| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2013/0061/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/59 |
| Огноо | 2013-03-21 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2013/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0061/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Б.Чинбаатар,
улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт А овогт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000704 дугаартай хэргийг 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, А овогт ******* /РД:.../ 19..оны .. дугаар сарын ..-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсэгт засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум .... дугаар баг .. тоотод оршин суудаг, урьд 2005 оны 06 сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч ******* нь 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр согтуугаар Дархан сумын .. багийн ..дугаар байрны .. тоотод оршин суух иргэн С.Г ийн гэрт хамт ажилладаг ******* тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож, биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...“Би 2012 оны 12 сарын 14-ний өдөр найз нарын хамт архи уугаад улмаар үл ялих зүйлээс болж маргалдан Б ын нүүр лүү цохиж унагаасан” гэв.
Шүүгдэгч ******* нь 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр согтуугаар Дархан сумын .. багийн .. дугаар байрны ... тоотод оршин суух иргэн С.Г ийн гэрт хамт ажилладаг ******* тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож, биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\ ******* 98.1.doc
хохирогч ******* ын мөрдөн байцаалтанд өгсөн: ”…гаднаас А ын авч орж ирсэн архийг зургуулаа ууж эхэлж байтал Б нь З ыг ажлаа бичиж тэмдэглэдэггүй гэж уурлахад З нь урдаас нь хэрэлдэж Б З хоёр хоорондоо барьцалдаад босоод ирсэн. Тэгэхэд нь Г ах Бийг боль гэж салгасан. Тэр үед Б нь над руу Б аа чи ч гэсэн З ыг ажлаа дутуу мэдэж байж хэлээч, яагаад дуугүй суугаад байгаа юм бэ гэж надруу хандан дайрахад нь би Бид уул нь энэ асуудлаа эргүүлээд яръя гэхэд Б уурлаад дахин дайрахад Г ах Бийг хориглоод барьчихсан надаас холхон зогсож байтал А нь над руу ажлын талаар бас маргалдаж бид барьцалдаад 00-ийн өрөөний үүдэнд зогсож байсан. тэр үед А миний гарыг хөдөлгөөнгүйгээр ард барьчихсан байсан. тухайн үед би Б-той маргалдсандаа түүн рүү дайрах гэхээр А болиулах зорилгоор миний гарыг ард нийлүүлэн бариад хориглосон үйлдэл хийсэн. Би ноцолдож байгаад А оос 2 гараа тавиулаад А ыг 2 гараараа урдаас нь заамдаад А зөрүүлж заамдаад бид 2 урд урдаасаа хараад зогсож хэрэлдэж байхад гэнэт миний баруун гар талаас Б нь хүрч ирээд баруун гараараа нэг удаа баруун нүдний орчим цохиход А бид 2-ын зууралдсан байсан гар тавигдаад би шалан дээр биеийн зүүн талаараа унасан. Гэтэл Б нь дээрээс дахиад баруун нүд орчимд гараараа 2-3 удаа цохихиод хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Яг хаана өшиглөснийг нь анзаараагүй. Тэр үед миний тогой эргээд их эвгүй болохоор нь би болъё гэж орилоход хамт ууж байсан хүмүүсээс хэнийг нь мэдэхгүй Бийг надаас холдуулсан. Би босоод 00-н өрөөний үүдэнд сууж байгаад эргэн тойрноо хартал хамт ажилладаг Э ирчихсэн сууж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-17 дахь тал/,
гэрч С.А мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгтэл Б миний нүүр рүү гараараа цохиход гар нь миний хүзүүний зүүн тал орчимд шүргэж өнгөрсөн. Тэгээд би яаж байгаа юм бэ гээд Б ыг 2 гараараа хувцаснаас нь зуурахад зөрүүлээд миний хувцаснаас зуураад авсан. Араас Б бид 2-г битгий маргалдаад бай гээд угз татан холдуулахад тэр 2 ард маргалдаад үлдсэн. Тэгээд би буйдан дээр сууж архи уугаад харахад Б 00-н үүдэнд хөлөө жийгээд сууж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36 дахь тал/
гэрч Б.З ын мөрдөн байцаалтанд өгсөн: ”…Нэг мэдэхэд Б А 2 муудалцаад 00-н өрөөний хаалга онгорхой байсан болохоор нь нэг нь 00-н өрөөнд нөгөөдөх нь гадна зогссон байдалтай зууралдаж байхад нь Б босоод А Б хоёрыг салгаад А ыг холдуулахад Б нь Бтой маргахад Б нь нэг удаа нүүр рүү нь гараараа цохиход Б газар суугаад уйлаад байсан. ...А Б 2 зууралдаад зогсож байхад нь Б дундуур нь орж салгаад А ыг нэлээн зайтай зогсоосон байхад Б нь Бтой маргалдаад түүнд цохиулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 44 дэхь тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 60 тоот актын “...******* ын биед баруун хоншоор ясны хавсарсан хугарал, баруун нүдний алимны доргилт, нүүрний зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл учиржээ. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 56 дахь тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас 2005 оны 06 сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт 2 жил хорих ял шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан. /хэргийн 74 дэхь тал/
Хохирогч ******* нь “...гомдол саналгүй” гэсэн хүсэлт ирүүлсэн байна /хэргийн 80 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь урьд 2005 оны 06 сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт 2 жил хорих ял шийтгүүлж чг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогдож байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан хугацаа өнгөрсөн байх тул ялгүйд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөрийг сайн дураараа барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч ******* нь шүүхэд“...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт ирүүлсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А овогт ******* ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар *******ид 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар *******ид Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан *******-д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *******ид мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг сэргээж хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН