Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2013/ШЦТ/69

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хэргийн индекс: 171/2013/0078/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт Б  овогт Б.С , Б  овогт Г.Г  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000150 дугаартай хэргийг 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, Б  овогт Б.С  /РД:Т...../, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дүгээр баг .. тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
  2. Монгол Улсын иргэн, Б  овогт Г.Г  /РД:Т.../, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ХХК-д тракторчин ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Г.Г , Б.С  нар нь бүлэглэн 2013 оын 03 сарын 07-ны орой 22:00-23:00 цагийн орчим Дархан сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Тээвэрчдийн буудлын орчим иргэн А.З тай таарамжгүй харьцааны улмаас маргалдан биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”3 сарын 07-ны өдөр Г  бид 2 нэг найзтайгаа 3-лаа уулзаад 4 цагийн орчим Г ын захирал дээр очиж мөнгө аваад теннис тоглохоор яваад 75-тай архи авч уусан. Дахиад “Ирээдүй” рүү ороод архи авч уусан. Дараа нь Төмөр замын 15-д очоод вокзал дээр З тай таараад тэндээ маргалдаад хэрүүл хийгээд зогсож байсан. Баасанжав миний хойно утсаар яриад зогсож байсан. Тээвэрчдийн буудал дээр З  Г тай маргалдаж байсан. Тэр хооронд би салгах гээд хойноос нь татсан.

 

Үүнээс цаашаа Цагдаагийн байгууллага дээр ирээд эрүүлжүүлэгдсэн. 2 шил 75-тай архи уусан.” гэв.

Шүүгдэгч Г.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”3 сарын 07-ны орой би захиралаас очиж мөнгө аваад бид 3 теннис тоглоод 75-тай архи авч уугаад, “Ирээдүй”-д орж 75-тай бас нэг архи уусан. Нэг мэдсэн чинь вокзал дээр З той маргалдаж байсан. Тэрнээс цааш мэдэхгүй байна, өглөө сэрсэн.” гэв.

 

Шүүгдэгч Г.Г , Б.С  нар нь бүлэглэн 2013 оын 03 сарын 07-ны орой 22:00-23:00 цагийн орчим Дархан сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Тээвэрчдийн буудлын орчим иргэн А.З тай таарамжгүй харьцааны улмаас маргалдан биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч А.З ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 3 сарын 07-нд 20 цагийн орчим гэрээсээ гараад төмөр замын вокзал орсон, гэр рүүгээ явж байтал Г  согтуу хэдэн найзуудтайгаа хамт миний урд талд явж байсан. тэгсэн намайг харчихаад бас дахин манин З  гээд байсан. Би та нар жоохон хүүхдүүд байж үг хэлээ бодож яриарай гэж хэлсэн. Тэгсэн Болдоо буюу С  гэх залуу эхлээд намайг хүзүүнээс боогоод дарж намайг газарт унагаасан. Энэ үед Г  ирээд миний нүүр рүү гуталтай хөлөөрөө нэлээн хэдэн удаа өшиглөсөн. Яг хэдэн удаа өшиглөсөн. Яг хэдэн удаа өшиглөсөнг хэлж мэдэхгүй байна, тэгсэн миний ухаан балартаад эхэлсэн, энэ үед Болдоо миний үснээс зулгаагаад дахин дарж унагаагаад намайг газраас босгохгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 9-10 дахь тал/,

Гэрч Э.Б мөрдөн байцаалтанд өгсөн: ...”Г , С  2 З  гэх залуутай маргалдаж байсан, тэгэхээр нь би явж очоод Г , С  2-ыг болиулсан, Тээвэрчдийн буудлын гудамж руу эргэсэн чинь З  газар уначихсан С  З ын дээрээс дарчихсан байхаар нь би С ыг боль гээд болиулах гэж байтал хажуунаас Г  орж ирээд хөлөөрөө З ын нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. З ыг босгох гэтэл С  босгохгүй дараад газар унагаад байсан. цогтоо надад З ыг Г  манин З  гээд янз бүрээр доромжлоод түүнээс болж маргалдаад ийм зодоон болчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 13-14 дэхь тал/,

Гэрч Т.Н мөрдөн байцаалтанд өгсөн: ...”С  З  гэх залуутай маргалдаад эхэлсэн, тэгээд болиулаад туннелиэр гараад тэгсэн З  мангар бацаанууд согтуу хүн зодох нээ гэсэн, тэгсэн С  юу гээд байгаа юм бэ чи, тэгээд яах юм гэж З той маргаад барьцалдах гэхээр нь болиулсан. Тэгээд цааш явж байтал З  араас ирээд дахин хэрүүл гуйгаад байсан. тэр үед С  З г барьж авч газар унагаасан. С  З г газраас босгохгүй дараад, энэ үед Г  З г газар унагасан байхад нь нүүр рүү нь 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хэргийн 15-16 дахь тал/,

Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хэргийн 5 дахь тал/,

Зарлагын баримт /хэргийн 11-12 дахь тал/,

2013 оны 03 сарын 11-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэгийн 224 тоот актын дүгнэлт:

  1. А.З ын биед тархи доргилт, дээд уруулын шарх, нүүрний зулгаралт, цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. /хэргийн 25 дахь тал/,

Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа №16/13 /хэргийн 30 дахь тал/,

Шүүгдэгч Б.С , Г.Г  нарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн болон бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Б.С , Г.Г  нар нь бүлэглэн иргэн А.З тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” /хэргийн 53, 55 дахь тал/ тогтоогдож байна. Хохирогч А.З  нь мөрдөн байцаалтын шатанд “...186.000 төгрөг эмчилгээний зардалд авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөрийг сайн дураараа барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаа гэмшиж байгаа зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, мөн шүүгдэгч нар нь ар гэрээ авч явдаг, одоо ажилд явах гэж байгаа зэрэг хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хуульд зааснаар албадан ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Б  овогт Б.С , Б  овогт Г.Г  нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.С , Г.Г  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 260 /хоёр зуун жар/ цаг албадан ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч Б.С , Г.Г  нар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоног баривчлах ялаар тооцож солихийг дурьдсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Б.С , Г.Г  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болгохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С , Г.Г  нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.С , Г.Г  нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                                Ё.РИНЗААН