Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2020/02214

 

 

 

 

 

 

 

 

           

  2020           07             29                                                 102/ШШ2020/02214

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: СХД, 00 дугаар хороо, Ү-ийн байр хаягт байрлах “Р” ХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД, 0 дугаар хороо, Н ү-ийн т б Э гудамж, 0 байр, 00 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Б овогтой А-гийн Б /РД: АА00000000/-т холбогдох,

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 103,200,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

                                                                                                           

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р” ХК нь барилгын үндсэн материал болох бетон зуурмаг үйлдвэрлэж барилга угсралтын компаниудад бүтээгдэхүүнээ борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний хөрөнгө оруулалт бүхий нээлттэй хувьцаат компани юм.

А.Б нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаар “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хоршооллын*******”******* дугаартай 12 давхар орон сууцны 1 давхарын 5 тоот 43 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1.600.000 төгрөгөөр тооцож, нийт 68,800,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээг байгуулсан.

Хариуцагч орон сууц худалдан авахдаа урьдчилгаа 20,000,000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, үлдэгдэл 48,800,000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор бартераар буюу автомашин төлбөрт тооцон өгөхөөр харилцан тохиролцсон бөгөөд бид төлбөрийг төлөх талаар удаа дараа мэдэгдэж, уулзалт ярилцлага зохион байгуулсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна.

Иймд 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр олгогдсон шаардах эрхийн дагуу худалдан авагч А.Бт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Нэг. 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар ‘‘Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөр болох 68,800,000 төгрөг,

Хоёр. “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.2.2-т зааснаар худалдан авагч нь төлбөр тооцоог хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож, үүнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг удирдлага болгон алданги 34,400,000 төгрөг, нийт гэрээний үүрэгт 103,200,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А.Б миний бие “Р” ХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцсаны үндсэн дээр дараах хариу тайлбарыг өгч байна. Тус компанитай байгуулсан ******* тоот гэрээний дагуу хүлээн авсан орон сууцны төлбөр болох 68,800,000 төгрөгийн төлөлтийг тодорхой шалтгааны улмаас гүйцэтгэж чадахгүй болсон юм. Гэрээ байгуулсан огноо болох 2019 оны 3 дугаар сарын 27-ний өдрөөс хойших хугацаанд миний бие түс компанийн холбогдох хүмүүстэй тогтмол харилцаатай байсан ба 2019 оны 10 дугаар сарын 03-нд төлбөрийг төлөх талаар дахин хүсэлт гаргаж байсан. Гэтэл тус компанийн зүгээс гэрээ байгуулагдсан өдрөөс хойш нэг жил гаран хугацааны дараа алдангийг өндөр дүнгээр нэмж нэхэмжилж байгаа нь бодит байдалд нийцэхгүй юм. Нэхэмжилсэн дүнгээс гэрээний үндсэн дүн 68,800,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй ба харин нэмэлт алданги 34,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Р” ХК нь хариуцагч А.Б-оос худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 68,800,000 төгрөг, алданги 34,400,000 төгрөг, нийт 103,200,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргажээ.

 

               Шүүх хариуцагч А.Б-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн /хэргийн 37, 38 тал/ боловч хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Р” ХК нь хариуцагч А.Б-тэй 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, худалдагч “Ремикон” ХК нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хоршооллын*******”******* дугаартай 12 давхар орон сууцны 1 давхарын 5 тоот 43 м.кв 2 өрөө орон сууцыг худалдан авагч А.Б-ийн өмчлөлд шилжүүлэх, А.Б хариу төлбөрт нь 1 м.кв-ыг 1,600,000 төгрөгөөр тооцож, нийт 68,800,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Зохигчдын байгуулсан гэрээний агуулга, зорилго, талуудын хүлээх эрх, үүргээс тус тус дүгнэвэл тэдгээрийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон орон сууцыг шилжүүлсэн эсэх, орон сууцны үнийн дүнгийн талаар талууд маргаангүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх нь шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно” гэж зохицуулсан байх тул худалдагч гэрээнд заасан орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлснээр гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдсэнд тооцно.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд худалдагч тал болох “Р” ХХК нь гэрээний дагуу дээрх орон сууцны өмчлөх эрхийг худалдан авагч тал болох А.Б-т шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч С.Түвшинтөгст шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2-т үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уг үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан.

Энэ нь гэрээнд заасан орон сууцыг худалдан авагч А.Б-т хүлээлгэн өгсөн эсхүл түүний зөвшөөрсөн эрх бүхий бусад этгээдэд хүлээлгэн өгсөн буюу ийнхүү хүлээлгэн өгсөнөөр А.Б ашиг олсон нөхцөлд энэхүү үүргээ биелүүлсэнд тооцох юм.

Худалдан авагч тал болох А.Б нь орон сууцыг С.Түвшинтөгст шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байхаас гадна хариуцагч энэ талаар маргаагүй тул худалдагч тал болох “Р” ХХК нь гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэнд тооцно.

Харин хариуцагч А.Б нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул “Р” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар орон сууцны үнэ 68,800,000 төгрөгийг хариуцагч А.Б-оос шаардах эрхтэй байна.

 

Гэрээний 2.4, 3.2.2-т урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, үлдэгдэл төлбөр 48,800,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр, хэрэв худалдан авагч тал төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасантай нийцэж байна.

Хариуцагт А.Б-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 68,800,000 төгрөгийн 0,5 хувь болох 344,000 төгрөгөөр 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 354 хоногийн алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх ба алдангийг 34,400,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч А.Б-оос үндсэн төлбөр 68,800,000 төгрөг, алданги 34,400,000 төгрөг, нийт 103,200,000 төгрөг гаргуулж, “Р” ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Б-оос үндсэн төлбөр 68,800,000 төгрөг, алданги 34,400,000 төгрөг, нийт 103,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Р” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 673,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 673,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэнии хэрэг шүүхэд хянан шиидвэрлэх тухаи хуулиин 119 дүгээр зүилиин 119.2, 120 дугаар зүилиин 120.2-д зааснаар шиидвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээриин төлөөлөгч, өмгөөлөгч шиидвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэи, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүиг таилбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ч.БАТЧИМЭГ