчийг эзэмшүүлэх гэрээг заавал байгуулахыг шаардах эрхийг шууд үүсгэхгүй.
4.4.Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл нь “үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн боломж”-ийг баталгаажуулах боловч тухайн үйл ажиллагааг явуулахад ашиглах эд хөрөнгө, байгууламжийг эзэмших, ашиглах иргэний болон өмчийн эрх зүйн харилцааг шууд бий болгодоггүй. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах эсэх асуудал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан өмчлөгчийг төлөөлөх эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний нөхцөл, нийтийн ашиг сонирхол, өмчийн ашиглалтын бодлогоор тусдаа шийдвэрлэгдэнэ.
4.5.Хэрэгт “Гз” ХХК-д олгогдсон тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа эсэх талаар маргаангүй боловч уг тусгай зөвшөөрлийг Архангай аймгийн Ит сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 5 дугаар тогтоол, эсхүл уг тогтоолын хавсралтаар баталсан дүрмийн 4.3.1 дэх заалтаар хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн, өөрчилсөн, эсхүл гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4.6.Тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих асуудал нь хуульд заасан эрх бүхий зохицуулах байгууллагын бүрэн эрхэд хамаарах бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дүрэмд үйл ажиллагааны чиглэл тусгаснаараа тусгай зөвшөөрөл олгогч байгууллагын бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй.
4.7.Маргаан бүхий дүрмийн 4.3.1 дэх заалт нь “Итын хөгжил дэд бүтэц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон зохион байгуулалтын шинжтэй зохицуулалт бөгөөд энэ нь нэхэмжлэгч “Гз” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон, түүнд олгогдсон зөвшөөрлийн эрхийг бусдад шилжүүлсэн, эсхүл зөвшөөрлийн гэрчилгээнд заасан хугацаа, нөхцөлийг өөрчилсөн шууд эрх зүйн үр дагавартай акт биш байна.
4.8.Харин шинээр байгуулагдсан орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар хангах зохицуулалттай үйл ажиллагааг бодитоор эрхлэх бол Эрчим хүчний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг авах шаардлагатай. Тухайн үйлдвэрийн газар тусгай зөвшөөрөлгүйгээр зохицуулалттай үйл ажиллагаа эрхэлсэн эсэх, эсхүл зөвшөөрлийн нөхцөл зөрчсөн эсэх нь эрх бүхий зохицуулах байгууллагын хяналт шалгалтын болон тусдаа маргааны зүйл болохоос бус, зөвхөн дүрэмд үйл ажиллагааны чиглэл тусгасан заалтыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохгүй.
4.9.Иймд нэхэмжлэгчийн “тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй эрхийг орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлсэн” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар болон хууль зүйн үндэслэлийн хувьд тогтоогдсонгүй.
5.Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д заасан урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлээгүй гэх гомдлын тухайд:
5.1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д захиргааны үйл ажиллагаанд “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчмыг баримтлахаар заасан.
5.2.Энэ зарчим нь захиргааны байгууллага тухайн шийдвэрээрээ тодорхой этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөх, түүнд сөрөг үр дагавар бий болгох тохиолдолд тухайн этгээдэд шийдвэр гаргах ажиллагаанд оролцох боломж олгох, тайлбар, санал гаргах эрхийг хангах агуулгатай.
5.3.Хэрэгт авагдсан баримтаар Архангай аймгийн Ит сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал маргаан бүхий 5 дугаар тогтоол, дүрмийн 4.3.1 дэх заалтыг батлахын өмнө нэхэмжлэгч “Гз” ХХК-ийг тусгайлан оролцуулж, санал, тайлбар авсан нь тогтоогдохгүй байна.
5.4.Энэ тохиолдолд маргаан бүхий дүрмийн 4.3.1 дэх заалт нь нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн, өөрчилсөн, эсхүл уг зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг эрх бүхий зохицуулах байгууллагын шийдвэргүйгээр өөр этгээдэд шилжүүлсэн шууд үр дагавар агуулаагүй. Харин орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааны чиглэлийг ерөнхий байдлаар тодорхойлсон байна.
5.5.Мөн “Гз” ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр орон нутгийн өмчийн бага оврын дулааны төвийг нэг жилийн хугацаатай эзэмшиж ашиглахаар тохиролцсон байх бөгөөд уг гэрээний хугацаа дууссанаар гэрээг сунгах эсэх, өмчийг цаашид хэнд эзэмшүүлэх эсэх асуудал нь өмчлөгчийг төлөөлөх эрх бүхий байгууллагын шийдвэртэй холбоотой байна.
5.6.Иймд сонсох ажиллагаа бүрэн хийгдээгүй нөхцөл байдал байгаа боловч маргаан бүхий заалт нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн эрхийг шууд өөрчилсөн, дуусгавар болгосон, эсхүл орон нутгийн өмчийг заавал үргэлжлүүлэн эзэмших эрхийг хассан акт гэж үзэхээргүй тул энэ үндэслэлээр уг заалтыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
5.7.Анхан шатны шүүхийн “сонсох ажиллагаа бүрэн хангагдаагүй боловч уг нөхцөл байдал нь маргаан бүхий актын эрх зүйн үр дагаврыг өөрчлөхүйц биш” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Харин уг дүгнэлтийг “эрх хэмжээ байгаа тул сонсох ажиллагаа огт ач холбогдолгүй” гэж бус, “маргаан бүхий дүрмийн заалт нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн эрхэд шууд сөрөг үр дагавар үүсгээгүй” гэсэн үндэслэлээр ойлгох нь зүйтэй.
6.Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн гэх агуулга бүхий гомдлын тухайд:
6.1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д захиргааны үйл ажиллагаанд “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг баримтлахаар заасан.
6.2.Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл авсан, 2024-2025 оны халаалтын улиралд орон нутгийн өмчийн дулааны төвийг гэрээгээр ашигласан, тоног төхөөрөмж шинэчилсэн, засвар үйлчилгээ хийсэн, хөрөнгө оруулалт хийсэн тул “хууль ёсны итгэл” хамгаалагдана гэж тайлбарлажээ.
6.3.Нэхэмжлэгч “Гз” ХХК нь дулаан үйлдвэрлэх, түгээх, дулаанаар хангах тусгай зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөл нь орон нутгийн өмчийн тодорхой дулааны төв, шугам сүлжээ, дэд бүтцийг таван жилийн турш үргэлжлүүлэн эзэмшүүлнэ гэсэн захиргааны байгууллагаас гаргасан баталгаа гэж үзэх үндэслэлгүй юм.
6.4.Мөн нэхэмжлэгчийн орон нутгийн өмчийг эзэмших гэрээ нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс нэг жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд гэрээг сунгах, эсхүл тусгай зөвшөөрлийн хугацаа дуустал орон нутгийн өмчийг үргэлжлүүлэн эзэмшүүлэх нөхцөлийг хариуцагчтай тохиролцсон нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
6.5.Хэрэв нэхэмжлэгч гэрээний хугацаанд өөрийн хөрөнгөөр засвар, сайжруулалт хийсэн, тэдгээр нь орон нутгийн өмчид үлдсэн, эсхүл захиргааны байгууллагаас нөхөн төлөхөөр тохирсон гэж үзвэл уг асуудал нь гэрээний үүргийн биелэлт, хөрөнгө оруулалтын тооцоо, хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой тусдаа нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой юм.
6.6.Харин энэхүү хэрэгт нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалт, зардлыг гаргуулах, хохирол нөхөн төлүүлэх шаардлага гаргаагүй бөгөөд зөвхөн орон нутгийн өмчийг эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэр, дүрмийн 4.3.1 дэх заалтыг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахыг даалгах шаардлага гаргасан байна.
6.7.Иймд анхан шатны шүүх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөвхөн хохирол нэхэмжилсэн тохиолдолд хэрэгжинэ гэж хязгаарлаж тайлбарласан нь оновчгүй боловч нэхэмжлэгч компанид орон нутгийн өмчийг заавал үргэлжлүүлэн эзэмшүүлэх гэрээ байгуулахыг шаардах эрх үүссэн гэж үзэхээргүй байна.
7.Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэр, даалгах нэхэмжлэлийн тухайд:
7.1.Нэхэмжлэгч нь Ит сумын Засаг даргын “цаашид хамтран ажиллах боломжгүй” гэсэн агуулга бүхий албан бичгийг орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэр гэж үзэж, уг шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, гэрээ байгуулахыг даалгуулахаар маргажээ.
7.2.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн болон түрээсийн гэрээгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болохоор заасан. Уг зохицуулалт нь орон нутгийн өмчийн эд хөрөнгийг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахад эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээ байгуулагдсан байхыг шаардагдахаар байна.
7.3.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2.4 дэх заалтаар орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлэх, мөн Хурал нь орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөх, татан буулгах, гүйцэтгэлд хяналт тавих бүрэн эрхтэй байна.
7.4.Иймээс орон нутгийн өмчийн тодорхой эд хөрөнгийг хувийн хуулийн этгээдэд эзэмшүүлэх эсэх, гэрээ байгуулах эсэх, гэрээг сунгах эсэх нь өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэртэй холбоотой байна.
7.5.Нэхэмжлэгч тусгай зөвшөөрөлтэй байгаа нь түүнийг орон нутгийн өмчийн тодорхой объектыг гэрээний хугацаа дууссан тохиолдолд ч үргэлжлүүлэн эзэмшигч болгох үндэслэлд хамаарахгүй, мөн сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах хуульд шууд заасан үүргийг бий болгохгүй.
7.6.Энэ тохиолдолд Ит сумын Засаг дарга “Гз” ХХК-тай орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулах хуульд шууд заасан үүрэгтэй нь тогтоогдохгүй байгаа бөгөөд мөн орон нутгийн өмчийг “Гз” ХХК-д үргэлжлүүлэн эзэмшүүлэх тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсан нөхцөл байдал мөн тогтоогдсонгүй.
7.7.Харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулж, дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний чиг үүргийг түүнд хариуцуулахаар шийдвэрлэсэн байна. Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй этгээдийн хувьд уг шийдвэрт нийцүүлэн нэхэмжлэгч “Гз” ХХК-тай цаашид хамтран ажиллах боломжгүй талаар мэдэгдсэнийг хууль бус татгалзал гэж үзэхээргүй байна.
7.8.Нэхэмжлэгчийн өмнөх гэрээ нь хугацаатай байсан, гэрээг сунгах эсэх талаар эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчтэй цаашид хамтран ажиллах талаар шийдвэр гаргаагүй, мөн орон нутгийн өмчийн цаашдын ашиглалтын зохион байгуулалт өөрчлөгдсөн нөхцөл байдал тогтоогдож байхад шүүхээс гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна.
7.9.Энэ талаарх анхан шатны шүүхийн “...Хариуцагч захиргааны байгууллагыг “Гз” ХХК-тай “Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ” байгуулах үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй тул гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэр хууль бус болох нь тогтоогдохгүй байна. Мөн “Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ” байгуулахыг даалгах нэхэмжлэлийг хангах хуулийн урьдчилсан нөхцөл хангагдахгүй байна. ...гэрээ байгуулах эсэх нь захиргааны сонгох боломжид бус харин түүний үүрэгт хамаарч байгаа тохиолдолд л даалгах нэхэмжлэлийг хангах боломжтой” гэх дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
7.10.Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан “...манай компанийн тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг ямар нэгэн тооцоо судалгаагүй, мэдэгдэх сонсох ажиллагаа хийхгүй, компанийн зардлыг хэрхэх талаар шийдвэрлээгүй, манай компанийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл эзэмшээгүй этгээдэд шилжүүлснийг сонгох боломж гэж тайлбарлаж байгаа нь хууль бус” гэх давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 57 дахь тал